| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0035/Э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2020-02-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Д холбогдох эрүүгийн 1907005330015 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ....................................... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн ..................... дугаартай, ******* овогт Б.Д.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Д нь Н******* тоотод 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шөнийн 03 цагийн орчимд М.Мтай маргалдан улмаар хөл рүү өшиглөж зодож биед нь баруун зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тэр өдөр бид хэд наймуулаа гарсан. Караокенээс гараад манай нөхрийн ахынд очсон. Тэгээд М.М гэртээ ороод гэр орон цэвэрлэсэнгүй гээд нөхөрлүүгээ хашхираад байсан. Тэгээд хүүхэд нь уйлаад байсан. Тэгэхээр нь би хамт идэж уусан байж яах гэж ингээд нөхөрлүүгээ дайрдаг юм бэ, ямар сонин зантай юм гээд би гэрийг чинь цэвэрлээд өгье гэсэн. Тэгээд уурлаад нэг нэгнийхээ үснээс зулгаалцсан. Тэгээд цагдаа дуудсан байсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Д яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 21-ний орой найзуудын хамт караокед орж дуулж байгаад гарч Б.Бгийн гэрт очиж ууцгаасан. Шөнө Цээгий гэдэг найз нь гэрт нь бөөлжсөн чинь М.М уурлаад нөхөр рүүгээ гэр орон заваарууллаа пизда минь цэвэрлэ гээд дайраад эхэлсэн. Тэгэхээр нь нөхөр рүүгээ уурлаад хэрэггүй би цэвэрлээд өгье сонин зантай юм бэ гээд маргалдаад барилцаж бие биенээ үсдэлцээд хүмүүс салгасан. Тэгээд нэг мэдэхэд М.М цагдаа дуудчихсан, удалгүй цагдаа нар ирээд намайг авчирч эрүүлжүүлсэн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 45 дугаар хуудас/
Хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай нөхөр бид 2 Нарангийн 28-594 тоотод гэртээ байхад Б.Д залгаад караокед оръё гээд Цээгий, Б.Д, Б.А бид нар Баян Налайх караокед сууж байгаад манайх руу очиж архи пиво ууцгаасан юм. Би хоол унд хийж өгөөд нэг их уугаагүй. Цээгий манай гэрт бөөлжиж согтоод тасраад уначихсан, шөнийн 03 цагийн орчимд манай хүүхэд унтахгүй уйлаад байхаар нь би нөхөртөө гэр орноо цэвэрлэ гэхэд хүн амьтан ирчихээд байхад гээд нөхөр уурлаж надтай хэрэлдээд гэрээс гарч явсан, би араас нь гарахад миний араас Б.Д гарч ирээд чиний хар овоохойг чинь хэн ч гэсэн цэвэрлээд өгий шдээ чи бид нарыг хөөгөөд байгаа юм уу гээд намайг хашаанд дотор алгадаад түлхээд унагахаар нь би босч ирэхэд тэр хэд салгаж болиулсан. Дараа нь гэрт орсны дараа Б.Д намайг чи янхан гэх мэтээр зөндөө хэл амаар доромжилж миний хөл гар руу олон өшиглөж хэд хэдэн удаа чимхээд үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үснээс зулгааж бас тэд салгасан” гэх мэдүүлэг, /хх-ийн 8 дугаар хуудас/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Б.Д, Б.А, Цээгий бид нар уулзаад караоке орж сууж байгаад буцаж гэртээ ирээд үргэлжлүүлээд архи пиво ууцгаасан юм. манай эхнэрийн найз Цээгий манай гэрт бөөлжиж согтоод тасраад уначихсан, шөнийн 03 цагийн орчимд манай эхнэр гэр орноо цэвэрлэе одоо хүмүүсээ явуул гэхэд хүн амьтан ирчихээд байхад гээд би уурлаад гэрээс гараад явчихсан, эхнэр араас гарахад түүний араас Б.Д гарч ирээд чиний хар овоохойг чинь хэн ч гэсэн цэвэрлээд өгий шдээ чи бид нарыг хөөгөөд байгаа юм уу гээд манай эхнэрийг нүүрэнд нь түлхэж унагаахад нь Б.А бид 2 болиулсан. Тэгтэл гэрт ороод бие биенийхээ үснээс зулгааж хэрэлдээд Б.Д манай эхнэрийн хөл гар руу цохиж өшиглөөд хөлөнд нь чимхээд байсан. Тэгээд манай эхнэр цагдаад дуудлага өгч Б.Д өгч явуулсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 17 дугаар хуудас/
Гэрч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 21-ний орой манай дүү Б.Бгийн гэрт бид нар найзуудаараа нийлж жаахан уусан юм, шөнө манай дүү Б.Бгийн эхнэр М.М нөхөр рүүгээ уурлаад гэр орон заваарууллаа пизданууд гээд байхаар нь манай эхнэр Б.Д чи яагаад нөхөр рүүгээ уурлаад байгаа юм би цэвэрлэчихье гэж маргалдаад барилцаж бие биенээ үсдэлцээд авахаар нь бид нар салгасан, тэгээд Б.Б бид 2 гарч тамхилчихаад ороод ирэхэд маргалдаж байгаад М.М цагдаа дуудчихсан, удалгүй цагдаа нар ирээд Б.Дг авчирч эрүүлжүүлсэн” гэх мэдүүлэг, /хх-ийн 18 дугаар хуудас/
Гэрч Ц.Шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 21-ний орой бид нар найзуудаараа караокед орж дуулж байгаад Б.Бгийнд бөөндөө очиж архи пиво ууж суусан. Нэлээд ууж сууж хоол унд идэж байгаад шөнө М.М гэнэтхэн гэр орон заваарууллаа гээд нөхөртэйгээ муудаад дараа нь Б.Дтэй маргалдаж гадаа гарч муудалцаж байгаад гэрт орж ирээд бие биенээ хэл амаар доромжилж байгаад зууралдаад үснээс таталцахаар нь манай нөхөр Л.Б салгаад байсан. Тэгээд М.М цагдаа дуудчихсан, удалгүй цагдаа нар ирээд Б.Дг авч явсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 22 дугаар хуудас/
Гэрч Л.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 21-ний орой найзуудтайгаа караокед орж дуулж байгаад Б.Бгийнд бөөндөө очиж архи пиво ууж суусан. Тэднийд ууж сууж хоол унд идэж байгаад шөнө М.М гэнэтхэн гэр орон заваарууллаа гээд нөхөртэйгөө муудаад дараа нь Б.Дтэй маргалдаж гадаа гараад явчихсан, гадаа муудалцаж байгаад гэрт орж ирээд бие биенээ хэл амаар доромжилж байгаад зууралдаад бие биеэ үсдээд зууралдахаар нь би салгахад Б.Д М.Мг уруул ам хавьд нь маажсан, дараа нь М.М цагдаа дуудчихсан, удалгүй цагдаа нар ирээд Б.Дг авч явсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 24 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14401 дугаар:
“1. М.М-н биед баруун зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь Н******* тоотод 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шөнийн 03 цагийн орчимд М.Мтай гэрээс хөөлөө гэх шалтгаанаар маргалдан улмаар хөл рүү өшиглөн зодож биед нь баруун зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт: “уурлаад нэг нэгнийхээ үснээс зулгаалцсан” гэх, Шүүгдэгч Б.Д яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “маргалдаад барилцаж бие биенээ үсдэлцээд хүмүүс салгасан.” гэх, Хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “миний араас Б.Д гарч ирээд чиний хар овоохойг чинь хэн ч гэсэн цэвэрлээд өгий шдээ чи бид нарыг хөөгөөд байгаа юм уу гээд намайг хашаанд дотор алгадаад түлхээд унагахаар нь би босч ирэхэд тэр хэд салгаж болиулсан. Дараа нь гэрт орсны дараа Б.Д намайг чи янхан гэх мэтээр зөндөө хэл амаар доромжилж миний хөл гар руу олон өшиглөж хэд хэдэн удаа чимхээд үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үснээс зулгааж бас тэд салгасан” гэх, Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.Д гарч ирээд чиний хар овоохойг чинь хэн ч гэсэн цэвэрлээд өгий шдээ чи бид нарыг хөөгөөд байгаа юм уу гээд манай эхнэрийг нүүрэнд нь түлхэж унагаахад нь Б.А бид 2 болиулсан. Тэгтэл гэрт ороод бие биенийхээ үснээс зулгааж хэрэлдээд Б.Д манай эхнэрийн хөл гар руу цохиж өшиглөөд хөлөнд нь чимхээд байсан. Тэгээд манай эхнэр цагдаад дуудлага өгч Б.Д өгч явуулсан.” гэх, Гэрч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.Бгийн эхнэр М.М нөхөр рүүгээ уурлаад гэр орон заваарууллаа пизданууд гээд байхаар нь манай эхнэр Б.Д чи яагаад нөхөр рүүгээ уурлаад байгаа юм би цэвэрлэчихье гэж маргалдаад барилцаж бие биенээ үсдэлцээд авахаар нь бид нар салгасан” гэх, Гэрч Ц.Шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “М.М гэнэтхэн гэр орон заваарууллаа гээд нөхөртэйгээ муудаад дараа нь Б.Дтэй маргалдаж гадаа гарч муудалцаж байгаад гэрт орж ирээд бие биенээ хэл амаар доромжилж байгаад зууралдаад үснээс таталцахаар нь манай нөхөр Л.Б салгаад байсан” гэх, Гэрч Л.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.Дтэй маргалдаж гадаа гараад явчихсан, гадаа муудалцаж байгаад гэрт орж ирээд бие биенээ хэл амаар доромжилж байгаад зууралдаад бие биеэ үсдээд зууралдахаар нь би салгахад Б.Д М.Мг уруул ам хавьд нь маажсан, дараа нь М.М цагдаа дуудчихсан, удалгүй цагдаа нар ирээд Б.Дг авч явсан” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14401 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Дд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 600 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох дүгнэлт гаргасан ба шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож түүнд 500 нэгжийн торгох ял оногдуулж 5 сар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Б.Дг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД