| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0044/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/44 |
| Огноо | 2020-03-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунгэрэл,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овог А.Бд холбогдох эрүүгийн 1807005490174 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ............................................................ тоотод оршин суух,
урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 835 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 6 жил хорих ял шийтгүүлсэн, ******* овогт А.Б /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч А.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ................................ тоотод оршин суух иргэн Ц.Тгаас Швед улс руу аялуулна гэж хэлэн цахим хэрэгсэл ашиглан, хуурч мэхлэн “Төрийн банк”-ны ...................... дугаарын данс руу 124.900 төгрөг, “ХААН банк”-ны ...................... дугаарын данс руу 427.500 төгрөгийг тус тус 2 удаагийн үйлдлээр шилжүүлэн авч 552.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй” гэв
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Б гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Баатар ш дээ, Munkhdelger гэсэн фейсбүүк хаяг ашиглаж Солонгос, Швед улсын виз гаргаж өгнө гэж хүмүүсээс залилан мэхлэх гэмт хэргүүд үйлдсэн. Мөнгө хүлээн авсан дансны дугаар, тухайн үед ашиглаж байсан утасны дугаар зэргээс үзэхэд миний үйлдсэн хэрэг мөн” гэх мэдүүлэг, /хх-ийн 51-52 дугаар хуудас/
Хохирогч Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр оройхон манай охин Шведээс над руу утсаар яриад Швед улс руу 7 шөнө 8 өдрийн аялал байна та паспортныхоо зургийг дараад явуулчих гэж хэлэхээр нь би өөрийнхөө паспортны зураг болон хүү Тэмүүлэнгийнх нь паспортны зургийг дараад чатаар охин руугаа явуулсан юм. Тэгээд удалгүй байж байтал 80231415 гэсэн Монгол дугаараас 18 цагийн үед эрэгтэй хүн яриад одоо та яаралтай энэ данс руу визныхээ мөнгийг хийчих гэхээр нь би таныг хараагүй байж болох юм уу? гэхэд болно, найдвартай гэж хэлээд ******* гэсэн данс өгсөн. Над руу ярихаас өмнө манай охин руу яриад мөнгө хийх хэрэгтэй байна гэхээр нь ажилтай амжихгүй гэхэд тэгвэл Монгол талдаа хийчих гэж хэлсэн юм билээ. Тэгэхээр нь би энэ данс руу Налайхын Төрийн банкны салбараас 124.900 төгрөг хийсэн. Тэгээд тэр хүн рүү мөнгөө хийчихлээ гэж хэлэхэд одоо бичиг баримтаа янзална гээд утсаа тасалсан. Орой ******* цагийн үед Шведын талаас онгоцны билет бичүүлэх шаардлагатай байна гэхээр нь би онгоцны билетыг одоо яагаад нэхээд байгаа юм бэ визны дараа болдог биздээ гэхэд манайх найдвартай, хямдралтай билет захиалах гэж байгаа юм өнөөдөртөө захиалахгүй бол болохгүй гээд нэг компаний нэр хэлээд одоо 427.500 төгрөг шилжүүлчих, үлдэгдэл мөнгө 500 гаран мянган төгрөгийг маргааш Галакси товерын 6 давхарт 607 тоотод ирж уулзаад өгөөрэй гээд одоо та энэ дансанд 427.500 төгрөг тушаачих гэж хэлээд 5029664601 гэсэн данс өгсөн юм. Тэгээд ямар учиртай мөнгө юм бэ гэхэд таныг настай хүн учраас хөнгөлөлттэй үнээр явуулж байгаа юм гээд 980.000 төгрөг гэсэн байх аа үнээр явуулж байгаа юм. Хүүхдийг чинь үнэгүй авч явна. Одоо мөнгөө хийхгүй бол Шведийн талаас захиалсан билет нь устах гээд байна гэхээр нь би хадам талаасаа 1.000.000 төгрөг зээлээд 427.500 төгрөгийг явуулсан юм. Тэгээд үлдэгдэл мөнгийг таныг харж байж өгье гэхэд тэгвэл надтай утсаар ярьж байгаад ирээд ажил дээр үлдэгдэл мөнгөө 14 цагт ирээд өгөөрэй гэж хэлэхээр нь одоо би яаж очих вэ гэхэд би таньд утсаар зааж мэдэхгүй байна би машинаар явдаг Солонгос элчингийн хойд талд байдаг юм гэж хэлсэн. Тэгээд маргааш нь манай охин 100 доллар явуулсанг авах гээд банкан дээр очерлоод байна гэхэд одоо яаралтай Шведийн талд мөнгө хэрэгтэй болоод байна тэнд машин мөргөлдчихөөд байна гэхээр нь юу яриад байгаа юм бэ машин мөргөлдсөн мөнгийг би юу гэж өгөх юм бэ гэхэд би очоод авах уу гэхээр нь би ажил дээр чинь очиж байгаад харж байгаад өгье гэхэд би одоо ч Амгаланд гэртээ байна гэж хэлсэн. Тэгээд би банкнаас гараад 16 цагийн үед Галакси товер гэдэг газар очоод утасдахад очиж байна гэж хэлсээр байгаад 17 цаг хүргэсэн. Зааж өгсөн хаягийг нь асуухад тийм өрөө байхгүй байсан. Тэр хүн ч ирж байна гэсээр утсаа авахаа больчихсон юм. Тэгээд нөхрийнхөө утсаар залгахад утсаа авахаар нь чи яасан бэ би хүлээгээд байна гэхэд би Налайх явах гэж байна Налайхын Городокод ирээд Мустанг гэдэг газар ирээд өгчих гэхээр нь би тэр лүү явж чадахгүй унаа олдохгүй гэхэд та тэгвэл гэрийнхээ хаягийг мессежээр явуулчих гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд ахиж холбогдоогүй би ч ахиж залгаагүй юм. 80231415 гэсэн дугаараас залгасан боловч нэр болон бусад зүйл огт хэлээгүй, ******* гэсэн данс нь А.Бын Алтанцэцэг, 5029664601 гэсэн данс нь Бат-Өлзийгийн ******* гэсэн нэр гарч ирж байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27 дугаар хуудас/
Гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Пирамип пабд зохион байгуулагч хийдэг юм. 2019 оны 09 дүгээр сарын 25-ны орой ******* цагийн үед манайд үйлчлүүлсэн эрэгтэй хүн 37.500 төгрөгний тооцоогоо мобайлаар хийсэн юм. Тэгээд би дансаа өгөхөд данс руу 427.500 төгрөг орохоор та илүү мөнгө хийчихлээ гэхэд өө би зурагт авах гээд хүн рүү мөнгө шилжүүлж байгаад андуураад шилжүүлчихлээ гээд гарсан төлбөрөө төлөөд үлдэгдэлийг нь нэг данс руу шилжүүлсэн. Ямар данс гэдгийг нь би одоо санахгүй байна. Хуулгаа харахаар 300 төгрөгний шимтгэл гарсан байна тэгэхээр Хаан банкны данс биш банк хоорондын данс байна гэж би үзэж байна. Би тэр данс руу хийхдээ ******* цаг 34 минутанд дансанд мөнгө ороод 390.000 төгрөгийг ******* цаг 42 минутанд шилжүүлсэн байна” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 32 дугаар хуудас/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, /хх-ийн 15-18 дугаар хуудас/
Фейсбүүк чатыг хуулбарласан бичгэн баримт, /хх-ийн 65-110 дугаар хуудас/
Төрийн банкны хохирогч Ц.Тгийн мөнгө шилжүүлсэн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 111-113 дугаар хуудас/
А.Бын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 119 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Б 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо 33-24 тоотод оршин суух иргэн Ц.Тгаас Швед улс руу аялуулна гэж хэлэн цахим хэрэгсэл ашиглан, хуурч мэхлэн “Төрийн банк”-ны ******* дугаарын данс руу 124.900 төгрөг, “ХААН банк”-ны 5029664601 дугаарын данс руу 427.500 төгрөгийг тус тус 2 удаагийн үйлдлээр шилжүүлэн авч 552.400 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох
Шүүгдэгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй” гэх,
Шүүгдэгч А.Б яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Баатар ш дээ, Munkhdelger гэсэн фейсбүүк хаяг ашиглаж Солонгос, Швед улсын виз гаргаж өгнө гэж хүмүүсээс залилан мэхлэх гэмт хэргүүд үйлдсэн. Мөнгө хүлээн авсан дансны дугаар, тухайн үед ашиглаж байсан утасны дугаар зэргээс үзэхэд миний үйлдсэн хэрэг мөн” гэх,
Хохирогч Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр оройхон манай охин Шведээс над руу утсаар яриад Швед улс руу 7 шөнө 8 өдрийн аялал байна та паспортныхоо зургийг дараад явуулчих гэж хэлэхээр нь би өөрийнхөө паспортны зураг болон хүү Тэмүүлэнгийнх нь паспортны зургийг дараад чатаар охин руугаа явуулсан юм. Тэгээд удалгүй байж байтал 80231415 гэсэн Монгол дугаараас 18 цагийн үед эрэгтэй хүн яриад одоо та яаралтай энэ данс руу визнийхээ мөнгийг хийчих гэж хэлээд ******* гэсэн данс өгсөн. Налайхын Төрийн банкны салбараас 124.900 төгрөг хийсэн. Орой ******* цагийн үед Шведын талаас онгоцны билет бичүүлэх шаардлагатай байна гэхээр нь би онгоцны билетыг одоо яагаад нэхээд байгаа юм бэ визны дараа болдог биздээ гэхэд манайх найдвартай, хямдралтай билет захиалах гэж байгаа юм өнөөдөртөө захиалахгүй бол болохгүй гээд нэг компаний нэр хэлээд одоо 427.500 төгрөг шилжүүлчих, үлдэгдэл мөнгө 500 гаран мянган төгрөгийг маргааш Галакси товерын 6 давхарт 607 тоотод ирж уулзаад өгөөрэй гээд одоо та энэ дансанд 427.500 төгрөг тушаачих гэж хэлээд 5029664601 гэсэн данс өгсөн юм.” гэх,
Гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би дансаа өгөхөд данс руу 427.500 төгрөг орохоор та илүү мөнгө хийчихлээ гэхэд өө би зурагт авах гээд хүн рүү мөнгө шилжүүлж байгаад андуураад шилжүүлчихлээ гээд гарсан төлбөрөө төлөөд үлдэгдэлийг нь нэг данс руу шилжүүлсэн. Би тэр данс руу хийхдээ ******* цаг 34 минутанд дансанд мөнгө ороод 390.000 төгрөгийг ******* цаг 42 минутанд шилжүүлсэн байна” гэх мэдүүлгүүд, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, Фейсбүүк чатын бичвэрийг хуулбарласан бичгэн баримт, Төрийн банкны хохирогч Ц.Тгийн мөнгө шилжүүлсэн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, А.Бын депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч А.Бд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогч нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийг хязгаарлагдаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Бд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 240 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгчийн хорих ял эдэлж байгаа хувийн байдлыг харгалзаж түүнд хорих ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Бын урьд 2020 оны 02 дугаар сарын 12-наас 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 37 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Б нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 835 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 6 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа 421 дүгээр ангид эдэлж байгаа бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 12 ны байдлаар 4 жил 7 сар 9 хоногийн үлдэгдэл хорих ялтай байна.
Иймд шүүгдэгч А.Бд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэлээ
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж, хохирогч Ц.Тд гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 552,400 төгрөгийг шүүгдэгч А.Боос гаргуулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, цахим хэрэгсэл ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ялыг өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 835 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 7 сар 9 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сар 9 хоног хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 5 жил 1 сар 9 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бийн 2020 оны 02 дугаар сарын 12-ноос 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 37 хоногийг эдлэх ялд оруулан тус тус тооцсугай
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Боос 552,400 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Тд олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт холбогдуулан шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдсугай.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД