| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0031/Э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2020-02-20 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч хяналтын прокурор Э.Ариунболд,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
хохирогчийн өмгөөлөгч П.Болортуяа, Г.Минжмаа,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*******,
иргэний хариуцагч Ч.Э,
гэрч Т.М,
шүүгдэгч Б.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
*******, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Иэд холбогдох эрүүгийн 1807000270014 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бичил уурхай эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ......................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт Б.И.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.И нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/ заалтыг, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 дахь /Ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх/ заалтыг, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь /үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах/ заалтыг, мөн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.7 “Бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийн дагаж, мөрдөж, ослоос урьдчилсан сэргийлэх” заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нүүрсний бичил уурхайд ажиллаж байсан Н.Г нь 2017 оны 12 дугаар сарын *******-ний өглөөний 05 цагийн орчимд шороонд дарагдаж улмаар амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.И шүүхийн хэлэлцүүлэгт “Харамсаж байгаа. Нөгөө талаас уучлалт гуймаар байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт “... Энэ хүнд их гомдолтой байна. Тухайн үед нь эмчлүүлээд явж байсан бол би энэ хүмүүст гайгүй хандах байсан. Хүний урманд хүн гэж тоогоогүй. Нохойноос дор хаясан. Нийт 106 788 772 төгрөг нэхэмжилж байна. Миний нөхөр 2 жил үйл тамаа үзэж байж өнгөрсөн. Гэтэл үхсэнийх нь дараа ч тайван байлгахгүй. Би 4 хүүхдийнхээ хажууд уйлахгүй нулимсаа үзүүлэхгүй гээд байж байна. Та нар миний зовлонг биеэрээ мэдэрч байж л мэдрэх байх” гэв.
Иргэний хариуцагч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “Тэгээд ................. компани ................. гэдэг компанитай уулзаад энэ компанийн газар дээр нөхөрлөлөөр орвол болох юм байна гэж ярилцсан. Тэгээд 6 нөхөрлөлд оруулж үйл ажиллагаа явуулсан байгаа. Хариуцлагын талаар ам амны эзэд хариуцлагаа хүлээж байхаар тохирсон. Энэ ам дээр би ямар ч оролцоо байхгүй. Энэ хүн өөрөө амаа хариуцаж аюулгүй ажиллагааныхаа дүрэм журмыг өгөөд явдаг бидний амнаас нэг ч төгрөг авч байгаагүй. Манай нөхөрлөл татвар хураамж суутгал гэж авдаггүй. Би хохирогч талын нэхэмжилсэн мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэв.
Гэрч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт “Тухайн үед талийгаач бид хоёр нэг салаанд ажиллаж байсан. Би нүүрсээ цохиж байсан. Талийгаач ард хүрздээд сууж байхад нь шавар унаад л осол гарсан. Би уурхайд ажиллахдаа өдрөөр нь бодож цалингаа авдаг байсан. Нэг өдрийн хөлс 40 000-50 000 төгрөг болдог. Бидэнд хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгч багаж техникээр хангаж байсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.И нь яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр “” ХХК-ийн эзэмшлийн талбайд нэг нүүрсний ам хариуцаж нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ч.Э ахлагчтай “*******” нөхөрлөлийн гишүүнээр 2017 оны 10 дугаар сард ороод шинээр уурхайн цооног гаргаж нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж уурхайн цооногийг хариуцаж ажиллаж байсан. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ээлжийг хариуцаж ажиллаж байгаад 28-ны өглөө бууж *******д ээлжээ өгөөд *******ын төвд гэртээ амарч байхад *******-ний үүрээр ******* над руу утсаар ярьж “уурхайд хүн шаварт цохиулчихлаа” гэж хэлэхээр нь би уурхайн аманд очтол Н.Г гэмтэж түүнийг эмнэлэг рүү авч явсан байсан... зүйл анги өөрчилснийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Н.Г нас барсанд маш их харамсаж байгаа” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 64-65, 3 хх-ийн 32 дугаар хуудас/
Хохирогч Н.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн үед ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *******ын уурхайд ажиллахаар очсон. Ингээд ******* бид нарт зааварчилгааны дэвтэр өгөөд гарын үсэгээ зурцгаа гэхээр нь бүгдээрээ зураад орсон. Хамт ажилладаг хүмүүсийнхээ нэрүүдийг сайн мэдэхгүй. Учир нь тухайн аманд ажилд ороод удаагүй байсан. Дөрөв нь уурхай дээр үлдээд доошоо уурхайн гүн рүү наймуулаа орсон ба 2 хүн ковшинд яваад эхлээд гурав гурваараа 2 салаад ажиллаж байтал 22 цагийн үед байх ковшинд ажиллаж байсан залуу удаан 3 салаанд ороод яв гэхээр нь нэг залуугийн хамт нэг салаа руу ороод ажиллаж байтал 05 цагийн үед утасныхаа цагийг харчихаад ковшинд нүүрс хийж байхад гэнэт дээрээс шавар унаад, дараад би босож чадахгүй нуруу огт мэдээгүй босох гэтэл босож чадахгүй бөгсөн бие мэдээгүй болчихсон. Тэгээд цаанаас бас нэг залуу ирээд надтай хамт ажиллаж байсан залуутай хамт өргөөд ковшинд дээш гаргаад *******ын машинд суулгаад шууд гэрт очиж эхнэрийг аваад гэмтлийн эмнэлэг дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 13-15 дугаар хуудас/
Гэрч Т.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын *******-ний өдөр анхныхаа удаа *******ын уурхайд 21 цагийн үед ажиллахаар очсон. Тэгээд ******* хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөд намайг уурхайн гүнд орж ковшинд явж ажилла гэхээр нь зөвшөөрөөд доошоо орж ажилласан юм. Ингээд дээр 4 залуу үлдээд бусад нь уурхайн гүнд ажилласан ба 05 цагийн үед болов уу ковш дээшээ татаад би ардаас нь дагаад алхаж явтал доороос хүн орилохоор нь ковшоо зогсоо гэж байгаа юм болов уу гэж бодоод зогсоогоод эргээд хартал Т.М байсан ба “наашаа хүрээд ир” гэхээр нь яваад очтол салаанд ковшин дээр бага зэрэг шавар унасан хажууд нь сүүлд нэрийг нь мэдсэн Н.Г ковшин дээр гараараа тулсан хагас суусан байдалтай байхаар нь “яасан бэ” гэхэд “шаварт цохиулчихлаа хөдөлж болдоггүй ээ” гээд зогсож байтал ******* ирээд бид нар нийлж дээрээс ковш авч ирээд Н.Гийг ковшинд суулгаад дээш гаргаж ирэхэд ******* аваад шууд эмнэлэг явсан...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 19-20 дугаар хуудас/
Гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын *******-ний өдөр 21 цагийн үед уурхай дээр очоод ажлаа хувиарлаж аваад тухайн үед ажиллаад удаагүй байсан болохоор хамт ажилладаг хүмүүсийнхээ нэрийг мэдэхгүй байна. Дээр , өөр 2 залуугийн хамт үлдээд уурхайн гүн рүү үлдсэн хүмүүс нь орж ажилласан. Ингээд бид нар 2 салаанд хуваагдаж орж ажилласан. Шөнө дунд 01 цагийн үед болов уу яг цаг хараагүй болохоор сайн мэдэхгүй байна ямарч байсан нэг харахад 3 дахь салаанд Н.Г, нар орчихсон ажиллаж байсан. Ингээд би ковшоо аваачиж өгөөд нүүрсээ хийлгээд дээшээ татаж байсан ба 06 цагийн үед би ковш салаанд оруулж өгчихөөд буцаад гараад дээшээ багалзуур руу дараагийн ковшоо авахаар явж байтал доороос “хүн шаварт цохиулчихлаа” гэхээр нь буцаад гүйгээд хамгийн түрүүнд би очсон. Намайг очиход Н.Г ахыг гаргаад ирчихсэн цаана нь бага зэрэг шавар мухартаа унасан харагдсан. Ингээд л бусад салаанд байсан хүмүүс гарч ирээд Н.Г ахыг өргөөд ковшинд суулгаад дээшээ гаргаад эмнэлэг авч явсан...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 21-22 дугаар хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын *******-ний өдөр 07 цагийн үед гэртээ унтаж байтал гэрийн хаалга хүн нүдээхээр нь онгойлгож өгөхөд манай нөхөртэй хамт ажилладаг Энхтөгс гэж залуу бас нэг залуугийн хамт орж ирээд “танай нөхөр чинь шаварт цохиулчихлаа эмнэлэг явъя” гэхээр нь “манай нөхөр хаана байгаа юм бэ” гэхэд “машин дотор байгаа гэсэн. Ингээд би хувцасаа өмсөөд гартал манай нөхрийг машиныхаа урд суудал дээр хэвтүүлчихсэн байсан ба өвчиндөө орилж хашгираад ёолоод бөгсөн бие ямар ч мэдээгүй болчихлоо гээд байсан. Ингээд шууд Улаанбаатар хот ороод гэмтлийн эмнэлэг дээр очоод хагалгаанд ороод одоо 7, 11 дүгээр нуруунууд бяцарсан, 3 сэртэн хугарсан, 2 хавирга хугарсан гэсэн оноштой бөгсөн биенээс доошоо огт мэдээгүй байгаа...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 23-24 дүгээр хуудас/
Гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүмбэр хутаг ХХК-ийн газар дээр нүүрсний уурхай дүү Итгэлийн хамт хамтарч ажиллуулдаг юм. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20 цаг 30 минутын үед шөнийн ээлж оруулаад 06 цагийн үед бригадын дарга Мөнгөнтуяаг доор мөргөцөг дээр Н.Гийг шаварт цохиулчихлаа гээд ковшинд Н.Гийг суулгасан гараад ирэхээр нь шууд машиндаа суулгаад замаараа Н.Гийн эхнэрийг гэрээр нь орж аваад шууд Гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлэхэд нуруу хугарсан хэвтэх шаардлагатай гээд хэвтүүлсэн...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 25-26 дугаар хуудас/
Гэрч Ч.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагааа явуулдаг *******ын уурхайд молдокчингоор ажилладаг юм. 2017 оны 12 дугаар сарын *******-ний өдөр 21 цагийн үед ажилдаа гарахаар очиход өдрийн бригад бууж байсан ба манай ээлжний жинхэнэ нэрсийг нь мэдэхгүй байна , , болон танихгүй 4 залуугийн хамт уурхайн гүнрүү орж ажилласан юм. Орж ажиллахын өмнө ******* хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөд дэвтэрт бүгдэнгээр нь гарын үсэг зуруулаад орсон. Ингээд доор 3 салаанд хоёр хоёроороо орж ажилласан ба бид хоёр нэг салаанд, шаварт цохиулдаг залуу хоёр нэг салаанд, танихгүй хоёр залуу нэг салаанд тус тус ороод танихгүй залуугийн хамт ковшинд явсан. Ингээд өглөө 06 цагийн үед хоёр бид хоёр дээр хамт ажиллаж байсан залуу нь шаварт цохиулчихлаа гэхээр нь яваад очиход газар хэвтэж байсан ба яаж байна гэж асуухад нуруу өвдөөд байна гэхээр нь ковшинд өргөж суулгаад дээшээ гаргахад ******* машиндаа суулгаад шууд Улаанбаатар хотруу явсан. Бид нар үлдсэн...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 27-28 дугаар хуудас/
Гэрч Т.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сар өдрийг нь сайн санахгүй байна. Шөнийн ээлжинд ажиллаж байсан юм. Н.Г ах бид хоёр
орой 22 цагийн орчимд нүүрсний уурхайн гүнд амнаас 60 орчим метрийн гүнд орж
ажиллаж байгаад шөнийн 4, 5 цагийн үед дээрээс шавар унаж Н.Г ах дарагдсан. Би молдок барьж нүүрс ховхлоод Н.Г ах нүүрсээ хүрздэж ковш руу хийж байсан юм. Тэгтэл дээрээс шавар унахдаа намайг шүргэж би эргээд хартал Н.Г ах ковшны булан дээр суугаагаараа даруулсан байдалтай эргэн тойронд нь шавар унаж бутарсан байдалтай байсан. Н.Г ахынх нь хөл мэдээгүй болчихлоо татаад босгоорой гэхээр нь би шаврыг нь холдуулж босгоод ковшинд суулгаж дээшээ татуулж гаргасан. Тэгээд нүүрсний амны эзэн залуу Төөжий Н.Гийг машинд суулгаж авч явсан...” гэсэн мэдүүлэг, /1хх-ийн ******* дүгээр хуудас/
Гэрч Ч.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын дагуу ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХК-ны лицензтэй талбайд нүүрс олборлохоор 2017 оны 10 дугаар сард дүүргийн засаг дарга Ч., ХХК-ны захирал С. нартай манай нөхөрлөл гурвалсан гэрээ байгуулсан. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмаараа нөхөрлөл байгуулах шаардлагатай тул хэдэн хүн нэгдэж нөхөрлөл байгуулан ахлагчаар миний бие төлөөлөн гурвалсан гэрээнд орсон юм...” /1хх-ийн 31 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/111 дүгээр: 1. Н.Гийн биед сээрний 11-р нугалмын нугасыг чөлөөлсөн мэс заслын
дараах байдал /2017.12.31/, сээрний 7, 11-р нугалмын шахагдсан бяцарсан хугарлыг засаж сээрний 6-12-р нугалмуудад бэхэлгээ мэс заслын дараах байдал /2017.12.31/, бүсэлхийн1-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун 9, 11-р хавирганы зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /1хх-ийн 37 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 816 дугаар: “1.Урьд гаргасан №08шэ/111 тоот дүгнэлт үндэслэлгүй байна. 2. Н.Гийн биед
сээрний 10-11-р нугалмын түвшингийн нугасны няцрал, доод мөчдийн саажил, сээрний 7, 11-р нугалмуудын их биеийн хугарал, сээрний 10, 11-р нугалмуудын арын нумны хугарал, сээрний 10-р нугалмын баруун хөндлөн сэртэн, бүсэлхийн 1-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун 9-10-р хавирганы хугарал гэмтэл, сээрний нугалмын хугарлыг засах мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 3.1.6-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 10-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 60% алдагдуулна.” гэх дүгнэлт, / 1 ххийн 48-49 дүгээр хуудас/
Шинжээчийн 02-06-366/03 дугаар: “2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн
05 дугаартай Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээнд нөхөрлөлийн ахлагчаар Ч.Э, нөхөрлөлийн гишүүнээр осол гарсан уурхайн эзэн иргэн Б.И бүртгэлтэй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/ заалтыг, "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.6 дах /Ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл. хурц хордлогоос сэргийлэх; болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх" заалтыг, "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дах /Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах/ заалтыг, мөн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.7 "Бичил уухайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөж, ослоос урьдчилан сэргийлэх" заалтуудыг тус тус зөрчсөн байна” гэх дүгнэлт, /1хх-ийн 53 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08 шэ/04 дугаартай:
“1.Талийгаачийн биед шинэ механик гэмтэл тогтоогдсонгүй.
2. Талийгаач нь удаан хугацаанд хэвтрийн байсны улмаас ууц болон баруун шагайн үенд цооролт шарх үүсч цусан үжлийн улмаас нас баржээ.
3. Талийгаач нь сээрний 11-р нугалмын их биеийн хугарал, нугас тасралт гэмтлийн улмаас бүсэлхийнээс доош хэсгийн саа саажилт архаг өвчтэй байсан нь үхэлд нөлөөлсөн байна.
4. Талийгаачийн цус болон эд эрхтэнд ялзралын өөрчлөлт үүссэний улмаас цусны бүлэг тогтоох шинжилгээ хийгээгүй болно.” гэсэн дүгнэлт, /3 хх-ийн 16 дугаар хуудас/
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт
малтмал олборлох гурвалсан гэрээ, /1хх-ийн 166-169 дүгээр хуудас/
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хөдөлмөр хамгаалал, аюулгүй
ажиллагааны дүрмийг баримтлан ажиллах баталгаа гаргах тухай, /1хх-ийн 170
дугаар хуудас/
Өвчний түүх, /1хх-ийн 133 дугаар хуудас/
Хохирлын баримт, /1хх-ийн 178-192 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт, хохирол төлсөн баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.И нь 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан ажиллах баталгаа гарган ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт нүүрсний бичил уурхайн эзнээр нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.6 дахь заалт, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 2017 оны 12 дугаар сарын *******-ний өглөөний 05 цагийн орчим уурхайд ажиллаж байсан хохирогч Н.Г нь уурхайн мөргөцөгт шавранд дарагдаж эрүүл мэнд нь хүнд хохирол учирч улмаар уг өвчний улмаас 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нас барж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон болох нь Шүүгдэгч Б.И шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Харамсаж байгаа. Нөгөө талаас уучлалт гуймаар байна” гэх, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “. Нийт 106 788 772 төгрөг нэхэмжилж байна. Ямар учиртай мөнгө гэдгийг нь өмгөөлөгч нар тайлбарлах байх.” гэх, Иргэний хариуцагч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тэгээд 6 нөхөрлөлд оруулж үйл ажиллагаа явуулсан байгаа. Хариуцлагын талаар ам амны эзэд хариуцлагаа хүлээж байхаар тохирсон. Би мөрдөн байцаалтын шатанд мөрдөгчид иргэний хариуцагчаар оролцохгүй гэж хэлж байсан. Энэ ам дээр би ямар ч оролцоо байхгүй. Энэ хүн өөрөө амаа хариуцаж аюулгүй ажиллагааныхаа дүрэм журмыг өгөөд явдаг бидний амнаас нэг ч төгрөг авч байгаагүй” гэх, Гэрч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн үед талийгаач бид хоёр нэг салаанд ажиллаж байсан. Би нүүрсээ цохиж байсан.Талийгаач ард хүрздээд сууж байхад нь шавар унаад л осол гарсан” гэх, Гэрч Т.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...05 цагийн үед болов уу ковш дээшээ татаад би ардаас нь дагаад алхаж явтал доороос хүн орилохоор нь ковшоо зогсоо гэж байгаа юм болов уу гэж бодоод зогсоогоод эргээд хартал Т.М байсан ба “наашаа хүрээд ир” гэхээр нь яваад очтол салаанд ковшин дээр бага зэрэг шавар унасан хажууд нь сүүлд нэрийг нь мэдсэн Н.Г ковшин дээр гараараа тулсан хагас суусан байдалтай байхаар нь “яасан бэ” гэхэд “шаварт цохиулчихлаа хөдөлж болдоггүй ээ” гээд зогсож байсан” гэх, Гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ингээд би ковшоо аваачиж өгөөд нүүрсээ хийлгээд дээшээ татаж байсан ба 06 цагийн үед би ковш салаанд оруулж өгчихөөд буцаад гараад дээшээ багалзуур руу дараагийн ковшоо авахаар явж байтал доороос “хүн шаварт цохиулчихлаа” гэхээр нь буцаад гүйгээд хамгийн түрүүнд би очсон. Намайг очиход Н.Г ахыг гаргаад ирчихсэн цаана нь бага зэрэг шавар мухартаа унасан харагдсан. Ингээд л бусад салаанд байсан хүмүүс гарч ирээд Н.Г ахыг өргөөд ковшинд суулгаад дээшээ гаргаад эмнэлэг авч явсан...” гэх, О.*******ийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би хувцасаа өмсөөд гартал манай нөхрийг машиныхаа урд суудал дээр хэвтүүлчихсэн байсан ба өвчиндөө орилж хашгираад ёолоод бөгсөн бие ямар ч мэдээгүй болчихлоо гээд байсан. Ингээд шууд Улаанбаатар хот ороод гэмтлийн эмнэлэг дээр очоод хагалгаанд ороод одоо 7, 11 дүгээр нуруунууд бяцарсан, 3 сэртэн хугарсан, 2 хавирга хугарсан гэсэн оноштой бөгсөн биенээс доошоо огт мэдээгүй байгаа...” гэх, Гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнийн ээлж оруулаад 06 цагийн үед бригадын дарга г доор мөргөцөг дээр Н.Гийг шаварт цохиулчихлаа гээд ковшинд Н.Гийг суулгасан гараад ирэхээр нь шууд машиндаа суулгаад замаараа Н.Гийн эхнэрийг гэрээр нь орж аваад шууд Гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлэхэд нуруу хугарсан хэвтэх шаардлагатай гээд хэвтүүлсэн...” гэх, Гэрч Ч.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...өглөө 06 цагийн үед хоёр бид хоёр дээр хамт ажиллаж байсан залуу нь шаварт цохиулчихлаа гэхээр нь яваад очиход газар хэвтэж байсан” гэх, Гэрч Т.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнийн 4, 5 цагийн үед дээрээс шавар унаж Н.Г ах дарагдсан. Би молдок барьж нүүрс ховхлоод Н.Г ах нүүрсээ хүрздэж ковш руу хийж байсан юм. Тэгтэл дээрээс шавар унахдаа намайг шүргэж би эргээд хартал Н.Г ах ковшны булан дээр суугаагаараа даруулсан байдалтай эргэн тойронд нь шавар унаж бутарсан байдалтай байсан” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 816 дугаар, 08 шэ/04 дугаар, шинжээчийн 02-06-366/03 дугаартай дүгнэлтүүд, Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гурвалсан гэрээ, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан ажиллах баталгаа гаргах тухай бичгэн баримт, эд мөрийн хураагдсан Нүүрсний уурхайд ажилчдын ажлын байран дахь ХАБЭА-г өдөр тутмын давтан зааварчилгааны дэвтэр зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Иэд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс ******* овогтой Б.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Иэд холбогдох эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил нээлттэй дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх саналтай байна”, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар “Хохирлын хувьд гомдолтой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялын дээд хэмжээгээр буюу 5 жилийн ял хорих ялыг оноож өгнө үү”, шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, түүнийг тэнсэх боломж байгаа учраас тухайн хуулийн зүйл заалтыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлт саналыг тус тус гаргасан байна.
Шүүх талуудын дүгнэлтийг хянан үзээд энэ хэргийн улмаас Н.Гийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулаагүй тул шүүгдэгч Б.Иэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй гэж үзээд тухайн зүйл ангид заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Мөн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 102 890 420 нэхэмжилсэн байна.
Үүнээс хавтас хэрэгт эмчилгээ болон асрах сувилахтай холбоотой 4562665 төгрөг, оршуулгын зардал 4187837 төгрөг, нийт 8750502 төгрөгийг баримт авагдсныг хянан үзээд уг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол байх тул шүүхээс уг зардлуудыг хангаж шийдвэрлэлээ.
Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагад Гэмтэл согог үндэсний төвд эмчлүүлсэн гэх 3944812 төгрөгийн зардал гарсан талаарх нэхэмжлэлийг хянан үзэхэд хохирогчоос дээрх зардлыг нэхэмжилж шаардсан эсэх нь тодорхойгүй байгаа тул өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар нэр, нэр төр, алдар төрд харшилж энэ нь эд хөрөнгийн эдийн бус харилцаанд хохирол учруулж энэ нь эд хөрөнгөөр үнэлэгдэхүйц тохиолдолд сэтгэл санааны хохирол гаргуулахаар хуульчлагдсан учраас энэ гэмт хэрэгт сэтгэл санааны хохирол гаргуулах үндэслэлгүй байх тул сэтгэл санааны хохирол гэх 5 000 000 төгрөгийг шаардлага, хохирогч өмгөөлөгч нарын эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заагдсан өмгөөллийн хөлс нь гэмт хэргийн улмаас нөхөн төлөх зардалд хамаарахгүй тул 1750000 төгрөгийн өмгөөллийн зардал, хохирогчийн банкнаас зээлсэн зээлийн үлдэгдлийг шүүгдэгч нь төлөх үүргийг гэрээгээр хүлээгээгүй байдлыг харгалзан зээлийн үлдэгдэл 1 022 698 төгрөг нийт 7 7726 98 төгрөгийн шаардлага нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй тул тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгч Б.И хохирогч Н.Г нарын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т заасан харилцаа бий болж ажилтан, ажил олгогч гэж үзэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс ажилгүй байсан цалинг олох байсан орлого гэж тодорхойлон өдрийн цалинг 40 000 төгрөгөөр, сарын орлогыг 880 000 төгрөгөөр тооцож 36 сарын нөхөн төлбөр болох 31 680 000 төгрөгийг нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь хэрэгт цугларсан эд мөрийн баримт болон шүүгдэгч, хохирогч , гэрч нарын мэдүүлгүүдээс үзэхэд Б.И нь хохирогч Н.Гөөр нүүрс олборлуулан өдөр тутам цалин хөлс өгч байсан үйл ажиллагаа нь Иргэний хуулийн 361 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээгээр зохицуулагдсан харилцаа гэж үзэн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 28 дугаар зүйлийн 28.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд тус тус заасан зохицуулалтуудад хамаарахгүй тул 36 сарын нөхөн төлбөр 31 680 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар хохирогч Н.Гийн хэрэг болох цаг хугацаанд олж байсан орлогыг тодорхойлох зорилгоор гэрч Т.М, иргэний хариуцагч нарын мэдүүлгийг үндэслэн уурхайд ажиллагсдын өдрийн цалинг 40 000 төгрөгөөр тооцож өвчтэй байх үе буюу 23 сарын турш олох байсан орлого гэж 20 240 000 төгрөгийг нэхэмжилжээ.
Шүүх хохирогч Н.Гийн нүүрсний уурхайд улирлын чанартай ажил хөдөлмөр эрхэлдэг байсан талаарх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн уурхайд осолд орж гэмтэл аван улмаар хөдөлмөрийн чадвараа алдсан талаар гаргасан комиссийн шийдвэр, уг шийдвэрийг үндэслэн Хөдөлмөр халамжийн хэлтсээс тэтгэмжийн доод хэмжээ буюу 174000 төгрөгөөр тогтоосон байдал, гэмт хэрэг болохоос өмнө хохирогчийн сарын орлогыг 880 000 төгрөг олж байсан талаар нотлох цалин хөлсний баримтгүй байдал зэргээр нэхэмжлэлийг 20 240 000 төгрөгийн үнийн дүнгээр тодорхойлох боломжгүй байна.
Иймд шүүхээс хохирогч Н.Гийг хөлсөөр ажиллах харилцааны үндсэн дээр ажил хөдөлмөр эрхэлж байсан үйл баримтыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын *******-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл сар бүр олох байсан орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 2018 онд 240000 төгрөг, 2019 онд 320000 төгрөгөөр тооцон нийт 6400000 төгрөгөөр тогтоож, илүү нэхэмжилсэн 13840000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийн нас барсантай холбогдуулан гэм хор учруулсны төлбөрийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 38 990 880 төгрөгөөр тооцож нэхэмжилснийг шүүх дараах байдлаар шийдвэрлэлээ.
Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу хохирогчийн насанд хүрээгүй 4-14 насны 4 хүүхэд болон 4 настай хүүхдээ байнгын ажил хөдөлмөр эрхлэхгүйгээр асран хүмүүжүүлж байгаа эхнэр ******* нар нь төлбөр авах эрх бүхий этгээдүүд болох нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.1.бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл, 508.4.4.нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин, хөлс, орлогогүй нас барагчийн эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэгэнд түүний нас, хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр уг хүүхдийг найман нас хүртэл гэж заасан тул уг төлбөрийг шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй гэж үзлээ.
Гэвч хохирогчийн орлогын байдлыг шүүхээс тодорхойлсонтой холбогдуулан нэхэмжлэлд дурдсан байдлаар буюу 38 990 880 төгрөгийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж шийдвэрлэлээ. Үүнд хохирогчийн орлогын дунджийг 2020 оны 01 дүгээр сарын 01 ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420000 төгрөгөөр тооцож, тэжээгчээ алдсны тэтгэмж болох 261000 төгрөгийн зөрүүг, хохирогчийг өөрт оногдох хэсгийг тус тус хасч тооцоход Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.1, 508.4.4 дэх хэсэгт заасан хохирогчийн гэр бүлд сар бүр 89000 төгрөгийн тэтгэмжийг шүүгдэгч Б.Иээс гаргуулж олгох нь зүйтэй байна.
Мөн Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөрийг эрх бүхий этгээдүүд төлбөр авах эрх дуусах хүртэл хугацаанд төлбөр төлөх үүрэгтэй этгээд сар тутам төлүүлэхээр зохицуулсан тул уг төлбөрийг урьдчилан гаргуулах үндэслэлгүй байна.
Шүүхээс эмчилгээ, оршуулгын зардалд 8750502 хангаж шийдвэрлэснээс шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд нөхөн төлсөн 9800000 төгрөгийг хасч, 1049498 төгрөгийн илүү төлөлт гарсныг олох байсан орлогын нэхэмжлэл болох 6400000 төгрөгөөс хасч тооцон шүүгдэгчээс 5 350 502 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөхөн олгох нь зүйтэй байна.
Иргэний хариуцагч Ч.Э нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан ажил олгогч гэж үзэхтэй холбоотой нотлох баримт байхгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.И нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт холбогдуулан шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нүүрсний бичил уурхайн ажилчдын ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй өдөр тутмын давтан зааварчилгааны 22 хуудас бүхий дэвтрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Б.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иийг 2 / хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иэд оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Иээс 5350502 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*******т олгож, 43 *******2 698 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.4, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт заасан хугацаа хүртэл шүүгдэгч Б.Иээс сар бүр 89000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нүүрсний бичил уурхайн ажилчдын ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй өдөр тутмын давтан зааварчилгааны 22 хуудас бүхий дэвтрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.
7. Шүүгдэгч Б.И нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт холбогдуулан шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хариуцагч Ч.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-т зааснаар 3.944.812 төгрөгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Иэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД