Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 911

 

 

 

 

 

 

 

2020      10          16                                    2020/ШЦТ/911

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                    

Улсын яллагч Я.Мөнхзаяа,

Шүүгдэгч Д.Х- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Х-т холбогдох эрүүгийн 2009009341126 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Нью Синдкат” ХХК-д туслах ажилтай, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт ... тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 523  дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялыг шинэчлэн найруулсан эрүүгийн хуулиар дүйцүүлэн 16 жилээс биеэр эдэлсэн 14 жил 01 сар 02 хоногийг дүйцүүлэн хасаж, эдлээгүй үлдсэн 01 жил 10 сар 28 хоногийн хорих ялыг эдэлж, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 01 жил 02 сар 18 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө  тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: / ... овогт ...ийн Х- нь:

 

- 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 4 дүгээр гудамжны 60 тоот гэрт хохирогч Ю.Юмжавын түрүүвчинд байсан 170.000 төгрөгийг илээр хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ю.Юмжав мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ “...Би 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 10-11 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 буудлын эцэст ганцаараа явж байхдаа Төв аймгийн хорих 403 дугаар ангид цуг ял эдэлж байсан П.Энхбат, Д.Х- нартай тааралдсан. Тэгээд би дагуулаад 24 цаг ажилладаг хуушуурын газраас 2 хоол авч өгсөн. Тэндээс гараад дэлгүүр орж, 2 шил Хараа нэртэй архи аваад гудамжны үзүүрт зогсож байгаад хувааж уусан. Дахин 14-15 цагийн орчимд дэлгүүрээс Хараа архи 2 шилийг аваад өөрийн амьдардаг Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 4 дүгээр гудамжны 60 тоотод П.Энхбат, Д.Х-ын хамт очсон. Д.Х- миний том өрөөний өлгүүрт өлгөсөн хар өнгийн савхин куртикний дотор талын халаасанд байсан 170.000 төгрөгийг гаргаад зогсож байхаар нь “ Чи наад мөнгөө тавь. Одоо болно” гэж хэлсэн. Д.Х- миний мөнгийг аваад гарсан гэжээ. / хх 15-17 /,

 

Гэрч М.Соронзонболд мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ “...2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 4 дүгээр гудамжны 39 тоотод байрлах гэрээсээ усанд яваад ирэхэд хажуу айлынЮ. Юмжав ах гэр рүүгээ 2 эрэгтэйн хамт орж харагдсан. Тэгээд 15-16 цагийн орчимд Ю.Юмжав ах манай гэрийн хаалгаар шагайгаад “ Гараад ир” гэхээр нь би “ Та яасан юм бэ” гэж асуухад Ю.Юмжав ах “ Хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн гэжээ. / хх 34-35 /,

 

Гэрч Ю.Сарантуяа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: “...Орой 17 цагийн орчимд нэг эрэгтэй хүн залгаад “Ю.Юмжав ахыг хүн зодоод түрүүвчинд байсан мөнгө төгрөгийг нь аваад явсан байна. Гэмтлийн эмнэлэг рүү явж байна. Хүрээд ирэх үү” гэхээр нь би “ Төрөөд удаагүй учраас очих боломжгүй байна. Эм тарианы мөнгийг нь шилжүүлье” гэж хэлсэн гэжээ. / хх 28-29 /,

 

Гэрч П.Энхбат мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: “...Ю.Юмжав, Д.Х- нар нь өөд өөдөөсөө хараад сууж байтал Д.Х- шууд Ю.Юмжавын ам руу цохьчихсон. Тэгээд би Д.Х-ыг дагуулж гараад гудамжинд явж байтал Д.Х- надад” 35.000 төгрөг өгсөн. Би нилээн согтуу гуйвж дайваад далан дээр явж байтал Юмжав араас ирээд “ Миний мөнгийг Д.Х- аваад явсан байна. Чамд тал мөнгийг өгч байхыг манайд байсан ах харсан байна” гэхээр нь Д.Х-ын надад өгсөн 7 ширхэг 5000 төгрөгийг буцаагаад өгтөл шууд миний чих рүү цохиод яваад өгсөн. Би Д.Х-ыг мөнгө авч байхыг хараагүй гэжээ. / хх 30-32 /

 

Яллагдагч Д.Х- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Ю.Юмжав ах над руу залгаад “П.Энхбат бид хоёр 7 буудал дээр хоолонд орж байна. Хүрээд ир” гэхээр нь яваад очтол тэр хоёр байсан. Бид гурав нийлээд 3 шил архи хувааж уусан. Тэгээд Ю.Юмжав ах “ Манайх руу явъя “ гээд гэрт нь очиж дахин 2 шил архи уусан. Замаараа нэг ахыг аваад явсан. Гэрт нь очоод шөлний мах гаргаад намайг хоол хийгээдэх гэж хэлсэн. Тухайн үед тэр хүмүүстэй архи ууж байхад их дээрэнгүй яриатай хүмүүс байсан. Архи уучихаад нэлээн согтчихсон байхад Ю.Юмжав нөгөө найз нарыгаа дуудна гээд байхаар нь П.Энхбат намайг гаръя гээд дагуулаад гарсан. Би архи уучихсан байсан болохоор дахиж архи уух гэж мөнгийг нь авсан. Намайг мөнгө авч байхыг Энхбат хараагүй гэжээ. / хх 108-111 /

 

Шүүгдэгч Д.Х-ыг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 108-111 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 39 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн мөнгийг бэлнээр буцаан төлсөн гэв.

 

Шүүгдэгч Д.Х- нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 4 дүгээр гудамжны 60 тоот гэрт хохирогч Ю.Юмжавын түрүүвчинд байсан 170.000 төгрөгийг илээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Д.Х- миний том өрөөний өлгүүрт өлгөсөн хар өнгийн савхин куртикний дотор талын халаасанд байсан 170.000 төгрөгийг гаргаад зогсож байхаар нь “ Чи наад мөнгөө тавь. Одоо болно” гэж хэлэхэд Д.Х- дуугүй миний мөнгийг аваад гарсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ю.Юмжавын мэдүүлэг / хх 15-17 /, ... Хажуу айлын Ю.Юмжав ах гэр рүүгээ 2 эрэгтэйн хамт орж харагдсан. 15-16 цагийн орчимд Ю.Юмжав ах “хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч М.Соронзонболдын мэдүүлэг / хх 34-35 /,  ... Орой 17 цагийн орчимд нэг эрэгтэй хүн залгаад “Юмжав ахыг хүн зодоод түрүүвчинд байсан мөнгө төгрөгийг нь аваад явсан байна гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ю.Сарантуяагийн мэдүүлэг / хх 28-29 /, ... Ю.Юмжав, Д.Х- нар нь өөд өөдөөсөө хараад сууж байтал Д.Х- шууд Ю.Юмжавын ам руу цохьчихоор нь дагуулж гараад гудамжинд явж байтал Д.Х- надад 35.000 төгрөг өгсөн. Ю.Юмжав араас ирээд “миний мөнгийг Д.Х- аваад чамд тал мөнгийг өгч байхыг манайд байсан ах харсан байна” гэхээр нь Д.Х-ын өгсөн 7 ширхэг 5000 төгрөгийг буцаагаад өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч П.Энхбатын мэдүүлэг / хх 30-32 /, ... Би архи уучихсан байсан болохоор дахиж архи уух гэж мөнгийг нь авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Д.Х-ын мэдүүлэг / хх 108-111 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Х-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид  ял шийтгэл оногдуулахдаа хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Х- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, гэм буруу, хувийн байдал зэргийг харгалзаад прокурорын санал болгосон 10 / арав / сарын хугацаагаар хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

            Хохирогч Ю.Юмжав нь нэхэмжлэх зүйлгүй / хх 128 / гэсэн тул Д.Х-ыг төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Х-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Х-ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 / арав / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Х-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Х- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурдсугай.

5. Д.Х-ыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Х-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ