| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0045/Э |
| Дугаар | 45 |
| Огноо | 2020-03-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунгэрэл,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт О.Ат холбогдох эрүүгийн *******тай хэргийг 2020 оны 0******* сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гар утас засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ....................................... тоотод оршин суух,
урьд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Налайх дүүргийн шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар 15 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 15 жилийн хорих ялаар тогтоож, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, регистрийн ................. дугаартай, ******* овогт О.Ат.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч О.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн үед Налайх дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Чын толгойн тус газарт тоосгоор цохин, нуруун тус газарт нь архины хагархай шилээр цохих зэргээр хүч хэрэглэн халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн өглөө багын найзынхаа гэрт ямаа гаргаж, нэг шил архи хамт уусан. Өдөр гэртээ ирээд уусан архиа гаргаж гэрийнхэндээ ямаа гаргаж өгнө гэсэн бодолтой хэвтэж байхад хүүхэд гаднаас уйлсан байдалтай ороод ирсэн. Юу болсон тухай асуухад хашааны урдуур хонь зарах гэж явж байсан 5 залуугийн хонь руу хүүхдүүд чулуу шидэж үймүүлж, нэг нь манай хүүхдийн бөгс рүү өшиглөсөн байсан. Тэгээд би тэд нар дээр очиж хүүхэд яагаад зодсон юм бэ? гэж асуухад миний мөр лүү хонь хариулж байсан шилбүүрээр цохиж, нуруу хэсэг рүү тоосго авч шидсэн. Над руу шидсэн тоосгоор нь би толгой руу нь цохисон нь үнэн. Би гэм буруутай үйлдэл хийсэн нь үнэн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.А яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Том хүү ******* гаднаас уйлаад ороод ирэхээр нь яагаад уйлав гэж асуухад хонь хариулж байсан ах нар бөгс рүү өшиглөөд зайл гөлөг минь гэж хэлсэн гэхээр нь би гэрээсээ гараад гудамж руу гарахад мал туугаад хэдэн залуучууд явж байсан. Араас би яагаад хүүхэд өшиглөж байгаа юм бэ. Та нар хулгайн мал авч яваа юм уу гэхэд чи юу гээд солиороод байгаа юм бэ гэж надад хэлсэн. Хэнийг нь мэдэхгүй нэг залуу нь гартаа барьж байсан модоороо нуруу руу цохисон. Тэрнээс болж маргалдаад нэг залуу руу тоосго аваад шидсэн чинь толгойн тус газарт нь оносон. Тэр залуугийн толгойноос цус гарч байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 94 дүгээр хуудас/
Хохирогч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 07-р сарын 10-ны өдөр Л.С, Ц.Б нартай уулзаад наадмын хонь авах санаатай гадуур явсан. Дашхүүгийн гэдэг жижиг байшинтай гудамжинд зарж байсан малан дээр очоод мал үзээд байж байтал онгорхой хаалга байхгүй хашаанаас үл таних согтуу залуу гарч ирээд би шоронд 15 жил болсон та нар шоронд очвол үхнэ наад малаа аваад зайл гэсэн. Баяр наадам болж байна муудалцаад яах юм бэ гэж тэр залууд хандаж хэлсэн. Тэр залуу чулуу авч шидээд байхаар нь бид нар хэсэг холдсон. Машин руу чулуу шидэхээр нь би тэр залуу руу дөхөж очоод чиний шоронд олон жил суусан чинь хэнд хамаатай юм бэ хашааныхаа үүдийг янзалчиж чадахгүй байж гэж хэлэх үед тэр залуу над руу тоосго шидсэн. Миний толгой хэсэгт оносон би газар унасан. Тэр залуу толгой руу барьж байсан архины хагарсан амсараар хоёр удаа цохисон. Нуруу руу нэг удаа цохисон. Тэр үед Л.С ирж тэр залууг надаас холдуулсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 07 дугаар хуудас/
Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 07-рса рын 10-ны өдөр Налайх дүүргийн 3-р хороонд байдаг Мөөгийн гэх найзтайгаа уулзах гээд Б.Ч, Л.С нарын хамт өөрийн эзэмшлийн машинтайгаа 18 цагийн үед Мөөгийн орчимд очоод зогсож байхад хажуу талын плокон хашаанаас 30 эргэм насны цээж нүцгэн залуу орилоод гараад ирсэн. Тэр залуу нэлээн согтуу байсан. Шорон яриад бид нар руу дайраад байсан. Тэр залуугийн хамт хоёр хүүхэд байсан. Чи хүүхдээ аваад цаашаа яваарай машин тэрэг ирж байна шүү гэхэд би хүн амины 15 жил суугаад гарч ирсэн. Та нар шиг муу банди нарыг хачин болгоно шүү гээд чулуу аваад машин руу шидэхээр нь Л.С бид зайгаа аваад холдсон. Б.Ч боль чулуу шидэхээ боль гээд тэр залуу руу дөхөд газраас тоосго аваад Б.Ч руу шидсэн чинь толгойд нь оноод газар унасан. Тэр залуу архины шил газраас аваад хагалаад Б.Чын нуруун тус газар нь хоёроос 3 удаа зоох шиг болсон.” гэх мэдүүлэг, /хх-ийн 21 дүгээр хуудас/
Гэрч Л.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 07-р сарын 10-ны өдөр найз Б.Ч, Ц.Б нартай уулзаад Бат-Эрдэнийн машинтай гадуур мал үзээд явж байсан. 16 цагийн үед баялаг 1-р гудамжинд машинтайгаа зогсож байхад онгорхой хашаанаас нэлээн согтуу орилоод гараад ирсэн. Хашааны үүдэн дээрээ зогсчоод малаа авааад зайл гэхээр нь баяр наадам болж байна муудалцаад яахав гэж хэлэхэд бид нар руу члуу шидсэн. Машинаа орхиод тэр залуугийн холдсон. Хэсэг харж зогсож байгаад машин руугаа очиход бид руу гүйгээд ирсэн. Гартаа хагарсан архины шилний амсар барьчихсан явж байхаар нь тэр залуугаас зай бариад тойроод машин руугаа явах гэхэд дайраад машин руу ойртуулахгүй байсан. Газраас тэр залуу тоосго аваад шидсэн. Тухайн тоосго Б.Чын толгой тус газарт нь оносон. Б.Ч газар унасан тэр залуу Б.Ч дээр очоод барьж байсан архины шилний хагарсан амсараар толгой руу хоёр удаа, нуруу руу нэг удаа цохисон” гэх мэдүүлэг, /хх-ийн 24 дүгээр хуудас/
Гэрч Г.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Дуудлаган дээр очиход Б.Ч гэх хүниий толгой хагарсан байдалтай байсан. Б.Ч гэх хүнийг гэмтээсэн гэх хүн хаана байгаа талаар асуугаад зогсож байхад О.А гэх согтуу цээж нүцгэн залуу эхнэрийн хамт гудамжнаас гарч ирсэн. Тэнд байсан хүмүүс О.А гэх тэр залууг наад хүнийг чинь цохисон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 26 дугаар хуудас/
Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тухайн өдө бид нар гэртээ байж байсан. О.А нэг найзтайгаа нэгишил архи хувааж уучаад найз явсны дараа унтаад өгсөн. Манай хашааны урд мал туугаад явж байх үед ач хүү ******* 5 настай гарч очоод чулуу шидчихсэн. Зодуулсан гэх залуу мал руу чулуу шидлээ гээд ач хүүгийн бөгс рүү өшиглөөд унагасан. Хүү маань орилоод байсан. Ээжийг нь дуудсан чинь гарч ирээд хүүгээ тэврээд гэр рүүгээ орсон. О.А сэрээд гараад ирсэн. Тэр залуучууд дээр очоод чи хүний жоохон хүүхэд зодлоо тэр залууг барьж аваад тоосгоор толгой руу цохисон. О.Аийн боль гээд холдуулсан. Тэр залуугийн толгойноос цус гарч байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 30 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/382 дугаар:
“1. Б.Чын биед зүүн чамархай, нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн үед Налайх дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Чын толгойн тус газарт тоосгоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч О.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...над руу шидсэн тоосгоор нь би толгой руу нь цохисон нь үнэн..” гэх, хохирогч Б.Чын өгсөн: “тэр залуу над руу тоосго шидсэн. Миний толгой хэсэгт оносон би газар унасан. Тэр залуу толгой руу барьж байсан архины хагарсан амсараар хоёр удаа цохисон. Нуруу руу нэг удаа цохисон.” гэх, гэрч Ц.Бат-Эрдэнийн өгсөн: “Б.Ч боль чулуу шидэхээ боль гээд тэр залуу руу дөхөхөд газраас тоосго аваад Б.Ч руу шидсэн чинь толгойд нь оноод газар унасан. Тэр залуу архины шил газраас аваад хагалаад Б.Чын нуруун тус газар нь хоёроос 3 удаа зоох шиг болсон.” гэх, Гэрч Б.Л.Сын өгсөн: “Газраас тэр залуу тоосго аваад шидсэн. Тухайн тоосго Б.Чын толгой тус газарт нь оносон. Б.Ч газар унасан тэр залуу Б.Ч дээр очоод барьж байсан архины шилний хагарсан амсараар толгой руу хоёр удаа, нуруу руу нэг удаа цохисон” гэх,гэрч Г.Лхагвын өгсөн: “Дуудлаган дээр очиход Б.Ч гэх хүниий толгой хагарсан байдалтай байсан. Б.Ч гэх хүнийг гэмтээсэн гэх хүн хаана байгаа талаар асуугаад зогсож байхад О.А гэх согтуу цээж нүцгэн залуу эхнэрийн хамт гудамжнаас гарч ирсэн. Тэнд байсан хүмүүс О.А гэх тэр залууг наад хүнийг чинь цохисон гэж хэлсэн.” гэх, гэрч Б.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэр залуучууд дээр очоод чи хүний жоохон хүүхэд зодлоо тэр залууг барьж аваад тоосгоор толгой руу цохисон. О.Аийн боль гээд холдуулсан. Тэр залуугийн толгойноос цус гарч байсан.” гэх мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/382 дугаар дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч О.Ат холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт О.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Ат холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал дүгнэлтүүдийг гаргасныг шүүх хянан үзээд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд тухайн зүйлд заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөн хохирогч Б.Ч нь хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч О.Ааас иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт О.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ат 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А нь оногдуулсан 600 нэгжтэй тэнжэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч О.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч Б.Ч нь хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн О.Ааас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД