Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 06

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Ё.С-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

       

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор                                                                    М.Батзаяа

            Хохирогчийн өмгөөлөгч                                           В.Удвал

            Хохирогч                                                                   Б.Э

            Шүүгдэгч                                                                   Ё.С

            Нарийн бичгийн дарга                                              Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч В.Удвалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ё.Ст холбогдох 1712002210004 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  Архангай аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ,,оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ө овгийн Ё-ийн С

 

Ё.С нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул баг, Даагын тал гэх газарт Б.Этэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан   гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Ё.Ст холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Ө овогт Ё-ийн С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Сыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ё.С нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15  /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Соос 640.600 / зургаан зуун дөчин мянга зургаан зуу/төгрөг гаргуулан хохирогч Б.Эд олгож, түүний нэхэмжлэлээс 2.200.200 /хоёр сая хоёр зуун мянга хоёр зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ё.Ст хохирогч Б.Эд шийтгэх тогтоолоор гаргуулахаар заасан 640.600 /зургаан зуун дөчин мянга зургаан зуу/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,

Шүүгдэгч Ё.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, болохыг тус тус дурдан, хэрэгт хураагдсан рентгэн зураг 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Эд буцаан олгож,

Шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ё.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтож шийдвэрлэжээ.

 

 Хохирогчийн өмгөөлөгч В.Удвалын гаргасан давж заалдах гомдолд:

“Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн нутаг Даагын тал гэх газарт Ё.С нь иргэн Б.Эийг зодож түүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг гарсан бөгөөд хэргийн холбогдогч Ё.С нь гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Хохирогч Б.Э нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багт 1300 гаран малаа маллан амьдардаг малчин хүн юм. Б.Эийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруу, зүүн хацарт язарсан шарх, зулгаралт, зүүн чамархайн хэсгийн хуйханд цус хуралт, зүүн зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтлүүд учирсан. Уг гэмтлийг оношлуулж, эмчлүүлж, эмчийн хяналтанд байгаа талаарх бүхий л нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага ханган шүүхэд гаргаж өгсөн байгаа. Тэрээр эмнэлэгт үзүүлж харуулах, онош тодруулах, хавдар буулгахаар эмнэлэгт хэвтсэн, мөн хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлтыг засуулах мэс засал хийлгэсэн, цаашид 2-3 сарын хугацаанд эмчийн байнгын хяналтанд үзүүлж, боолт хийлгэж, гам дэглэм барих зайлшгүй шаардлагатай болсны улмаас өөрийнхөө малыг харж чадахгүй хүнээр малаа маллуулж хөлс төлсөн 1 000 000 төгрөг, уг гэмт хэргийн улмаас хууль, эрх зүйн туслалцаа авах шаардлагатай болж өмгөөлөгчид төлсөн 1 000 000 төгрөгийг уг гэмт хэргийн хохирол, хор уршигтай шалтгаант холбоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Иймд Б.Эд учирсан хохирлоос 2 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон шийтгэх тогтоолын 5 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүх хуралд биечлэн оролцож тайлбар гаргах хүсэлттэй байна.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

“Хохирогч Б.Эөөс гаргасан давж заалдах гомдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан 2 000 000 төгрөгийг нэхэмжилсэн. Прокурорын зүгээс 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч В.Удвал шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Өмнөх тайлбартаа давж заалдах гомдлоо дэлгэрэнгүй тайлбарласан. Хохирол төлбөрийг бүрэн гаргуулж өгнө үү. 200 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тэрийг нотлох баримтын шаардлага болон зарим нэг хангахгүй зүйлүүд байсан учраас тэгж шийдвэрлэсэн байх. Үүнтэй санал нэгдэж байгаа. Үйлчлүүлэгч маань хохирол төлбөртэй холбоотой баримтаа гаргаж өгье гэсэн учраас шүүхэд гаргаж өгсөн. 2 000 000 төгрөгний хохирлыг шүүх гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа учраас өмнөх саналаа дэмжиж байна.” гэв.

 

Хохирогч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний хувьд гомдолтой байна. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ё.Ст зодуулсны улмаас хохирол мөнгө нилээд гарсан. Анхан шатны шүүх хуралдаанаар орж 5 сая гаруй төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч намайг хөдөлмөрийн чадвараа алдаагүй гэж үзэж хохирол мөнгөний талыг нь хасч шийдвэрлэсэн. Хохирлыг маань хасч шийдвэрлэсэн учраас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Энэ хэргийн улмаас би ажил төрлөө алдаж, наашаа цаашаа явж чирэгдэл учирсан учраас хохирол мөнгөө бүрэн дүүрэн гаргуулж авмаар байна. Энэ хүнд зодуулсаны улмаас хохирол төлбөр гарсан учраас энэ хүнээр хохирлоо төлүүлмээр байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогчийн өмгөөлөгч В.Удвалын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн эсэх, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлыг хянах эрхийг шүүхэд олгосон байна.

 

             Хэдийгээр шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй, хохирлыг хэрхэн, яаж төлөхөө бичгээр илэрхийлээгүй, хохирол төлөх боломжтой эсэх талаарх нотлох баримт хэрэгт хавсаргаагүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, улмаар шүүх хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

   Дээрх зөрчлийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дээр дурдсан үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   

 Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар хохирогчийн өмгөөлөгч В.Удвалын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.

 

 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын тогтоох хэсгийн 2 дах заалтаар хэн гэдэг шинжээчийг томилсон нь тодорхойгүй атлаа шинжээчид мэдэгдэхийг шинжилгээний байгууллагад даалгасан, 4 дэх заалтаар дүгнэлтийг 2017 оны 11 сарын 03-ны өдрийн дотор гаргахыг хэн гэх шинжээчид даалгаж байгаа нь тодорхойгүй, 5 дах заалтанд шинжээч эмч хэн гэх этгээдийн мэдэлд тогтоол, хохирогч нарыг шилжүүлээд байгаа нь тодорхойгүй, 6 дах заалтаар хэнд шинжээчийн эрх үүргийг тайлбарласан нь тодорхойгүй байхад шинжээч Б.Отгонжаргал танилцсан шинжээч гэж гарын үсэг зурж, улмаар дүгнэлт гаргасныг мөрдөгчийн тогтоолын дагуу томилогдсон шинжээч гэж үзэхэд эргэлзээтэй байна. /хх-46 хуудас/

 

 Шүүгдэгч Ё.Сын холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд очтол түүнд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болно.

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол Ё.Ст хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Т.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                      Н.ЭНХМАА