| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0041/Э |
| Дугаар | 41 |
| Огноо | 2020-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунгэрэл,
улсын яллагч С.Цэрэндалай,
шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Ад холбогдох эрүүгийн 2007000000029 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа уурхайд ажилладаг, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, ........................................ тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн ........................... дугаартай, ******* овогт Б.А.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.А нь архи ууж согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 06-ны шөнө 01.30 цагийн орчимд ............................ тоот хашаанд иргэн С.Ттай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний төрсөн өдөр 02 дугаар сарын 05-ны өдөр болсон. Манай найз дуудаад 0,75 литрийн архи авч өгсөн би тэрнээс нь согтоод байсан болохоор уугаагүй. Найзыгаа гэрт нь хүргэж өгөхөөр явах замдаа таксин дотор маргалдаад найзыгаа гэрт оруулахдаа хашаан дотор нь маргалдсан. Тэгсэн чинь аав нь гарч ирээд миний хүүхдийг архи уулгалаа гээд бид хоёрыг салгаад намайг цохихоор нь би зөрүүлээд цохиход нүүрнээс нь цус гарсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.А яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр миний төрсөн өдөр болсон. Найз *******тай оройны 20 цагийн үед Нарлагт уулзаад дэлгүүрээс 0,5 литрийн соёрхол нэртэй архи аваад машин дотор бид хоёр хувааж уусан. 0,5 литрийн архи дууссаны дараа ******* 0,75 литрийн соёрхол нэртэй архи авсан боловч согтоод байсан учир уугаагүй. ******* бид хоёр такси бариад *******ын гэрт очсон. *******тай машин дотор байхдаа яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Бид хоёр хоорондоо хэрэлдээд муудалцаад байсан. Хашаанд ороод маргалдаад байж байхад аав хүрээд ир гэсэн. Бид хоёрыг салгах гэж байгаад миний нүүрэнд цохисон. Би зөрүүлээд нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон чинь цус гараад эхэлсэн. Би хашаанаас гараад гэр рүүгээ явсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 28 дугаар хуудас/
Хохирогч С.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн өглөө би ажлаасаа буугаад гэртээ ирсэн. Гэртээ амраад байж байхад 15 цагийн үед найз Дүгэрээ Хөвсгөл аймгаас хотод ирээд утсаар ярьж залгаад ирсэн. Бид хоёр удаан уулзаагүй учир хоол унд идчихээд нэг шил хараа нэртэй архи авч уусан. 20 цагийн үед найз Дүгэрээг бие засуулах гээд авч гараад нойлд оруулсан. Тухайн үед хашаанд хүмүүс орилолдохоор нь яваад очиход хүү ******* найз Б.Атайгаа маргалдаад байж байхаар нь маргалдлаа гэж хэлээд Б.Агийн мөрөн тус газарт гараа хүрч түлхэхэд Б.А миний нүүрэн тус газар цохисон. Б.А хашаанаас гараад явчихсан. Миний зүүн хацар дээр язраад цус гарч байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 07 дугаар хуудас/
Гэрч Б.Хмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Өнөөдөр манай найз Б.Агийн төрсөн өдөр болоод 0,75 литрийн Соёрхол архи, 2,5 литрийн боргио пивийг уугаад манай гэрт намайг хүргэж өгөхөөр ирсэн юм. тэгээд манай аав бас уучихсан байсан. Тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Манай найз аавыг нүүр рүү нь цохисон байна лээ” гэх мэдүүлэг, /хх-ийн 14 дүгээр хуудас/
Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нөхөр ажил буугаад гэртээ ирсэн. Хөвсгөл аймгаас нөхөр бид хоёрын найз Дүгэрээ ах ирсэн. Нөхөр Дүгэрээ ах хоёр 20 цаг өнгөрч байхад нэг шил архи хувааж ууж эхэлсэн. 22 цаг өнгөрч байхад архи нь дуусахаар нь та хоёр амар гээд унтуулсан. Шөнө хаалга хүн онгойлгоод ороод ирэхээр нь сэрсэн. Нөхрийн нүүрнээс зүүн хацар сэтэрчихсэн цус гарч байсан. Надад хэлэхдээ хүүгийн найз нь цохичихсон гэж ярьж байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 18 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/126 дугаар:
“1. С.Тын биед зүүн доод зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 01.30 цагийн орчимд .............................................. тоот хашаанд С.Ттай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Б.Агийн өгсөн: “*******тай машин дотор байхдаа яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Бид хоёр хоорондоо хэрэлдээд муудалцаад байсан. Хашаанд ороод маргалдаад байж байхад аав хүрээд ир гэсэн. Бид хоёрыг салгах гэж байгаад миний нүүрэнд цохисон. Би зөрүүлээд нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон чинь цус гараад эхэлсэн.” гэх, Хохирогч С.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “хүү ******* найз Б.Атайгаа маргалдаад байж байхаар нь маргалдлаа гэж хэлээд Б.Агийн мөрөн тус газарт гараа хүрч түлхэхэд Б.А миний нүүрэн тус газар цохисон. Миний зүүн хацар дээр язраад цус гарч байсан.” гэх,Гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай найз аавыг нүүр рүү нь цохисон” гэх, Гэрч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Нөхрийн нүүрнээс зүүн хацар сэтэрчихсэн цус гарч байсан. Надад хэлэхдээ хүүгийн найз нь цохичихсон гэж ярьж байсан” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/126 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Ад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ад холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан үндэслэлд нийцсэн байх тул шүүгдэгчид тухайн зүйлийн торгох ялын доод буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд ялыг эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад нь оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД