Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 92

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.А-д холбогдох 2016000000091 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын   28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, С овгийн Б-н А.

Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 05-наас 09 дүгээр сарын 06-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 0-0 тоот гэртээ хохирогч А.Д-г “гэр рүү цонхоор орж ирлээ” гэж маргалдан түүний нүүрэн тус газар олон удаа өшиглөж ухархайн доорх хана ясны хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний салстын цус харвалт, баруун зүүн дээд доод зовхины цус хуралт, баруун шанаанд зулгаралт гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч  Б.А-н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 05-наас 09 дүгээр сарын 06-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 0-0 тоот гэртээ хохирогч А.Д-г “гэр рүү цонхоор орж ирлээ” гэж маргалдан түүний нүүрэн тус газар олон удаа өшиглөж ухархайн доорх хана ясны хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний салстын цус харвалт, баруун зүүн дээд доод зовхины цус хуралт, баруун шанаанд зулгаралт гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.А гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.А-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “... 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ байж байсан. Намайг шөнө унтаж байхад 1 цагийн үед А.Д найз болон С гэдэг бүсгүйтэй гурвуулаа цонхоор орж ирсэн. Цонхоор орж ирлээ гэж бид хоорондоо маргалдаж, чи би дээрээ тулаад А.Д-н нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохиж, өшиглөж гэмтэл учруулсан. Энэ үйлдэлдээ маш их харамсаж байна. А.Д бид хоёр 7, 8 жилийн өмнөөс бие биенийгээ таньдаг. Биенийгээ сайн мэддэг, дотно ах, дүү хүмүүс. 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр аль аль нь жаахан архи уусан байж байгаад тийм хэрэг болсон маш их харамсаж байна ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ... Хохирол эмчилгээ, эм тарианы мөнгө гээд 1.000.000 төгрөг өгсөн ... Миний гэм бурууг ойлгуулсан та бүхэнд баярлалаа. Би гаргасан үйлдэлдээ маш их харамсаж байна. Торгуулийн арга хэмжээг хэдэн сарын хугацаанд төлөх боломжтой вэ? Тэр боломжоор нь шийдвэрлэж өгнө үү ...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,  

Хохирогч А.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “... Би 1 шил архи аваад Б.А-д өгөх зорилгоор биедээ авч явж байсан болохоор “Б.А-нд орох уу” гэхэд Ж, С хоёр зөвшөөрч, Б.А-н хашаанд ороод хаалгыг нь татаж үзэхэд түгжээтэй байсан. Хаалганы хажуу талын цонхыг гараараа түлхтэл цааш тэр чигээрээ онгойсон. Тэгээд цонхоор Ж-н хамт ороход Б.А 2 эмэгтэй хүнтэй хэвтэж байснаа босож ирээд “ганцхан Б-н орж ирдэг цонхоор чи орж ирлээ” гээд уурлаад унахад манай найз Ж Б.А-тай барилцаж аваад түлхтэл Б.А хойшоо унасан. Тэр үед Ж гараад яваад өгсөн. Тэгээд Б-г Б.А утсаар дуудсан. Гаднаас С орж ирээд байж байтал Б орж ирээд “юу болоод байгаа юм бэ” гэхэд Б.А “чиний орж ирдэг цонхоор энэ найзын хамт орж ирээд намайг зодлоо” гэхэд Б “миний орж ирдэг цонхоор орж ирдэг хэн бэ” гээд намайг хавсарч унагаахад Б.А миний нүүр рүү олон удаа өшиглөсөн. Энэ үед би “болиоч ах нараа намайг уучлаарай” гээд гуйхад “шалан дээрх цусыг арч суу” гээд Б орилоод байхаар нь шалан дээрх өөрийнхөө асгарсан цусыг цэвэрлэсэн. Энэ үед гарах хаалганы тэнд Б гартаа заазуур хутга хавсарсан бариад зогсож байсан. Би “гарья” гээд уйлаад гуйхад Б ирээд хавсарч унагаагаад Б.Агийн гэрийн хойд талын өрөө рүү намайг чирж оруулаад намайг боож байгаад төмсөг рүү 2 удаа өшиглөсөн. Тэгээд би уйлаад Б, Б.А нараас “явмаар байна” гэж гуйсан. Тэгэхэд намайг Б.А, Б хоёр байшингаас С-н хамт гаргаж явуулсан... Б.А миний нүүр рүү олон удаа өшиглөснөөс болж хамар хугарч, баруун нүдний ухархай яс хугарч, баруун нүдний торлог язралт үүсч нүд цааш суусан байна гэсэн. Мөн зүүн нүд хавдсан ... Би Б.А-с эмчилгээний зардал болох 1.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Одоо надад А-тай холбоотой гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /ХХ14-15/,

Гэрч Б.С-н мөрдөн байцаалтад өгсөн “... гаднаас Б орж ирээд “юу болоод байгаа юм” гэхэд Б.А Д-н нүүрний ам хамар орчим руу өшиглөсөн. Д “уучлаарай ах нараа” гээд босоод ирэхэд нь Б заамдаж аваад хавсарч унагаахад Б.А мөн Дн нүүрний баруун нүд орчимд 4-5 удаа өшиглөсөн. Д “уучлаарай ах нараа” гээд босоод ирэхэд нь Б бас хавсарч унагаахад Б.А мөн Д-н нүүр рүү олон удаа өшиглөсөн. Энэ үед би “болиочээ хүн аллаа” гэхэд Б.А намайг түлхэж холдуулсан. Тэгээд Д-н биенээс гарсан шалан дээрх цусыг угаалгасан. Д "уучлаарай ах нараа” гээд сөгдөөд уйлаад байсан... Б.А А.Д-н нүүрний ам хамар орчим луу эхлээд 1 удаа өшиглөсөн. Тэгээд А.Д босоод ирэхэд Б заамдаж аваад хавсарч унагаахад Б.А мөн А.Д-н нүүр лүү баруун нүд орчимд 4-5 удаа өшиглөсөн. А.Д уучлаарай ах нараа гээд босоод ирэхэд нь Б хоёр дахь удаагаа бас хавсарч унагаахад Б.А мөн Д-н хамар нүүр орчим луу нь олон удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ16-17/,

Гэрч Ж.С-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр манай нөхөр Д “айлаас утас аваад ирье” гээд гэрээсээ гараад 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр үүрээр 06 цагт гэртээ хүнд зодуулсан байдалтай нүүр нь битүү хавдар цус болсон орж ирсэн ... Манай нөхрийг Б.А нь нүүр лүү нь олон удаа өшиглөж, Б бас хажууд нь хутга заазуур бариад хаалга түгжчихээд гаргахгүй байсан гэсэн... Зодуулснаас болж манай нөхөр А.Д-т баруун нүдний ухархай яс хугарч, баруун нүдний торлог дээр язарч, нүд цааш суулт өгсөн. Хамар хугарсан...” гэсэн мэдүүлэг /ХХ18/,

Гэрч У.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2020 оны 09 сарын 06-ны шөнө 01 цагийн орчимд А ахынд ороход нэг залуу үүдний тамбар дотор таарсан. Байшинд ороход А ах, Д хоёр муудалцаад хажууд нь үл таних эмэгтэй бас зогсож байсан. А ах намайг хараад Д-н нүүр рүү нь гараараа 2 удаа цохиж авсан. Тэгэхээр нь салгах гээд дундуур нь ороод Д-г хавирч унагаасан. А Д-н нүүрэнд нь 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь А-г түлхэж холдуулаад салгаад шалан дээрх цусыг Д-р цэвэрлүүлсэн. Д явмаар байна гэхээр нь үл таних эмэгтэйгийн хамт явуулсан... А ах А.Д-г зодсоны дараа хамар, нүүр орчим нь хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ25/,

Гэрч Г.Ж-н мөрдөн байцаалтад өгсөн “... Хаалганы хажуу талын цонхыг А.Д гараараа түлхтэл цаашаа тэр чигээрээ онгойсон. Тэгээд цонхоор А.Д-н хамт ороход Б.А гэх хүн 2 эмэгтэй хүнтэй хэвтэж байснаа босож ирээд ганцхан Б-н орж ирдэг цонхоор чи орж ирлээ гээд уурлаад босоод ирэхээр нь би Б.А-тай барьцалдаж аваад түлхтэл Б.А хойшоо ор луугаа унасан. Би шууд Б.А-н гэрээс гараад гэр лүүгээ явсан... Би А.Д-г Б.А буюу А, У.Б нар цохиж зодох үед байхгүй байсан. Зодуулсны дараа маргааш нь харахад нүд хамар орчим хавдаж хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ26-27/,

Шинжээч Т.Алтайбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “... А.Д-н биед ухархайн дотор хана ясны хугарал, хамрын ясны хугарал, баруун нүдний салстын цус харвалт, баруун зүүн, дээд доод зовхины цус хуралт, баруун шанаанд зулгаралт гэмтэлтэй байсан ... А.Д-н биед учирсан ухархайн дотор хана ясны хугарал, хамрын ясны хугарал нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй ... А.Д-н биед үүссэн гэмтэл нь хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой ...  А.Д-н биед үүссэн гэмтэл нь нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой ...” гэсэн мэдүүлэг /ХХ38/,

Шинжээч Т.Алтайбаатарын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 304 дугаартай “... 1. А.Д-н биед гэмтэл учирсан байна.

2. А.Д-н биед ухархайн дотор хана ясны хугарал, хамар ясны хугарал, баруун нүдний салстын цус харвалт, баруун зүүн дээд доод зовхины цус хуралт, баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна ...” гэсэн дүгнэлт /ХХ29-30/,

Хэргийн шазарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ1/, түүний гэрэл зургийн үзүүлэлт /ХХ2-3/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчтой эвлэрсэн, хохирлоо нөхөн төлсөн  байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Б.А-г 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.А нь тус шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2020/ШЗ/207 дугаартай захирамжийн дагуу 1 /нэг/ хоногийн хугацаагаар цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон түүнд оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаас хасч, торгох ялын хэмжээг 985 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 985.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд эхний сард 285.000 төгрөг, дараагийн саруудад тус бүр 350.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.А-г гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыгхөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус  тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч А.Д-т хохиролд 1.000.000 төгрөгийг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, дугаар зүйлүүд, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Б-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-н цагдан хохирогдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон хасаж нийт торгох ялын хэмжээг 985 нэгжтэй хэмжээний буюу 985.000 /есөн зуун наян таван мянган/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 985 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 985.000 /есөн зуун наян таван мянган / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд эхний сард 285.000 төгрөг, дараагийн саруудад тус бүр 350.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.А-д танилцуулсугай.

6. Шүүгдэгч Б.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч А.Д-т хохиролд 1.000.000 төгрөгийг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА