| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0039/Э |
| Дугаар | 39 |
| Огноо | 2020-03-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунгэрэл,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
хохирогч С.Ю,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Г.Бд холбогдох эрүүгийн 2007000000031 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, тоосгоны үйлдвэрт ажилладаг, ам бүл 3, эхнэр, 12 настай хүүхдийн хамт амьдардаг, ........................................ оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаартай, ******* овогт Г.Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Налайх дүүргийн 3 дугаар хороо, дэнж склад задгай тоот гэртээ эхнэр С.Ютэй гэр бүлийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар С.Югийн биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Үйлдсэн хэргээ зөвшөөрч байна. Маш их харамсаж байна...” гэв.
Хохирогч С.Ю нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гомдол санал байхгүй. Манай хүний гар нь өвдөг юм. Би өвчин намдаах эм авч өгч чадахгүй. Хүнээс асуухад 100 грамм архи уувал өвчин намддаг юм гэхээр нь би авчирч өгсөн миний буруу. Гар нь өвдөөд шөнө унтаж чаддаггүй юм. Тэгээд миний хөгшин унтаж бай би өвчин намдаах эм аваад ирье гээд нүүрсэнд явсан боловч би мөнгө олж чадаагүй тэгээд хүнээс асуухад 100 грамм архи намдаадаг гэхээр нь би авчирч өгсөн. Энэ нөхцөл байдал үнэн хэрэгтээ миний буруу надад гомдол санал байхгүй..” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Б яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэртээ унтаж байх хооронд нүүрсэнд яваад ирсэн. Намайг сэрээгээд 0,33 литрийн сайхан нэртэй архи өгсөн. Өвчнөө дар наадахаа уугаарай гэж хэлсэн. Тухайн архийг би задлаад 3 удаа өөртөө хийж уусан. Эхнэр С.Ю нэг удаа аягалж өгсөн. Би эхнэрийг хүргэн Жагаатай хардаж маргалдсан. Мод цуулах гээд заазуур аваад зүүн гартаа барьчихсан байсан. Тухайн үед гэнэт уур хүрээд эхнэрийг заазуураар цохичихсон. Эхнэрийн зүүн хөмсөгний дээд хэсгээс цус гарсан. Би цусыг нь тогтоох гэж оролдсон боловч тогтохгүй байсан. Эхнэр түргэн дуудсан түргэн ирсэн боловч эхнэр өөрөө яваагүй. Сүүлд нь араас нь хүү Чойжилсүрэнг дуудаад эмнэлэг явсан. Би гэрээсээ гараад Чойжилсүрэнгийн гэрт очоод унтсан. Би оройхон сэрээд эргээд гэртээ ирэхэд эхнэр ирчихсэн байсан. Би шууд унтаж амарсан маргааш өглөө нь 07 цагийн үед сэрсэн. Эхнэр толгой өвдөөд байна архинаасаа хийгээд өг гэхээр нь нэг удаа хийж өгсөн. Үлдсэн жоохон архийг нь би өөрөө уусан. Эхнэртэйгээ дахин хүргэнээс болж маргалдсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 39 дүгээр хуудас/
Хохирогч С.Ю мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр би галын нүүрсэнд уурхай руу очиж ажилласан. Би орой 19 цаг өнгөрч байх үед буцаж гэрлүүгээ ирсэн. 2 шуудай нүүрсний нэг шуудайг зараад нэг шуудайгаа гэрлүүгээ авч харьсан. Би замдаа нөхрийнхөө өвчнийг намдаах зорилгоор 0,33 литрийн сайхан нэртэй нэртэй архи дэлгүүрээс авч харьсан. Гэрт ирэхэд нөхөр Г.Б унтаж байхад сэрээгээд энийг уучихаа өвчнөө намдаа гээд архи өгсөн. Нөхөр архийг задлаад 2 3 удаа татсаны дараа танай хүргэн чинь гараад ирсэн байна лээ шдээ хүргэнтэйгээ янхандаж унтаж хэвтэж байгаад ирэв үү гэж хэлэхээр юу яриад байгаа юм бэ гэж хэлэхэд хүргэнтэйгээ янхандаач хаанаас авсанг нь мэдэхгүй заазуур зүүн гартаа барьчихсан байсан. Миний духны баруун хэсэгт нэг удаа заазуурдчихсан. Тэр үед шууд халуун оргиод нүүрээр цус бүрхээд ирчихсэн. Г.Б миний цусыг тогтоох гэж оролдсон боловч тогтохгүй байсан. Би өөрөө түргэн дуудаж түргэний машин ирээд явъя гэхээр нь зүгээр байлгүй дээ гэж хэлээд түргэний машиныг явуулсан. Оройхон эмнэлэг хүүхэд Чойжилсүрэнгийн хамт очиж оёдол тавиулаад гэртээ буцаж ирсэн. Гэртээ ирэхэд нөхөр байгаагүй шөнө дунд орж ирээд унтаж амарсан. Өглөө сэрээд архинаас чинь үлдсэн үү толгой өвдөөд байна гэхэд надад нэг хийж өгч татуулчаад өөрөө үлдсэн архийг нь уучихсан. Дахиад намайг хүргэнтэй хардаж хэрүүл хийгээд нуруу тус газар цохиход нь би цагдаа дуудаж нөхрийг өгч явуулсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 17 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/124 дугаар:
“1. С.Югийн биед зүүн хөмсгөн дээр шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо, дэнж склад задгай тоот гэртээ 23 цагийн үед эхнэр С.Юийг бусадтай хардаж заазуураар хөмсгөн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох
шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Үйлдсэн хэргээ зөвшөөрч байна. Маш их харамсаж байна...” гэх,
хохирогч С.Ю нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гомдол санал байхгүй...” гэх,
шүүгдэгч Г.Б яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би эхнэрийг хүргэн Жагаатай хардаж маргалдсан. Мод цуулах гээд заазуур аваад зүүн гартаа барьчихсан байсан. Тухайн үед гэнэт уур хүрээд эхнэрийг заазуураар цохичихсон. Эхнэрийн зүүн хөмсөгний дээд хэсгээс цус гарсан. Би цусыг нь тогтоох гэж оролдсон боловч тогтохгүй байсан. Эхнэр түргэн дуудсан түргэн ирсэн боловч эхнэр өөрөө яваагүй. Сүүлд нь араас нь хүү Чойжилсүрэнг дуудаад эмнэлэг явсан.” гэх,
хохирогч С.Ю мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Гэрт ирэхэд нөхөр Г.Б унтаж байхад сэрээгээд энийг уучихаа өвчнөө намдаа гээд архи өгсөн. Нөхөр архийг задлаад 2 3 удаа татсаны дараа танай хүргэн чинь гараад ирсэн байна лээ шдээ хүргэнтэйгээ янхандаж унтаж хэвтэж байгаад ирэв үү гэж хэлэхээр юу яриад байгаа юм бэ гэж хэлэхэд хүргэнтэйгээ янхандаач хаанаас авсанг нь мэдэхгүй заазуур зүүн гартаа барьчихсан байсан. Миний духны баруун хэсэгт нэг удаа заазуурдчихсан. Тэр үед шууд халуун оргиод нүүрээр цус бүрхээд ирчихсэн. гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/124 дүгээр дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Харин Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөлтэйгээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилж яллаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэж заажээ. Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь мөн хуулийн 31, 32 дугаар зүйлүүдэд заасан аюулын зэргийн үнэлгээ, нөхцөл байдлын үнэлгээ хийгээгүй, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй холбоотой ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн хэргийн оролцогч нарын мэдүүлгээр хэрэг болох үед болон болсны маргааш нь дахин архи ууж байгаад маргалдсан байдал зэргээс үзэхэд хохирогч нь шүүгдэгч Г.Бгийн дарамт шахалтад байдаг нь тогтоогдохгүй байна.
Иймд Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын газраас шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөлтэйгээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Г.Бд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн оролцогч нарт олгогдсон эрхийг хязгаарлагдаагүй байна гэж үзлээ
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Бд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох оногдуулах санал гаргасныг харгалзан шүүх шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын газраас шүүгдэгч ******* овогт Г.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөлтэйгээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч ******* овогт Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд нь оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД