| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2016/08079/И |
| Дугаар | 408 |
| Огноо | 2017-01-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 408
| 2017 оны 01 сарын 31 өдөр | Дугаар 101/ШШ2017/00408 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Наран хотхон 21-А-76 тоотод оршин суух, Баатарын Магсаржавын /ХГ64021476/ нэхэмэлжтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо Олимп 421-114 тоотод оршин суух, Дүгэрсүрэнгийн Бат-Өлзийд /ДО76101512/ холбогдох,
Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, худалдан авсан автомашиныг хариуцагчид буцаан өгч, 55,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхэд гаргасан хүсэлтдээ: Баатар овогтой Магсаржав миний бие 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны, 421 дүгээр байрны 114 тоотод оршин суугч иргэн Дүгэрсүрэи овогтой Бат-Өлзийгээс Lexus LX 570 маркийн 49-54 УБЯ улсын дугаартай автомашиныг худалдан авах гэрээ хийж 55 500 000 төгрөгөөр үнэ тохиролцон худалдан авсан билээ. Уг Автомашиныг иргэн Д.Бат-Өлзий нь анх надад худалдах үнийн санал хэлэхдээ:
-Амортизаторууд, наклад л жаахан муудсан, Урд гупер жаахан хагарсан, гупер дээрх нэмэгдэл гэрлийн шил зөв талынх нь цуурсан,
-өөр ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй,
-ямар нэгэн осол аваарт орж байгаагүй,
-будаг, замаска байхгүй,
-гоё номертой 00-06УБП
-хямд үнэтэй 59 сая гэдэг саналуудыг хэлсэн бөгөөд улсын дугаараа би өгмөөргүй байна.
Хэрэв би 00-06 УБП улсын дугаараа тайлж аваад оронд нь өөр дугаар аваад танд 55 500 000 төгрөгөөр худалдаж болж байна гэсний дагуу би ямар шинэ тэрэг авч байгаа биш амортизатор болон наклад бол сольчхож болох юм, гуперийн засвар хийлгээд хагарсан шилийг сольчихно хэмээн бодоод улсын дугаарыг нь өөрчлүүлэн уг гэрээг хийж худалдан авсан. Өмнө нь буюу 2015 оны 7 дугаар сард иргэн Бат-Өлзийгээс Land cruiser 200 маркийн автомашиныг бас худалдан авч байсан бөгөөд тэр автомашины хувьд ямар нэгэн асуудалгүй тэрэг байсан учраас энэ удаад иргэн Д.Бат-Өлзийд урьдын адил итгэн энэхүү гэрээг хийж худалдан авсан болно.
Мөн худалдан авалт хийсэн тухай наториатаар батлуулах баримтад ахаа би мөнгө муутай байна, худалдсан үнийн дүнгээс хамаарч наториат илүү мөнгө аваад байдаг учир 55 500 000 төгрөг биш 10 000 000 төгрөг гээд биччих үү гэснийг нь би хүлээн зөвшөөрч худалдах, худалдан авах тухай гэрээн дээрээ 10 000 000 төгрөг гэж бичүүлсэн болно.
Худалдан авалт хийсний маргааш буюу 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр уг автомашиныг унаад явж байтал урд дэлгэц дээр VGRS гэсэн алдаа гарсан учраас компьютерээр оношилгоо хийлгүүлж үзтэл аюулгүйн дэрнүүд, мөн хойд талын гупер дээрх мэдрэгчүүд ажиллахгүй болсон байна, мөн рулийн VGRS систем алдаатай байна гэх мэт нийтдээ 29 төрлийн алдаа зааж байна гэсэн. Үүнээс хамгийн осолтой нь энэ машин чинь өмнө нь мөргөлдөж бүх аюулгүйн дэр нь ажиллаж задарсан байна. Эргүүлээд засварлахдаа уг аюулгүйн дэрнүүдийг зориулалтын дагуу хийлгүй өнгөлөн далдлалт хийж нууцалсан байна гэж хэлсний дагуу нарийвчлан үзэхэд урд хянах самбарын дээд, доод тал, руль, дээврийн бүх аюулгүйн дэрнүүдийг өнгөлөн далдлалт хийж салоныг шинэчлэн бүрсэн байсан.
Ингээд иргэн Д.Бат-Өлзий руу 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр эргэн утастаж энэ тухай хэлэхэд би танд хямдхан өгсөн буцаагаад өгч болно шүү дээ, би наадахыг чинь 57-58 сая төгрөгөөр зарчихна гэж хэлсэн, тэгвэл хоёулаа наймаа буцаая гэтэл өнөөдөр би хотод байхгүй байна маргааш би орж ирээд тань уруу залгая гээд утсаа таслаад таг болсон. Арга ядаад гэрээр нь хүртэл очсон боловч гэрт нь хүн байхгүй, эсвэл хаалгаа тайлдаггүй. Ингээд 3-4 хоног утастахад утас нь дуудаад байгаа хирнээ миний дуудлагыг авахгүй болохоор нь би өөр дугаараас 2016 оны 8 сарын 03-ны өдөр залгахад утсаа авсан бөгөөд би тэргээ буцааж авахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи ядахдаа ахдаа энэ тэргээ өөр тэргээр солиод өгчих, би зөрүү мөнгийг нь төлж болно гэдэг санал тавьсан. Тэгвэл болж байна гээд та хүлээж бай гээд би хүнтэй яриад эргээд залгая гээд бас тэр өдрөө эргэж холбогдоогүй. Харин маргааш нь буюу 2016 оны 08 сарын 04-ний өдөр утсаар олон дахин залгаж байж холбогдоход “Ахаа би нэг хүнтэй тохиролцчихлоо, та тэр хүнд тэргээ үзүүлээд эвтэйхэн ярьж байгаад сольчих, гэхдээ аюулгүйн дэрнүүд нь ажиллахгүй, элдэв алдаа энэ тэр гэж битгий хэлээрэй, гэхдээ тэр тэрэг бол Land cruiser 200 маркийн тэрэг бөгөөд та энэ тэргэн дээрээ 10 сая төгрөг нэмж төлөөрэй, яагаад гэвэл тэр Land cruiser 200 маркийн тэрэг нь 75 сая гэж байгаа, би таны тэргийг 65 сая гээд хэлчихсэн шүү” гэж надад хэлсэн. Уг хүнтэй нь холбогдож тэргээ үзүүлэхэд солихгүй гэсэн.
Ингээд эргэж Д.Бат-Өлзийтэй холбогдоход би ч бас мэдэхгүй, наад тэргийг чинь би худалдаж аваад 2 хоноод л танд өгсөн, тийм болохоор би аюулгүйн дэр ажилласан эсэх, элдэв юмыг нь мэдэхгүй та учраа ол гэсэн. Тэгээд би ах нь үүнийг чинь зарж чадахгүй ээ, чи учрыг нь олж өгөөч гэхэд та тэргээ надад маргааш хүлээлгээд өгчих, би хэд хоногийн дотор зараад таны мөнгийг гаргаад өгье гэхээр нь би тэгье, тэргээ хүлээлгээд өгчихье гэхэд маргааш буюу 2016 оны 08 сарын 05-ны 11 цагт уулзъя гээд бас 2-3 хоног утсаа таслаад, эсвэл миний дуудлагыг авахгүй алга болсон.
Утас уруу нь мессеж явуулахад одоо яриа байхгүй, буцаах боломжгүй гэхэд ах нь тэгвэл шүүх, цагдаад хандана шүү гэхэд та тэр цагдаа сэргийлэхээрээ авахгүй юу гэсэн.
Би өөрөө техникийн талаар мэдэхгүй учраас хүмүүст үзүүлэхэд наад тэргийг чинь мөргөлдүүлээд бүрэн задаргаа хийсэн байна, урд нүүр, гупер, урд салхины шил, цахилгаан тоноглолууд зэргийг задалсан байна гэж хэлсэн бөгөөд шаардлагатай гэвэл эрх бүхий оношлогооны газраар оношлуулахад энэ бүхэн бүгд тодорхой болох бөгөөд 2 хоногийн өмнө худалдан авсан нь үнэн бол урьд эзэмшигчээс нь тодруулахад бүгд тодорхой байх гэж бодож байна.
Энэ талаар гомдол гарган Д.Бат-Өлзийгийн гэрийн хаягийн дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт 2016 оны 08 сарын 08-нд өргөдөл бичиж өгсөн боловч миний өргөдлийн дагуу шалгаад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хэрэг байна гэж үзэн Хан-Уул дүүргийн цагдаагийн газар шилжүүллээ гэж надад мэдэгдсэн. Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас миний өргөдлийг иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан байх тул шүүхээр шийдвэрлүүлэх ёстой гэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.
Д.Бат -Өлзий нь 55 500 000 төгрөгөөр машин авч өгөлцсөн талаар маргаагүй бөгөөд цагдаагийн байгууллагад энэ талаар тайлбар гаргасан. Жич: Иргэн Д.Бат-Өлзийтэй харьцаж байсан гар утасны мессежүүд, гар утасны дуудлагуудын түүх, уг автомашиныг компьютераар оношлуулахад гарсан алдаа, эвдрэл гэмтлийн мэдээллийн талаар гарсан үр дүнгийн хуулбарууд, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 4954 УБЯ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар, татварын гэрчилгээний хуулбар нийт 12 хуудас материалыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст өгсөн тул дээрх баримтуудыг нотолх баримтаар гаргуулах хүсэлт гаргаж байна.
Мөн нэхэмжлэлийн үнийн дүн өндөр тул миний эрх ашгийг хамгаалах үүднээс хариуцагчийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжилж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэлийг хангах арга хэмжээ авч өгөх хүсэлт гаргаж байна.
Машиныг худалдаж авч эд хөрөнгийн доголдлыг илрүүлсэн цагаас эхлээд буюу 07 сарын 30-ны өдрөөс эхлэн машиныг гараашид тавьж унаж хэрэглээгүй 61730 миль заалттай байгаа болно.
Ийнхүү Худалдах худалдан авах гэрээний нэг тал буюу худалдагч тал эд хөрөнгийн доголдлыг нуун дарагдуулж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 1-д заасан биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй, худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар худалдагчид хуулийн хугацаанд гомдлын шаардлага гаргасан, гэрээний үүргийн зөрчлийг арилгах нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй байх тул гэрээнээс татгалзсан байдлыг хүчин төгөлдөрт тооцож гэрээний үнэ болох 55,500,000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу гаргуулж өгнө үү гэжээ.
Д.Бат-Өлзий нь автомашины үнэ болох 55,000,000 төгрөгийг надад өгсөн, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500,000 төгрөгөөс би татгалзаж байна. Лексус ЛХ570 загварын 49-54 УБЯ улсын дугаартай автомашиныг хариуцагчид өгсөн. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Магсаржав нь Д.Бат-Өлзийд холбогдуулан Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, худалдан авсан автомашиныг хариуцагчид буцаан өгч, 55,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь автомашины үнэ болох 55,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан, нэхэмжлэгч нь үлдэх 500,000 төгрөгөөс татгалзаж, Лексус ЛХ570 загварын 49-54 УБЯ улсын дугаартай автомашиныг хариуцагчид хүлээлгэн өгсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонрхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталгаажуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Д.Бат-Өлзийд холбогдох Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, худалдан авсан автомашиныг хариуцагчид буцаан өгч, 55,500,000 төгрөг гаргуулах тухай Б.Магсаржавын нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 436,000 төгрөгийн тал хувь болох 218,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.Магсаржавт олгосугай.
3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШЗ2016/32680 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсныг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ