Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 40

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунгэрэл,   

улсын яллагч М.Батхишиг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Батхишигийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Од холбогдох эрүүгийн 1907001510075 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ................................... тоотод оршин суух,

урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгэж, 2007 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

******* аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгэж, 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 169 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ялаар шийтгэж, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, ******* овогт Б.О /РД: /

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн орчимд Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс иргэн С.Тийн эзэмшлийн 1 тооны шүдлэн үхрийг бэлчээрээс нь хулгайлж бусдад худалдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр уурхай орж нүүрс зөөгөөд буцаж явах замд 10 гаруй тооны үхэр байснаас 1 үхрийг хашаандаа авчирч нядалж зарсан гэм буруутай” гэв

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Б.О гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 03 сарын 13-ны орой 20 цагийн үед би Гэрлээгийн цаад талд хэдэн үхэр бэлчиж байхаар нь 1 улаан зүсмийн үхрийг уяагаар оосорлоод тууж байгаад өөрийнхөө байгаа хашаандаа оруулж уячихаад буцаад Гэрлээгийнд очоод манайд очоод үхэр гаргаад өгөөч гэж хэлээд Гэрлээг дагуулаад гэрт ирээд Гэрлээтэй хамт миний бэлчээр дээрээс авчирсан үхрийг нядалсан. Тухайн цаг шөнийн 2 цаг болж байсан. Тэгээд би таньдаг хүнээсээ мах авдаг ченжийн дугаарыг аваад утсаар холбогдоод маргааш өглөө эрт ирж авахаар болсон. Тэгээд өглөө 05 цагийн үед миний утсаар ярьсан ченж ирээд махыг худалдаж авсан..” гэх мэдүүлэг, /1хх-ийн 41 дүгээр хуудас/

 

            Хохирогч С.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн үед үхрээ бэлчээрт гаргахаар нь араас туугаад лакотарын цэргийн анги байдаг уулын урд руу гаргаад буцаад гэртээ ирээд араас нь дурандахад уулынхаа урд энгэрт бэлчээрлэж байсан ба 16 цагийн үед дурандаж харахад лакотарын цэргийн ангийн зүүн талд байрлах төмөр замын хажууд явж байсан. Ингээд 18 цагийн үед үхэр ирэхэд мухар улаан үнээ ирээгүй байхаар нь гарч хайгаад бэлчээрт явсан газраар ойр орчим жалга, судаг, айлын хашаа гээд л 23 цаг өнгөртөл хайгаад олдоогүй болохоор маргааш хайхаар болоод гэртээ ирээд амарсан. Тэгээд өглөө 06 цагийн үед босоод дахин хайгаад явж байтал 07 цагийн үед цагдаагаас залгаад дуудахаар нь иртэл манай үхрийг хулгайлсан хүмүүс баригдсан байсан. Тухайн үед хулгайлсан хүмүүсээс махыг нь аваад хамтдаа очиж ченжид өгөхөд 1,250,000 төгрөг болсон. Энэ мөнгөө би өөрөө авсан. Би үхрээ 2,500,000 төгрөгөөр үнэлж байгаа үнэлгээгээр яаж гарч ирэхийг мэдэхгүй байна.

            Мухар улаан зүсмийн хээлтэй үнээ байсан. Манайх 2015 онд Хан-Уул дүүрэгт байрлах шувуун фабрикаас 1,300,000 төгрөгөөр сүүний чиглэлийн үнээ гэж худалдаж авсан. Одоо манайд ирснээс хойш 2 удаа тугалсан 1 саалиндаа 10 литр сүү гардаг 8 настай үнээ байгаа юм” гэх мэдүүлэг, /1хх-ийн 35-36 дугаар хуудас/

            Гэрч С.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.Бгийн ******* улсын дугаартай рав 4 маркийн тээврийн хэрэгсэлд 2-уулахнаа суугаад Налайх дүүрэгт гал унтраах анги өнгөрөөд явж байтал нэг залуутай Б.Б утсаар яриад явж байтал зам дээр нэг залуу зогсож байсан ба уулзаад ойрхон замын хажуу хашаанд очоод машинтайгаа дотогшоо ороход Б.Бд нөгөө залуу грашийн хаалга онгойлгоод мах үзүүлээд тэгээд тэрийгээ 800,000 төгрөгөөр худалдаж аваад машиндаа ачаад хөдлөөд Налайхын төв замаар явж байтал цагдаа зогсоогоод шалгаад цагдаагийн хэлтэс дээр авчирсан” гэх мэдүүлэг, /1хх-ийн 46 дугаар хуудас/

 

            Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 03 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед над руу ******* дугаарын утаснаас залгаад Бор өндөрөөс авчирсан үхрийн мах аваад Налайхад байна гэхээр нь ямар үхэр юм бэ гэхэд шүдлэн үхэр гэсэн би маргааш өглөө очиж авъя шөнө явж чадахгүй гэхэд зөвшөөрсөн. Ингээд өглөө 5 цагт босоод найз ******* руу хань татах санаатай залгахад зөвшөөрөөд таксинд явж байна тэнгэр худалдааны төвийн хажууд байна гэхээр нь очиж аваад шууд Налайх дүүрэгт 06 цаг 30 минутын үед ирсэн. Тэгээд нөгөө залуутай утсаар ярьж явсаар гал унтраах анги өнгөрөөд явж байтал нөгөө залуу утсаар зам дээр зогсож байсан ба уулзаад нэг хашаа зааж өгөөд хамтдаа ороход гражаа онгойлгоод бүтэн үхрийн мах харуулсан. Би махаа хэдэд өгөх юм гэхэд 900,000 төгрөг гэсэн ба би 800,000 төгрөгөөр худалдаж авъя гэхэд зөвшөөрөөд шууд аваад машиндаа ачсан. Ингээд гарал үүслийн гэрчилгээ бичиг баримт байна уу гэхэд ачиж ирсэн машиндаа өгөөд явуулчихаж гэхээр нь за за гээд л хөдлөөд гартал цагдаа зогсоогоод шалгаад цагдаагийн хэлтэс дээр авчирсан” гэх мэдүүлэг, /1хх-ийн 48-49 дүгээр хуудас/

 

            Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 03 сарын 13-ны орой 19.20 цагийн гэртээ хоол хийгээд байж байтал Б.О манай гэрт ирээд юм ярьж байгаад миний утсыг авч гараад хүнтэй яриад байх шиг байсан. Тэгээд гаднаас орж ирээд манайд хөдөөнөөс үхэр ирсэн цуг очоод нядлаад өгөөч гэхээр нь би Б.Отой хамт яваад очсон чинь хашаан дотор нь улаан зүсмийн үхэр байсан. Тэгээд бид хоёр тэр үхрийг нядалсан, тухайн үед цаг ойролцоогоор шөнийн 02 цаг болж байсан тэгээд үхрээ нядлаад үхрийн махаа хашаан дотор байсан жижиг амбаарт оруулаад толгой ширийг нь бусад өөр амбаарт хийгээд баас гэдэс дотрыг шуудайнд хийсэн, мах авдаг ченжийг Б.О дуудсан чинь удалгүй нэг хүн ирээд Б.О бид хоёрын нядалсан үхрийн махыг 800,000 төгрөгөөр худалдаж авсан.” гэх мэдүүлэг, /1хх-ийн 50-51 дүгээр хуудас/

 

            Хохирогч С.Тд 1,250,000 төгрөгийг өгсөн баримт, /1хх-ийн 38-39 дүгээр хуудас/

 

            Хөрөнгийн үнэлгээний тайлан, /1хх-ийн 65 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Б.О нь 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн орчимд Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс иргэн С.Тийн эзэмшлийн 1 тооны шүдлэн үхрийг бэлчээрээс нь хулгайлсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох

            Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр уурхай орж нүүрс зөөгөөд буцаж явах замд 10 гаруй тооны үхэр байснаас 1 үхрийг хашаандаа авчирч нядалж зарсан гэм буруутай” гэх,

            Шүүгдэгч Б.О гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 03 сарын 13-ны орой 20 цагийн үед би Гэрлээгийн цаад талд хэдэн үхэр бэлчиж байхаар нь 1 улаан зүсмийн үхрийг уяагаар оосорлоод тууж байгаад өөрийнхөө байгаа хашаандаа оруулж уячихаад ...нядалсан...” гэх,

            Хохирогч С.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн үед үхрээ бэлчээрт гаргахаар нь араас туугаад лакотарын цэргийн анги байдаг уулын урд руу гаргаад буцаад гэртээ ирээд араас нь дурандахад уулынхаа урд энгэрт бэлчээрлэж байсан ба 16 цагийн үед дурандаж харахад лакотарын цэргийн ангийн зүүн талд байрлах төмөр замын хажууд явж байсан. Ингээд 18 цагийн үед үхэр ирэхэд мухар улаан үнээ ирээгүй байхаар нь гарч хайгаад бэлчээрт явсан газраар ойр орчим жалга, судаг, айлын хашаа гээд л 23 цаг өнгөртөл хайгаад олдоогүй болохоор маргааш хайхаар болоод гэртээ ирээд амарсан.” гэх,

            Гэрч С.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.Бд нөгөө залуу грашийн хаалга онгойлгоод мах үзүүлээд тэгээд тэрийгээ 800,000 төгрөгөөр худалдаж аваад машиндаа ачаад хөдлөөд Налайхын төв замаар явж байтал цагдаа зогсоогоод шалгаад цагдаагийн хэлтэс дээр авчирсан” гэх,

            Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 03 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед над руу ******* дугаарын утаснаас залгаад Бор өндөрөөс авчирсан үхрийн мах аваад Налайхад байна гэхээр нь ямар үхэр юм бэ гэхэд шүдлэн үхэр гэсэн би маргааш өглөө очиж авъя шөнө явж чадахгүй гэхэд зөвшөөрсөн. Би махаа хэдэд өгөх юм гэхэд 900,000 төгрөг гэсэн ба би 800,000 төгрөгөөр худалдаж авъя гэхэд зөвшөөрөөд шууд аваад машиндаа ачсан.” гэх,

            Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “манайд хөдөөнөөс үхэр ирсэн цуг очоод нядлаад өгөөч гэхээр нь би Б.Отой хамт яваад очсон чинь хашаан дотор нь улаан зүсмийн үхэр байсан. Тэгээд бид хоёр тэр үхрийг нядалсан.” гэх мэдүүлгүүд, Хохирогч С.Тд 1,250,000 төгрөгийг өгсөн баримт, Хөрөнгийн үнэлгээний тайлан, /1хх-ийн 65 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Од холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогч нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийг хязгаарлагдаагүй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Б.Од холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг хянан үзээд шүүгдэгчийн урьд хулгайлах гэмт хэргээр удаа дараа ял шийтгэгдсэн байдлыг харгалзан хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

            Хохирогч С.Т нь гэмт хэргийн улмаас 2500000 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилснийг шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хөрөнгийн үнэлгээ, гэрч Б.Бгийн мэдүүлэг, хохирол өгсөн баримт зэргийг үнэлэн хохирогчийн хохирлыг 1,250,000 төгрөгөөр тогтоож хохирогчийн хохирлын мөнгө хүлээн авсан байдлыг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хохирогчийн илүү нэхэмжилсэн буюу нотлох баримтаар тогтоогдоогүй 1,250,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчийн 2019 оны 06 дугаар сарын 12-ноос 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 107 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсон болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,  4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Б.Од 8 сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан 8 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Огийн  2019 оны 06 дугаар сарын 12-ноос 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 107 хоногийг эдлэх ялд оруулан тус тус тооцсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт холбогдуулан шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч С.Тийн нэхэмжилсэн 1,250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Очирхүүд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Х.ГАНБОЛД