Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 94

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.М-д холбогдох 2016000000089 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, Г овгийн Т-н М.

Шүүгдэгч Т.М нь 2020 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн 13 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн Арын хөтлийн дэнж гэх газар хээр Х.Т-г “агсам тавьж, бие рүү өшиглөлөө” гэж газарт унагаан зүүн шанаа орчим гараараа цохиж Х.Т-н биед баруун зулай ясны цөмөрсөн хугарал, 25 дугаар шүдний булгарал, зүүн шанаанд зулгаралт, баруун чамархайд зөөлөн эдийн гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Т.М-н 2020 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн 13 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн Арын хөтлийн дэнж гэх газар хээр Х.Т-г “агсам тавьж, бие рүү өшиглөлөө” гэж газарт унагаан зүүн шанаа орчим гараараа цохиж Х.Т-н биед баруун зулай ясны цөмөрсөн хугарал, 25 дугаар шүдний булгарал, зүүн шанаанд зулгаралт, баруун чамархайд зөөлөн эдийн гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан  үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Т.М гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Т.М-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...Би багийнхаа ард иргэдтэй уулзахаар Гишүүтийн гол гэдэг газар луу найз Г-н хамт явсан. Г-н хадам аав болох хохирогч Х.Т-нд очсон. Мал хариулж байсан гэдэг утгаараа хадам аавд нь 1 шил архи өгсөн. Бид 3 тэр архины талыг хувааж уусан. Тухайн газарт айлуудын мал бэлчихдээ нэг хөтлөөр давдаг. Тэнд угтаж очиж багийнхандаа мэдээлэл өгөх, ярилцах зорилгоор Г бид 2 Арийн хөтлийн дэнж гэдэг газар хүлээж байсан. Очоод багийнхантайгаа уулзсан. Уулзалт тараад Г, О.Н бид 3 сүүлийн яриагаа хийж байхад Х.Т ирсэн. Бид дөрөв 1 шил архи уусан. Бид ярилцаж дуусаагүй байхад Х.Т намайг янз бүрээр хэлсэн. Аав, ээжийн нэр хэлж, янз бүрээр доромжилсон. Би та харьж амар. Би дараа нь тантай ярилцъя гэж олон удаа тайлбарласан. Гэтэл бид ярилцаж байх хооронд миний баруун хавирга руу өшиглөсөн. Би хүлээцтэй хандсан. Намайг янз бүрээр доромжилж 2 удаа чулуугаар шидсэн. Нэг чулуу нь миний гар дээр оносон. Нөгөө чулуунаас нь зугтсан. Би Х.Т-д хандаж та яах гээд байгаа юм бэ? Явж амар. Мориндоо морд гэж хэлэхэд намайг хавирч унагаагаад миний зүүн шанаа руу гараараа цохисон. Би түүнийг хажуу тийш нь татаж унагаагаад нүүр лүү нь 2 удаа цохисон. Г, О.Н нар бид хоёрыг салгаад Х.Т ахыг моринд нь мордуулаад явуулсан ... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ... Эмчилгээний зардал 466.000 төгрөг өгсөн. Эмчлүүлж байх хугацаанд нь хоол унданд нь зориулж 1 хонь өгсөн. Мөн ойр зуурын хэрэглээний зүйл өгсөн  ...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Х.Т-н мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр би Алтай сумын 2 дугаар баг Гишүүтийн гол гэх газар  байх гэртээ байж байхад 11 цагийн орчим тус багийн дарга Т.М, миний охины нөхөр Г нар  сумын төвөөс ирсэн. Хүргэн Г мал харж байсан гээд 1 шил 0,5 литрийн Ерөөл нэртэй архи задалж өгөөд бид гурав тухайн архины талыг уусан. Би тухайн үед малд явах гэж байсан тул Улаан хөтөл рүү малаа туугаад түрүүлээд явсан. Ардаас М, Г нар ирээд М тэнд байсан хүмүүсийг цуглуулж багийн даргын зүгээс уулзалт хийгээд тарсан.Тэгээд манай хүргэн Г, М, О.Н бид 4 нөгөө тал архиа уугаад дуусч ардаас нь 1 шил архи М гаргаж ирээд бид нар уусан. О.Н уухгүй юм яриад суугаад байсан. Би архи их уусан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байгаа юм. Нэг мэдсэн чинь М газарт намайг толгойгоор унагаагаад дээр гарчихсан миний зүүн талын шанаа руу 2 удаа гараараа цохиход өвдөж байхыг сайн санаж байна. Тэгээд О.Н, Г хоёр М-г салгаж холдуулаад би морин дээр суугаад гэр лүүгээ явсан ... Т.М миний толгойны баруун талын хэсгээр унагаасан. Мөн зүүн талын шанаа руу 2 удаа цохисон. Миний зүүн хацарны орчим байх шүд унасан байсан. Мөн зүүн шанаа орчим халцарсан байсан. Унах үед мөн 2 удаа цохих үед газарт байсан жижиг чулуун дээр толгойны баруун хэсгээр цохисон учир толгойн баруун талын чихний дээр хавдсан байсан... Би Т.М-тэй холбоотой санал гомдол болон нэхэмжлэх зүйл огт байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ13-14/,

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Алтай сумаас манай нагац Хүүхэнзийн Тогтохбаярын эхнэр Х.Т яриад ах чинь тус сумын Уртын багийн дарга М-д зодуулчихлаа. Яаралтай эмнэлгийн машинаар эмчтэйгээ аймаг луу явлаа, тосоод аваатахаарай, би багтсангүй гэсэн. Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 07-ны 03 цаг 22 минутанд манай нагац ах Х.Т аймагт ирээд Нэгдсэн эмнэлэгт хэвтээд, маргааш өглөө нь 09 цагт гэмтлийн эмчид үзүүлээд шинжилгээ өгөөд цээжний зураг, тархины томографик авахуулахад баруун талын чамархай бяцарсан байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ15/,

Гэрч С.Г-н мөрдөн байцаалтад өгсөн “...багийн дарга Т.М-тэй тааралдаж бид хоёр манай хадам аавын гэрт очоод, хадам аавтай хамт 1 шил архины талыг нь уусан. Дараа нь Т.М бид хоёр манай багийн иргэн О.Н-тэй уулзах гээд гараад явсан үед араас хадам аав Х.Т ирж “Арын хөтлийн дэнж” гэх газар О.Нтэй уулзаад Т.М-н авч ирсэн тал архийг уусны дараа би унтсан байсан. Хэсэг хугацааны дараа М намайг сэрээж хадам аав чинь намайг чулуугаар цохиод байна гэхээр нь хадам аавыг гэр рүүгээ яваарай гэж хэлээд явуулсан. Тухайн үед түүний араас М очоод юм ярьж байсан ба нэг мэдэхэд тэр 2 ноцолдоод газарт унаж, М дээр нь гарсан хадам аав Х.Т-г цохиж байхаар нь очоод салгаж аваад, хадам аавыг морийг нь унуулаад гэр лүү нь явуулсан... Х.Т-г Т.М зүүн талын шанаа руу нь цохисон ба Х.Т унахдаа толгойгоороо газар мөргөж унасан байсныг харсан. О.Н бид 2 очоод салгаж аваад юу болсон бэ гэхэд Т.М Х.Т ах намайг тонгорч унагааж нэг цохисон тул би хажуу тийш нь татаж унагааж байгаад 2 цохисон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ19-21/,

Гэрч О.Н-н  мөрдөн байцаалтад өгсөн “...би “Арын хөтлийн дэнж” гэх газарт малаа бэлчээрт гаргаад явж байхад багийн дарга М тал шил архи барьсан, С.Г, Х.Т нартай хамт ирж надтай уулзсан. Бид нар тал шил архи уусны дараа Т.М 1 шил архи гаргаж, түүнийг ууж байхад Х.Т нь Т.М-г хэл амаар доромжилоод тэр хоёр маргалдаад байсан. Тухайн үед миний утас дуугараад би утсаар ярьж байх хооронд тэр 2 ноцолдоод газарт унасан байсан ба Т.М дээр нь гарсан Т-г цохиж байхаар нь очоод салгаж аваад бид 3 тэнд үлдсэн. Харин Тогтохбаяр ах морио унаад гэр лүүгээ явсан... Х.Т-г Т.М зүүн талын шанаа руу нь цохисон ба Х.Т унахдаа толгойгоороо газар мөргөж унасан байсныг харсан. О.Н бид 2 очоод салгаж аваад юу болсон бэ гэхэд Т.М Х.Т ах намайг тонгорч унагааж нэг цохисон тул би хажуу тийш нь татаж унагааж байгаад 2 цохисон гэж хэлсэн ... Би очоод салгаад авах үед зүүн талын шанаанаас цус гарсан байсан … Тэр хоёр маргалдаж байх үед Х.Т нь Т.М рүү чулуу шидэж байсныг харсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ22-23/,

Гэрч Х.Т-н  мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр С.Г, Т.М хоёр манай гэрт ирээд 1 шил Ерөөл архи задлаад уусан. Дараа нь тэр хоёр О.Н гэдэг хүнтэй уулзахаар явсан ба араас нь манай нөхөр Х.Т мал хариулахаар явлаа гээд гарсан. Удалгүй 2-3 цагийн дараа манай нөхөр гэрт нил цустай орж ирсэн ... Манай нөхрийн толгой, нүүр хэсэг нь нил цустай байсан ба зүүн талын шанаа нь гэмтсэн байсан тул цагдаа руу яриад, эмнэлэг дуудсан …Манай нөхөр гэрээсээ гарахдаа ямар нэгэн гэмтэлгүй гарсан ба морь малнаас унасан гэж хэлээгүй, харин Т.М зодож ийм байдалтай болгосон гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг /ХХ24-26/,

Шинжээч Т.Алтайбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “... Х.Т-н биед учирсан баруун зулай ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 25 дугаар шүдний булгарал гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. зүүн шанаанд зулгаралт, баруун чамархайд зөөлөн эдийн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй ... Хүний биед учирсан гэмтлүүдийн аль хүндээр нь гэмтлийн зэрэг тогтоодог. Х.Т-н биед үүссэн 25-р шүдний булгаралт гэмтэл нь гараар цохих үед үүсэх боломжтой. Баруун зулай ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь газар унахдаа чулуун дээр таарч унах үед үүсэх боломжтой. Эдгээр гэмтлүүд нь нэг удаагийн болон түүнээс дээж удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /ХХ42/,

Шинжээч Т.Алтайбаатарын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 303 дугаартай “... 1. Х.Т-н биед гэмтэл учирсан байна.

2. Х.Т-н биед баруун зулай ясны цөмөрсөн хугарал, 25 дугаар шүдний булгарал, зүүн шанаанд зулгаралт, баруун чамархайд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна ...” гэсэн дүгнэлт /ХХ33-34/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ4-5/, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ6-8/, Х.Т-н 3680 дугаартай өвчний түүхийн хуулбар /ХХ85-92/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирлоо нөхөн төлсөн  байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Т.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Т.М-д 10.100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.100.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.100.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд эхний жил 4.100.000 төгрөг, дараагийн жил тус бүр 3.000.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Т.М-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Х.Т-д хохиролд 1 хонь, 466.000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, дугаар зүйлүүд, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Т-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-г 10.100 / арван мянга нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.100.000 / арван сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-д оногдуулсан 10.100 / арван мянга нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.100.000 / арван сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш эхний жил 4.100.000 / дөрвөн сая нэг зуун мянган/ төгрөг, дараагийн жил тус бүр 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.М-д тайлбарласугай.

5. Шүүгдэгч Т.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Т.М нь цагдан хоригдоогүй, хохирогч Х.Т-д хохиролд 1 хонь, 466.000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА