Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 941

 

 

 

 

 

 

                                                                                                              

2020      11          04                                  2020/ШЦТ/941

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

            Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

            Улсын яллагч Н.Түвшинбаяр,

            Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Эт холбогдох эрүүгийн 2009021981292 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт ... тоотод бүртгэлтэй боловч одоо ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: / ... овогт -ын Э нь:

 

- 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн орой Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сөүл" плазад хохирогч О.Хүслэнгийн эрүү хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Хохирогч О.Хүслэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 08 дугаар сарын 07-ны орой би найз Бат-Эрдэнэ, Төгөлдөр нарын хамт Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Сөүл плазагийн 8 давхарт байрлах Типси 100 нэртэй пабд орж үйлчлүүлэн 0.75 л 1 шил архи хувааж уусан. Ингээд гарах үед Бат-Эрдэнэ өөр найзуудтайгаа маргалдсан. Тэгээд би Бат-Эрдэнэ рүү очтол хоорондоо маргалдаад байсан. Би больцгоо гээд шатаар бөөндөө бууж байтал 4-5 давхрын орчим тухайн үед хар футволк өмссөн байсан сүүлд нэрийг нь мэдсэнээр Э.Э гэх залуу миний баруун хацар руу гараараа 2 удаа цохьсон. Тэгэхээр нь зодолдолгүй доошоо буугаад Сөүл плазагийн үүдэнд очтол Э.Э намайг хөлөөрөө дэгээдэж унагаад эрүүний баруун хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Миний эрүү хугарсан. Сүүлд Мед Траума эмнэлэгт КТГ зураг авхуулахад эрүү баруун талаараа өнгөц цуурсан, зүүн талын агт араа дайруулж хугарсан байсан гэжээ. / хх 5 /

 

            Гэрч А.Төгөлдөр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн орой Хүслэн, Бат-Эрдэнэ гэх 2 найзтайгаа Хүүхдийн 100-д байрлах Типси 100 нэртэй пабд орж үйлчлүүлсэн. Хаах үеэр нь би нөгөө 2 найзаасаа түрүүлж гараад үүдэнд хүнтэй уулзаад байж байтал найзууд гарч ирэхгүй утсаа авахгүй байсан. Гарч ирэхдээ танихгүй залуучуудтай маргалдсан байдалтай хоорондоо хөөцөлдөөд байсан ба нэг харахад Хүслэн газар унасан байсан ба наад хар футволктой залуугаа бариад ав гэж байсан. Тэгэхээр нь эргээд хартал нэг хар футволктой залуу зогсож байсан ба өөр залуучуудтай Бат-Эрдэнэтэй зодолдож байх шиг байсан. Энэ үед Хүслэн босож ирээд миний эрүү хугарчихлаа гэж хэлээд зодооныг салгасан. Хүслэн Бат-Эрдэнэ бид 3 тэр залуучуудаас холдоход Хүслэн бид хоёрт уурласан. Учир нь Хүслэн 2019 оны зун эрүүгээ хугалуулаад хагалгаанд орж байсан бэхэлгээтэй байсан юм. Тэгээд тэр бэхэлгээгээ 2020 оны 05 сард хагалгаанд орж авахуулсан юм. Тэгээд Хүслэн та 2 би эрүүний асуудалтай ийм байдалтай байгааг мэдсээр байж хүмүүстэй маргалдаад дахиад гэмтээчихлээ гэж хэлж байсан гэжээ. / хх 8 /

 

            Яллагдагч Э.Э мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 08 дугаар сарын 07-ны орой Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Сөүл плазагийн 8 дугаар давхарт байж байтал Эрхэмбаярыг хүнтэй маргалдаж байна гэсэн. Тэгээд би доошоо буугаад очтол Хүслэнгийн найз нь Эрхэмбаярыг цохьсон гээд байж байхаар нь би доошоо Хүслэн дээр очоод түүний баруун хацар хэсэгт нь гараараа 2 удаа цохиод маргалдаж байгаа салаад би гэртээ харьсан гэжээ / хх 20-21 /

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 9155 дугаартай дүгнэлтэд:

1. О.Хүслэнгийн биед эрүү ясны хугарал, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна гэжээ. /хх 11-12 /

 

Шүүгдэгч Э.Э-ыг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 20-21 /

 

            Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 23 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 3.600.000 төгрөг төлсөн гэв.

 

Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн орой Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сөүл" плазад хохирогч О.Хүслэнгийн эрүү хэсэгт өшиглөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Э.Э намайг хөлөөрөө дэгээдэж унагаад эрүүний баруун хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Энэ үед миний эрүү хугарсан. Тэгээд “Мед Траума” эмнэлэгт КТГ зураг авхуулахад эрүү баруун талаараа өнгөц цуурсан, зүүн талын агт араа дайруулж хугарсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч О.Хүслэнгийн мэдүүлэг / хх 5 /, ... Хүслэн босож ирээд миний эрүү хугарчихлаа гэж хэлээд зодооныг салгасан. Хүслэн 2019 оны зун эрүүгээ хугалуулаад хагалгаанд орж, бэхэлгээгээ 2020 оны 05 сард хагалгаанд орж авахуулсан. Тэгээд хүмүүстэй маргалдаад дахиад гэмтээчихлээ гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч А.Төгөлдөрийн мэдүүлэг / хх 8 /, ... Хүслэнгийн найз нь Эрхэмбаярыг цохьсон гээд байж байхаар нь би Хүслэн дээр очоод түүний баруун хацар хэсэгт нь гараараа 2 удаа цохиод маргалдсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Э.Эын мэдүүлэг / хх 20-21 /, ... О.Хүслэнгийн биед эрүү ясны хугарал, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 9155 дугаартай дүгнэлт / хх 11-12 / зэрэг болно

 

Шүүхээс шүүгдэгч Э.Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.Э нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирлыг төлж, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хувийн байдлыг харгалзан прокурорын санал болгосон 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч О.Хүслэн  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 31 / гэсэн тул Э.Э нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Э.Э-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 / нэг мянга / нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Э нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Э.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНЧИМЭГ