Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 180

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

Улсын яллагч Д.Аянагүл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

Хохирогч Б.М, Г.Ө,

Шүүгдэгч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Л.Ад холбогдох эрүүгийн 2007002860193 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* суманд төрсөн, ******* настай, дээд боловсролтой, .................................... ажилтай, ам бүл 1........................................ тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт Л.А / /.

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ******* хороо, Мойлтын тохой гэх газарт "унтаж амраасангүй" хэмээн бэйсболлын цохиур гэх зүйлээр Г.Өийн толгойн тус газарт эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ******* хороо, Мойлтын тохой гэх газарт "унтаж амраасангүй" хэмээн бэйсболын цохиур гэх зүйлээр Б.Мы толгой болон гуя орчим руу нь тус тус цохиж хохирогч Б.Мы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хэрэг гарсан өдөр хэдэн найзуудын хамт амралтад очсон. Би тэр өдөр архи хэрэглээгүй ба зөвхөн пиво л уусан. Орой болоод хүмүүс амрах гэж байхад оройн 22 цагийн үед амрах гээд майхан дотроо сууж байсан. Тэгтэл 5-6 хүн ирээд бөөгийн зан үйл хийх гээд түүдэг гал асаадаг. Галаа тойроод дуу чимээ их гаргаад байсан. Нэг согтуу ах уурлаад шаардлага тавьж байхдаа түүдэг гал руу орох гээд байсан. Тэр үед нь миний уур хүрээд Б.М ахыг цохисон. Тэгээд буцаад явж байхдаа майхны хажуу талаас бейсболын цохиур аваад эргэж хараад Г.Өийг нүүрэн тус газар нь цохисон. Өөрийн түргэн зангаас болоод хохирогч нарт гэмтэл учруулсандаа уучлал хүсэж байна. Миний буруу байсан. Би хэрэг гарсан өдрийн маргааш нь хохирогч нартай уулзах гэж зөндөө оролдсон. Гэтэл хүүхдүүд нь болон ар гэрийн хүмүүс нь надаас их хэмжээний мөнгө нэхээд байсан. Хэрэг гарсан шалтгаан гэх юм бол хүмүүс амрах гээд байж байтал дуу чимээ гаргаад байсан. Олон хүн зэрэг бөөлөөд байхаар нь  би айсандаа зугтаасан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй байхаа амлаж, хохирогч нараасаа уучлал гуймаар байна. Эмчилгээтэй холбоотой бүх хохирлыг барагдуулна. Намайг харахад хохирогч нартай гэр бүлээрээ явж байгаа бололтой нэг ах байсан. Ахын хүүхэд уйлаад байсан. Зодоон болсон буюу бөөгийн зан үйл  22 цагийн үед болж байсан байх. Нэг том түүдэг байсан. Би 60 метр орчим хол байрлаж байсан. Би өглөө эрт ирсэн. Намайг шаардлага тавих үед хохирогч нар угаасаа энэ газар бөөлөх ёстой байдаг. Тэнгэрийн үйл хийж байна гэж хэлсэн. Бейсболын цохиурыг зугтааж яваад майхны хажуу талаас авсан.” гэв.

Хохирогч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 20 цагаас 21 цаг 30 минутын хооронд үйл явдал болсон. Очоод галаа асааж зан үйлдээ бэлтгэж байтал нэг залуу ирээд бид нарын бэлдсэн зан үйлийг боль та эндээс яв гээд хөөгөөд байсан. Асаасан гал өшиглөөд бөөлөх гэж байсан дүү нарыг минь гал тойруулаад элдэж хөөсөн байсан. Тэр үед Г.Ө ах тэврээд модны хажууд суулгаад тайвшруулах арга хэмжээ авч үг хэлсэн. Гэтэл шүүгдэгч толгойн дунд бейсболын цохиураар цохисон. Намайг яваад очих үед хавирган тус газарт маань бас цохисон. Би тэр үед гараараа хамгаалсан. Гэтэл Л.А мод руу зугтаагаад явсан. Бид нар цагдаад дуудлага өгсөн боловч зам муу гэх шалтгаанаар ирэхгүй удаад байхаар нь шөнийн 03 цагийн үед өөрсдийн машинаар очиж авсан. Хэрэг гарсны маргааш нь намайг эмнэлэг орох гэж байхад шүүгдэгч холбогдсон. Би эмнэлэг дээр байна хүрээд ирээд уулзаарай гэж хэлэхэд би очиж чадахгүй та нар надаас юу ч олж авч чадахгүй шүү гэх мэт үгс хэлж байгаад тасалсан. Өчигдөр орой гэнэт залгаад дансаа өг эмчилгээний мөнгө хийе гэхээр нь би маргааш хурал болох гэж байна маргааш болъё гэж хэлсэн. Миний биеийн байдал 20 кг дээш зүйл өргөх үед хавирганы хажууд зовиур их байна. Би 120.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх. Одоо шүүгдэгчээс нэхэмжилж байгаа зүйл алга. Харин гомдолтой байна. Зүгээр байж байгаад хүнд зодуулсандаа харамсаж байна. Зан үйлийг гадаа харанхуй болсон үед хийдэг. Тухайн үед зүгээр бөөлсөн ба зан үйл эхлээгүй байсан. Урьд нь тэр газар очиж байсан. Тухайн газар 10 гаруй жил зан үйл хийж байгаа болохоор зөвшөөрөл аваагүй. 22 цагаас хойш бусдын амгалан тайван байдал алдагдуулснаа мэдэж байна. Миний хавирга орчимд хатгаж өвдөөд байна. Би шинжээчийн дүгнэлтэй санал нийлж байгаа гэхдээ, миний биеийн хөндүүр, хөхрөлт арилахгүй хэцүү байна. Зодоон болох үед салгах оролдлогыг Г.Ө ах хүүгийн хамт хийсэн. Миний гаргаж өгсөн баримтууд хэрэгт байгаа. Би хохирлоо авна. Харанхуй шөнө чимээ гаргасан нь буруу байх бусдаар бол буруу байхгүй. Амралт зугаалгын бүсэд 22 цагаас хойш бусдын амгалан тайван байдал алдагдуулан бөөгийн зан үйл хийж болохгүй гэсэн ямар нэгэн хориглосон хууль байхгүй” гэв.

Хохирогч Г.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэрэлжийн Мойлтын тохой гэх газарт 19 цаг 30 минутын үед очсон. Би тэнд зан үйлээ 10 гаруй жил хийж байгаа. Гэтэл нэг залуу манай түүдэг галыг өшиглөөд унтраах гэсэн. Зан үйлдээ бэлдэж байсан хүүхдүүдийг ална гээд гал тойруулж хөөсөн. Тэр үед нь би араас нь тэврээд модны хажууд суулгасан. Намайг эргэж харах үед миний толгой руу цохисон. Би шүүгдэгчийг залгах үед ах гэрээсээ гарч чадахгүй байна манайд ирээд уулзаарай гэж хэлсэн. Одоо миний толгой жаахан өвдөөд байгаа. Манай гэрийн хүмүүс нэмж толгойдоо эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэж хэлсэн. Одоогоор эмчилгээ хийлгэж эхлээгүй байна. Гэхдээ эмчилгээ хийлгэнэ. Одоо шүүгдэгчээс баримтаар 130.000 төгрөг нэхэмжилж байна. Гэхдээ ажилдаа бараг 15 хоног яваагүй тэр цалингаа нэхэмжилмээр байна. Манай гэрийн хүмүүс надад гэрэл зураг аваад эмнэлэг явах талаар хэлээд л байсан. Гэхдээ би шүүгдэгчийг залуу хүүхэд болохоор нь цагдаа сэргийлэх явахгүй уулзаад хоорондоо тохиролцъё гэж бодоод гэртээ хүлээсэн. Цагдаагийн байгууллагаас бөөгийн зан үйлийг гэртээ хийхийг хориглодог болсон. Тэгээд бид нар голын эрэг дээр очсон. Гэмт хэрэг гарахад бид  хоёрын буруутай үйл ажиллагаа байхгүй гэж бодож байна. Тэр газарт 2009 оноос хойш очиж зан үйл хийж байна. Би харуул хамгаалалтын ажил хийдэг” гэв.

             Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Гэрч Б.*******ийн "...унтаж амрах гээд байж байтал манай майхны хажуу талд бөө нар баахан хүмүүстэй ирсэн... жаахан цаашаа яваач гээд хэлтэл "бид нарын газар бид нар 10 жил бөөлж байна" гэхэд нь би нэг залуутай нь маргалдаж байхад миний хажуугаас нэг залуу орж ирээд намайг өмөөрөөд тэр хүнтэй маргалдаад эхэлсэн. Би уурлаад тэд хоёрын асаасан галыг очоод өшиглөчихсөн байсан юм. Тухайн үед тэнд байсан хүмүүсээс нэг, хоёр нь ирээд салгаад аваад явсан. Энэ үед л миний дэргэд тэр хүнтэй маргаад байсан залуу сайн анзаарч амжаагүй байтал бэйсболын цохиур авчраад тэр хүнийг нүүр рүү нь нэг удаа цохих шиг болсон. Би харанхуйд сайн анзаараагүй." гэх мэдүүлэг

/хх-ийн *******-25 дугаар хуудас/,

 

Гэрч Ө.******* "Нэг залуу ирээд амраасангүй та нар наадахаа боль гээд зан үйл хийлгэхгүй хэл ам хийгээд асаах гэж байгаа түүдэг өшиглөөд байсан. Тэгээд баруун хойноосоо согтуу бололтой хоёр залуу ирээд нэг нь гартаа бэйсболын цохиур бололтой барьчихсан Г.Ө ахыг зогсож байхад нь баруун хацар, шанаа орчимд нь цохиж дахиад цохих гэхэд нь Б.М ах урдуур нь ороод цээжний зүүн талд нь цохисон, тэгснээ цохиур модоо хаяад цааш гүйсэн. Г.Ө ах, Б.М ах хоёрыг цохисон залуугийн араас бид нар гүйхэд жалга дамжаад мод руу ороод алга болсон" гэх мэдүүлэг

/хх-ийн 33 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №447 дугаар:

1. “Г.Өийн биед баруун хацар ясны хугарал, баруун дээд зовхи, баруун нүдний алим зүүн гуянд цус хуралт, баруун шанаанд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. " гэх дүгнэлт

/хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №446 дугаар:

1. " Б.Мы биед цээжинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой." гэх дүгнэлт

/хх-ийн 54-55 дугаар хуудас/,

            Ял шийтгэгсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 76 дугаар хуудас/,

 

            Л.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 80-86 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

 Улсын яллагчийн  “Шүүгдэгч Л.А нь нь 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* хороо, Мойлтын тохой гэх газарт “унтаж амраасангүй” хэмээн бэйсболын цохиур гэх зүйлээр Г.Өийн толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Мөн 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* хороо, Мойлтын тохой гэх газарт “унтаж амраасангүй” хэмээн бэйсболын цохиур гэх зүйлээр Б.Мы толгой болон гуя орчим руу нь тус тус цохиж хохирогч Б.Мы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэг авагдсан гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Л.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 310 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 570 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлэх  саналтай байна. Хохирогч Б.М нь 171.200 төгрөг, хохирогч Г.Өөд 146.500 төгрөгийг баримтаар гаргаж хавтаст хэрэгт өгснийг шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдаан завсарласнаас хойш хохирогч нарт хохирол төлбөр барагдуулсан тул шүүгдэгч Л.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч нарыг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдуулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бэйсболын цохиурын хэлтэрхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэж байгаа дээр маргах зүйл байхгүй. Шүүгдэгч нь өөрийн хийсэн үйлдлээ мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд гэмт хэргээ үнэн зөвөөр нь мэдүүлж хүлээн зөвшөөрч байгаа. Шүүх хохирогч Б.М нь 146.500 төгрөгийн хохирол гарсан боловч 200.000 төгрөг, хохирогч Г.Өөд 171.200 төгрөгийг хохирол баримтаар гарсан ч түүнд 250.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Л.Аас гаргаж хохирогч нарт өгсөн” гэх,

Шүүгдэгчээс “...Дахин гэмт хэрэгт холбогдохгүй миний буруу, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.Ад холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Л.А  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ******* хороо Туул голын эрэгт “Горхи” гэх нэртэй газарт "бөөлж бид нарыг унтуулж амраасангүй" гэх шалтгаанаар маргалдан бэйсболын цохиураар хохирогч Г.Өийн толгойн тус газарт цохиж биед баруун хацар, ясны хугарал, баруун дээд зовхи, баруун нүдний алим зүүн гуянд цус хуралт, баруун шанаанд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, санаатай учруулсан ,

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ******* хороо Туул голын эрэгт “Горхи” гэх нэртэй газарт "бөөлж бид нарыг унтуулж амраасангүй" гэх шалтгаанаар хэмээн бэйсболын цохиураар цохиж хохирогч Б.Мы  биед цээжинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт  бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

шүүгдэгч Л.*******ын “...Нэг согтуу ах уурлаад шаардлага тавьж байхдаа түүдэг гал руу орох гээд байсан. Тэр үед нь миний уур хүрээд Б.М ахыг цохисон. Тэгээд буцаад явж байхдаа майхны хажуу талаас бейсболын цохиур аваад эргэж хараад Г.Өийг нүүрэн тус газар нь цохисон. Өөрийн түргэн зангаас болоод хохирогч нарт гэмтэл учруулсандаа уучлал хүсэж байна. Миний буруу байсан...” гэх,

Хохирогч Б.Мы “...Асаасан гал өшиглөөд бөөлөх гэж байсан дүү нарыг минь гал тойруулаад элдэж хөөсөн байсан. Тэр үед Г.Ө ах тэврээд модны хажууд суулгаад тайвшруулах арга хэмжээ авч үг хэлсэн. Гэтэл шүүгдэгч толгойн дунд бейсболын цохиураар цохисон. Намайг яваад очих үед хавирган тус газарт маань бас цохисон. Би тэр үед гараараа хамгаалсан. Гэтэл Л.А мод руу зугтаагаад явсан. Бид нар цагдаад дуудлага өгсөн боловч зам муу гэх шалтгаанаар ирэхгүй удаад байхаар нь шөнийн 03 цагийн үед өөрсдийн машинаар очиж авсан...” гэх,

Хохирогч Г.Өийн “...Гэтэл нэг залуу манай түүдэг галыг өшиглөөд унтраах гэсэн. Зан үйлдээ бэлдэж байсан хүүхдүүдийг ална гээд гал тойруулж хөөсөн. Тэр үед нь би араас нь тэврээд модны хажууд суулгасан. Намайг эргэж харах үед миний толгой руу цохисон...” гэх,

Гэрч Б.*******ийн “...Энэ үед л миний дэргэд тэр хүнтэй маргаад байсан залуу сайн анзаарч амжаагүй байтал бэйсболын цохиур авчраад тэр хүнийг нүүр рүү нь нэг удаа цохих шиг болсон. Би харанхуйд сайн анзаараагүй...” гэх,

Гэрч Ө.*******гийн “...Тэгээд баруун хойноосоо согтуу бололтой хоёр залуу ирээд нэг нь гартаа бэйсболын цохиур бололтой барьчихсан Г.Ө ахыг зогсож байхад нь баруун хацар, шанаа орчимд нь цохиж дахиад цохих гэхэд нь Б.М ах урдуур нь ороод цээжний зүүн талд нь цохисон, тэгснээ цохиур модоо хаяад цааш гүйсэн...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №447 дугаар: " Г.Өийн биед баруун хацар, ясны хугарал, баруун дээд зовхи, баруун нүдний алим зүүн гуянд цус хуралт, баруун шанаанд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. " гэх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №446 дугаар: " Б.Мы биед цээжинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, мөн хуулийн 11.6 дуугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Л.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Өийн бие мах бодид хүндэвтэр хохирол, хохирогч Б.Мы бие мах бодид хөнгөн хохирол учирсан ба хохирогч нар “...гомдолтой байна” гэсэн тайлбарыг үндэслэн хохирогч Г.Ө нь баримтаар 146.500 төгрөгийн хохирол гарсан боловч 200.000 төгрөг, хохирогч Г.Өөд 171.200 төгрөгийн хохирол баримтаар гарсан ч түүнд 250.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Л.Аас төлж барагдуулсан. Харин цаашид гарах эмчилгээний баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс,  мөн хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан зэргийг  харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

 

  Иймд Л.*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1.300 нэгж буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бэйсболын цохиурын хугархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч  ******* овогт Лхагвадуламын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгж нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг нэмж нэгтгэн нийт 1.300 /нэг мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг 180 /нэг зуун наян/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ад оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Г.Ө, Б.М нар нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан бэйсболын цохиурын хугарсан хэсгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, шүүгдэгч Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

           

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ