| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2020/00184/Э |
| Дугаар | 184 |
| Огноо | 2020-10-26 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Ч.Пүрэвсүрэн |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
Улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
Шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Пүрэвсүрэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Г.Хд холбогдох эрүүгийн 2007003140209 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хот ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс Халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ээж, аав, эхнэр, хүүхдийн хамт .................................... тоотод оршин суух,
урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 30-ны өдрийн №42 тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор торгуулийн ял дуусгавар болсон, ******* овгийн Г.Х /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Х нь 2020 оны 07 сарын 12-ны орой 16 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* гэх газарт эхнэр Б.Зтой маргалдан түүний үснээс нь зулгаасан үйлдлийг болиулах явцдаа өөрийн хүү болох 1 cap 16 хоногтой Х.ий зулай хэсэгт тохойгоороо цохиж биед дагз ясны хугарал, их тархины зүүн зулай хэсгийн тархины эдийн цусан хураа, няцрал, тархи доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Улсын их баяр наадмын өдөр байсан. 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр манай найз утсаар залгаад маргааш завтай бол эхнэр хүүхэдтэйгээ хамт лагерын байшинд ирээрэй. Наадмын баяр тэмдэглэж хоол унд идье гэж дуудсан байсан. Би эхнэр, хүүхэд, мөн үеэл дүүгээ аваад Налайх дүүргийн 6 дугаар хороонд Тэрэлжийн гүүрнээс зүүн тийш ******* гэх газарт байрлах найзынхаа лагерын байшин руу явсан. Өглөө нь бид нар гүүрэн дээр уулзаад цаашаа мэлхий хад болон Аръяабалын хийдээр орж аялж зугаалж байгаад өдөр 15.00 цагийн орчимд наашаа буцаад Содбаяр гээд найзынхаа лагерын хашаанд ирээд хоол хийж иднэ гээд хашаан дотор нь чулуу халаагаад байж байтал миний эхнэр машин дотроо сууж байсан. Бид нар мэлхий хаднаас наашаагаа явж байхад манай эхнэр Төв аймаг руу явмаар байна гэсэн санаагаа надад илэрхийлж байсан. Би тухайн үед тодорхой хариулт хэлээгүй. Нэгэнт найзууд дуудаад ирсэн юм чинь хоёулаа хорхог, боодог хийж идчихээд явмаар байна гэж хэлсэн. Гэтэл манай эхнэр үгүй ээ хоёулаа одоо явахгүй бол оройтлоо би баяр наадмаар гэрийнхэнтэйгээ уулзмаар байна. Гэртээ баярламаар байна гэдэг санаагаа надад илэрхийлсэн. Би мэлхий хаданд очихдоо найзуудтайгаа 2 лааз пиво уусан байсан. Наашаа хашаанд нь ирээд 1 лааз пиво уугаад байж байсан. Намайг эхнэр маань яагаад явуулахгүй байгаа юм бэ. Чи уух архиндаа хорогдоод, уух сонирхолтой болохоороо явахгүй байна. Чи найзуудтайгаа архиа уугаад үлд, би өдөр гэгээтэй байгаа дээр танай дүү *******ын хань болгоод дагуулаад явъя гэж хэлэхээр нь би боодог идчихээд л явъя гэж хэлсэн. Манай эхнэр тухайн үед надад бухимдаад би пиво уугаад архи пивонд хорогдоод байна гэж уурлаад намайг алгадаад миний үснээс 2 гараараа зулгаасан. Тэгэхээр нь би болилдоо чи угаасаа л явна шүү дээ гээд гарыг нь тавиулах гээд гараараа түлхээд буцаагаад гараа татах явцдаа эхнэрийнхээ тэврээд сууж байсан хүүгийнхээ толгойг цохисон. Би тэрийгээ сайн санаж байна. Манай эхнэр чи хүүхдээ цохичихлоо гээд надруу орилоод уйлахад манай хүү бас давхар уйлсан. Тэгээд бүгдээрээ Налайх руу эмнэлэг явъя гээд Налайхад ирээд ээждээ болсон явдлын талаар хэлсэн. Ээж намайг пиво уусан юм чинь эмнэлэг рүү яваад хэрэггүй гээд ээж миний оронд эхнэр, хүүхдийг маань аваад эмнэлэг рүү явсан. Ээж маань явахдаа хүүхдээ зодсон гээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байсан тул цагдаагаас намайг ирж аваад гэмт хэргийн холбогдолтой гээд тэр орой нь саатуулсан учраас би эхнэрийнхээ хойноос холбоо барьж ярих ямар ч боломжгүй байсан. Эхнэр, хүүхэд хоёроо 7 хоногийн сувиллын газарт эмчлүүлсэн. Би давхар эхнэрээ амраах зорилготой байсан. Хүүхдээ эмчид үзүүлэхэд толгойны томографикийн зураг авхуулах шаардлагагүй. Яагаад гэхээр нярай хүүхдэд маш муу байдаг гэж хэлсэн. Тэгээд жаахан харзнах хэрэгтэй гэж зөвлөөд хүүхдийн тархины цусан хангамж сайжруулдаг гэж эм бичиж өгснийг аваад уулгаж байгаа. Тухайн үед үнэхээр ганцхан миний буруугаас болсон. Би 1 сар 16 хоногтой хүүхдээ дагуулаад явж байгаагаа ухамсарлахгүйгээр өөрийнхөө хувийн баяр цэнгэлээс болж маргаан үүсгэснээс болж ийм зүйл болсон. Би хүүхдэдээ хүнд гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна. Хүүхдийн маань тархины гэмтэл хэзээ ч илэрч болох магадлалтай. Дүгнэлт дээрээ хүүхдийн нүд хараагүй болох, бөгсөн бие нь мэдээгүй ч болох магадлалтай гэж гарсанд би маш их харамсаж байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдрийн өмнөх өдөр нь би нөхөртөө наадам болж байгаа юм чинь Төв аймаг руу явъя гэж хэлж байсан. Тухайн өдөр найзууд нь байсан болохоор намайг авч хэлэлцээгүй юм. Бид нар маргааш нь Тэрэлж рүү явж байхдаа замдаа нөхрийгөө найзтайгаа пиво уугаад байж байхад нь бас би аймаг руу явна, чи эндээ үлдчихээ. Би дүүгээ болон хүүгээ аваад явлаа гэж хэлэхэд намайг огт тоохгүй байсан. Тухайн үед би төрсөн байсан болохоор миний ааш зангийн хувьд их сонин болсон байсан. Би гэрээ их санаад байсан. Тэгээд би явъя гэхээр манай нөхөр явахгүй гээд байхаар нь уурлаад байсан. Тэгээд би өөрийн эрхгүй нөхрөө алгадаад үснээс нь зулгаасан. Тэрнээс болж хүүгээ цохиулсан. Энэ бол миний өөрийн буруу гэж бодож байна. Манай ээж намайг нөхөртэй маань ханилан суухыг зөвшөөрдөггүй байсан. Яагаад ч юм мэдэхгүй манай нөхөрт дандаа л дургүй байсан. Би өөрийнхөө ар гэрийг авч явдаг хүн нь байсан болохоор намайг Солонгосоос ирээд хүнтэй суухыг зөвшөөрдөггүй байсан. Одоо хүүхдээ өрхийн эмчид байнга үзүүлж байгаа. Мөн эмчийн бичиж өгсөн эмийг уулгаж байна. Хүүхдийн маань бие зовиур одоогоор байхгүй байгаа. Би өөрөө жирэмсэн байхдаа их хавантай байсан болохоор хүүхэд маань төрөхдөө тархиндаа хавантай байсан. Хаван бууруулах дусал хийлгэсэн. Гэмтэл учрах үед напазолин гээд тариа хийсэн. Өөр тариа хийгээгүй. Энэ тариаг эмч нар хаван буулгах тариа гэж хэлсэн. Ерөнхийдөө гэмтэлд нь эм тариа хийгээгүй, хүүхдэд эмч зөвшөөрөөгүй байхад хамаагүй эм тариа хийхгүй гэж хэлээд хийгээгүй. Эмч хэлэхдээ хүүхдийн дагз ясны гэмтэл, цусан хурааг нь үзээд байнга хүүхдийн эмчдээ үзүүлж байгаарай гэхээс өөр зүйл хэлээгүй. Хувийн эмнэлэгт үзүүлэхдээ зулайн эход харуулсан. Одоо би өөрийн аав, ээж нартай нийлээд тавуулаа амьдардаг. Манайх 5-лаа амьдардаг. Аав, ээж 2 тэтгэвэр авдаг учраас бид 3 нөхрийнхөө цалингаар амьдардаг” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Өсвөр насны гэрч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр нагац ах Г.Х, эхнэр нь Зэсмаа эгч нартай цуг Тэрэлж рүү явсан. Намайг хүүхдээ харуулна гээд авч явсан юм. Цаагуур явж байгаад буцаж Туулын гүүрний зүүн талд айлын хашааны гадаа ирээд Г.Х ах, Зэсмаа эгч 2 муудалцсан. Зэсмаа эгч Төв аймаг гэр рүүгээ явна гэсэн чинь ах явуулахгүй эсвэл цуг явна гээд байсан, Зэсмаа эгч хүүхдээ хөхүүлэх гээд арын суудалд орж суугаад хөхүүлж байхдаа хэрэлдэж хажууд нь сууж байгаа Г.Х ахыг алгадаад үсдээд татахаар нь ах гарыг нь түлхэхдээ хүүхдээ толгой руу нь цохчихсон чинь хүүхэд нь чанга уйлсан. Тэгээд НалаР < явъя гээд шууд явчихсан, Налайхад ирээд би өвөөгийнд үлдээд эмээ *******, Зэсмаа эгч хүүхдээ аваад Төв аймаг явсан" гэх мэдүүлэг
/ хх-ийн 17-19 хуудас/,
Гэрч Р.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 07 сарын 12-ны өдөр 12 цагийн үед манай хүү Г.Х нь эхнэр *******, хүү /1 сартай/ нарыг ******* хороо Уурхайчдын 21-2 тоот гэрээс ирж аваад гол орохоор явцгаасан. Тэгээд 15 цагийн орчим буцаад гэртээ хамт ирцгээсэн. Орж ирэхдээ манай бэр ******* хүүхдээ тэврээд уйлаад ороод ирсэн. Тэгэхээр нь юу болов яав гэтэл ******* "Г.Х хүүхдээ цохичихлоо" гэхээр нь би хүү Г.Х руу уурлаад "Чи хүүхдээ яахаараа цохидог юм" гэтэл манай хүү Г.Х "намайг ******* үсдэж зулгаахаар нь яагаад байгаа юм бэ гээд гараараа нудраад хүүхдэдээ хүрчихсэн "Би санаатайгаар цохиогүй" гэж хэлсэн" гэх мэдүүлэг
/хх-ийн 24-25 хуудас /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №530 дугаар:
1. "...Х.ий биед дагз ясны хугарал, их тархины зүүн зулай хэсгийн тархины эдийн цусан хураа, няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой" гэх дүгнэлт
/хх-ийн 27-******* хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 44 дүгээр хуудас/,
Г.Хгийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 53 дугаар хуудас/,
Г.Хгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд
/хх-ийн 54, 56-57 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “ ...Шүүгдэгч Г.Х нь 1 сар 16 хоногтой Х.ий бие мах бодид хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн болон гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулахад шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Иймд Г.Х нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-ийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж түүнийг мөн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах саналтай байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нэхэмжилсэн зүйлгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг, шүүгдэгч Г.Хыг баривчилсан болон цагдан хоригдсон хоноггүйг дурдаж шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхийг, тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг шүүхийн шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын шатанд гаргасан дүгнэлттэй маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тухай ялын саналыг тавьсан байх гэж ойлгож байна. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлд гэмт хэргийг санаатай буюу болгоомжгүй байдлаар учруулсан бол эрүүгийн хариуцлагыг яаж оногдуулах, ямар зүйлчлэлээр зүйлчлэх талаар тусгасан байгаа. Тухайн зүйлд заасны дагуу шүүгдэгч Г.Хгийн үйлдсэн хэрэг нь болгоомжгүй байдлаас бусдын бие мах бодид хүнд хохирол учруулсан гэдэг үйл баримттай нийцэж байна. Энэ нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон бичгийн баримтуудаар хангалттай нотлогдож байна. Тухайн үед байсан гэрч *******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нарын мэдүүлгээс тухайн нөхцөл байдалд хүүхдэд ямар байдлаар яаж гэмтэл учирсан бэ гэдэг бол мөрдөн байцаалтын шатанд хангалттай тогтоогдсон учраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж шүүхэд хэргийг шилжүүлсэн. Хэдийгээр шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа боловч шүүх шүүгдэгчид ял шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулах боломж хуулиар олгогдсон байна. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал хавтаст хэрэгт тогтоогдоогүй байна. Харин Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хэд хэдэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Хохирогчид гэмтэл учруулаад тэр даруйдаа эмнэлэгт хандсан. Хохирогчтой хувийн таарамжгүй байдлын улмаас маргалдаж, Б.*******ын алгадаж үсэдсэн үйлдлийг болиулахдаа нярай хүүхэд болох Х.ий бие мах бодид гэмтэл учруулсан. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд гэмт хэргийн ангиллыг тогтоодог. Мөн хуулийн 11.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь санкцын хувьд 3-6 жилийн хорих ял оногдуулахаар заасан. Энэ хуулийн 6.7 дугаар зүйлд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байгаа тохиолдолд ял албадлагын арга хэмжээг хэрэглэх нь хуулиар нээлттэй байгаа учраас Улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна” гэх,
Шүүгдэгчээс “...Дахин гэмт хэрэгт холбогдохгүй миний буруу, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Хд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Г.Х нь 2020 оны 07 сарын 12-ны орой 16 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* гэх газарт эхнэр Б.Зтой маргалдан түүний үснээс нь зулгаасан үйлдлийг болиулах явцдаа өөрийн хүү болох 1 cap 16 хоногтой Х.ий зулай хэсэгт тохойгоороо цохиж биед дагз ясны хугарал, их тархины зүүн зулай хэсгийн тархины эдийн цусан хураа, няцрал, тархи доргилт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь:
Шүүгдэгч Г.Хгийн: “...Манай эхнэр тухайн үед надад бухимдаад би пиво уугаад архи пивонд хорогдоод байна гэж уурлаад намайг алгадаад миний үснээс 2 гараараа зулгаасан. Тэгэхээр нь би болилдоо чи угаасаа л явна шүү дээ гээд гарыг нь тавиулах гээд гараараа түлхээд буцаагаад гараа татах явцдаа эхнэрийнхээ тэврээд сууж байсан хүүгийнхээ толгойг цохисон.” гэх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ын: “...Тэгээд би явъя гэхээр манай нөхөр явахгүй гээд байхаар нь уурлаад байсан. Тэгээд би өөрийн эрхгүй нөхрөө алгадаад үснээс нь зулгаасан. Тэрнээс болж хүүгээ цохиулсан. Энэ бол миний өөрийн буруу гэж бодож байна” гэх,
Өсвөр насны гэрч А.*******ын: "... Туулын гүүрний зүүн талд айлын хашааны гадаа ирээд Г.Х ах, Зэсмаа эгч 2 муудалцсан. Зэсмаа эгч Төв аймаг гэр рүүгээ явна гэсэн чинь ах явуулахгүй эсвэл цуг явна гээд байсан, Зэсмаа эгч хүүхдээ хөхүүлэх гээд арын суудалд орж суугаад хөхүүлж байхдаа хэрэлдэж хажууд нь сууж байгаа Г.Х ахыг алгадаад үсдээд татахаар нь ах гарыг нь түлхэхдээ хүүхдээ толгой руу нь цохчихсон чинь хүүхэд нь чанга уйлсан" гэх,
Гэрч Р.*******ийн: "...15 цагийн орчим буцаад гэртээ хамт ирцгээсэн. Орж ирэхдээ манай бэр ******* хүүхдээ тэврээд уйлаад ороод ирсэн. Тэгэхээр нь юу болов яав гэтэл ******* "Г.Х хүүхдээ цохичихлоо" гэхээр нь би хүү Г.Х руу уурлаад "Чи хүүхдээ яахаараа цохидог юм" гэтэл манай хүү Г.Х "намайг ******* үсдэж зулгаахаар нь яагаад байгаа юм бэ гээд гараараа нудраад хүүхдэдээ хүрчихсэн "Би санаатайгаар цохиогүй" гэж хэлсэн" гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №530 дугаар: "...Х.ий биед дагз ясны хугарал, их тархины зүүн зулай хэсгийн тархины эдийн цусан хураа, няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна." гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Г.Хгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч
Х.ий бие мах бодид хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* “...Тэгээд би өөрийн эрхгүй нөхрөө алгадаад үснээс нь зулгаасан. Тэрнээс болж хүүгээ болгоомжгүйгээр цохиулсан. Энэ бол миний өөрийн буруу гэж бодож байна. Манайх 5-лаа амьдардаг. Аав, ээж 2 тэтгэвэр авдаг учраас бид 3 нөхрийнхөө цалингаар амьдардаг. Одоо хүүхдээ өрхийн эмчид байнга үзүүлж байгаа. Мөн эмчийн бичиж өгсөн эмийг уулгаж байна. Хүүхдийн маань бие зовиур одоогоор байхгүй байгаа. Би өөрөө жирэмсэн байхдаа их хавантай байсан болохоор хүүхэд маань төрөхдөө тархиндаа хавантай байсан. Хаван бууруулах дусал хийлгэсэн. Гэмтэл учрах үед напазолин гээд тариа хийсэн” гэх,
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд Г.Хг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан шүүгдэгч Г.Хд хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулахаар үүрэг болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн Г.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан шүүгдэгч
Г.Хд хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулахаар үүрэг болгосугай.
4. Шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ