Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/935

 

2020        11          03                                   2020/ШЦТ/935

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2020/0951/Э

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал, улсын яллагч Ц.Гэрэлбаатар, хохирогч Ж.Сандагжав, түүний өмгөөлөгч С.Энхбат, шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Э-д холбогдох эрүүгийн “2009014581267” дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1976 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, ............. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд 2005 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн №235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял,

2006 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн №10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан Д.Э /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр орчиндоо аюул учруулж болох амьтан болох “кавказ” үүлдрийн нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч Ж.Сандагжавын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би сэндвичэн барилгын бэлдэц ачих гээд байж байхад Сандаг /хохирогч Сандагжав/ ах зогсож байхаар нь машинаараа зөөж өгөхийг гуйгаад гэртээ очсон. Тэгээд хашаанд очоод ах машинаасаа буух гэхээр нь та байж бай би нохойгоо барьж дийлэхгүй гэж хэлсэн. Намайг буух гэж байхад Сандаг ах машины дугуйны хий гарч байна гэхээр нь би манайхаас дугуй ав надад хуучин нойтон зөндөө дугуй байгаа гээд Сандаг ахыг гэр рүү дагуулаад явж байхад нохой торныхоо гагнаасыг салгаж гарч ирээд Сандаг ахыг хазсан. Би хүртэл дийлэхгүй байсан. Арай гэж үүдний өрөөнд орж салсан. Тэгээд Сандаг ах хүүхдүүдээ дуудаад би түргэн, цагдаа дуудсан” гэв.  

Хохирогч Ж.Сандагжав мэдүүлэхдээ: “Би 2020 оны 5 дугаар сарын 01-нд гэрээсээ гараад ажилдаа явж байхад Д.Э зогсоол дээр таараад барилга дээр юм хүргэе гэхээр нь за гээд гэр рүү нь хамт явсан. Тэгээд гэрт нь очоод юм аа аваад ачиж байхад миний дугуй болохгүй байсан. Тэгээд Д.Э надаас дугуй авчих гэхээр нь нохойтой юм байна дараа авъя гэхэд Д.Э би хорьчихно гэхээр нь гэрт нь орохоор явсан. Намайг үүдний амбаар руу ороход гэнэт нохой нь орж ирээд  намайг энд тэндээс зуусан. Би салгах гэж үзээд дийлээгүй. Д.Э тэр үед алга болсон байсан. Хэсэг хугацааны дараа 2 нохой намайг зуусан байсан. Нэмээд бас нэг гөлөг байсан. Би чирэгдээд хашаанд гарч ирж ноцолдсон. Ноцолдож байхад архины шил тааралдахаар нь цохиод нохойг бага зэрэг холдуулсан. Тэр үед амжиж амбаарны хаалгыг хааж орсон. Тэгээд тэндээсээ гэмтэл явж эмчилгээ хийлгэсэн. Тэр нохойг устгаж болох уу. Хохирлын хувьд сая Д.Э-тэй 1 500 000 төгрөг авахаар эвлэрлийн гэрээ байгуулсан тул санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хавтаст хэргээс:

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 9-16 тал/

Хохирогч Ж.Сандагжавын өгсөн: "Би хувиараа таксинд явдаг юм. 2020 оны 5 дугаар сарын 01-ний өглөө 100 айлын 9 дүгээр дэлгүүр дээр зогсож байтал өглөө 10 цагийн үед зүс таних Д.Э гэх хүн ирээд барилга руу юм зөөх гэсэн юм гэхээр нь дагаж яваад гэрт нь очоод хашаанд нь орж зогсоод Д.Э буугаад төмрөө зөөж байсан. Их төмөр зөөгөөд байхаар нь их төмөр битгий ачаарай, дугуй хагарна шүү гэтэл та манайд ороод дугуй үзчих гэхээр нь буугаад араас нь дагаад орсон. Араас нь дагаад ортол Д.Э цаашаагаа гэр рүүгээ яваад орчихсон. Тэгсэн араас нь гэнэт л нохой орж ирээд миний баруун шуунаас хазаад авсан. Гэнэт л яасан юм бүү мэд 2 нохой болчихсон байсан." гэх мэдүүлэг /хх-н 21-22 тал/,

Гэрч Б.Эрдэнэбулганы өгсөн: "... би өглөө 9-өөс 10 цагийн хооронд ажил дээрээ байж байтал Д.Э ах бэлдэц ачаад өг гээд нэг такси бариад Д.Э ахын гэр лүү явсан. Гэрийн гадаа нь очоод хашааны гадаа нь очоод таксины жолооч машин дотроо сууж байхад би Д.Э ах бид хоёр бэлдцээ ачаад дууссан. Яг бэлдэц ачихаасаа өмнө Д.Э ах хашаа руугаа ороод хоёр том нохойгоо үүрэнд хийж цоожилсон. Тэгээд нөгөө таксигаа ухрааж оруулаад бэлдэцээ ачсан. Ачиж дуусаад хашаанаас машинаа гаргатал дугуй хагарчихлаа гээд байхаар нь Д.Э ах та манайх руу ороод дугуй авчих гээд таксины жолоочийг дагуулж орсон. Би машин дотор сууж байтал гэнэт л нохойгоо аваач гээд орилоод байсан. Тэгэхээр нь бууж очоод хашааны завсраар хартал Д.Э ах хоёр нохойгоо барьж дийлэхгүй байсан." гэх мэдүүлэг /хх-н 30 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 5434 тоот "Ж.Сандагжавын биед зүүн мөр, баруун, зүүн булгалга, зүүн тохой, баруун, зүүн шууны эдийн дутагдал бүхий шарх, зулайн хуйх, баруун чих, зүүн хөх, баруун, зүүн бугалга, зүүн тохой, баруун, зүүн шуунд шарх, баруун чихний дэлбэн, цээж, баруун суга, бүсэлхий, ууж, зүүн бугалга, баруун шуу, баруун гуя, өвдөгт зулгаралт, цээж, баруун, зүүн бугалга, баруун шуу, бүсэлхий, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.... дээрх гэмтэл нь Гэмтлийн зэргийг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна" гэх дүгнэлт /хх-н 32-33 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1005 тоот "Шинжээ эмч М.Золжаргалын 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 5434 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна" гэх дүгнэлт /хх-н 68-69 тал/,

Яллагдагч Д.Э-н өгсөн: " 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 9 цагийн дэлгүүрүүдийн тэндээс 32-руу юм хүргэх гээд такси барьсан юм. Тэгсэн таксины дугуй хагарчихлаа гэхээр нь танд дугуй хэрэгтэй байгаа бол манайхаар ороод дугуй аваарай гээд дугуй үзүүлэх гээд гэртээ дагуулж ирсэн юм. Хашаандаа орж явтал манай хашаанд торонд байсан Дундад ази гэх 2 нохой тороо эвдээд гараад ирсэн. Тороо эвдээд миний хамт явж байсан таксины жолооч руу шууд дайрсан. Би бүр яагаад ч салгаж дийлэхгүй байсан. Би өөрөө хүртэл баруун мөр гуяндаа хазуулсан..." гэх мэдүүлэг /хх-н 26 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Д.Э нь 2020.05.01-ний өдөр өөрийн эзэмшлийн орчиндоо аюул учруулж болох амьтан болох Дундад Азийн Кавказ үүлдрийн 2 нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас дээрх 2 нохой нь хохирогч Жадамбаагийн Сандагжавыг дайрч зууж уран  эрүүл мэндэд нь зүүн мөр, баруун, зүүн булгалга, зүүн тохой, баруун, зүүн шууны эдийн дутагдал бүхий шарх, зулайн хуйх, баруун чих, зүүн хөх, баруун, зүүн бугалга, зүүн тохой, баруун, зүүн шуунд шарх, баруун чихний дэлбэн, цээж, баруун суга, бүсэлхий, ууж, зүүн бугалга, баруун шуу, баруун гуя, өвдөгт зулгаралт, цээж, баруун, зүүн бугалга, баруун шуу, бүсэлхий, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд өөрийн эзэмшлийн орчиндоо аюул учруулж болох амьтан болох 2 нохойг догшин хэрцгий хүн рүү дайрч урж хазаж барьж болзошгүй гэдгийг өөрөө эзэн нь мөртлөө урьд нь нохдодоо 2 удаа хазуулж байсан явдлаасаа сургамж авалгүй нохдыг аюулгүй байлгах тал дээр анхаарал алдаж зохих хамгаалалтгүй байлгасны улмаас догшин ноход нь хүн рүү дайрч гэмтэл хор уршиг учруулж байгаа хайхрамжгүй зан байдал нь шууд нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Э-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч  Ж.Сандагжав нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...хохирлын хувьд сая шүүх хуралдаан дээр Д.Э-тэй эвлэрлийн гэрээ байгуулж түүнээс 1 500 000 төгрөг авах болсон тул санал  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар байгуулсан Эвлэрлийн гэрээндээ “шүүгдэгч Д.Э миний бие хохирогч Ж.Сандагжавт хохирол болох нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийн 500.000 төгрөгийг 2020 оны 11 сарын 13-ны дотор өгөх бөгөөд үлдсэн 1.000.000 төгрөгийг 2021 оны 4 сарын 30-ны дотор бүрэн барагдуулж өгнө...” гэжээ.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч нь хохирогчид 1.500.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Д.Э-г бусдад учруулсан хохирол, төлбөр барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хохирогч Ж.Сандагжав нь цаашид хэрэв шүүгдэгчээс өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон бусад зардлыг нэхэмжлэхээр бол холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, зэргийг харгалзан шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүний  бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Э-г орчиндоо аюул учруулж болох амьтан болох 2 нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Д.Э-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хохирогч Ж.Сандагжав, шүүгдэгч Д.Э нар нь шүүх хуралдаан дээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудал дээр эвлэрэн хэлэлцэж шүүгдэгч Д.Э нь хохирогч Ж.Сандагжавт эрүүл мэндэд нь учирсан гэм хорын хохирол төлбөр болгон 1.500.000 төгрөгийг өгөхөөр тохиролцон уг мөнгөний  500.000 /таван зуун мянга/ төгрөгийг 2020.11.13-ны дотор өгөх, үлдсэн 1.000.000 /нэг сая/ төгрөгийг 2021.04.30-ны дотор бүрэн төлж барагдуулхаар Эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг дурдсугай.

6.  Шүүгдэгч Д.Э нь Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж хохирогчид эрүүл мэндэд нь учирсан гэм хорын хохирол төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд түүнээс шүүхийн журмаар уг хохирол төлбөрийг албадан гаргуулах болохыг мэдэгдсүгэй.

7.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Хохирогч Ж.Сандагжав нь цаашид хэрэв шүүгдэгчээс өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон бусад зардлыг нэхэмжлэхээр бол холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

9. Шүүгдэгч Д.Э-д орчиндоо аюул учруулж болох амьтан болох өөрийн эзэмшлийн 2 нохойг цаашид байнгын хамгаалалттай байлгаж, хүн рүү дайрах, хүн урж хазаж хор уршиг учруулахгүй байлгах арга хэмжээ авахыг үүрэг болгосугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч  Д.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.БОЛДБААТАР