Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 801

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “СБ” ХХК

Хариуцагч: ХУД ЗД, АМГТГ КХ, НЗД,

Гуравдагч этгээд: Ч.Т, Г.Г, Т.Ц, Б.О,  Я.Х, “ЗС” ХХК, “НД” ХХК, “ХЭ” ХХК, “МНА” ТББ, “ПХ” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага:  ХУД ЗД- 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 234 дүгээр захирамжийн “ЗС” ХХК-ийн эзэмшиж байгаа газраас давхцал бүхий 9913,6 м2 газрыг хүчингүй болгуулах, 

ХУД ЗД- 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 283 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 

ХУД ЗД- 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/374 дүгээр захирамжийн Я.Хгийн газраас давхцал бүхий 4951 м2 газрыг хүчингүй болгуулах, 

ХУД ЗД- 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/343 дугаар захирамжийн “НД” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 

ХУД ЗД- 2013 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийн А/279 дугаар захирамжийн иргэн Я.Т, Т.Ц, Г.Г нарт  холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 

ХУД ЗД- 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/260 дугаар захирамжийн Б.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 

ХУД ЗД- 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/364 дүгээр захирамжийн “П” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 

ХУД ЗД- 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/225 дугаар захирамжийн “МНА” ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 

Гуравдагч этгээд “З” ХХК, “Х” ХХК, Я.Х, “Н” ” ХХК, Я.Т, Т.Ц, Г.Г, Б.О, “П” ХХК-иудын бие даасан шаардлага: Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 303 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох,  

“МНА” ТББ-ын бие даасан шаардлага: Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 303 дугаар шийдвэрийн өөрийн эзэмшил газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “СБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч ХУД ЗД- итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, О.Г, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ц, гуравдагч этгээд Я.Т, Г.Г, Т.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, гуравдагч этгээд Я.Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц*******, “ЗС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж*******, түүний өмгөөлөгч Ц.Ж*******, гуравдагч этгээд “НД” ХХК, Б.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г*******, гуравдагч этгээд “ХЭ” ХХК-ийн төлөөлөгч Б.Д*******, гуравдагч этгээд “МНА” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “СБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “СБ” ХХК-д   2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1151 дүгээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрээр 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1539Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Улмаар хайгуулын үйл ажиллагаа явуулан 2011 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Алтан-элс”-2 нэртэй МҮ-016813 дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр нийт 116.35 га талбайг эзэмших болсон.

Гэтэл дээр дурдсан 5 иргэн, 5 аж ахуйн нэгжид хариуцагч ХУД ЗДас газар давхцуулан эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Энэ нь дараах байдлаар хууль тогтоомжийг зөрчсөн. Үүнд Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д зааснаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага нь харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ хэрэгжүүлээгүй, ашиглах боломжоор хангаагүй, давхцуулан газар олгосон гэж үзэж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч “СБ” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг эдэлнэ. Гэвч энэ эрхээ хэрэгжүүлэх гэтэл хариуцагчийн гаргасан шийдвэрийн улмаас саад уч байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэснийг зөрчиж давхцуулан газар олгосон нь хууль бус байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа түгээмэл тархацтай бүх төрлийн ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах эрхтэй. Гэтэл энэ эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. 2015 оноос газрын маргаан өнөөдрийг хүртэл үргэлжиллээ. Хяналт, шалгалтын арга хэмжээ, шүүхийн маргаантай холбоотойгоор нэхэмжлэгч эрхээ эдэлж чадахгүй байгаа. 

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудалд шууд гэрчилгээ гарах тохиолдол байдаггүй. Газрын сангийн бүртгэл өнөөдрийг хүртэл нэг мөр болж чадаагүй байгаа. Аймаг, сум, дүүрэг, нийслэл, Байгаль орчин, аялал жуулчлалын яам зэрэг олон газраас олгосон газрыг нэг системд оруулчихвал өнөөдөр энэ олон этгээдүүдийн эрх ашиг хөндөгдөхгүй байсан. Хариуцагч нэхэмжлэгчийн газрын асуудлыг бүрэн мэдсэн байх боломжтой. Хайгуулын тусгай зөвшөөрлийг манай компанид олгоод байгаль орчныг сэргээхтэй холбоотой төлөвлөгөөг 2010 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дүүргийн Засаг даргатай байгуулсан. Үүнтэй холбоотой баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Гэтэл бүртгэлд бүртгэгдээгүй гэсэн шалтгаанаар хариуцагч мэдэх боломжгүй гэж тайлбарлаж болохгүй. Энэ төрлүүдэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшихтэй холбоотой эрхийн гэрчилгээний төрөл байхгүй. Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн тайлангуудаас ямар үйл ажиллагаа явуулсан нь харагдана. 2011 онд тодорхой олборлолт хийгдсэн, хашаа барьж үйл ажиллагаа явуулж байсан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшихтэй холбоотой булангийн шав, тэмдэглэгээг цэгүүд дээр тавьдаг. Энэ тэмдэглэгээг бетоноор хийдэг, тодорхой актыг үйлддэг. Энэ үйл ажиллагаа 2010 онд явагдсан. Уг тэмдэглэгээгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбай байна гэдгийг мэдэх бүрэн боломжтой байсан. Газар давхцуулан олгосны улмаас бид Ашигт малтмалын тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Иймд газрыг зориулалтын дагуу 3 жил ашиглаагүй гэх боломжгүй. 

Хавтаст хэрэгт давж заалдах шатны шүүхийн 2 тогтоол авагдсан. Уг тогтоолд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн. 

Хавтаст хэрэгт Геодези, зураг зүйн газраас ирүүлсэн зургууд авагдсан. 2011, 2012, 2013 оны зургуудад зөвхөн “ЗС” ХХК-ийн хашаа л харагддаг. Бусад этгээдүүдийн хашаа байдаггүй. Өөрөөр хэлбэл бусад гуравдагч этгээд нар үйл ажиллагаа явуулаагүй болох нь нотлогддог. 

Газрын тухай хуулийн 28, 29 дүгээр зүйлд ямар газруудыг гэрээ, гэрчилгээгээр олгох талаар заасан. Гэрээ, гэрчилгээтэй байна гэсэн ерөнхий агуулгаар тайлбарлаж болохгүй. Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь дор дурдсан төрөлтэй байна, 28.1.1-д гэр бүлийн хамтын хэрэгцээний, 28.1.2-т төрийн байгууллагын, 28.1.3-д аж ахуйн нэгж, байгууллагын, 29 дүгээр зүйлд эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх газрын хэмжээ, байршлыг зааж өгсөн. Гэтэл үүнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй холбоотой эрхийн гэрчилгээний төрөл байхгүй, уурхайн эдэлбэр газрыг хэдий хэмжээгээр, яаж олгох зохицуулалт байхгүй.  Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” 

Гуравдагч этгээдүүдийн зүгээс илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагаа Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасныг зөрчиж Засаг даргаас санал аваагүй гэдэг байдлаар тайлбарлаж байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Засаг даргаас санал авахаар мэдэгдлийг хүргүүлсэн. Үүнээс хариуцагч Ашигт малтмалын газар хуульд заасан үүргээ биелүүлсэн нь харагдана. НЗДас хариу ирүүлээгүй. Хариуг ирүүлээгүй учраас зөвшөөрсөн хариуг өгсөн гэж үзээд тусгай зөвшөөрлийг олгожээ. Мөн Ашигт малтмалын тухай хуульд зааснаар зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход Засаг даргаас санал авдаг. Харин ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход Засаг даргаас санал авдаггүй гэдгийг ойлгох нь зүйтэй. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан онцгой бүрэн эрхийн хүрээнд хайгуулын тусгай зөвшөөрлийн хэмжээнд ямар хэмжээний ч ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрхтэй. Өмнө Засаг даргаас санал авсан байгаа учраас шууд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгодог. Гуравдагч этгээдийн санал авалгүйгээр газар олгосон нь илт хууль бус гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. 

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж байна. Хэрэв гуравдагч этгээдүүдэд түрүүлж газар олгосон бол эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байсан. Гэтэл “СБ” ХХК-д олгогдсон газар дээр гуравдагч этгээдүүдэд газар олгосон учраас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд халдаж байна. Гуравдагч этгээдүүдэд нэхэмжлэгчээс өмнө газар олгосон зүйл байхгүй. Нэхэмжлэгчид 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг үндэслэн 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл гарсан байдаг. Гуравдагч этгээдүүдэд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд 2011 оноос 2016 оны хооронд олгогдсон. Иймд гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэх боломжгүй.

“МНА” ТББ-д 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 15 га газар эзэмших эрх олгогдож, 2015 онд газар эзэмших эрх нь сунгагдсан байдаг. “МНА” ТББ-аас бие даасан шаардлагаа тодорхойлохдоо манай газар эзэмших эрх 2010 онд үүссэн, “СБ” ХХК нь 2011 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшсэн гэж тайлбарладаг. Гэтэл “МНА” ТББ-д газар эзэмших эрх үүсэхээс 7 сарын өмнө “СБ” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ гарсан. Шийдвэр нь 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гарсан байгаа. Иймд гуравдагч этгээдүүдийн газарт газар давхцуулан олгосон асуудал байхгүй. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагууд үндэслэлгүй.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга, тус хорооны иргэдийн Нийтийн Хурлаас Туул тосгоны дээрх газар нь суурьшлын бүс биш, ашигт малтмалын зориулалтаар ашиглаж болно гэсэн тодорхойлолтууд байгаа у суурьшлын бүс биш юм. 

Түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрга, дайрга ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох тухай хуулийн 37 дугаар зүйлд тодорхой зааж өгсөн. Нэхэмжлэгч компанийн хувьд дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан асуудал үүсээгүй. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч ХУД ЗД- итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ХУД ЗДас нэр бүхий 10 иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших эрх олгосон акт хуулийн хүчин төгөлдөр. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулахаар зохицуулсан. Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан дээрх 10 иргэн, аж ахуйн нэгжид 2010 оноос хойш газрыг олгосон. Нэхэмжлэгчийн зүгээс газрыг давхардуулан олгох ёсгүй гэж байна. Өнөөдрийн байдлаар “СБ” ХХК нь Газрын тухай хуульд заасан газар ашиглах, эзэмших эрх үүссэн этгээд биш юм. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлд газар эзэмшигч, ашиглагч гэж хэн байх талаар зааж өгсөн. Газрыг гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшинэ. Ашиглалтын тусгай зөвшөөрөл гэдэг нь ашигт малтмал олборлох эрх олгосон баримт бичиг юм. Түүнээс газар эзэмших, ашиглах эрх олгосон баримт биш. Газрыг аж ахуйн нэгжид аж ахуйн үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлдэг. Хан-Уул дүүргийн хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлодог 30 гаруй аж ахуйн нэгж байдаг. Эдгээр аж ахуйн нэгжүүд уурхайн эдэлбэр газрыг дүүргийн Засаг даргын шийдвэрээр авдаг. 

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон тушаалыг үндэслэн Засаг даргаас эдэлбэр газар олгосны үндсэн дээр газраа ашигладаг. Гэтэл 2011, 2012 онд гуравдагч этгээд нарт газар олгож байхад маргаан гараагүй. Газрын нэгдсэн мэдээллийн санд “СБ” ХХК нь газар ашигладаг, эзэмшдэг гэсэн мэдээлэл байхгүй. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлд сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг заасан бөгөөд 31 дүгээр зүйлийн 31.1.4-д “эрх бүхий байгууллагаас олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлд заасны дагуу эдэлбэр газар олгох” гэж заасан. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч компанид эдэлбэр газрыг олгоогүй, газар эзэмших, ашиглах эрх үүсээгүй. Тэгэхээр давхцалын асуудлыг Газрын тухай хуульд холбогдуулан тайлбарлах боломжгүй юм. 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан. Тэгэхээр давхцалын асуудлаар тус хуулийн 27.1-д зааснаар гэрээ, гэрчилгээг авсан этгээд л маргах боломжтой. Дүүргийн Засаг даргад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа явуулах бүрэн эрхээр хангах үүрэг бий. Гэвч энэ үүргийг тухайн аж ахуйн нэгж ашиглалтын тусгай зөвшөөрлөө дүүргийн Засаг даргад танилцуулан, нэгж талбарыг заасан кадастрын зураг болон хүсэлтийг өгч, гэрчилгээ олгосны дараа хэрэгжүүлэх боломжтой. Мөн Газрын хэвлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2/-д Засаг дарга нутаг дэвсгэртээ газрын хэвлийн баялгийг ашиглуулахтай холбогдуулан эдэлбэр газар олгох бүрэн эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч давхцалын асуудлаар маргаж байгаа бол Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан асуудлаар тус хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлагыг биелүүлэн Засаг даргад хандсан байх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ. 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “СБ” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тухайн үеийн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргаас олгосон. НЗД 2014 онд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдсанаас хойш Нийслэлийн нутаг дэвсгэр дээр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, эрх зүйн харилцааг хянах эрх, үүрэг хүлээх болсон. “СБ” ХХК-д тусгай зөвшөөрөл олгогдсон үеийн харилцааг НЗД хариуцахгүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдсанаас хойш 2017 оны 09 дүгээр сард “СБ” ХХК-ийн хувийн хэрэг шилжин ирээд 2018 оны 01 дүгээр сард буцаад шилжсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд Аймаг, НЗД тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг тодорхой заасан. Тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй болсон, 37.1.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, 37.1.3-д тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан, 37.1.4.тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах нэрээр өөр төрлийн ашигт малтмал хайж, ашигласан нь тогтоогдсон гэж тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг тус тус заасан.  

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд үүссэн талбайн хилийн маргааныг аймаг, НЗД шийдвэрлэнэ, 41.7-д маргаанд оролцогч тал аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан. “СБ” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд иргэн, аж ахуйн нэгжүүдэд ХУД ЗД газар олгосон байна. Энэ маргааныг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтийг НЗДд ирүүлж байсан. Хүсэлтийг судалж үзэхэд иргэд, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд “СБ” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосноос сүүлд олгогдсон байдаг. Иймд “СБ” ХХК-ийн эзэмшиж буй тусгай зөвшөөрөл давуу эрхтэй. Иймд “СБ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдээгүй гэж үзэж байна” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргэгдсэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын 2009 оны 11 дүгээр 19-ны өдрийн 6/6451 дүгээр албан бичгийг архиваас гарган авсан. Уг албан бичгийг хүргэгдсэн эсэхийг манай байгууллагын явсан бичгийн бүртгэл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ирсэн бичгийн бүртгэлээс тодруулах боломжтой. Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан ажиллагаа хийгдсэн бөгөөд нотлох баримтаар ирсэн байгаа.  

Тухайн үеийн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1151 дүгээр шийдвэрээр “СБ” ХХК-д 168.32 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон. Засаг даргын санал аваагүй гэж байна. Гэтэл “СБ” ХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн дарга н.Даваацогтоос 2009 оны 11 дүгээр 19-ны өдрийн 6/6451 дүгээр албан бичгээр НЗД Г.М*******аас санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн. Хуулийн хугацаанд НЗДас хариу ирүүлээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д зааснаар “...30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заасан тусгай зөвшөөрөл олгосон. Иймд 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1151 дүгээр шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй юм. “СБ” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах” гэж зааснаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүсэх эрхтэй. 2011 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “СБ” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар өргөдлийг хянан үзэхэд шаардлага хангасан байсан. Иймд Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 303 дугаар шийдвэрээр “СБ” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон” гэжээ. 

Гуравдагч этгээд Я.Хгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц******* шүүхэд болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: “СБ” ХХК нь 2009 онд хайгуулын тусгай зөвшөөрөл, 2011 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулсан гэдэг. Гэтэл өнөөдрийг хүртэл тус компани үйл ажиллагаа явуулаагүй. Хуульд зааснаар тусгай зөвшөөрлөө аваад 3 жилийн дотор үйл ажиллагаа явуулаагүй бол цуцлах ёстой. 2016 оноос уг маргааны асуудал яригдаж эхэлсэн. 2011 онд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан гэж үзэхэд 5 жил үйл ажиллагаа явуулаагүй. Тэгэхээр тусгай зөвшөөрөл нь цуцлагдах ёстой. Я.Х нь 2012 оны А/374 дүгээр захирамжаар н.Содномцэрэнгээс газрыг шилжүүлэн авсан. Уг газрыг анх олгосон захирамж нь өөр захирамж байгаа.

Гуравдагч этгээд Ч.Т, Г.Г, Т.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын давхцалын асуудал талуудын аль, аль нь газар ашиглах, эзэмших эрхтэй тохиолдолд яригдана. Газрын тухай хуульд газрыг ангилсан байдаг. Хот, тосгоны эдэлбэр газарт уурхайн эдэлбэр газар нь ордог. Төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргийг харахад дүүргийн Засаг дарга эдэлбэр газрыг олгодог. Гэтэл нэхэмжлэгчээс ХУД ЗДд манайх ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй энэ хэмжээний эдэлбэр газрыг эзэмшье гэсэн хүсэлтийг гаргаагүй. Мөн ХУД ЗД- гаргасан маргаан бүхий захиргааны актуудын талаар мэдсэн атлаа шүүхэд нэхэмжлэл гаргаагүй хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах ёстой.

Ашигт малтмалын тухай хуулиар тухайн газрын хэвлийд байгаа ашигт малтмалыг олборлох эрхийг өгч байгаа. “СБ” ХХК нь 2011 онд ашиглалтын тусгай зөвшөөрлөө авчихаад тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргад мэдэгдэж, үйл ажиллагаа явуулах хяналтад орох боломжтой байсан. Нэхэмжлэгч 2011 онд тусгай зөвшөөрлөө авсан атлаа 2015 он хүртэл ашиглаагүй. Гэтэл 2011, 2012, 2013 онд нэр бүхий гуравдагч этгээдүүд газар дээрээ тариалан эрхлээд ургацаа аваад явж байна.

Гуравдагч этгээдүүд хөрөнгө оруулан, үйл ажиллагаа явуулсан. Бодит байдал дээр хэн нь үйл ажиллагаа явуулсан нь харагдана. Хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учраас газрыг ашиглах боломжгүй байсан гэдгээ 2015 оноос хойш хуулийн этгээд, иргэдтэй маргаантай гэж тайлбарладаг. Маргаантай байсан ч газар дээрээ үйл ажиллагаа явуулахыг хориглосон тушаал, шийдвэр байхгүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн. Үүнээс хойш Ашигт малтмалын тухай хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагааг зохицуулагдахаа больсон. 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхийг даалгасан. “СБ” ХХК нь 2011 онд тусгай зөвшөөрөл олгогдсон гэж байгаа боловч хуулиа дагаж, хэрэгжүүлээгүй, шинэчилсэн бүртгэлд бүртгэгдээгүй.

 Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар НЗД уг асуудалд хяналт тавих ёстой. Хэдийгээр эдэлбэр газрын болон тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөд явж байсан гэж байгаа боловч Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулахгүй байгаа. 

Ашигт малтмалын газраас ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо нөхцөл байдлыг бүрэн судлаагүй байна. Өөрөөр хэлбэл НЗД болон дүүргийн Засаг даргаас ямар нэгэн байдлаар иргэн, аж ахуйн нэгжид газар олгосон, олгохоор төлөвлөж байгаа эсэхийг тордуулаагүй. Нийслэлийн Туул тосгоны 2020 он хүртэлх төлөвлөгөөнд уул уурхайн эдэлбэр газар байна, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлуулна гэж тусгагдаагүй. Харин иргэдийн суурьшлын бүс, ургамал тариална гэсэн төлөвлөлтийг шүүхэд гарган өгсөн. Энэ төлөвлөгөөнд төрийн захиргааны байгууллага дүгнэлт хийлгүйгээр шууд ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон. Суурьшлын бүсэд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож байгаа нь иргэдийн эрхийг шууд хөндөж байна.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 303 дугаар шийдвэр нь иргэдийн газар эзэмших эрхэд халдсан. Эргэлтийн цэг бүртгэгдсэний дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр эсэх асуудал яригдана. Гэтэл эргэлтийн цэг нь байхгүй, тодорхойгүй байхад ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож байгаа нь хууль бус байна.

Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын хавсралт 8-д Аж ахуйн нэгжид үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх газрын дээд хэмжээг зааж өсгөн бөгөөд 6 дахь хэсэгт Хот, тосгон, бусад суурины газрын хилийн заагийн доторх уурхайн эдэлбэр ашиглагчдад эзэмшүүлэх газрын хэмжээ 25.0 га хүртэл гэж зааж өгсөн. Геодези, зураг зүйн газраас ирүүлсэн зургаас харахад хажуу талд нь үйлдвэр байгаа. Энэ нь үйлдвэр нь 1970 оны үед байгуулагдсан бөгөөд суурьшлын бүс гэдэг нь нийтэд илэрхий баримт.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу гуравдагч этгээдүүдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдсан гэж үзэх үндэслэлтэй.  

Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхийг даалгасан. Уг шинэчилсэн бүртгэлд “СБ” ХХК нь бүртгүүлсэн гэсэн баримт ирээгүй. 

Нэхэмжлэгч “СБ” ХХК-д Ашигт малтмалын газраас олгосон тусгай зөвшөөрлийн талбай нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаар нөөцөд хамаарна.

Засаг даргаас санал авахаар мэдэгдлийг хүргүүлсэн гэж байгаа боловч НЗДд хүргэгдээгүй. Үнэхээр албан бичиг НЗДд очсон уу гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй. Хэрэгт хүргэгдсэн эсэх нь мэдэгдэхгүй албан бичиг байгаа боловч хариу өгөх этгээд нь надад ямар нэг бичиг ирээгүй гэдэг тайлбар өгсөн. Гуравдагч этгээдүүд газар эзэмшээд тариалалт хийж буй эрхэд маргаан бүхий эрхийн акт халдаж байна. 

Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо НЗДас санал аваагүй анхдагч тусгай зөвшөөрөл хууль бус учраас ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хууль бус юм.” Иймд бие даасан шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

Гуравдагч этгээд “НД” ХХК, Б.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 онд өмнөх шүүхийн маргаанд Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас шүүхэд тайлбар ирүүлэхдээ 777 хуудас баримт ирүүлсэн. Уг баримтад давхцалтай 118 аж ахуйн нэгж, иргэний материалыг ирүүлсэн. Уг баримтуудтай нэхэмжлэгч танилцсан бөгөөд 2015 онд “СБ” ХХК нь манай газартай 118 аж ахуйн нэгж, иргэний газар давхцалтай гэдгийг мэдсэн. Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл аваад НЗД болон дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авах ёстой. Зөвшөөрөл аваагүй болох нь тус шүүхэд 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн албан бичигт “...“СБ” ХХК нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход дүүргийн Засаг даргаас санал авахаар албан бичиг ирүүлээгүй байна” гэсэн албан бичгээр нотлогдож байна. Дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл аваагүй учраас бүртгэлд орохгүй. Иймд Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзэх боломжгүй. Засгийн газрын 2003 оны Хуулиудыг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 28 дугаар тогтоолын хавсралт 8-д Аж ахуйн нэгжид үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх газрын дээд хэмжээг зааж өсгөн бөгөөд 6 дахь хэсэгт Хот, тосгон, бусад суурины газрын хилийн заагийн доторх уурхайн эдэлбэр ашиглагчдад эзэмшүүлэх газрын хэмжээ 25.0 га хүртэл гэж зааж өгсөн. Гэтэл “СБ” ХХК-д 116 га газрыг олгосон нь хууль бус юм.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгоход Засаг даргад бичгээр мэдэгдэнэ гэж заасан. Гэтэл яаж мэдэгдсэн нь тодорхойгүй байна. Албан бичгийг явуулсан гэж байгаа боловч НЗДд хүргэгдсэн баримт хэргийн материалд байхгүй байна.

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо нь хот, суурин гэдэгт орно. “СБ” ХХК-ийн эзэмшиж буй газар дээгүүр өндөр хүчдэлийн цахилгааны шугам явж байгаа. Үүнийг Ашигт малтмалын газраас тооцож үзээгүй. Өндөр хүчдэлийн цахилгааны шугам байгаа газарт ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгох боломжгүй” гэжээ. 

Гуравдагч этгээд “ЗС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж******* болон түүний өмгөөлөгч Ц.Ж******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдүүдийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 303 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлага гаргаж байна. “ЗС” ХХК нь 2009 онд газар эзэмших хүсэлтээ гаргаж, 2011 онд газар эзэмших эрхээ авсан. Тэгэхээр газар эзэмших эрх нэхэмжлэгчээс түрүүнд үүссэн. Нэхэмжлэгч уурхайн эдэлбэр газраа авах хүсэлт гаргаагүй, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй тохиолдолд газар эзэмших эрх үүссэн гэж ойлгож болохгүй. Дүүргийн Засаг даргаас санал авалгүйгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ямар ч хэлбэрээр олгож болохгүй. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр дээрх шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

Гуравдагч этгээд нарын эрх, ашиг сонирхол хөндөгдсөн нь мэргэжлийн байгууллага нь хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс үүсэлтэй байна. Нэгэнт олгогдсон учраас цуцлах хууль зүйн үндэслэл байхгүй гэж тайлбарлаж болохгүй. НЗД гаргасан захирамжаа хүчингүй болгох, өөрчлөх эрх нь өөрт нь хадгалагдаж байгаа. Засгийн газрын тогтоолоор 25 га хүртэлх газрыг олгох боломжтой гэж заасан. Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо гэснээр тухайн хорооны нутаг дэвсгэрт багтаж байна гэдгийг маш тодорхой хэлж байна. Тэгэхээр 25 га талбайд газар олгох хууль зүйн боломж байсан. Гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагын хүрээнд шинээр захиргааны акт гаргах хууль зүйн шаардлага НЗДд байна. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд нарын эрх ашгийг хөндөхгүй байдлаар дахин захиргааны акт гаргах нөхцөл байдал харагдаж байна” гэжээ. 

Гуравдагч этгээд “ХЭ” ХХК-ийн төлөөлөгч Б.Д******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “ХЭ” ХХК нь 2009 онд ХУД ЗД- захирамжаар 2 га газрыг авсан. 2010 онд эзэмшил газраа тариалалтад бэлтгэн хашаа барьсан. 2011 онд 2500 ширхэг чацарганын суулгац суулгасан. Одоо уг суулгац маань 6 нас хүрч энэ жил анхны ургацаа авсан. Ургац авахын тулд нойр, хоол гэх мэт бүх зүйлээ зарцуулсан. Миний амьдралын 6, 7 жилийн хөдөлмөр шингэсэн. Тухайн газарт Шувуун тосгон гэж байгуулагдаад 60 ,70 жил болж байна. Тус газар Шувуун фабрикийн хур хог байсан. Энэ хур хогийг ковш, камаз машинаар сар гаруйн хугацаанд цэвэрлэж, тариалалтад бэлтгэсэн. Тухайн үед “СБ” ХХК нь ор сураггүй байсан. 6, 7 жил болоход чи хүний газар авсан байна гэж нэг ч хүн яриагүй. Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас албан ёсоор, хууль эрх зүйн актаар газрыг хүлээн авч үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсын агаарын бохирдолд бага ч гэсэн хувь нэмрээ оруулахаар ажилласан. Миний ард 100 гаруй хүн ажиллаж байна. Эдгээр хүмүүсийн эрх ашиг хөндөгдөнө. Үүнд шүүх ухаалгаар хандаж зөв талд нь шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд “МНА” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МНА” ТББ нь ХУД ЗД- 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 207 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд газар эзэмших эрх авсан. Газар эзэмших эрх өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байгаа. Тус газрыг н******* тарих зориулалтаар ашиглаж байгаа бөгөөд өвлийн улиралд ашиглах хүлэмж барих зорилгоор ажил хийгдэж байна. Хүлэмжийг улсын бүртгэлд бүртгүүлэх болон цахилгаан эрчим хүчний асуудлаар эрх бүхий байгууллагад хандахад газрын баталгаажсан кадастрын зураг хийлгэсэн байхыг шаардсан. Кадастрын зураг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Газрын албанд хандахад “СБ” ХХК-д олгосон газартай давхцалтай, шүүхэд маргаантай байгаа учраас кадастрын зураг гарган өгөх боломжгүй гэж мэдэгдсэн.

ХУД ЗДас манайд газар эзэмших эрх олгосны дараа Ашигт малтмалын газраас “СБ” ХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг манай газартай давхардуулан олгосон. Энэ нь “МНА” ТББ-ын эрх, ашгийг шууд зөрчсөн. Уг нөхцөл байдлыг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэгч нь өнөөдрийн байдлаар газрыг ашиглаж байгаа нөхцөл байдал байхгүй. Ашиглаагүй учраас манай эрх ашиг зөрчигдсөн гэдэг байдлаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын газрын 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн МҮ-016813 дугаар гэрчилгээгээр “СБ” ХХК-д олгосон 116.35 га газар нь “МНА” ТББ-д олгосон газартай давхцалтай болохыг тогтоолгож, давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэжээ. 

Гуравдагч этгээд “ПХ” ХХК-ийн захирал Г.Ц******* шүүхэд гаргасан тайлбартаа: “СБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт “Улаанбаатар скай” ХХК нь гуравдагч этгээдээр татагдан оролцож байгаа бөгөөд уг компаниас 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/314 тоот захирамжаар 20.000 м2 газрыг  “П” ХХК-нд шилжүүлэн өгсөн болно. Одоогийн байдлаар уг газар дээр худаг гаргасан, цахилгаан шугам татсан, 4 улиралын хүлэмжийн барилга байгууламжийг 70 хувьтай барьсан. 

“П*******” ХХК-ийн 50 хувийг иргэн Г.Ц******* би 2017 оны 3 дугаар сард худалдан авч тус компанийн 50 хувийн эзэмшигч болсон. Худаг, цахилгаан дамжуулах шугам, хүлэмж барихад одоогийн байдлаар 92 сая төгрөг зарцуулаад байна. Дээрх ажлыг хийж гүйцэтгэж байхад “СБ” ХХК-ийн зүгээс нэг ч удаа ирж уулзаагүй, утсаар яриагүй. Бид дээрхи эзэмшиж байгаа газрынхаа төлбөрийг Хан-Уул дүүргийн Газрын албанд тогтмол төлж байсан. Иймд “СБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

“СБ” ХХК нь тус шүүхэд хандан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Үүнд:

1. ХУД ЗД- 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 234 дүгээр захирамжийн  “ЗС” ХХК-ийн эзэмшиж байгаа газраас давхцал бүхий 9913,6 м2 газрыг  хүчингүй болгуулах, 

2. ХУД ЗД- 2011 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 283 дугаар захирамжийн  “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 

3. ХУД ЗД- 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/374 дүгээр захирамжийн  Я.Хгийн газраас давхцал бүхий 4951 м2 газрыг хүчингүй болгуулах, 

4. ХУД ЗД- 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/343 дугаар захирамжийн  “НД” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 

5. ХУД ЗД- 2013 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийн А/279 дугаар захирамжийн  иргэн Я.Т, Т.Ц, Г.Г нарт  холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 

6. ХУД ЗД- 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/260 дугаар захирамжийн  Б.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 

7. ХУД ЗД- 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/364 дүгээр захирамжийн  “П” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 

8. ХУД ЗД- 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/225 дугаар захирамжийн  “МНА” ТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 

Гуравдагч этгээд “З” ХХК, “Х” ХХК, Я.Х, “Н” ” ХХК, Я.Т, Т.Ц, Г.Г, Б.О, “П” ХХК-иуд нь Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 303 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох,  

“МНА” ТББ-аас Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 303 дугаар шийдвэрийн өөрийн эзэмшил газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1151 дүгээр шийдвэрээр  Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Алтан элс-2 нэртэй газарт 168.32 га талбай бүхий газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, улмаар 2011 оны 4  дүгээр сарын 05-ны өдрийн 303 дугаар шийдвэрээр 116.35 га талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “СБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч “СБ” ХХК-иас дээрх нэр бүхий 10 иргэн, хуулийн этгээдэд манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл анх олгогдож, дараа нь ашиглалтын тусгай зөвшөөрөл болсон талбайд газар давхардуулан олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3. “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”, гэсэн хуулийн заалтыг ХУД ЗД зөрчиж газар давхардуулан олгосон бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2.”харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох;” гэсэн үүргээ хэрэгжүүлэлгүй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн 27.1.1. “тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах;” гэж заасан нэхэмжлэгчийн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан гэж маргаж байна. 

Харин хариуцагч ХУД ЗД- итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчид Газрын тухай хууль болон Газрын хэвлийн тухай хуульд зааснаар газар эзэмших, ашиглах эрх үүсээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг няцааж байх бөгөөд нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгогдсоноор тухайн газрыг ашиглах эрх  үүссэн бөгөөд заавал дүүргийн Засаг даргаас захирамж гаргуулах эрх зүйн зохицуулалт байхгүй, харин дүүрэг өөрсдөө газрын мэдээллийн сандаа мэдээллээ оруулах ёстой байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.  

У нь Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2. “Газрын хэвлий, ой, ус, хийн мандлын агаар, ургамал, амьтан, байгалийн бусад баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна.” гэж зааснаар Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1. “Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/-ийг газрын хэвлий гэнэ.”, 10 дугаар зүйлийн 1. “Газрын хэвлийг дор дурдсан зориулалтаар ашиглуулахаар олгоно:”, 2/ ашигт малтмал, 8 дугаар зүйлийн  2. “Сум, дүүргийн Засаг дарга газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 2/ “нутаг дэвсгэртээ газрын хэвлийн баялгийг ашиглуулахтай холбогдуулан эдэлбэр газар олгох;”, 13 дугаар зүйл “Уурхайн эдэлбэр олгосон тухай актыг үндэслэн ашигт малтмалыг олборлоход зориулан газрын хэвлийг олгоно.” гэж заажээ. 

Мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийн 21.5.3. “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.”, 27 дугаар зүйлийн 27.1.”Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 28 дугаар зүйлийн 28.1. “Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь дор дурдсан төрөлтэй байна:, 28.1.3.”аж ахуйн нэгж, байгууллагын”, 29 дүгээр зүйлийн 29.6.”Аж ахуйн нэгжид үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зориулан эзэмшүүлэх газрын дээд хэмжээг Засгийн газар тогтооно.”, 32 дугаар зүйлийн 32.1. “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана.” гэж тус тус заасан байна. 

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.1. “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 31.1.4. “эрх бүхий байгууллагаас олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлд заасны дагуу эдэлбэр газар олгох;”, гэж заасан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.18.”уурхайн талбай” гэж энэ хуулийн 4.1.16-д заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг;, 4.1.16.”ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг; 4.1.19.”уурхайн эдэлбэр” гэж уурхайн талбайтай давхацсан, ашигт малтмал олборлох геологийн тогтоцын хэсгийг;” гэж зааснаас үзвэл ашигт малтмал ашиглах талбайтай давхацсан хэсэгт эдэлбэр газар олгох эрхийг дүүргийн Засаг даргад олгожээ. 

Гэтэл нэхэмжлэгч “СБ” ХХК нь анх Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1151 дүгээр шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл, 2011 оны 4  дүгээр сарын 05-ны өдрийн 303 дугаар шийдвэрээр 116.35 га талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсаны дараа харьяа дүүргийн Засаг даргад Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлтээ гаргаагүй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар газар ашиглах эрх үүсээгүй байх тул мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдүүдийн хүсэлт гаргасан газар нь “СБ” ХХК-ийн ашиглаж байгаа газартай давхацсан гэж үзэх үндэслэлгүй байна. 

Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигчид тусгай зөвшөөрөл олгосоны дараа харьяа сум, дүүргийн Засаг даргад хандан газар ашиглах хүсэлтээ гаргаж, газар ашиглах гэрээгээ байгуулах үүргийг үгчлэн тусгаж өгөөгүй хэдий ч Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1. “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, ... энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.” гэж зааснаар дээр дурдсан хуулийн заалт болон Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3. “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь баримт бичгийг уурхай дээр байлгана:”, 35.3.7. “газар, ус ашиглах тухай гэрээ.” гэж зааснаас үзвэл “СБ” ХХК нь Газрын тухай хууль болон Газрын хэвлийн тухай хуульд зааснаар газар ашиглах эрхээ олж аваагүйгээс одоогийн маргаантай асуудал үүсчээ. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсээс ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авсан хэдий ч газар ашиглах эрх нь дүүргийн Засаг даргын захирамж гарсанаар үүсч, тухайн газарт ашигт малтмал ашиглах эрх хуулийн дагуу бүрэн баталгаажих байжээ.  

Иймд нэхэмжлэгч “СБ” ХХК-д газар ашиглах эрх Газрын тухай хуулийн дагуу үүсээгүй байх тул гуравдагч этгээдүүдэд хуульд заасан журмын дагуу газар эзэмшүүлсэн захирамжуудыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй гэж шүүх дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гуравдагч этгээдүүдээс нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байх боловч уг үндэслэлээр анхан шатны шүүх 2 удаа хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 221/ШТ2017/0794 дүгээр магадлал ,  2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 221/ШТ2018/0046 дугаар магадлалаар  хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй талаар удаа дараа дүгнэсэн байх тул дахин уг асуудалд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

Гуравдагч этгээдүүдийн гаргасан бие даасан шаардлагын тухайд Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. “Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь дор дурдсан төрөлтэй байна:”, 28.1.3.”аж ахуйн нэгж, байгууллагын”, 29 дүгээр зүйлийн 29.6.”Аж ахуйн нэгжид үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зориулан эзэмшүүлэх газрын дээд хэмжээг Засгийн газар тогтооно.” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтаар Аж ахуйн нэгжид үйлдвэрлэл, үйлчилгээ, эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх газрын дээд хэмжээг баталсан  байх бөгөөд Хот, тосгон, бусад суурины газрын хилийн заагийн доторхи уурхайн эдэлбэр ашиглагчдад эзэмшүүлэх газрын хэмжээ 25.0 га хүртэл байхаар тогтоож өгчээ. 

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2. “Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана:”, 6.2.2. “хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар;”, 10 дугаар зүйлийн 10.1. “Монгол Улсын газрын нэгдмэл санг дараахь байдлаар ангилна:”, 10.1.2. “хот, тосгон, бусад суурины газар;”, 12 дугаар зүйлийн 12.1. “Хот, тосгон, бусад суурины газарт хот, тосгон, бусад суурины барилга, байгууламж, үйлдвэр, уурхайн дэвсгэр болон нийтийн эдэлбэрийн газар, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газар хамаарна.” гэж заасан.

Нэхэмжлэгчээс уг маргаан бүхий газрыг суурины газар биш гэж маргаж байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 07/686 дугаар албан бичиг , Хан-Уул дүүргийн Иргэдийн нийтийн хурлын 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 19 тоот албан бичиг , Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 35 тоот албан бичгийг  тус тус үндэслэн маргаж байна. 

Гэтэл тухайн газар нь суурины газар болох нь хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн Улаанбаатар хотын 2011, 2012, 2013 оны сансрын зургууд , Хан-Уул дүүргийн 13-р хорооны Засаг даргын нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдэд гаргаж өгсөн тодорхойлолтууд, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4/31 дүгээр тогтоол , 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/53 дугаар тогтоол , Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл, Био-комбинат, Туул шувуун фабрик орчмыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө  зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.  

Хэдийгээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 198 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 12, 13, 14-р хорооны нутаг дэвсгэр дэх “Биокомбинат, Туул-шувуун фабрик орчмыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-өөг баталж, төлөвлөлтийн бүсээс гадна нөөц талбай бүхий газрыг тусгасан  байх бөгөөд нэхэмжлэгч дүүргийн Засаг даргад хүсэлтээ гаргаж, өнөөдрийн байдлаар газар ашиглаагүй байх тул одоогийн нөхцөл байдлыг Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагыг баталсан дээрх баримтуудтай уялдуулан дүгнэлт хийж, нотлох баримтыг шүүх үнэлсэн болно. 

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 303 дугаар шийдвэрээр 25.0 га газраас илүү хэмжээгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус болох үндэслэл мөн боловч нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлөөр олгосон уурхайн талбайн гуравдагч этгээдүүдтэй давхцал бүхий хэсгээс  бусад талбай нь гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. 

Иймд анх Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 303 дугаар шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон талбайд 25.0 га газраас их хэмжээгээр газар ашиглуулах шийдвэрийг дүүргийн Засаг даргаас олгох боломжгүй байх тул Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5. “Газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгоно.”, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн 11.2.2. “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргасан тохиолдолд уг зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах;” гэж зааснаар гуравдагч этгээд “З” ХХК, “Х” ХХК, Я.Х, “Н” ” ХХК, Я.Т, Т.Ц, Г.Г, Б.О, “П” ХХК, “МНА” ТББ-ын газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгосон шийдвэрийг НЗДас гаргах хүртэл Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 303 дугаар шийдвэрийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.3.11 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 8 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2, 13 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.1 дэх хэсгийн 31.1.4, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.16,  4.1.18,  4.1.19, 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийн 35.3.7 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “СБ” ХХК-ийн ХУД ЗД- 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 234 дүгээр захирамжийн “ЗС” ХХК-ийн эзэмшиж байгаа газраас давхцал бүхий 9900 м2 газрын эзэмших эрхийг,  2011 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 283 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг, 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/374 дүгээр захирамжийн Я.Хгийн газраас давхцал бүхий 4951 м2 газрын эзэмших эрхийг, 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/343 дугаар захирамжийн “НД” ХХК-д холбогдох хэсгийг, 2013 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийн А/279 дугаар захирамжийн иргэн Я.Т, Т.Ц, Г.Г нарт  холбогдох хэсгийг, 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/260 дугаар захирамжийн Б.Од холбогдох хэсгийг,  2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/364 дүгээр захирамжийн “П” ХХК-д холбогдох хэсгийг, 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/225 дугаар захирамжийн “МНА” ТББ-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.6, Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн 6.2.2, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.2, 12 дугаар зүйлийн 12.1, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.3, 29 дүгээр зүйлийн 29.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн 11.2.2 дахь заалтыг тус тус баримтлан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 303 дугаар шийдвэрийг “З” ХХК, “Х” ХХК, Я.Х, “Н” ” ХХК, Я.Т, Т.Ц, Г.Г, Б.О, “П” ХХК, “МНА” ТББ-ын газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгосон шийдвэрийг НЗДас гаргах хүртэл 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 сарын хугацаа тоологдохыг мэдэгдсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 303 дугаар шийдвэр хүчингүй болохыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг, гуравдагч этгээдүүдээс төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 140400 төгрөгийг гаргуулан “МНА” ТББ-д 70200 төгрөгийг, бусад гуравдагч этгээдүүдэд 70200 төгрөгийг олгосугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ                          Л.ӨЛЗИЙЖАРГАЛ