Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 915

 

  

 

 

 

 

 

2020       10          21                                    2020/ШЦТ/915

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                    

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч П.С- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.С-д холбогдох эрүүгийн 2003004140346 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: / П.С- нь:

 

- 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 11 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Хөгжим бүжгийн коллежийн зүүн урд замд Тоёота Приус-20 маркийн 88-55 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.4-т заасан “Жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс Ц.Мэргэнбилэгийн жолоодон явсан Тоёота Приус-30 маркийн 29-60 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Ж.Мөнхжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зураг / хх 5-13 /

 

Хохирогч Ж.Мөнхжаргал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 20-30 минутын орчим дүүгийн хамт Эх нялхас руу Емарт худалдааны төвийн хойгуур зүүнээс баруун тийш явж байхад Хөгжим бүжгийн зүүн урд уулзвараар зүүнээс баруун тийшээ гарах үед нэг приус машин бид хоёрын урдуур урдаасаа хойшоо гарсан. Тэгээд уулзвар руу ортол нэг Приус машинтай мөргөлдсөн. Мөргөлдсөний  дараа би ухаан алдсан гэжээ. / хх 18 /

 

Гэрч Ц.Мэргэнбилэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Эгчийн хамт Эх нялхас руу Емарт худалдааны төвийн хойгуур зүүнээсээ баруун шийтээ явж байхад Хөгжим бүжгийн зүүн урд уулзвараар зүүнээсээ баруун тийшээ гарах үед ногоон гэрэл 29 дахь секунд дээр асаж байсан. Тухайн үед уулзвар руу нэлээн дөхсөн байсан. Үзэгдэх орчинд урдаасаа хойшоо гарах гээд Тоёота приус-30 маркийн автомашин миний явж байсан талын 3 дугаар эгнээг хаагаад зогсож байгаад миний урдуур огцом хурдалж орсон. Тухайн үед тоормоз гишгээд хурдаа хассан. Тэр Приус-30 машины араас явж байсан Приус-20 маркийн автомашин адилхан огцом хурдаа нэмээд ороод ирсэн. Тэгээд зогсож чадаагүй мөргөлдсөн. Тухайн үед би 2 дугаар эгнээгээр явж байсан гэжээ. / хх 29-30 /

 

Гэрч М.Цоодол мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: Хөгжим бүжгийн зүүн урд талын уулзварт гэрлэн дохион дээр хамгийн урд гэрлэн дохио хүлээн уулзвар руу харан автомашинтай зогсож байхад Емарт талаас буюу ертөнцийн зүгээр зүүн талаас явж байсан цэнхэр өнгийн Тоёота Приус-30 маркийн автомашин уулзвар руу түрүүлж орж ирээд баруун эргэх явцад хар өнгийн Тоёота Приус-20 маркийн машин ШУТИС талаасаа буюу баруунаас ирээд хойшоогоо буюу зүүн эргэхдээ уулзвар дээр зогсолгүй маш хурдтай уулзвар руу орж цэнхэр өнгийн Тоёота Приус-30 маркийн машиныг зүүн урд талаас нь хүчтэй мөргөөд зогсолгүй миний урдуур гарч замын хайс хашлага мөргөөд цааш зугтаагаад явсан гэжээ. / хх 38-39 /

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8872 дугаартай дүгнэлтэнд:

1. Ж.Мөнхжаргалын биед зүүн 4, 5, 6-р хувирганы зөрүүгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

            3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 56-57 /

           

            Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн №574 дугаартай дүгнэлтэнд:

- Тоёота Приус-20 маркийн 88-55 УНӨ улсын дугаартай автомашины урд буфер будаг нь халцарч, хагарсан, баруун гар талын крыло хонхойсон, баруун гар талын хаалга цөмөрч чихэгдэж орсон, хаалганы шил хагарсан, жолоочийн хаалганы доод хормой ханзарч хумигдсан, баруун гар талын гол багана гулзайсан, баруун хойд хаалга гажсан зэрэг эвдрэл нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн гэмтлүүд байна гэжээ. / хх 64-68 /

 

            Кости Эстимэйт ХХК-ний Автомашин техникийн үнэлгээний 18011209 дугаартай тайланд:

- С.Мэргэнбилэгийн жолоодон явсан Тоёота Приус-30 маркийн 29-60 УБА улсын дугаартай автомашинд 2.140.000 төгрөгийн шууд, 2.270.000 төгрөгийн нийт хохирол учирсан гэжээ. / хх 89-90 /

           

            2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 195 дугаартай мөрдөгчийн магадлагаа:

- Тоёота Приус-30 маркийн 29-60 УБА улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Цоодолын Мэргэнбилэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Тоёота Приус-20 маркийн 88-55 УНӨ улсын дугаартай автомашины жолооч П.С- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.4-т заасан “Жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна гэжээ. / хх 102-103 /

 

Шүүгдэгч П.С-г 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 116-118 / зэрэг болно.

 

Шүүгдэгч П.С- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна, Хохирлоо нөхөн төлсөн гэв.

 

Шүүгдэгч П.С- нь 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 11 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Хөгжим бүжгийн коллежийн зүүн урд замд Тоёота Приус-20 маркийн 88-55 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.4-т заасан “Жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс Ц.Мэргэнбилэгийн жолоодон явсан Тоёота Приус-30 маркийн 29-60 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Ж.Мөнхжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зураг / хх 5-13 /, ... Уулзвар руу ортол нэг Приус машинтай мөргөлдсөн. Мөргөлдсөний  дараа би ухаан алдсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч  Ж.Мөнхжаргалын мэдүүлэг / хх 18 /, ... Тоёота приус-30 маркийн автомашин миний явж байсан талын 3 дугаар эгнээг хаагаад зогсож байгаад миний урдуур огцом хурдалж ортол түүний араас Приус-20 маркийн автомашин огцом хурдаа нэмээд ороод зогсож чадаагүй мөргөлдсөн гэж  мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Мэргэнбилэгийн мэдүүлэг / хх 29-30 /, ... Тоёота Приус-20 маркийн машин ШУТИС талаасаа буюу баруунаас ирээд хойшоогоо буюу зүүн эргэхдээ уулзвар дээр зогсолгүй маш хурдтай уулзвар руу орж цэнхэр өнгийн Тоёота Приус-30 маркийн машиныг зүүн урд талаас нь хүчтэй мөргөөд зогсолгүй, миний урдуур гарч замын хайс хашлага мөргөөд цааш зугтаагаад явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч М.Цоодолын мэдүүлэг / хх 38-39 /, ... Ж.Мөнхжаргалын биед зүүн 4, 5, 6-р хувирганы зөрүүгүй далд хугарал гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8872 дугаартай дүгнэлт / хх 56-57 /, ... Тоёота Приус-20 маркийн 88-55 УНӨ улсын дугаартай автомашины урд буфер будаг нь халцарч, хагарсан, баруун гар талын крыло хонхойсон, баруун гар талын хаалга цөмөрч чихэгдэж орсон, хаалганы шил хагарсан, жолоочийн хаалганы доод хормой ханзарч хумигдсан, баруун гар талын гол багана гулзайсан, баруун хойд хаалга гажсан зэрэг эвдрэл нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн гэмтлүүд байна гэсэн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн №574 дугаартай дүгнэлт / хх 64-68 /, ... С.Мэргэнбилэгийн жолоодон явсан Тоёота Приус-30 маркийн 29-60 УБА улсын дугаартай автомашинд 2.140.000 төгрөгийн шууд, 2.270.000 төгрөгийн нийт хохирол учирсан гэсэн Кости Эстимэйт ХХК-ний Автомашин техникийн үнэлгээний 18011209 дугаартай тайлан / хх 89-90 /, ... Тоёота Приус-30 маркийн 29-60 УБА улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Ц.Мэргэнбилэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Тоёота Приус-20 маркийн 88-55 УНӨ улсын дугаартай автомашины жолооч П.С- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.4-т заасан “Жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна  гэсэн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 195 дугаартай мөрдөгчийн магадлагаа / хх 102-103 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч П.С-г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч П.С- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирогч Ж.Мөнхжаргалын эмчилгээний зардалд  2.782.300 төгрөг, иргэний нэхэмжлэгчийн баримтаар нэхэмжилсэн 797.197 төгрөг тус тус нөхөн төлсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, гэм буруу, хувийн байдал зэргийг харгалзаад прокурорын санал болгосон 750.000 / долоон зуун тавь / төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

            Хохирогч Ж.Мөнхжаргал нь нэхэмжлэх зүйлгүй / хх 158 / гэсэн тул П.С-г төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.С- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй байна. 

Шүүхээс шүүгдэгч П.С-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П.С-г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч П.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 / долоон зуун тавь / нэгж буюу 750.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, П.С- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар П.С- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. П.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  П.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ