Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 945

 

 

 

 

 

 

 

2020     11         05                                         2020/ШЦТ/945

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                    

Улсын яллагч Л.Мажигсүрэн,

Шүүгдэгч З.Т-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З.Т-д холбогдох эрүүгийн 2009000001235 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт ... тоотод оршин суух, Нийслэлийн шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 34 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 18 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 2 жил 4 сар 14 хоногийн ялыг тэнсэн сулласан, бие эрүүл, ухаан бүрэн / РД: / З.Т- нь:

 

- 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шөнө 01 цагийн үед Улаанбаатар зочид буудлын ар талын зогсоолын хажууд таксины жолооч Д.Ганбат нь “таксины мөнгө 10.000 төгрөг гарсан” гэхэд дургүйцэн маргалдаж, түүний дух хэсэг рүү гараараа цохиж, баруун гарны сарвуу хэсгээс нь хазах, нүүр, дагз руу нь мөргөх зэргээр эрх чөлөөнд нь халдан зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Ганбат мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 09 дүгээр сарын 04-ний шөнө 01 цагийн үед 11 дүгээр хорооллоос 2 хүн гараа өргөхөөр нь би суулгаад Зайсан орохоор болсон. Тэгээд Улаанбаатар зочид буудлын ар талын зогсоолын хажууд явж байтал урд сууж явсан тарган бор залуу “зогс пизда минь” гээд миний зүүн шанаа хэсэг рүү хальт цохьсон. Тэгээд зогсож амжаагүй байхад ард сууж явсан З.Т- гэх залуу миний гарыг хазсан. Мөн миний араас цамцны уяагаар боохоор нь сандалны түшлэгээ хойш нь унагаагаад боолтыг тавиулахад дух хэсэг рүү нэг удаа цохьсон. Тэгээд би шууд машинаасаа буухад урд талд суусан залуу намайг бариад авсан. Миний гарыг хазсан гэх залуу намайг заамдаж, нүүр хэсэг рүү мөргөсөн. Тэр үед би барьж аваад цааш нь түлхэхэд миний баруун гарны сарвуу хэсгээс хазаад доош дарсан.  Дагз хэсэг рүү 2 удаа цохьсон. Миний биед учирсан гэмтлийг миний гарыг хазсан залуу учруулсан гэжээ. / хх 7 /

 

Яллагдагч З.Т- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 09 дүгээр сарын 04-ний орой 23 цагийн үед хуучны танил Баагийтай 11 дүгээр хороололд таараад паб орж, нэг шил архи хувааж уусан. Тухайн газраас гараад таксигаар Спортын төв ордон руу явахад жолооч Хаан банкны хажууд зогссон. Баагий жолоочид 3000 төгрөг өгөхөд “зайсан явна гэж хэлсэн биздээ, 10.000 төгрөг өг” гээд маргалдаад барьцалдсан учир би дундуур нь ороод салгасан. Жолоочийн ар талын хаалганаас буухад жолооч намайг барьж авахаар нь би өөрийн Самсунг Жи-7 маркын гар утсаар бичлэг хийсэн. Тэгэхэд миний утсыг булааж аваад газар шидэхээр нь барилцсан. Би гарыг нь тавиулж чадахгүй байхаар нь түүний гарыг хазсан гэжээ. / хх 21-22 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10147 дугаартай дүгнэлтэнд:

1. Д.Ганбатын биед баруун гарын сарвууны хазагдсан шарх, уруулд язрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 10-11 /

 

Шүүгдэгч З.Т-ыг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 19-22 /

           

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 28 / зэрэг болно.

 

Шүүгдэгч З.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч З.Т- нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шөнө 01 цагийн үед Улаанбаатар зочид буудлын ар талын зогсоолын хажууд хохирогч Д.Ганбаттай таксины мөнгөнөөс болж маргалдан түүний дух хэсэг рүү гараараа цохиж, баруун гарны сарвуу хэсгээс нь хазах, нүүр, дагз руу нь мөргөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд ... Машинаасаа буухад урд талд суусан залуу намайг бариад авсан. Миний гарыг хазсан гэх залуу намайг заамдаж нүүр хэсэг рүү мөргөсөн. Тэр үед би барьж аваад цааш нь түлхэхэд миний баруун гарны сарвуу хэсгээс хазаад доош дарсан.  Дагз хэсэг рүү 2 удаа цохьсон. Миний биед учирсан гэмтлийг миний гарыг хазсан залуу учруулсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Ганбатын мэдүүлэг / хх 7 /, ... Миний утсыг булааж аваад газар шидэхээр нь барилцсан. Би гарыг нь тавиулж чадахгүй байхаар нь түүний гарыг хазсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч З.Т-ын мэдүүлэг / хх 21-22 /, ... Д.Ганбатын биед баруун гарын сарвууны хазагдсан шарх, уруулд язрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10147 дугаартай дүгнэлт / хх 10-11 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч З.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч З.Т- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд  гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 500.000 / таван зуу / төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Д.Ганбат нь нэхэмжлэх зүйлгүй / хх 41 / гэсэн тул З.Т-ыг төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч З.Т- өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч З.Т- нь дээрх хэргээс өмнө гэмт хэрэгт холбогдож, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 427 дугаартай цагаатгах тогтоол гарсан боловч дээрх тогтоол хүчин төгөлдөр болсон эсэх нь тодорхойгүй, улсын яллагчаас давж заалдах шатны шүүх тогтоолыг хэвээр үлдээсэн бөгөөд хяналтын шатны шүүхэд хянагдаж байгаа гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан болно.

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч З.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, З.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар З.Т- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. З.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  З.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ