Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2022/0487

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, М.Б,

Нэхэмжлэгч: “И” ХХК,

Хариуцагч: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч Л.А,

Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А-ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/38 дугаар дүгнэлтийг хүчингүй болгох”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 341 дүгээр шийдвэртэй захиргааны хэрэг,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч Л.А, хариуцагчийн өмгөөлөгч Т.Э нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,

Хэргийн индекс: 128/2021/0944/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 341 дүгээр шийдвэрээр:

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-аас Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчид холбогдуулан гаргасан улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/38 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2.Давж заалдах гомдлын агуулга:

2.1.“Анхан шатны шүүх нэхэмжлэгч “И” ХХК-ийг илт худал мэдээлэл бүхий тендерийн баримт ирүүлсэн ба Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 7.4-д зааснаар “... өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээн” үүрэгтэй учир Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.2.Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А-ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/38 тоот дүгнэлт нь улсын байцаагчийн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан дүгнэлт хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан “сонсох боломж”-ийг хэрэглэх боломжтой байсан. Анхан шатны шүүхээс энэхүү нөхцөлд дүгнэлт хийгээгүй.

2.3.Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ” гэж заасан. Энэхүү зохицуулалтын дагуу улсын байцаагч нэхэмжлэгч “И” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргахгүй байх боломжтой байсан. Шийдвэр гаргах ажиллагааны явцад байгууллагын менежер Ш.Ганхуяг тайлбар өгөхдөө тендерийн материалд бүрдүүлсэн холбогдох этгээдүүдийн мэргэжлийн дипломын хуулбар яагаад хуурамч байсан эсэх талаар тодорхой тайлбарыг өгсөн. Тодруулбал, тухайн тендер шалгаруулалтын материалыг бүрдүүлэхдээ гуравдагч этгээдээр дамжуулан хийлгэсэн нь тендерийн материал хуурамчаар бүрдүүлэх шалтгаан болсон. Нэхэмжлэгчийн зүгээс Ч.А, Б.Ш нарыг мэргэжлийн дипломын хуулбар хуурамч болохыг мэдээгүй, Хэдийгээр манай компанийн нэрийн өмнөөс тендерийн материал бүрдүүлсэн учир бидний зүгээс тухайн асуудалд хариуцлагатай хандах ёстой хэдий ч энэхүү зөрчилд хариуцлага оногдуулахдаа нөхцөл байдлыг харгалзаж үзэх хэрэгтэй юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 341 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч “И” ХХК-аас “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А-ийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/38 дугаар дүгнэлтийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А-д холбогдуулан гаргажээ.

2.Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн УБ/04 удирдамжийн хавсралтын 41[1] -т “Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2021 оны 70 тоот албан бичгээр “И” ХХК нь илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн” мэдээллийг үндэслэн улсын ерөнхий байцаагчаас хяналт шалгалт явуулах чиглэл өгсөн.

Уг удирдамжийн дагуу хариуцагч улсын байцаагчаас “И” ХХК нь тендер шалгаруулалтад оролцохдоо худалдан авах ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн эсэх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан нөхцөл байдал үүссэн эсэх талаарх хяналт шалгалтын ажиллагааг явуулж, маргаан бүхий УБ/38 дугаар дүгнэлтийг гаргажээ.

3.Маргаан бүхий УБ/38 дугаар дүгнэлтээр[2] “И” ХХК нь Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан СБДХААА/202101002 дугаартай “1 дүгээр хороо 9 дүгээр байрны дээвэр засвар”-ын ажлын тендер шалгаруулалтад оролцохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн буюу тендер шалгаруулалтад оролцохдоо ирүүлсэн нэр бүхий иргэний диплом хуурамч болохыг тогтоожээ.

Улмаар улсын байцаагчаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 521 дугаар зүйлийн 521.2.1-д заасныг тус тус үндэслэн “И” ХХК-ийн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлжээ.

4.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ: илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” гэж заажээ.

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ”, 521 дугаар зүйлийн 521.1-д “Худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байна. гэж тус тус заасан.

5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар[3] “И” ХХК нь тендер шалгаруулалтад илт худал мэдээлэл бүхий тендерийн баримт бүрдүүлсэн буюу тендер шалгаруулалтад оролцохдоо ирүүлсэн нэр бүхий иргэний диплом хуурамч болох нь баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч компанийг тендерт оролцох эрхээ хязгаарласан этгээдийн бүртгэлд хамруулах санал гаргасан маргаан бүхий дүгнэлт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.5-д заасантай нийцсэн байна.

6.Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ.”, 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ.” гэж заасан.

7.Уг хуульд зааснаас үзэхэд захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ зөвхөн хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас сонгож хэрэглэх, хэрэглэхгүй байх талаар заажээ. 

 

8.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дүгээр зүйлийн 521.2-т “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 521.2.1-д “энэ хуулийн ..., 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах...” гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тохиолдолд улсын байцаагчаас тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах талаар тодорхой заасан ба хариуцагч улсын байцаагчид маргааны тохиолдолд өөр шийдвэр гаргах хувилбаруудыг зааж, сонголт хийх боломжийг хуулиар олгоогүй, зөвшөөрөөгүй байна.

10.Иймд сонгох боломжийг хэрэглээгүй үндэслэлээр хариуцагч улсын байцаагчийг буруутгах, энэ үндэслэлээр маргаан бүхий дүгнэлтийг шүүхээс хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 341 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, М.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 36, 39 дахь тал

[2] Хэргийн 10-12 дахь тал

[3] Хэргийн 28, 92 дахь тал