| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2015/06333/И |
| Дугаар | 567 |
| Огноо | 2017-02-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 567
| 2017 оны 02 сарын 10 өдөр | Дугаар 101/ШШ2017/00567 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, 725 дугаар байр 23 тоотод оршин суух, Чагдаагийн Саналбаяр /ПЭ80022339/,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, 725 дугаар байр 23 тоотод оршин суух, Хооходойн Чагдаа /ПЮ38010518/ нарын нэхэмэлжтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Доржхандын Сарантуяад /ХГ61122000/ холбогдох,
Гэм хорын хохиролд 3,347,016 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Сарантуяа нь 2014 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 14 цагийн үед угаалгын машины хоолойноос ус алдуулж доошоо нэг, хоёр , гурван давхрын айлуудыг усанд автуулсан бөгөөд Д.Сарантуяагийн гэр бүл ганц энэ удаа биш олон удаа ус алдуулж настай ээжтэй минь зүй бусаар харьцаж, хөршүүдээ үл хүндэтгэж, тав тухыг нь алдагдуулж ирсэн юм.
Шинэхэн засвар хийсэн байсан 3 өрөө орон сууцны ханын цаас, таазнууд, цахилгааны монтажууд, шалны хулдаас усанд автаж хууларч хөндийрч хөгцөнд баригдаж, хулдаас ховхрох зэргээр хохироосон юм. Энэ хохирлыг Улаанхуаран өргөө, ОНӨААТҮГ-ын дүгнэлтээр 539,297 төгрөгөөр дүгнэсэн.
Мөн хөрөнгө үнэлгээний "Итгэлт-Эстимэйт" ХХК-ийн үнэлгээгээр засварын зардалыг 886,016 төгрөг, номны үнэлгээнд 1,747,890 төгрөгөөр үнэлсэн юм.
Миний эцэг Х.Чагдаа нь эрдэмтэн бөгөөд бичсэн номныхоо үр шимээр амьдарч эмчилгээний зардалдаа зарцуулдаг сахарын өвчтэй хэвтэрийн хүн.
Д.Сарантуяад холбогдуулан хохирол, гэм хорын нэхэмжлэл гаргаж шүүхэд хандах, хэрэг маргааныг шийдвэрлэх ажиллагаанд эцэг Чагдаа болон Ч.Саналбаяр намайг төлөөлөн миний эгч Чагдаа овоггой Содончимэг төлөөлөх болно. Д.Сарантуяагийн хариуцлаггүй байдлын улмаас учирсан хохирлын задаргаа:
1. Гэрт хадгалагдаж байсан номнууд:
- "Монгол малчдын үе залгамжлалын нийгмийн асуудал"-50 ширхэг/ нэг бүрийн үнэ- 12,200 төгрөг/ нийт 610,000 төгрөг,
-"Шурдаанханы удмын шашдир" -65 ширхэг/ нэг бүрийн үнэ-25,000 төгрөг/ нийт 1,625,000
-"Монголдчуудын философи сэтгэлгээний үүсэл түүхэн ула.мжлал -3 ширхэг/нэг бүрийн үнэ-15,000 төгрөг/ нийт 45,000 төгрөг
-Малчин ардын уламжлалт хүмүүнлэг жаран заншил 5 ширхэг/ нэг бүрийн үнэ-16,200 нийт 81,000 төгрөг
-"Монгол малчдын ёс заншил хорио цээрлэл, билэгдлүүд 2 ширхэг/ нэг бүрийн үнэ 10,000 төгрөг, нийт 20,000 төгрөг бүгд 125 ширхэг ном, нийт 2,381,000 төгрөг болно.
2. Оронсууцны засварын үнэлгээ 886,016 төгрөг, нийт 3,347,016 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Ч.Содончимэг, хариуцагч Д.Сарантуяа нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нарын төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын 1,347,016 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,000,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хооронд нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Саналбаяр, Х.Чагдаа нар нь хариуцагч Д.Сарантуяад холбогдуулан гэм хорын хохиролд 3,347,016 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нэхэмжлэгч нарын төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын 1,347,016 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,000,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хооронд нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрчээ.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонрхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчийн эвлэрлийг батлах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ч.Саналбаяр, Х.Чагдаа нарын нэхэмжлэлтэй, Д.Сарантуяад холбогдох гэм хорын хохиролд 3,347,016 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нарын төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын 1,347,016 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,000,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хооронд нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,582 төгрөгийн тал хувь болох 35,291 төгрөгийг улсын орлогоос, 35,291 төгрөгийг хариуцагч Д.Сарантуяагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Саналбаяр, Х.Чагдаа нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ