Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 952

 

 

 

 

 

 

 

2020     11          06                                        2020/ШЦТ/952

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                    

Улсын яллагч С.Болорзул,

Шүүгдэгч Н.Т- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Т-д холбогдох эрүүгийн 2009023171384 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, “Тавантолгой транс” ХХК-д нярав ажилтай, ам бүл 2, эхийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: .../ овогт Н-ын Т- нь:

 

- 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зөгийн Үүр” барилгын материалын дэлгүүрийн гадна талд төв зам дээр хохирогч С.Баянжаргалыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.Баянжаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 08 сарын 23-ны орой 22 цаг 30 минутаас 23 цагийн хооронд би ажлаа тараад гэр рүүгээ харихаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Цагдаагийн гудамж “Зөгийн Үүр” дэлгүүрийн харалдаа ажлын машинаар явж байхдаа түр зогсолт хийгээд хөдлөхдөө нэг машин шахсан байснаа мэдээгүй. Тэгээд явж байтал нэг машин урдуур ороод зам хөндөлсөөд удаан яваад 2 тийшээ эгнээ сольж зам хаагаад байсан. Сүүлдээ миний явах замыг хааж хөндлөн зогссон. 24-10 УБД улсын дугаартай машины жолооч машинаасаа бууж ирэхээр нь би “яаж яваад байгаа юм” гэхэд тэр жолооч намайг хэл амаар доромжлоод ал минь гээд орилж байгаад намайг түлхсэн. Тэгэхэд би хойшоо унах шахсан тул тэр залуугийн хацар толгой хэсэгт нь нэг удаа алгадсан. Гэтэл тэр залуу миний толгойн зүүн хэсэгт гараа зангидаж байгаад хэд хэдэн удаа цохьсон бөгөөд дахиад цохих гэхээр нь би туслаарай авраарай гээд орилсон. Ингээд машинтай залуучууд ирээд “чи одоо эмэгтэй хүн яагаад байгаа юм” гэхэд тэр залуу цаашаа машиндаа суух гээд явахад би подволкноос нь зуурахад намайг тавиулах гэж чангааж байгаад урсан. Би гар утсаа машинаасаа очиж аваад тухайн машины номерын зургийг дараад цагдаа дуудсан. Би тархины зураг 120.000 төгрөгөөр авхуулсан. Шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн. Хүнд толгойгоо 20.000 төгрөгөөр 3 удаа бариулсан. Өөр ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Би хохиролд 180.000 төгрөг авсан. Надад одоо гомдол санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралд оролцохгүй гэжээ. / хх 16-21 /

 

Гэрч Д.Анужин мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 08 сарын 23-ны орой 22 цаг 30 минутаас 23 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Цагдаагийн гудамж Зөгийн үүр барилгын материалын дэлгүүрийн харалдаа явж байхад түр зогсолт хийсэн байсан машин хөдөлгөөнөө эхлүүлэхдээ ямар ч дохио өгөлгүйгээр явсан. Манай найз Н.Т- эсрэг урсгал руу ороод эргэж эгнээндээ ороод жолоочид нь шаардлага тавих гээд буусан. Би машинд суугаад үлдсэн. Тэгтэл чанга дуу чимээ гарч маргалдаж байгаа юм шиг байхаар нь би буугаад харахад Н.Т-г нэг эмэгтэй хүн заамдаад подволкноос нь зуурсан байсан. Тэр эгч авраарай туслаарай гээд орилоод байсан. Нэг ах хажуугаар зөрөхдөө болиоч ээ гэхэд нь Н.Т- салгах гээд түлхээд байсан. Тэр эмэгтэй Н.Т-гийн подволкыг ураад машин руугаа очоод утсаа аваад цагдаа дуудсан гэжээ. / хх 27-28 /

 

Яллагдагч Н.Т- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 08 сарын 23-ны өдөр 22 цаг 30 минутаас 23 цагийн хооронд би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Цагдаагийн гудамж Зөгийн үүр барилгын материалын дэлгүүрийн харалдаа явж байхад түр зогсолт хийсэн байсан машин хөдөлгөөнөө эхлүүлэхдээ ямар ч дохио өгөлгүйгээр эхэлсэн. Би мөргөх шахаад 2 дугаар эгнээнээс урсгал сөрж холдоод эргэж урсгалдаа ороод тэр хүнд шаардлага тавьж хэлж анхааруулах үүднээс урд нь тэгэж зогссон. Би машинаасаа буугаад “яаж яваад байгаа юм бэ, таниас болж осол гарах шахлаа, та аятайхан яв” гэх шаардлага тавьсан. Гэтэл өөдөөс “чи эмэгтэй хүн гээд дээрэлхээд байна уу” гээд миний подволкноос зуурахад би түлхтэл зөрүүлээд миний зүүн хацар руу нэг удаа алгадсан. Би зуурсан байсан гарыг нь тавиулах гээд гарнаас нь бариад гарыг нь доош дараад түлхтэл амь авраарай аллаа гээд орилоод байсан. Тэгээд хэдэн залуучууд ирээд эмэгтэй хүнийг яагаад байгаа юм гээд хэлэхээр нь би явах гэтэл тэр хүн надаас зуурчихаад тавихгүй байсан болохоор нь гарыг нь тавиулах гээд түлхтэл миний подволкыг урсан. Тэгээд тэр эмэгтэй цагдаа дуудсан. Тухайн үед уурлаж бухимдсан байсан учир 2 гараараа цохьсон эсэхээ мэдэхгүй байна. Ямартаа ч тухайн эмэгтэйг түлхсэн асуудал болсон. Би шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцсан. Надад санал хүсэлт байхгүй. Би хохирогчтой утсаар ярьж уучлалт гуйсан. Мөн эмчилгээний 180.000 төгрөгийг өгсөн. Би С.Баянжаргалын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэжээ. / хх 6-8 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 9720 дугаартай дүгнэлтэнд:

1. С.Баянжаргалын биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 31-32 /

 

Шүүгдэгч Н.Т-г 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 06- 08 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 55 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Н.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохирогчийн эмчилгээний зардалд 180.000 төгрөгийг төлсөн. Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зөгийн Үүр” барилгын материалын дэлгүүрийн гадна талд төв зам дээр шахлаа гэж хохирогч С.Баянжаргалыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Миний толгойн зүүн хэсэгт гараа зангидаж байгаад хэд хэдэн удаа цохьсон бөгөөд дахиад цохих гэхээр нь би туслаарай авраарай гээд орилсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч С.Баянжаргалын мэдүүлэг / хх 16-21 /, ... Манай найз Н.Т- эсрэг урсгал руу ороод эргэж эгнээндээ ороод жолоочид нь шаардлага тавих гээд буусан. Тэгтэл чанга дуу чимээ гарч маргалдаж, нэг эмэгтэй хүн заамдаад подволкноос нь зуурсан байдалтай авраарай туслаарай гээд орилоод байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Анужингийн мэдүүлэг / хх 27-28 /, ... Би хохирогчтой утсаар ярьж уучлалт гуйсан. Мөн эмчилгээний 180.000 төгрөгийг өгсөн. Би С.Баянжаргалын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Н.Т-гийн мэдүүлэг / хх 6-8 /, ... С.Баянжаргалын биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 9720 дугаартай дүгнэлт / хх 31-32 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид  ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.Т- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирлоо нөхөн төлж, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 450 / дөрвөн зуун тавь / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.   

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч С.Баянжаргал нь нэхэмжлэх зүйлгүй / хх 61 / гэсэн тул Н.Т-г төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Т-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт ...-ын Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Н.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Т- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Н.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Н.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ