Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2022/0482

 


“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г,

Нэхэмжлэгч: “Ж” ХХК,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: “нийгмийн даатгалын шимтгэлийн болон татварын тайланг хүлээн авахаас татгалзсан шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоож тайлангуудыг нөхөж бүртгэхийг даалгах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 337 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн,

Хэргийн индекс: 128/2022/0060/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 337 дугаар шийдвэрээр:

“Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Ж” ХХК-аас Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, мөн дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн “Ж” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хүлээж авахаас татгалзсан шийдвэрийн 2014 оны 10 сараас 2015 оны 08 сарыг дуусталх хугацааны нийтийн даатгалын тайланг хүлээн авахаас татгалзсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, мөн хугацааны тайланг хүлээн авахыг даалгаж” нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2. Давж заалдах гомдлын агуулга:

2.1. “Тус компани 2014 оны 10 сараас 2022 оны 4 сар дуустал хугацаанд тасарсан тайлан баланс нөхөж бүртгэхийг Татвар, Нийгмийн даатгалд даалгах нэхэмжлэл гаргасан.

2.2.Огт үндэслэлгүй гэмт хэргүүдэд 2010 оноос захирал Ц.Г-ыг эрүүдэн шүүж, эрх чөлөөг хязгаарлан 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 11 жилийн хорих ялаар яллан 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 274 хоног цагдан хорьж, хилс ял эдлүүлэн бүтэн 10 жил шалгаснаас тайлан, баланс тасарч хохирсон.

2.3.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлд “Төрөөс хүний эрх, эрх чөлөө, ... бусад баталгаа, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж, мөн Эрүүгийн хэрэг хянана шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсын иргэн ... эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй” гэж тус тус тодорхой заасан байхад анхан шатны шүүх захирал Ц.Г-ын зөвхөн хоригдсон 2014 оны 10 сараас 2015 оны 08 сарыг дуусталх хугацааны тайлан, баланс хүлээж авахыг Татвар, Нийгмийн даатгалд даалгасан нь тус компанийн 2022 оны 04 дүгээр сар дуустал тасарсан тайлан балансаа бүртгүүлэх хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.

2.4.Төр тус компани, Ц.Г нарын эрхийг бүрэн сэргээж, эдлүүлэх үүрэгтэй.

Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 337 дугаар шийдвэрийн 1-д 2015 оны 09 сараас 2022 оны 04 дүгээр сар дуусталх тайлан баланс хүлээж авахыг Татвар, Нийгмийн даатгалд даалгасан нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч “Ж” ХХК-аас “нийгмийн даатгалын шимтгэлийн болон татварын тайланг хүлээн авахаас татгалзсан шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоож тайлангуудыг нөхөж бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2.Нэхэмжлэгчээс “нэхэмжлэгч хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Ц.Г нь хилсээр хоригдож, удаан хугацаанд шалгагдсаны эцэст цагаатгагдсан байхад уг хугацааны тайлан, балансыг нөхөж бүртгэхээс татгалзсан нь хууль бус” гэж маргажээ.

3.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 610 дугаар шийтгэх тогтоолоор[1] “... шүүгдэгч Ц.Г-ыг П.И-г хуурч 20 сая төгрөг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн тогтоолын 4 дэх заалтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Ц.Г-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

4.Мөн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 5/305 дугаар[2] тодорхойлолтоор Ц.Г нь эрүүгийн 20140691 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан болох нь тогтоогдож байна.

5.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1-д “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ: 1/Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;...” гэж заасан.

6.Татварын ерөнхий хууль /2019/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ:...” гэж заажээ.

7.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шинэчилсэн найруулгаар батлагдаж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.  Үүнээс өмнө 2006 онд батлагдсан  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006/[3]-ийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Албан татвар төлөгч...  татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ.” гэж заасан байсан.

Харин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019/[4]-ийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Өмнөх татварын жилийн албан татвар ногдуулах орлого нь 6 тэрбум төгрөг ба түүнээс дээш бол уг албан татвар төлөгч тухайн татварын жилийн улирлын татварын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ.”, 26.2-т “Татварын өмнөх жилийн албан татвар ногдуулах орлого нь 6 тэрбум төгрөг хүртэл энэ хуулийн 29.1-д заасны дагуу татварын албанд бүртгүүлээгүй албан татвар төлөгч тухайн татварын жилийн эхний хагас жилийн татварын тайланг 07 дугаар сарын 20-ны дотор, жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор гаргаж, харьяалах татварын албанд хүргүүлнэ.”, 26 дугаар зүйлийн 26.8-д “Албан татвар төлөгч үйл ажиллагаа эрхлээгүй тухай тайлан гаргасан жилийн дараагийн татварын жилээс эхлэн жилд нэг удаа дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ.” гэж тус тус заасан.

8.Дээр дурдсан хуулийн заалтуудаас үзэхэд татвар төлөгч аж ахуйн нэгж татварын тайланг хэзээ татварын албанд хүргүүлэх талаар тодорхой заасан байна. Харин хуульд тогтоосон хугацаанд татварын тайланг татварын албанд хүргүүлээгүй тохиолдолд татварын тайланг нөхөн хүлээж авах талаар заагаагүй байна.

Нэгэнт хуульд хугацаа хэтрүүлсэн татварын тайланг хүлээж авах талаар тодорхой заагаагүй, зөвшөөрөөгүй байхад хариуцагчийн татгалзлыг хуульд нийцээгүй гэж үзэх, хуулиар зааж, зөвшөөрөөгүй үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг хариуцагч захиргаанд шүүхээс даалгах хууль зүйн үндэслэлгүй юм. 

9.“Ж” ХХК-аас Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандан 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 01/73 албан тоотоор “...тус компани 2014 оноос тасарсан Нийгмийн даатгалын тайлангаа нөхөж өгөх шаардлагатай тул шийдвэрлэж өгнө үү.” гэсэн агуулгатай хүсэлт гаргасан.[5]

10.Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс  “Ж” ХХК-нд 2021 оны 10 дугаар сарын 21-ний  өдрийн “Албан бичгийн хариу” гэх 1163 албан тоот[6] хариуг өгчээ.

11.Нийгмийн даатгалын тухай хууль /1994/-ийн 16 дугаар зүйлийн 16.3-т “Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 05-ны өдрийн дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх бөгөөд энэ хугацаа долоо хоног бүрийн амралт, нийтээр амрах баярын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр тайлагнана.”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ:... 2/шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх...” гэж тус тус заасан.

12.Хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг Татварын ерөнхий хууль /2019/ 6 дугаар зүйлийн 6.1.41.а-6.1.41.д заалтад заасан.  Энэхүү заалтад хүн цагдан хоригдсон тохиолдлыг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулаагүй хэдий ч цагдан хорих гэдэг нь төрийн эрх бүхий байгууллагаас хүний чөлөөтэй зорчих эрхийг хязгаарладаг.

13.Иймд “Ж” ХХК-ийн захирал Ц.Г-ыг цагдан хоригдсон хугацааг “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж үзэн, түүний цагдан хоригдсон хугацаанд хамааруулан “Ж” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээж авахыг хариуцагч нийгмийн даатгалын байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

14.Харин цагдан хоригдохоос бусад хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ нь хүнийг чөлөөтэй зорчих эрхийг хязгаарладаггүй тул “Ж” ХХК-ийн захирал Ц.Г эрүүгийн журмаар эрх бүхий байгууллагад шалгагдсан нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэл болохгүй тул “2015 оны 9 сараас 2022 оны 4 сар дуусталх тайланг хүлээж авахыг даалгах байдлаар шийдвэрт өөрчлөлт оруулах” давж гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

15.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 337 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

 

 

 

[1] Хэргийн 105-119 дэх тал

[2] Хэргийн 25 дахь тал

[3] Төрийн мэдээлэл эмхтгэл 2006 №38

[4] Төрийн мэдээлэл эмхтгэл 2019 №23

[5] Хэргийн 84 дэх тал

[6] Хэргийн 83 дахь тал