| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2020/0988/Э |
| Дугаар | 963 |
| Огноо | 2020-11-12 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | М.Отгонбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 963
2020 11 12 2020/ШЦТ/963
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч М.Отгонбаатар,
Шүүгдэгч Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Д-д холбогдох эрүүгийн 2009000001370 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, “Инэл” ХХК-д борлуулалтын мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, РД: / ... овогт Б-н Д- нь:
- 2020 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ви Дартс лоунжид үйлчлүүлж байсан С.Содбилэгтэй маргалдан улмаар пивоны шилээр түүний толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч С.Содбилэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 09 дүгээр сарын 26-ны шөнийн 21 цагийн орчим найз Дэмиддагва, Манлай, Онон, Мөнх-Эрдэнэ нарын хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ви Дартс нэртэй лоунж руу орсон. Тэгээд 00 цагийн орчим тооцоо хийх гээд Манлай, Дэмиддагва хоёр үүдний текний хажууд байж байтал цаад талын ширээнд сууж байсан 3 ах орилоод байсан. Тэгээд бид нар тийшээ хартал нөгөө 3 ахын улаан цамцтай нэг ах нь “юугаа хараад байгаа юм” гээд шууд бид нар руу босоод хүрээд ирсэн. Тэгээд Дэмиддагвын нүдний шилийг аваад юм харж байна уу гээд хэл амаар доромжлоод дээрэлхээд байсан. Тэгсэн нөгөө 3 залуугийн 2 нь ахиад араас нь хүрээд ирсэн. Тэр хоёр ахын нэг нь сэгсгэр үстэй, хар өнгийн куртиктэй байсан. Харин нөгөөх нь хар өнгийн савхин куртиктэй, хар өнгийн саравчтай малгайтай хоёр ах байсан. Тэгээд манай найз руу тэр гурван ах дайраад зодоон болсон. ... Бид нар тэр гурван ахаас арай хийж салаад үүдний коридорын шатаар цувралдаад доош буухад миний араас хатуу зүйлээр 2 удаа толгой руу цохьсон. Эргэж харахад нөгөө хар өнгийн савхин куртиктэй, хар өнгийн саравчтай малгайтай ах нь гартаа пивоны шил барьсан зогсож байсан. Пивоны шил нь хагарсан байгаа харагдсан. Ингээд миний толгойны хуйханд 2 удаа язарсан шарх үүссэн гэжээ. / хх 16-17 /
Гэрч Б.Манлай мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 22 цагийн үед шиг санаж байна. Содбилэг, Онон, Мөнхүүл, Дэмиддагва нарын хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ви дартс нэртэй лоунжид пиво ууж юм ярьж суусан. Мөн 3 залуу хамт сууж байсан бөгөөд тэр гурван залуугийн улаан өнгийн цамцтай залуу нь орилсон. Тэгээд бид хоёрыг эргээд харахад үхсэнээ харсан юм гээд шууд шалтаг хайгаад томроод байгаа юм шиг байсан. Тэр гурван ах бид нараас хамаагүй настай харагдаж байсан. Тэгэхэд хар өнгийн саравчтай малгайтай бас нэг ах хүрээд ирсэн. Тэгснээ шууд “та нар яах гээд байгаа юм, үзэх юм уу” гээд байсан. Тэгээд манай найз Содоо тэр ах нарыг хойшлуулж холдуулах гээд “ах нараа болъё оо” гэхэд Содоог нөгөө хар өнгийн саравчтай малгайтай ах шууд гараараа нүүр рүү нь 2 удаа цохьсон. Ингээд зодоон эхэлсэн. Тэгээд зугтаад коридорын шатаар доош уруудаж байтал нөгөө хар өнгийн саравчтай малгайтай ах нь пивоны шил гартаа барьчихсан Содбилэгийн толгой руу 2-3 удаа угсраад цохиход Содбилэг толгойгоо бариад зугтсан. Бид нар ч бас хамт зугтсан. Содбилэгийг пивоны шилээр цохьсон хүн Баттөрийн Б.Д- мөн байна гэжээ. / хх 18-19 /
Гэрч Г.Дэмиддагва мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах Ви дартс нэртэй пабад найз нартайгаа орж тооцоогоо хийгээд гарах гэж байсан. Тэгэхэд цаад талын ширээнээс 3 залуу орилдоод байхаар нь бид хэд тэр зүг рүү харсан. Гэтэл бид нарыг өөдөөс муухай харлаа гээд уурлаад тэр 3 залуу хүрээд ирсэн. Хар савхитай залуу бид нар руу дайраад цохих гээд байхаар нь би болиоч ээ гээд холдуулахад тэр залуу миний зүүн шанаа руу цохьсон. Бид нар тэр газраас зугтаад гарах гээд коридорын шат руу гүйсэн. Цувралдаад гүйтэл нөгөө гурван залуугийн хар өнгийн савхин куртиктэй, хар саравчтай малгай өмссөн залуу нь Содбилэгийн араас гүйж ирээд түүний толгой руу 2-3 удаа цохьсон. Содбилэгийг пивоны шилээр цохьсон хүн Баттөрийн Б.Д- мөн байна гэжээ. / хх 20-21 /
Яллагдагч Б.Д- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байх Модун цамхагийн 2 дугаар давхарт байрлах Ви дартс нэртэй лоунжид Тэмүүлэн болон түүний найзын хамт орсон. Тэгээд 0.75 л виски хувааж уусан. Бид гурав гарахаар болоод текний тэнд очиход тэнд 5-6 залуучууд гарах гээд зогсож байсан. Тэгээд Тэмүүлэн бид хоёр бие засчихаад гарч ирэхэд Оогоог хэдэн залуучууд тойрчихсон зодож байсан. Тэгээд голоор нь ортол энд тэндээс намайг цохиод эхэлсэн. Тэгээд текний хэсэг дээр байсан хоосон пивоны шилийг амсраар нь доош харуулж бариад бөгсөн хэсгээр нь үүдний коридорт байсан туранхай халимаг шулуун үстэй цагаан царайтай залууг барьсан шилээрээ хоёр удаа толгой руу нь цохьсон гэжээ. / хх 38-39 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11193 дугаартай дүгнэлтэд:
1. С.Содбилэгийн биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэжээ. / хх 29-30 /
Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / хх 9-13 /
Шүүгдэгч Б.Д-ыг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 38-39 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 47 / зэрэг болно.
Шүүгдэгч Б.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Хохиролд 200.000 төгрөг төлсөн. Би өөрийн үйлдсэн хэргийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Б.Д- нь 2020 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ви Дартс лоунжид үйлчлүүлж байсан С.Содбилэгтэй маргалдан улмаар пивоны шилээр түүний толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Шатаар доош буухад миний араас хатуу зүйлээр толгой руу цохьсон. Тэгээд эргэж харахад нөгөө хар өнгийн савхин куртиктэй, хар өнгийн саравчтай малгайтай ах гартаа пивоны шил барьсан. Шил нь хагарсан байгаа харагдсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч С.Содбилэгийн мэдүүлэг / хх 16-17 /, ... Хар өнгийн саравчтай малгайтай ах нь пивоны шил гартаа барьчихсан Содбилэгийн толгой руу 2-3 удаа угсраад цохиход Содбилэг толгойгоо бариад зугтсан. Содбилэгийг пивоны шилээр цохьсон хүн Баттөрийн Б.Д- мөн байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Манлайгийн мэдүүлэг / хх 18-19 /, ... Хар өнгийн савхин куртиктэй, хар саравчтай малгай өмссөн залуу нь Содбилэгийн араас гүйж ирээд түүний толгой руу 2-3 удаа цохьсон. Содбилэгийг пивоны шилээр цохьсон хүн Баттөрийн Б.Д- мөн байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Дэмиддагвын мэдүүлэг / хх 20-21 /, ... Текний хэсэг дээр байсан хоосон пивоны шилний амсрыг нь доош харуулж бариад бөгсөн хэсгээр нь үүдний коридорт байсан туранхай халимаг үстэй цагаан царайтай залуугийн толгой руу нь 2 удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Б.Д-ын мэдүүлэг / хх 38-39 /, ... С.Содбилэгийн биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11193 дугаартай дүгнэлт / хх 29-30 /, ... Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / хх 9-13 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Д- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч С.Содбилэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 48 / гэсэн тул шүүгдэгч Б.Д- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Д-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Д- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ