Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 914

 

 

 

 

 

 

 

2020     10          21                                   2020/ШЦТ/914

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                    

Улсын яллагч З.Энхжаргал,

Шүүгдэгч Я.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Я.Х-д холбогдох эрүүгийн 2009024151317 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Цэргийн Мандал шанд хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 2, охины хамт ... тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, /РД: ... / ... Я.Х нь:

 

- 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зуун айлын урд Нарлаг цайны газрын орчимд хохирогч А.Насанбаатарыг гэр рүүгээ дагуулж явсангүй гэж маргалдан түүнийг зодож, биед нь тархи доргилт, духны няцарсан шарх, баруун шанааны зулгаралт зөөлөн эдийн няцрал, эрүү, хамрын нуруу, баруун тохойны зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч А.Насанбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Надад учирсан гэмтлийг Хашаа гэх залуу учруулсан. Тухайн үед Гансүх, Хашаа хоёр маргалдаад байхаар нь би салгаад боль гэж хэлээд эргээд алхаж байтал хойноос нэг хүн татсан. Эргээд харах гэхэд шууд нэг хүн миний дух, нүүр орчим цохьсон. Хэн цохьсныг нь харж чадаагүй. Тухайн үед манараад газар унасан. Нэг мэдсэн эмнэлэг, цагдаа ирчихсэн байсан. Тухайн үед бид гурав байсан. Гансүх бол намайг цохихгүй. Тэгэхээр Хашаа гэх залуу намайг цохьсон. Хашаа буюу Я.Х надаас уучлалт гуйгаад миний эмчилгээний мөнгийг өгсөн. Надад одоо гомдол санал байхгүй. Би Я.Хэс эмчилгээний зардалд 300.000 төгрөг авсан. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. / хх 20-21 /

 

Гэрч Г.Гансүх мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Я.Х, А.Насанбаатар бид гурав архи уугаад нэлээд муудсан. Ууж дуусаад  Я.Х намайг дагаж “ Манайд очиж хононо” гэхээр нь би “ Үгүй. Би нийтийн байранд байгаа. Манай байрны эзэн согтуу хүн гэр рүүгээ дагуулж ирэх юм бол байрнаас хөөнө “ гэж хэлтэл Я.Х “ Чи намайг гэр рүүгээ дагуулж явсангүй” гээд уурлаад бид хоёр хоорондоо жаахан маргалдсан. Я.Х намайг заамдсан. Би гарыг нь тавиулах гээд дийлээгүй. Гарыг нь тавиулах гээд ноцолдоод байж байтал А.Насанбаатар босож ирээд “ Чи миний нутгийн ахыг боль” гээд бид хоёрын дундуур ороод тавиулсан. Тухайн үед тэр хоёроос холдоод явж байгаад эргээд хартал Я.Х нь А.Насанбаатарыг цохиж унагааж байсан. Тэгээд би Сувдаагийн ТҮЦ-д орж суугаад эмэгтэй хүмүүс орилохоор нь гараад хартал А.Насанбаатар газар хэвтсэн байсан гэжээ. / хх 28 /

 

Яллагдагч Я.Х мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Дарь-Эхийн нэг гудамжинд нөгөө архиа бид 3 уугаад буцаад 100 айл явсан. Тэгээд 100 айлын Нарлаг цайны газрын хойд гудамжинд ирсэн. Би нилээн согтсон байсан. Гансүхтэй маргалдтал хажуунаас А.Насанбаатар боль гээд намайг татаж зулгаагаад агсраад байсан. Тэгээд Гансүх бид хоёр салаад А.Насанбаатар явж байхаар нь очоод А.Насанбаатарын нүүр орчим нэг удаа цохьсон. А.Насанбаатар газар уначихсан хамарнаас нь цус гарч харагдсан. Би тэгээд шууд гэртээ харьсан. А.Насанбаатартай уулзаж уучлалт гуйгаад эмчилгээний зардалд 300.000 төгрөг өгсөн гэжээ. / хх 22-23 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 9681 дугаартай дүгнэлтэнд:

1. А.Насанбаатарын биед тархи доргилт, духны няцарсан шарх, баруун шанааны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, хамрын нуруу, баруун тохойны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. / хх 30-31 /

 

Шүүгдэгч Я.Х-ийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 05-07 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 56 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Я.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардалд 300.000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч Я.Х нь 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр 100 айлын урд Нарлаг цайны газрын орчимд хохирогч А.Насанбаатарыг гэр рүүгээ дагуулж явсангүй гэж түүнийг зодож биед нь тархи доргилт, духны няцарсан шарх, баруун шанааны зулгаралт зөөлөн эдийн няцрал, эрүү, хамрын нуруу, баруун тохойны зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Гансүх, Хашаа хоёр маргалдаад байхаар нь би салгаад боль гэж хэлээд эргээд алхаж байтал хойноос нэг хүн татсан. Эргээд харах гэхэд шууд нэг хүн миний дух, нүүр орчим цохьсон. Би Я.Хэс эмчилгээний зардалд 300.000 төгрөг авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч А.Насанбаатарын мэдүүлэг / хх 20-21 /, ... Я.Х нь А.Насанбаатарыг цохиж унагааж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Гансүхийн мэдүүлэг / хх 28 /, ... Би А.Насанбаатарын нүүр орчим нэг удаа цохьсон. Насанбаатар газар уначихсан хамарнаас нь цус гарч харагдсан. Би тэгээд шууд гэртээ харьсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Я.Хаш-Эрдэнийн мэдүүлэг / хх 22-23 /, ... А.Насанбаатарын биед тархи доргилт, духны няцарсан шарх, баруун шанааны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, хамрын нуруу, баруун тохойны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 9681 дугаартай дүгнэлт / хх 30-31 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Я.Х-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид  ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Я.Х нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирлоо нөхөн төлж, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 500.000 / таван зуу / төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч А.Насанбаатар нь нэхэмжлэх зүйлгүй / хх 60 / гэсэн тул Я.Хаш-Эрдэнийг төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Х нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Я.Х-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Я.Х-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Я.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Я.Х нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Я.Х нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Я.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Я.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ