Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 499

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2017/00499

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 19, өөрийн байранд оршин байрлах Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн /2635534/ нэхэмэлжтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел 4-130 а тоотод оршин суух, Гөлөгбаатарын Батболдод /ИО82021911/ холбогдох,

Зээлийн төлбөрт 3,299,617 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

                                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гөлөгбаатарийн Батболд нь тус банктай 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 2014/000375/0603 тоот “Цалингийн зээл” ба “Цалингийн зээлийн барьцааны гэрээ” байгуулан 3,500,000 төгрөгийн зээлийг сарын 1,5 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлж авсан билээ.

Зээлдэгч нь “Цалингийн зээлийн гэрээ”-ээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд ажил олгогч байгууллагатай байгуулсан гэрээний дагуу авч буй цалин, түүнтэй адилтгах орлого, мөн Худалдаа хөгжлийн банкны 406063911 тоот цалингийн картын дансны орлогыг барьцаалсан юм.

Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл болох 3,500,000 төгрөгөөс 1,018,454.11  төгрөг, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 1,176,302.88 төгрөгөөс 358,231.17 төгрөгийг тус тус төлсөн байна.

Зээлдэгч Г.Батболдод "Цалингийн зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж буй талаар сануулж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч өгөгдсөн хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан болно.

Зээлдэгч Г.Батболд нь цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 2,481,545.89 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 734,560.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 83,510.76 төгрөг, нийт 3,299,617.60 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

 Хариуцагч Г.Батболд шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Батболд би 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 3,500,000 төгрөгийн цалингийн зээл авсан. 2015 оны 08 дугаар сард ажлаас халагдан цалингийн зээлээ төлж чадаагүй. Одоо зээлийн үлдэгдэл 3,299,617.0 төгрөгийг төлж барагдуулахад маргах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь хариуцагч Г.Батболдод холбогдуулан зээлийн төлбөрт 3,299,617 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Батболд нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,299,617 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонрхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Батболдод холбогдох зээлийн төлбөрт 3,299,617 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,743 төгрөгийн тал хувь болох 33,871.5 төгрөгийг улсын орлогоос, 33,871.5 төгрөгийг хариуцагч Г.Батболдоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.                        

 

 

 

             

ШҮҮГЧ                                          Э.ЭНЭБИШ