Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 00447

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 204 дүгээр байр, 8 тоотод оршин суух, Боржигон овгийн Баярсайханы Баасанхүүгийн хүсэлттэй,

 

            Гуравдагч этгээд: БНСУ-д Конки апсан ши танвангу сонбудун 2 дун 1020-1102 тоотод оршин суух, Жамъяндагвын Мөнхцэцэг /РД:ЦД63050103/-т холбогдох,

 

            Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Баасанхүү, гуравдагч этгээд Ж.Мөнхцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Баасанхүү шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           

       Миний бие нь 2003 оноос хойш Г.Баяртогтохтой хамт амьдарч байхдаа 2004 оны 01 сарын 18-ны өдөр том охин Баасанхүү овогтой Мөнхжин төрсөн. Би тэр үед оюутан байсан тул 2006 оны 03 дугаар сарын 13-ны өдөр охиноо өөрийн төрсөн ээж Жамъяндагва овогтой Мөнхцэцэгт үрчлүүлсэн. Би одоо охиноо өөрийн гэр бүлдээ авч асарч хүмүүжүүлэх бүрэн боломжтой болсон бөгөөд охиноо төрсөн эцэг болох Г.Баяртогтохоор овоглох хүсэлтэй байна. Миний төрсөн ээж маань БНСУ-д удаан хугацаагаар эмчилгээгээр явсан байгаа бөгөөд ээж маань охин М.Мөнхжинг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгохыг зөвшөөрч төрсөн ааваар нь овоглохыг зөвшөөрч байгаа тул охин М.Мөнхжинг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

           

            Гуравдагч этгээд Ж.Мөнхцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа:

            Ж.Мөнхцэцэг миний отгон охин болох Мөнхжинг 2006 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баасанхүү овогтой Мөнхжинг асран халамжилахаар өөрийн охин болгон үрчилж аваад өнөөдрийг хүртэл тэжээн тэтгэн өсгөж байна. Миний бие 2010 оноос эхлэн биеийн байдал муудаж хагалгаанд орсноос хойш байнгын эмчийн хяналтанд байж эмчлүүлж байна. 2011 оноос одоог хүртэл БНСолонгос улсад хүүгийнхээ асрамжинд эмчилгээ хийгэж байгаа тул өөрийн охин Мөнхжинг цаашид асран халамжлах боломжгүй болсон тул асран хамгаалах эрхээсээ татгалзаж төрүүлсэн эцэг эх Галбадрах овогтой Баяржаргал, ээж Баярсайхан овогтой Баасанхүү нарт асран халамжилж тэжээн тэтгэх эрхийг өгч үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэв.

                                               

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Баасанхүү нь өөрийн охин М.Мөнхжинг үрчлүүлснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргах эрхтэй ба харьяалал зөрчөөгүй байх тул дараах үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Б.Баасанхүү 2004 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин М.Мөнхжинг Ж.Мөнхцэцэг үрчлэн авч, 2006 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хот, Баянгол дүүргийн иргэний бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилсний бүртгэлийн 90 дугаарт бүртгэж, 90 дугаартай үрчлэлтийн гэрчилгээ олгосон болох нь хүүхэд үрчилсний гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, нэхэмжлэгч, үрчлэн авагч нарын тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Энэхүү үрчлэлт нь Монгол Улсын Иргэний бүртгэлийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуульд заасан журмын дагуу хийгдсэн байна.

 

Охин Б.Мөнхжин одоо төрүүлсэн эх Б.Баасанхүүгийн асрамжид амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т “Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно” гэж заасны дагуу цаашид охин М.Мөнхжин нь үрчлэн авагч эцэг, эхийн асрамжид байх боломжгүй болсон, үрчлэгч эхийн насны байдал, эрүүл мэндийн байдал болон одоо хүү төрсөн эхийн асрамжид амьдарч байгаа, үрчлэн авагч Ж.Мөнхцэцэг нь охин М.Мөнхжинг төрсөн эхэд нь буцаан өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 2006 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хийгдсэн үрчлэлтийг хүчингүй болгож, охин М.Мөнхжинг төрсөн эх Б.Баасанхүүгийн асрамжид шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт зааснаар, “хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох” хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч Б.Баасанхүүгийн хүүхэд үрчлүүлэлтийг хүчингүйд тооцуулахаар гаргасан хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт нийцэж байх тул дээр дурдсан үндэслэлүүдийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар, хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцон, хуулийн 145 дугаар зүйлийн 145.8 дахь хэсэгт зааснаар эх Б.Баасанхүүгийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2004 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү М.Мөнхжин /регистрийн дугаар УО04211847/-ыг Улаанбаатар хот, Баянгол дүүргийн иргэний бүртгэлийн ажилтаны 2006 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Ж.Мөнхцэцэгт үрчлүүлэхээр бүртгэсэн хүүхэд үрчилсний бүртгэлийн 90 дугаартай үрчлэлтийг хүчингүйд тооцсугай. 

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар охин М.Мөнхжинг төрсөн эх Б.Баасанхүүгийн /регистрийн дугаар ЦД84072109/ асрамжид шилжүүлсүгэй.

 

3. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д зааснаар хүү М.Мөнхжинд холбогдох үрчлэлтийн талаарх бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсөний гэрчилгээг сэргээж, төрсөн эх Б.Баасанхүүд олгохыг иргэний бүртгэлийн ажилтанд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АМАРЖАРГАЛАН