Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 844

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “О” СӨХ

Хариуцагч: НЗД  

Гуравдагч этгээд: “Ц” ХХК, Н6”, “Ю” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн******* дугаар захирамжийн “Ц” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамж хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дүгээр захирамжийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын “О” СӨХ-д 2570 м2 хэмжээгээр газар ашиглах эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хэмжээгээр сунгасан шийдвэр гаргахыг НЗД д даалгах

Гуравдагч этгээд “Ц” ХХК-ийн бие даасан шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамжийн “О” СӨХ-д газар ашиглуулсан захирамжаас давхцал бүхий 414 м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, Б.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээд Д.Д, түүний өмгөөлөгч В.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “О” СӨХ-ны захирал Б.Д, итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, Б.П нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О” СӨХ нь анх 2006 онд үүсгэн байгуулагдсанаас хойш оршин суугчдын ашиг сонирхлыг хамгаалах, уг орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг ханган, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллаж ирсэн. 

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 100 дугаар захирамжаар “О” СӨХ-нд 2570 м.кв газрыг ашиглах эрх олгосон. Тус СӨХ-ны зүгээс уг газрыг Газрын тухай хуульд заасны дагуу ашиглаж уг талбайг оршин суугчдын авто машины зогсоол болгон ашиглаж байсан бөгөөд оршин суугчдын хүсэлтийн дагуу ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, настангуудын амрах саравч байгуулахаар төлөвлөж байгаа болно. 

О” СӨХ-оос газар ашиглах хугацаа сунгуулахаар НЗД д 2016, 2017, 2018 онуудад удаа дараа хүсэлт гаргаж хандаж байсан боловч 2016 болон 2017 онуудад огт хариу өгч байгаагүй, харин  Нийслэлийн газрын албаны даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01-06/1074 тоот албан бичгээр “манай СӨХ-ны ашиглалтын газрын зарим хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2015 оны******* дугаар захирамжаар “Ц” ХХК-нд эзэмшүүлсэн тухай мэдсэн бөгөөд СӨХ-ноос шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас ирүүлсэн нотлох баримтаар маргаж буй газрыг “Ц” ХХК нь “Ю Б э” ХХКнд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дүгээр захирамжаар газар эзэмших эрхээ шилжүүлснийг мэдсэн болно. 

НЗД  нь 2015 оны*******, 2018 оны ******* дугаар захирамжуудыг тус тус гаргахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-тт заасныг зөрчиж “О” СӨХ-ны ашиглалтын газрын зарим хэсгийг хууль бусаар “Ц” ХХК-нд давхардуулан эзэмшүүлж, Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/816 дугаар захирамжаар 2010 оны 100 дугаар захирамжийн “О” СӨХ-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус СӨХ-д 2063 м.кв талбай бүхий газрыг орон сууцны орчны газрын зориулалтаар 15 жилийн хугацаагаар ашиглуулсан хууль бус шийдвэр гаргасан нь “О” СӨХ болон тус “О” СӨХ уг холбооны гишүүд болох Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны замын 13-2 дугаар байрны оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх бөгөөд уг хууль бус шийдвэрээ хамгаалан, “О” СӨХ-ны газар ашиглах эрхийг сунгахаас татгалзсан хариу өгсөн болно. 

Иймд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн******* дугаар захирамжийн “Ц” ХХК-нд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дүгээр захирамжийн “Ю” ХХК-нд  холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “О” СӨХ-ны газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтэд дурдсан хэмжээ буюу Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны замын 13-2 дугаар байрны тус СӨХ-ны ашиглалтын 2570 м.кв хэмжээгээр газар ашиглах эрхийг сунгахгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтэд дурдсан хэмжээгээр газар ашиглуулах шийдвэр гаргуулахыг НЗД д даалгаж өгнө үү” 

Гуравдагч этгээд “Ц” ХХК-ийн бие даасан шаардлагын тухайд Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07 ны өдрийн 518 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай газрын Нийслэлийн 6 дугаар дунд сургуульд 1,9 га газрыг сургалтын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулж, мөн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 452 дугаар захирамжаар Нийслэлийн 6 дугаар дунд сургуулийн хашаан дотор багш ажилчдын 72 айлын орон сууцны барилга барих зориулалтаар 810 м.кв газрыг Нийслэлийн 6 дугаар дунд сургуульд эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байдаг. Гэтэл “Ц” ХХК нь 2006 онд эзэмшүүлсэн газраас өөр газарт 36 айлын орон сууцны барилга барьж, барилгыг ашиглалтанд оруулсан харин үлдэх 36 айлын барилгыг ямар нэг шалтгаангүйгээр одоог хүртэл бариагүй, мөн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 452 дугаар захирамжаар 6 дугаар дунд сургуульд эзэмшүүлсэн 810 м.кв газраас үлдэх 414 м.кв газрыг анх өөрийнх нь компанид эзэмших эрх үүссэн мэтээр сэтгэж бие даасан шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм” гэжээ. 

Хариуцагч Нийслэлийн Газрын албаны дарга Э.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О” СӨХ нь “Ц” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах, газар ашиглах хугацааг сунгах талаар хүсэлтийг өмнө нь гаргаж байсан бөгөөд тус хүсэлтэд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын “Хариу хүргүүлэх тухай” 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 5/3599 дугаар албан бичгээр “Ц” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцлах боломжгүй тухай, Нийслэлийн Газрын албаны 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03/5497 дугаар албан бичгээр газар ашиглах эрхийн хугацааг сунгах боломжгүй тухай, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01-06/1074 дүгээр албан бичгээр тус тус хариу өгсөн байна. 

Үүнээс үзэхэд “О” СӨХ нь “Ц” ХХК-ийн газар эзэмшлийн талаар мэдэж байсан, хүчингүй болгуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тухай хариу өгсөөр байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.1.1-т “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй атал хуулийн хугацаандаа нэхэмжлэл гаргаагүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэл тогтоогдож байх тул 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 293 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ц” ХХК-д орон сууцны зориулалтаар 410 м.кв газрыг эзэмшүүлснийг Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/208 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 492 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 70 дугаар магадлалаар нийслэлийн Засаг даргын 2013 оны А/208 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон. 

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/956 дугаар захирамжаар “Ц” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээн баталгаажуулсан бөгөөд давхцлыг арилгах үүднээс “О” СӨХ-ны газар ашиглах эрхийг 2064 м.кв талбай бүхий хэмжээтэйгээр ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаар Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдэж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/816 дугаар захирамжаар “О” СӨХ-д 2063 м2 газрыг давхцалыг арилгасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Ц” ХХК-ийн захирал Д.Д шүүхэд гаргасан тайлбартаа: “О” СӨХ-ны мэдлийн гэх газрын эрх 2010 онд албан ёсоор үүссэн байдаг. Гэтэл “О” СӨХ-ны ашиглах эрх бүхий газрын зарим хэсгийнх нь газар эзэмших эрх Нийслэлийн Засаг даргын 2004 оны 452 дугаар захирамжаар “Ц” ХХК-ны нэр дээр анх үүссэн байдаг. “Ц” ХХК энэхүү 810 м.кв газар дээр тус бүр нь 36 айлын 2 орон сууцны байшин барихаар төлөвлөж холбогдох техникийн нөхцөлийг 72 айлын зориулалтаар авч, холбогдох шугам сүлжээг шинээр тавих, өргөтгөх ажлыг хийж гүйцэтгэн, улмаар 2006 онд эхний 36 айлын орон сууцны блокийг барьж улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсан байдаг. “Ц” ХХК-ийн захирал Д.Д миний зүгээс оршин суугчдын хэвийн, тавтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс өөрийн биеэр хөөцөлдөн одоогийн “О” СӨХ-г байгуулан, оршин суугчдын хурлыг нь хийлгэж, тухайн үед оршин суугч С-ийг СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилуулсан болно. 

“Ц” ХХК нь тодорхой шалтгааны улмаас 36 айлын орон сууцны 2 дахь блокийг барьж ашиглалтад оруулж амжилгүй 2011 он хүргэсэн бөгөөд 2011 ондоо Нийслэлийн Засаг даргын 2011 оны 293 дугаар захирамжаар “Ц” ХХК-ны эзэмших эрхтэй байсан 810 м.кв газраас ашиглалтад орсон нийтийн орон сууцны орчны газарт шууд хамаарах хэсгийг хасаж, үлдэх 414 м.кв газрыг “О” СӨХ-нд давхардуулан ашиглуулсан байна гэж бидний зүгээс үзэж байна. 

Мөн 2012-2016 онд НЗД ар ажиллаж байсан Э.Б-ийн захирамжаар олон тооны газрын эрхийг цуцлахдаа холбогдох тооцоо, судалгааг хийлгүйгээр хэт хавтгайруулснаас “Ц” ХХК-ны энэхүү 414 м.кв газрыг эрхийг 2013 онд хүчингүй болгосон бөгөөд бидний зүгээс Нийслэлийн Засаг даргын энэхүү шийдвэрийг шүүхийн журмаар хүчингүйд тооцуулж газар эзэмших эрхээ 2015 онд дахин сэргээлгэсэн болно. 

Мөн Нийслэлийн Газрын албаны хариу тайлбараас үзэхэд “О” СӨХ нь Нийслэлийн Газрын албанд энэхүү маргаан бүхий газрын асуудлаар удаа дараа хандаж байсан нь тодорхой байх бөгөөд тэд хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандаагүй гэж байгаа Нийслэлийн Газрын албаны байр суурь үндэслэлтэй болно. 

 “О” СӨХ болон “Ц” ХХК-ны хоорондын давхцал бүхий 414 м.кв газрын эрх анх 2004 онд манай компанид хамааралтай байдлаар үүссэн байдаг. Харин “О” СӨХ-ны 2570 м.кв газар ашиглах эрх 2010 онд үүссэн бөгөөд энэхүү 2570 м.кв газрын зарим хэсэг нь буюу 414 м.кв нь манай компанийн мэдлийн газартай давхардсан байж болзошгүй байна. Энэхүү нөхцөл байдал нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамжийн “О” СӨХ-д газар ашиглуулсан захирамжаас давхцал бүхий 414 м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/816 дугаар захирамжаар “О” СӨХ-д газар ашиглуулсан 100 дугаар захирамжийг хүчингүй болгосон байх тул бие даасан шаардлагаасаа татгалзаж байна.” 

Дээр дурдсан үндэслэл, нөхцөл байдлын үндсэн дээр “О” СӨХ-оос шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний шаардлагууд нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, манай компанийг өөрийн мэдлийн үлдсэн 414 мк газраа үргэлжлүүлэн эзэмших бололцоог шүүхийн зүгээс бүрдүүлж өгөхийг хүсье” гэжээ. 

Гуравдагч этгээд “Нийслэлийн 6 дугаар бүрэн дунд сургуулийн” захирал Балжинням шүүхэд гаргасан тайлбартаа: “О” СӨХ-ны нэхэмжлэлтэй, НЗД д холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаартай захирамж гарсан боловч “О” СӨХ-ны газар нь манай сургуулийн газартай ямар нэгэн хамааралгүй нь кадастрын зургаар нотлогдож байна. 

Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралд манай сургуулийн төлөөллийг байлцуулахгүй байхыг хүсэж байна” гэжээ. 

Гуравдагч этгээд “Ю” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ө шүүхэд гаргасан тайлбартаа: “Ю” ХХК нь талуудын хоорондын маргаанд дурдагдаж буй Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны замын 13/2 дугаар байрны орчинд байрлах 414 м.кв газрыг “Ц” ХХК-тай байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаартай захирамжийн дагуу эзэмших эрхтэй болсон. 

Гэтэл “О”СӨХ нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны  өдрийн ******* захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан нь “Ю Б э” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. 

Захирггааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасан байгаа. Хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн талаар тайлбараа товч хэлье. Маргаан бүхий захиргааны актыг удаа дараа мэдэгдсэн гэдэг боловч хамгийн сүүлийн байдлаар 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 03/5497 дугаар албан бичгээр тангй эзэмшлийн газрын хугацааг сунгах боломжгүй, учир нь газрыг анх олгохдоо давхцалтай байна, давхацлыг арилгах ёстой. Мөн 2015 онд******* дугаар шийдвэр гарч “Ц” ХХК-д олгогдсон гэх агуулга бүхий хариуг ирүүлсэн. “О” СӨХ-нд 2010 онд олгогдсон газраас 410 м2 нь давхцаж, харин 2015 оны******* дугаар захирамжаар “Ц” ХХК-д олгосон гэдгийг мэдэж байсан. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших эрхийг сунгах боломжгүй гэсэн албан бичигт гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад дахин газрын давхацлыг арилгаж өгөөч гэсэн хүсэлт гаргаж уг хүсэлтийнх нь хариу 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн Гзарын албаны даргаас албан бичгээр ирсэн. Уг албан бичигт үндэслэж “О” СӨХ нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Захиргааны актад хуульд заасан хугацаанд нь гомдол гаргаагүй байж дараа нь манай эзэмшлийн газар давхцалтай байна гэсэн үндэслэлээр төрийн захиргааны байгууллагад хүсэлт гарган хөөн хэлэлцэх хугацааг сэргээвэл Захиргааны ерөнхий хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа, урьдчилан хянан шийдвэрлэх хугацааг зөрчинө. 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар “О” СӨХ-нд 2200 м2 газрыг ашиглах эрх олгосон. Харин 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 100 дугаар захирамжаар энэ газрыг шинээр баталгаажуулахдаа 2570 м2 болгож нэмэгдүүлсэн. Ингэж газрын хэмжээг нэмэгдүүлэхдээ “Ц” ХХК-ийн 410 м2 газартай давхцуулж олгосон байгаа. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд зааснаар Захиргааны байгууллага хууль бус шийдвэр гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр энэхүү хууль бус шийдвэрээ өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд төрийн захиргааны байгууллага 2015 онд******* дугаар захирамжийг гаргасан. Мөн 2013, 2014 оны Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор дээрх захирамжийг гаргасан гэж хэлж болно.******* дугаар захирамжид гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад дараах байдлаар гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

Нэхэмжлэгч “О” СӨХ нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн******* дугаар захирамжийн “Ц” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамж хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дүгээр захирамжийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын “О” СӨХ-д 2570 м2 хэмжээгээр газар ашиглах эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хэмжээгээр сунгасан шийдвэр гаргахыг НЗД д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

Гуравдагч этгээд “Ц” ХХК-иас Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамжийн “О” СӨХ-д газар ашиглуулсан захирамжаас давхцал бүхий 414 м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/816 дугаар захирамжаар “О” СӨХ-д газар ашиглуулсан 100 дугаар захирамжийг хүчингүй болгосон гэсэн үндэслэлээр шүүх хуралдааны явцад бие даасан шаардлагаасаа татгалзсан. 

Гуравдагч этгээдэд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөхөд тэрээр хүлээн зөвшөөрсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов. 

Үйл баримтыг дурдвал: 

1. Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаар захирамжаар 1.9 га газрыг 5 жилийн хугацаатай 6-р сургуульд ашиглуулжээ .

2. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 452 дугаар захирамжаар 6-р сургуулийн эзэмшиж байсан дээрх газраас тус сургуулийн багш, ажилчдын 72 айлын орон сууцны зориулалтаар тус сургуулийн хашаан дотор байршуулан 0,081 га газрын байршлыг тогтоосон байна .  

3. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 377 дугаар захирамжаар 6-р сургуулийн дээрх газрын хэмжээг багасгаж, 17882 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ .  

4. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 488 дугаар захирамжаар 2202 м2 газрыг 5 жилийн хугацаатай “О” СӨХ-д анх ашиглуулсан . 

5. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамжаар “О” СӨХ-д ашиглуулсан газрын хэмжээг нэмэгдүүлж, 2570 м2 газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн .

6. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 293 дугаар захирамжаар 414 м2 газрыг 5 жилийн хугацаатай анх “Ц” ХХК-д 5 жилийн хугацаатай эзэмшүүлжээ. Ингэхдээ Нийслэлийн Засаг даргын 2004 оны 452  дугаар захирамжийг үндэслэсэн байдаг . 

7. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/208 дугаар захирамжаар 2011 оны 293 дугаар захирамжаар “Ц” ХХК-д эзэмшүүлсэн хэсгийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг зөрчин 6-р сургуулийн эзэмшил газраас эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгожээ .  

8. Улмаар “Ц” ХХК Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/208 дугаар захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 492 дугаар шийдвэр, 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 70 дугаар магадлалаар  “НЗД  нь А/208 дугаар захирамжийг гаргахдаа “Ц” ХХК-ийн эзэмшиж байсан 410 м2 газрыг тухайн сургууль дахин эзэмшиж, ашиглах боломжтой эсэхийг судалж тогтоогоогүй, 6 дугаар дунд сургуулийн сургалт боловсролын зориулалтаар эзэмших эрх бүхий газрын хэмжээ хэзээ юунаас болж багассан, төрийн байгууллагын эзэмших, ашигдах эрх дуусгавар болсон эсэх, уг газрыг 6 дугаар сургууль дахин эзэмших боломжтой эсэх, “Ц” ХХК-ийн барих орон сууц нь багш, ажилчдад зориулагдах эсэх зэргийг шалгаж тогтоолгүй газар эзэмших эрх нь төрийн байгууллагад хамаарахгүй гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, хүчингүй болгосон байна. ... Мөн нэхэмжлэгч барилга барьсанаар газар эзэмших эрх үүсэх хууль зүйн үндэслэлтэй эсэх, 6 дугаар сургуультай хэрхэн тохиролцсон, энэ нь хуульд нийцсэн эсэхийг захиргааны байгууллагаас шалгаж тодруулах, ажиллагаа явуулах шаардлагатай. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамжаар “О” СӨХ-нд 2570 м2 газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Гэтэл энэхүү 2570 м2 газарт нэхэмжлэгчийн одоо маргаж байгаа газар хамаарч байгаа бөгөөд ямар учраас сургуулийн газраас “О” СӨХ-д газар эзэмшүүлсэн, ийнхүү шийдвэрлэхдээ 6 дугаар сургуульд мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй байна. ... Захиргааны байгууллагаас анх 6 дугаар сургуулийн газрыг бусдад эзэмшүүлэх болсон зорилго, хууль зүйн үндэслэлийг шалгаж тодруулж, ... 10 жилийн 6 дугаар сургууль болон “О” СӨХ-г татан оролцуулж шалган дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/208 дугаар захирамжийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ. 

9. Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн******* дугаар захирамжаар 414 м2 газрыг 5 жилийн хугацаатай “Ц” ХХК-д эзэмшүүлсэн байна .  

10. Дээрх захирамжаар “Ц” ХХК-д “О” СӨХ-ны ашиглаж байсан газартай давхцуулан эзэмшүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч тус шүүхэд одоо маргаж байна.

11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/816 дугаар захирамжаар 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамжийн “О” СӨХ-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2063 м2 газрыг “О” СӨХ-д 15 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэсэн .

12. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дүгээр захирамжаар “Ц” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг “Ю” ХХК-д шилжүүлсэн .

Шүүхээс 6-р сургууль, “О” СӨХ, “Ц” ХХК-ийн хувийн хэргийн материал болон тус хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг цуглуулахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

Нэхэмжлэгч “О” СӨХ-ны маргаж буй “Ц” ХХК-д эзэмшүүлсэн 414 м2 газар нь анх Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаар захирамжаар 6-р сургуульд эзэмшүүлсэн 1.9 га газар болон Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 452 дугаар захирамжаар 6-р сургуулийн багш, ажилчдын 72 айлын орон сууцны зориулалтаар тус сургуулийн хашаан дотор байршуулан 0,081 га газарт хамаарч байна. 

НЗД ас 2008 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 377 дугаар захирамжаар 6-р сургуулийн дээрх газрын хэмжээг багасгаж, 17882 м2 болгосон байх бөгөөд ийнхүү газрын хэмжээг багасгах болсон үндэслэл нь хэрэгт авагдсан 6-р сургуулийн газрын хувийн хэргийн материалаас  тодорхой харагдаж байна. 

Тодруулбал, 6-р сургуулийн эзэмшиж байсан газарт 2 хэсэг тусдаа барилга барихаар төлөвлөгдөж байсан болох нь ерөнхий төлөвлөгөө,  Сүхбаатар дүүргийн 11 жилийн 6-р сургуулийн 2005 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 24 тоот албан бичигт  “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 10-р сарын 04-ний өдрийн 452 тоот захирамжаар багш, ажилчдын 72 айлын орон сууцны зориулалтаар 0.081 га газар олгогдсон юм. 36 айлын орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл, төсөв хөрөнгийг барилга, угсралт, худалдаа үйлчилгээний “Ц” ХХК-тай гэрээ хийн эдний компаниар хийж гүйцэтгүүлэн багш нарын орон сууцны нийгмийн асуудлыг хамтран шийдвэрлэж ажиллаж байна. Иймд дараагийн 36 айлын орон сууцны барилгад ерөнхий төлөвлөгөөний дагуу Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооллын 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт буй сургуулийн зүүн урд талын 60*70 хэмжээний газарт баталгаажилт хийж, “Ц” ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгнө үү” гэсэн албан бичгээс харагдаж байна.

Мөн Сүхбаатар дүүргийн Тэргүүний 6-р дунд сургуулийн Зөвлөлийн хурлын 2006 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 02 тоот тогтоолын 2-т “Сургуулийн эзэмшил газрын эзэмшилтийн талаар багш нарын гаргасан санал хүсэлт, багш, ажилчдын зөвлөлийн хурлаас гаргасан 02 тоот тогтоолыг сургуулийн зөвлөлөөр авч хэлэлцээд “Ц” компаний барилга барьсан 810 м2 талбайгаас бусад үлдсэн 2110 м2 талбайг чөлөөлүүлж, сургуулийн эзэмшилд олгох эзэмшилтийг баталгаажуулах асуудлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхийг сургуулийн захирал Г.М-т даалгасугай” гэж , 2006 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 04 тоот албан бичгээр “Манай сургуулийн эдэлбэр газраас Нийслэлийн Засаг даргын 2004 оны 452 дугаар захирамжаар 6-р сургуулийн багш, ажилчдын орон сууц барих зориулалтаар “Ц” ХХК-д 810 м2 талбайг олгосон байна. ... Иймд “Ц” ХХК-д олгогдсон газрыг тоо хэмжээгээр эзэмшүүлж, сургуулийн биеийн тамирын талбайг чөлөөлүүлэх арга хэмжээ авч өгнө үү”  гэсэн албан бичгүүдээс үзвэл “Ц” ХХК-д 6-р сургуулийн зүүн урд, биеийн тамирын талбайн урд хэсэгт багш ажилчдын орон сууцны зориулалтаар барьсан 36 айлын орон сууцны байрны талбайн хэсгээс үлдсэн 420 м2 газрыг эзэмшүүлэхээр 6 дугаар сургууль хүсэлт гаргаж байжээ. 

Дээрх хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн******* дугаар захирамжаар 414 м2 газрыг 5 жилийн хугацаатай “Ц” ХХК-д эзэмшүүлсэн нь 38 дугаар зүйлийн 38.4. “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана...” гэсэн хуулийн заалттай нийцсэн, захиргааны акт гаргах бодит нөхцөл байдлыг зөв дүгнэсэн, зорилгодоо нийцсэн захиргааны акт байна. 

Харин “О” СӨХ-ны газрын хувийн хэргийн материалаас  үзэхэд 6-р сургуулиас тус СӨХ-д эзэмшиж буй газраасаа ашиглуулахаар гаргасан ямар нэгэн хүсэлт байхгүй байхад Нийслэлийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 488 дугаар захирамж болон 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамжаар уг газрыг “О” СӨХ-д ашиглуулсан нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1. “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно...”, 38.2.”Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 38.3. “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна:”, 38.3.1. “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх;” гэсэн заалтыг зөрчиж, “О” СӨХ-д маргаан бүхий газрыг ашиглуулахаар шийдвэрлэжээ. 

Мөн шүүхээс Нийслэлийн ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан бөгөөд тус сургуулиас “О” СӨХ-ны газар нь манай сургуулийн газартай ямар нэгэн хамааралгүй гэж уг маргаан бүхий газрын талаар тайлбар өгч, одоо тус газарт 6-р сургуулиас маргаж байгаа асуудал байхгүй болохоо илэрхийлжээ.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/816 дугаар захирамжаар 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамжийн “О” СӨХ-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2063 м2 газрыг “О” СӨХ-д 15 жилийн хугацаагаар ашиглуулахаар, 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дүгээр захирамжаар “Ц” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг “Ю” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийн 21.2.3 “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. ...”, 31 дүгээр зүйлийн 31.3. “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, 38 дугаар зүйлийн 38.4. “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно.”, 61 дүгээр зүйлийн 61.1.”Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.”Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.” гэсэн хуулийн заалтад нийцсэн байх тул нэхэмжлэгч “О” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

Хэрэгт авагдсан “О” СӨХ-ны 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03/17 дугаар Нийслэлийн газрын албанд хандсан албан бичигт “... Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2011 оны 293 дугаар захирамжаар “Ц” ХХК-д 414 м.кв газрыг тус холбооны гэрээт газар дээр давхардуулан хууль бусаар эзэмшүүлсэн байна. Энэ шийдвэрийг нь Авлигатай тэмцэх газраар шалгуулахад тус холбооны дарга асан Г.Баясгалангийн газрын үсгийг хуурамчаар үйлдсэн албан бичгэн дээр үндэслэн гарсан шийдвэр байсан...” Авлигатай тэмцэх газрын 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 05/3831 дүгээр албан бичигт  “... Нийслэлийн Засаг даргын 2015 оны а/596 дугаар захирамж гаргуулсан, ингэхдээ эрх нь зөрчигдөж болзошгүй “О” СӨХ-д мэдэгдээгүй, уг холбооноос зохих зөвшөөрөл авалгүйгээр “Ц” ХХК-д дахин эзэмшүүлсэн...” гэсэн албан бичгүүдээс үзвэл Нийслэлийн Засаг даргын 2015 оны******* дугаар захирамжийг “О” СӨХ 2017 онд мэдэж байсан байх ба олон жил маргаж байгаа уг асуудлыг нэг мөр шийдвэрлэх үүднээс шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгч, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж шийдвэрлэсэн болно.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3 дахь хэсгийн 38.3.1, 38.4, 61 дүгээр зүйлийн 61.1,  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “О” СӨХ-ны Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн******* дугаар захирамжийн “Ц” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамж хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дүгээр захирамжийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын “О” СӨХ-д 2570 м2 хэмжээгээр газар ашиглах эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хэмжээгээр сунгасан шийдвэр гаргахыг НЗД д даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2, 66.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд “Ц” ХХК-иас Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамжийн “О” СӨХ-д газар ашиглуулсан захирамжаас давхцал бүхий 414 м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээдээс 35100 төгрөгийг нөхөн төлүүлж, улсын орлогод оруулсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ                             Л.ӨЛЗИЙЖАРГАЛ