Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 910

 

Д.Нямлхагвагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00272 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Д.Нямлхагвагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Хараа сүмбэр” ХХК-д холбогдох

 

            Орон сууцны талбайн зөрүү 18 048 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                Б.Энх-Эрдэнэ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                   Б.Батжаргал 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Нямлхагва шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2011 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 15 хороолол, 4 хорооны нутаг дэвсгэрт “Хараа сүмбэр” ХХК-ийн барьсан 12 давхар орон сууцанд байрны захиалга өгөхөөр болж, “Хараасүмбэр” ХХК-ийн төлөөлж Л.Энхболдтой 2011 оны 11 дүгээр 15-ны өдрийн 28 дугаартай “Орон сууцны байр захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, тус байрны 9 давхарт, 28 тоот 2 өрөө орон сууцыг 1 м.кв үнийг 1 330 000 төгрөг, байрны талбайн нийт хэмжээг 88.63 м.кв тооцож, тухай үеийн зах зээлийн ханшаар 117 877 900 төгрөгөөр худалдаж авч, өнөөдрийг хүртэл амьдарч байна. Гэтэл миний худалдан авсан байрны талбайн нийт хэмжээ нь анх “Хараа сүмбэр” ХХК-тай байгуулсан гэрээнд зааснаар хэмжээндээ хүрэхгүй бага гэдгийг миний бие өөрийн хүсэлтийн дагуу “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар хийлгүүлсэн 2014 оны 11 дүгээр 17-ны өдрийн 581 дугаартай “Талбайн хэмжилт тооцсон тухай” дүгнэлттэй танилцаад мэдлээ. Гэрээний дагуу өгч  тухайн байрандаа орсны дараа хөрөнгийн үнэлгээний компаниар 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр талбайн хэмжээг хийлгэсэн зөрүү нь 75.06 м.кв гэж гарч ирсэн. Ингэхээр талбайн зөрүү 13.57 м.кв болж анх захиалсан байрны м.кв-д хүрэхгүй байна гэж мэдсэн. Мэдсэнээс хойш шаардлага гаргах эрхтэй тул хариуцагч талын “тухайн өмчлөх эрхийг шилжүүлэн авсанаас хойш 6 сарын хугацаанд шаардлага хангах эрхтэй байтал энэ эрхээ алдсан” гэж хариуцагч тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгү. 13.57 м.кв-ийг орон сууц захиалгаар бариулах гэрээний 1.2 дахь хэсэгт зааснаар 1 м.кв  1 330 000 төгрөгөөр тооцож 18 048 100 төгрөгийг хариуцагч “Хараа сүмбэр” ХХК-аас гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Хараа сүмбэр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргал нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчтэй орон сууц захиалан бариулах гэрээг 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн байдаг. Гэрээний 2.3.2-т 2011 оны 11 дүгээр сарын 16-ны дотор төлж барагдуулна гэж заасан байдаг. Тэгэхээр энэ гэрээг харахад орон сууц захиалгаар бариулах гэрээ биш, худалдах-худалдан авах гэрээ бөгөөд мөнгөө төлж байрандаа орсон харагдаж байна. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын актан дээр ЭА1006 дугаартай зураг төслөөр 2007 оны 7 дугаар сараас барьж эхэлсэн ба 2009 оны 11 дүгээр сард барьж дууссан болно гэсэн байна. Тэгэхээр 2009 онд ашиглалтанд орсон байрыг 2011 онд орон сууц захиалгаар бариулах гэрээ хийж бариулсан байх боломжгүй, энэ нь өөрөө худалдах-худалдан авах гэрээ юм гэдгийг сануулах нь зүйтэй байх. Нэхэмжлэгч тал Хөрөнгийн үнэлгээний төвөөр хэмжилт хийлгүүлсэн юм байна. Бид хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа тавьж байсан боловч хөндлөнгийн шинжилгээ хийж байгаа газар нь өөрөө буруу хэмжилт хийснээ хүлээн зөвшөөрсөн. Мөн хэмжилт хийх эрхгүй тул өөр байгууллагаар хэмжилт хийлгэсэн гэсэн баримтууд нь хэрэгт байгаа учраас үнэлэх боломжгүй. Нэхэмжлэгчийн м.кв-ийн дүгнэлт гаргуулсан байгууллагын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл нь хавтаст хэрэгт авагдаагүй байна. Талбайн зөрүүг өөрөө мэдэхгүй ч мэдэх боломж нь хангалттай байсан гэж үзэж байна. Хөрөнгө үнэлгээний компаний талаар нэхэмжлэл гаргаад 3 жил боллоо гэж тайлбар гаргаж байна бидний зүгээс үнэн зөв бодит байдлыг гаргах үүднээс удаа дараа хүсэлтийг тавьж байсан ч нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй. Иймд Д.Нямлхагвагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Нямлхагвагийн  хариуцагч “Хараа сүмбэр ХХК-аас орон сууцны м.кв-ийн зөрүү болох 18 048 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Нямлхагвагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: ...Шийдвэрт “Орон сууцны талбайг 13.57 м.кв-аар дутуу хүлээлгэж өгсөн гэдгийг баримтаар нотлоогүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК нь барилга бүтцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл хийх тусгай зөвшөөрөлгүй, барилгын доторх сууцны талбайн хэмжээг тогтоох эрхгүй. Д.Нямлхагва нь анх 2014 оны 12 дугаар сард шүүхэд хандахдаа "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 581 дугаар "Талбайн хэмжилт тооцсон тухай" баримтыг үндэслэж, нэхэмжлэлээ гаргасан байдаг. Д.Нямлхагвын худалдаж авсан орон сууцны талбайн хэмжээ нь хариуцагч "Хараа Сүмбэр" ХХК-тай байгуулсан гэрээнд заасан хэмжээндээ хүрээгүй, дутуу байгаа гэдгийг мэдсэн даруйд тухайн баримтыг үндэслэж, нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Хуулийн 25-р зүйлийн 25.2.2 "шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага... түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох... гаргаж өгөх", 38-р зүйлийн 38.1 дэх хэсэгт "...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй" гэсэн заалттай нийцэх юм. Харин "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК нь орон сууцны м.кв-ын хэмжилт хийх эрхтэй байсан эсэх асуудлыг нэхэмжлэгч Д.Нямлхагва нь мэдэх боломжгүй, шүүх хуралд зохигчдын хэн алин тухайн асуудлаар маргаагүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн санаачлагаар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дугаар 12-ны өдрийн 101/Ш32016/15202 дугаар "Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай" шүүгчийн захирамжаар "Мөнх Оргил трейд" ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд тус компанийг шинжээчээр томилуулах талаар зохигчдын хэн алинаас хүсэлт гараагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар шүүх нь шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай захирамж, шинжилгээ хийлгэхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийн дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцаж, хэргийн оролцогчидтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгана. Татгалзах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх захирамжийг гардуулж өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулж баримтжуулах ажиллагааг хийнэ. "Мөнх-Оргил трейд" ХХК-ийг шинжээчээр томилохдоо дээрх ажиллагааг шүүхээс хийсэн гэж ойлгож байгаа. "Мөнх-Оргил трейд" ХХК нь тусгай зөвшөөрөлгүй учир хамтран ажилладаг "Бьюлдингс текноложи" ХХК-аар орон сууцны м.кв-ийн хэмжилт хийлгүүлсэн үндэслэлээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т "... хөрөнгийн үнэлгээ хийхэд бусад үнэлгээчин болон мэргэжилтнийг гэрээний үндсэн дээр татан оролцуулах" гэсэн заалтыг үндэслэл болгосон талаар албан бичгийг шүүхэд ирүүлсэн. Гэвч "Мөнх-Оргил трейд" ХХК, "Бьюлдингс текноложи" ХХК-ийн хэн алин шинжээчийн дүгнэлт /үнэлгээ/-ээ шүүхэд ирүүлээгүй, дүгнэлт нь хэрэгт баримтаар авагдаагүй байхад шүүх ирсэн мэтээр "...уг дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 14-р зүйлийн 14.2, 17-р зүйлийн 17.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байх тул үнэлэх боломжгүй юм" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Дээр дурьдсан үндэслэлүүдээр, анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны буюу үндэслэл бүхий болж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг үндэслэж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр шийдлийн хувьд зөв байгаа боловч зарим зүйлийн талаар хийсэн дүгнэлт нь учир дутагдалтай болсон байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна гэж үзлээ.  

 

            Нэхэмжлэгч Д.Нямлхагва нь хариуцагч “Хараа сүмбэр” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүүд 18 048 100 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

            Зохигчдын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулсан, уг гэрээгээр хариуцагч нь Баянзүрх дүүргийн 45 дугаар хороо, 15 дугаар хороолол, 37 дугаар байрны 28 тоот, 88.63 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн нэг м.кв-ийг нь 1 330 000 төгрөгөөр тооцон нийт           117 877 900 төгрөгийг нэхэмжлэгч төлөхөөр тохиролцсон байна. Талууд гэрээг орон сууц захиалан бариулах гэж нэрлэсэн хэдий ч гэрээ байгуулахаас өмнө уг орон сууц ашиглалтад орсон тул талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан.  Энэ талаар маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…худалдаж авсан орон сууцны талбайн хэмжээ 13.57 м.кв-аар дутсан учир орон сууцны тайлан зөрүү үнийг гаргуулна ” гэсэн үндэслэл заасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Нямлхагва нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийн нотлохоор “Хөрөнгийн үнэлгээний төв”-ийн дүгнэлтийг ирүүлсэн байх бөгөөд уг дүгнэлтээр маргааны зүйл болж буй орон сууцны талбай нь 75.06 м.кв гэж гарсан байна.

 

Нэхэмжлэгчийн дүгнэлт гаргуулсан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь барилга бүтэцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл хийх тусгай зөвшөөрөлгүй байсан нь тогтоогдсон байна.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт доголдолтой эд хөрөнгийг худалдан авагч хүлээн авсан бол хариуцагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүргийн талаар заажээ.

 

Зохигчид 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу хариуцагч уг байрыг хүлээн авч, өөрийн өмчлөлдөө авсан талаар зохигчид маргаагүй байх тул Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Нямлхагвагийг тухайн орон сууцыг хүлээн авсан гэж үзнэ.

 

Эд хөрөнгийг хүлээж авах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах тухай Иргэний хуулийн 255.1.1-т нөхцөл үүсээгүй бол мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасан шаардах эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.  

 

Нэхэмжлэгч Д.Нямлхагва тухайн орон сууцыг хүлээн авах үед хэмжилт хийлгэх болон доголдлын талаар мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй, уг байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул түүний орон сууцны талбайн зөрүү үнэд 18 048 100 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй болно.  

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжээчийн талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00272 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                   ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР                                                                        

                                                                         Ц.ИЧИНХОРЛОО