Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 188

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

Улсын яллагч Д.Аянагүл,

Хохирогч Б.Л,

Шүүгдэгч Ё.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ё.Мд холбогдох эрүүгийн 2007000000236 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ...................... ажилтай, эхнэр, 2 хүүхдийн хамт ....................  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт Ё.М /РД: /

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ё.М нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр .................. тоотод эхнэр Б.Л нь “хүүхэд авч архи уулаа” гэж хууль ёсны шаардлага тавихад нь дургүйцэж эхнэр Б.Лын  нүүрэн тус газарт нь гараараа цохих, нүүрний зүүн тал хэсэгт маажих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ё.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 09 дүгээр сарын  23-ны   өдөр   хүүхдээ   сургуульд  нь   хүргэж  өгөөд  дэлгүүр  ороход   хамт

ажилладаг 2 жолоочтойгоо тааралдсан. Нэг жолоочийн төрсөн өдөр болж байгаа гээд бид 3 уулзаад 0.5 граммын хэмжээтэй Хараа архийг 3-лаа ярьж сууж байгаад хувааж уусан. Би тухайн өдрийн орой хүүхдээ авах ёстой байсан 05 граммын архи уусан болохоор их согтохгүй гэж бодсон болохоор тэр архийг уусан. Би тэр архиныхаа цаана гарч чадалгүй их согтсон байсан. Тухайн өдөр хүүхдээ сургуулиас нь аваад гэртээ харьсан. Гэхдээ эхнэртэйгээ юунаас болж яагаад маргасан талаар сайн санахгүй байна. Гэртээ ирсэн хойноо эхнэртэйгээ муудалцаад үснээс нь зулгааж, цохиж байснаа л бага  зэрэг санаж байна. Одоо энхэртэйгээ уулзаагүй байгаа. Өөрийн хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна. Архи хэрэглээд ийм үйлдэл гаргасан миний буруу. Эмчилгээний зардлыг нь өгье гэж бодсон боловч, мөнгө байхгүй байсан. Гэхдээ би одоо хохирол төлбөрийг заавал төлнө. Би гэр бүл болоод 18 жил болж байна. Манайх Налайх дүүрэгт байх гэрээ зараад Улаанбаатар хотод байр худалдаж авсан. Байр маань манай эхнэрийн нэр дээр байдаг. Би хэрэг гарснаас хойш хамт ажилладаг жолоочийнхоо гэрт байгаа. Шүүх хурлынхаа дараа гэртээ заавал очоод эхнэрээсээ уучлалт гуйна. Би сард  1.000.000 төгрөгийн цалин авдаг. Манай эхнэрт миний цалингийн карт байнга байдаг. Би сарын хэрэглээндээ бага зэргийн мөнгө авч үлдээд үлдсэн мөнгө эхнэртэй өгдөг” гэв.

Хохирогч Б.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 19 цагийн үед би гэртээ ирсэн. Бага хүүхэд маань авах гэх үед нөхөр маань архи уучихсан байсан. Би байрныхаа гадаа нөхөр өө хүлээж байсан хүрээд ирсэн. Тэгэхээр нь би чи хүүхдээ дагуулж явдаг нь яаж байгаа юм  бэ гээд жаахан уурлаад загнасан. Тэгсэн манай  нөхөр миний яриаг сонсож байснаа миний үснээс зулгааж, шалан дээр чирээд, нүүрэн тус газарт гараараа цохисон. Миний хамраас цус гараад байхаар нь би цагдаагийн газарт дуудлага өгсөн. Цагдаа ирэх  үед гэртээ бол байгаагүй. Хэрэг гарсан өдрөөс хойш гэртээ ирэхгүй байгаа. Өөрийн цалин мөнгөө өөртөө зарцуулаад алга болсон. Надад хэрэг гарахаас 3 жилийн өмнө нэг удаа гар хүрсэн. Би цагдаад дуудлага өгсөн. Манай хүүхдүүд том хүүхэд маань 16 настай, бага хүүхэд маань 9 настай. Ё.М их ширүүн зан ааштай хүн.  Би их удаан  тэвчиж явсан. Сүүлд гар хүрэхдээ арай л ширүүн байсан. Надаас уучлалт гуйгаагүй, цаашдаа хамт амьдарна гэж бодож байгаа. Нөхрийн цалингийн карт надад байдаг. Би л ихэвчлэн санхүүгийн асуудлаа зохицуулдаг” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №738 дугаар:

            “1. Б.Лын биед баруун шанаа, хүзүү, цээж, нуруунд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.”

            /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 

            Ё.Мгийн иргэний мэдээлэл

            /хх-ийн ******* дугаар хуудас/,

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 43 дугаар хуудас/,

         

             Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл

            /хх-ийн 55-56 дугаар тал/

          

            Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт

           /хх-ийн 57-65 дугаар тал/

           

            Ё.Мгийн  хувийн байдлын тогтоосон баримтууд

            /хх-ийн  48-55 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

 Улсын яллагчийн: “Шүүгдэгч Ё.М нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 34-23 тоотод эхнэр Б.Л нь  “хүүхэд авч архи уулаа” гэж хууль ёсны шаардлага тавихад нь дургүйцэж эхнэр Б.Лын нүүрэн тус газарт нь гараараа цохих, нүүрний зүүн тал хэсэгт маажих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн 738 дугаартай дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байгаа тул шүүгдэгч Ё.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Ё.М нь гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчийн зүгээс нэхэмжилсэн зүйлгүй зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд дурдуулах саналтай байна. Шүүгдэгч Ё.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг төлж барагдуулахгүй бол торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор солихыг шүүхийн шийтгэх тогтоолд тус тус дурдуулах саналтай байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг шүүхэд тус тус гаргаж байна” гэх,

Шүүгдэгчийн зүгээс өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ё.Мд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ё.М нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 34-23 тоотод эхнэр Б.Л нь “хүүхэд авч архи уулаа” гэж хууль ёсны шаардлага тавихад нь дургүйцэж эхнэр Б.Лын  нүүрэн тус газарт нь гараараа цохих, нүүрний зүүн тал хэсэгт маажих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

шүүгдэгч Ё.Мгийн: “...Гэртээ ирсэн хойноо эхнэртэйгээ муудалцаад үснээс нь зулгааж, цохиж байснаа л бага  зэрэг санаж байна...” гэх,

Хохирогч Б.Лын: “...Тэгэхээр нь би чи хүүхдээ дагуулж явдаг нь яаж байгаа юм  бэ гээд жаахан уурлаад загнасан. Тэгсэн манай  нөхөр миний яриаг сонсож байснаа миний үснээс зулгааж, шалан дээр чирээд, нүүрэн тус газарт гараараа цохисон. Миний хамраас цус гараад байхаар нь би цагдаагийн газарт дуудлага өгсөн...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №738 дугаар: Б.Лын биед баруун шанаа, хүзүү, цээж, нуруунд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт  зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ё.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ё.Мгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Лын  бие мах бодид хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд:Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Иймд Ё.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000  төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ё.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ёндонжунай овогт Мягмарсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Мг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Мд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ё.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ