Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 796

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.Б

Хариуцагч: БСШУСЯ-ны Санхүү хяналт шалгалтын байцаагч М.М, Р.А, Дотоод аудитын хэлтэст

Нэхэмжлэлийн шаардлага: БСШУСЯ-ны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08-02/11, 08-02/12, 08-02/13 дугаар актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагч М.М, Р.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, хариуцагчийн өмгөөлөгч С.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б, өмгөөлөгч Ж.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б миний бие сонгон шалгаруулалтын үр дүнд 2014 онд Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын тушаалаар “Насан туршийн боловсролын үндэсний төв”-ийн захирлаар томилогдсон. 

Насан туршийн боловсролын үндэсний төв нь БСШУСЯ-ны харьяа, сургууль завсардсан болон эмзэг бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролыг хариуцдаг байгууллага. Монгол Улсын хэмжээнд 355 төвийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, тус төвүүдийн 600 гаруй багшийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, чадваржуулах зорилготой сургалт судалгаа арга зүйн байгууллага юм. 2016 онд сонгуулийн дараа Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газраас шалгалт орж, шалгалтын үр дүнд миний бие 10 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн үед намайг хэлтсийн дарга З.Э дуудан ирүүлж шалгалтын дүнд 35.138.564 төгрөгийн зөрчил илэрсэн гэж хэлсэн. Би үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлсэн. Харин З.Э дарга надад та халагдах өргөдлөө бичээд өгчихвөл мөнгөн дүнг тавихгүй, ерөнхий дүгнэлтийг тавьж болно гэсэн. Би хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд үүнийгээ хэлээд гарч явсан. 

2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Насан туршийн боловсролын төвийн захирлын үүрэгт ажлаас Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөрийн гэрээ цуцалсан үндэслэлийг аудитын шалгалтын дүн гэж тайлбарласан байсан. Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн. 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр ажлаас халагдсан болохыг тогтоосон шийдвэр гарч, гурван шатны шүүхээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, миний бие 2018 оны 3 сарын 16-ны өдөр ажилдаа эргэж томилогдсон. 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр М.М байцаагч ”Насан туршийн боловсролын үндэсний төв”-ийн утасруу залгаж, байгууллагын мэргэжилтэн Б.Б*******тэй холбогдож, Л.Б шүүх хуралдаанд ялсан учраас ажилдаа эргэж орох гэж байгаа. Танай байгууллагын ажилтнууд буцааж ажилд нь томилуулах хүсэлгүй байна гэсэн утгыг илэрхийлсэн гарын үсгүүдийг цуглуулж өг гэсэн. Байгууллагын ажилчид гарын үсэг цуглуулж өгөөгүй. Үүнээс 5 хоногийн дараа Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газраас, гүйцэтгэлийн үнэлгээ гэх шалгалтыг хийсэн. М.М байцаагч дараа нь утсаар холбогдож шалгалтын тайлан гарсан, ирж танилц гэсэн. Очиж тайлантай танилцахад 3 төрлийн акт гаргасан байсан. Би М.Мд та намайг тус ажилд дахин томилуулахгүйн тулд энэ ажиллагааг явуулсан байна. Таны Б.Б******* мэргэжилтэнтэй гарын үсэг цуглуулах тухай ярьсан яриа үүнийг гэрчилнэ гэхэд, Б.Б*******г “тэтгэвэртээ гарах болоогүй юм уу?” гэх зэргээр зүй бус байдлаар хандаж байсан. 

Үүний дараа Авлигатай тэмцэх газраас манай байгууллагын нягтлан бодогчийг дуудаж, гэрчийн мэдүүлэг авсан. Одоог хүртэл Авлигатай тэмцэх газраас хариу ирүүлээгүй байна. Хэрвээ гүйцэтгэлийн шалгалт хийж, гаргасан акт үнэн зөв байсан бол Авлигатай тэмцэх газар шийдвэрлэх байсан. 2015 он болон 2016 оны Үндэсний аудитын газраас байгууллагын санхүүгийн шалгалтыг хийж, зөрчилгүй гарсан газруудын нягтлан бодогч нарыг шагнахад, Насан туршийн боловсролын төвийн нягтлан бодогч мөн адил шагнагдсан. 2016 он болон 2017 онуудад Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайд Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тоотоор нягтлан бодогч О.Б*******ыг шагнасан байдаг. Гүйцэтгэлийн хяналт шалгалтаас гарсан 3 төрлийн актад тусгагдсан ажлууд нь бүгд хийгдсэн ажлууд байдаг. Эдгээр ажлууд хийгдсэн эсэх дээр гэрчүүдээс мэдүүлэг авч, бүх гэрчүүд үүнийг баталсан. Төслийн ажлаас, төсвийн мөнгөтэй давхардуулж цалин авсан гэсэн асуудалд М.М байцаагч өөрөө мөн адил, бид нар ч гэсэн яамны төсөл дээр ажиллаж цалин авдаг гэж ярьж байсан. Маргаан бүхий захиргааны 3 актын 2 т нь агуулагдаж байгаа ажлууд нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан болон Хүн амын сан, Швейцарийн Хөгжлийн Агентлаг, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Японы хүүхэд ивээх сан гэсэн Олон Улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрийн дагуу хэрэгжсэн. Насан туршийн боловсрол олгох үндэсний төвөөс өөр байгууллагаар дамжуулан ямар нэг үйл ажиллагаа явуулах боломжгүй. 

Иймд манай байгууллага 20 жилийн турш төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа явуулж байсан. Олон улсын байгууллагууд жилийн эцэст төсөл хэрэгжүүлэгч байгууллагадаа шалгалт оруулдаг. Хэрэв зөрчил илэрвэл төслийг үргэлжлүүлэхийг зогсоодог. Харин “Насан туршийн боловсролын үндэсний төв”-ийн хэрэгжүүлж байгаа төсөл нь 2015-2018 оныг дуустал байх бөгөөд одоо ч үргэлжилж байгаа. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан болон, Хүүхдийн сангийн төслийн хөтөлбөрүүд санхүүжилт жил тус бүр батлагдан, хэрэгжиж байгаа. Гэтэл маргаан бүхий актуудаар “Насан туршийн боловсролын төв” нь төслийг хэрэгжүүлээгүй, ажлыг цалгардуулсан болон санхүүгийн асуудал гаргасан гэсэн утгатай байдаг. Насан туршийн боловсролын үндэсний төвийн бүх ажилтнууд маш шаргуу ажиллаж, төсөл, хөтөлбөрийг үргэлжлүүлж байгаа. Намайг ажлаас халуулах зорилгоор маргаан бүхий актуудыг гаргаж улс төрийн утга санаа агуулж байгаа нь зөвхөн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх бус, байгууллагын үйл ажиллагаанд саад болж байгаа юм. 

2017 оны гүйцэтгэлийн хяналт шалгалтын үеэр би ”Насан туршийн боловсролын үндэсний төв”-д ажиллаагүй байсан. Тус шалгалтыг очиж хийлгүй, ажлынхаа өрөөнөөс бичиг баримтуудыг татаж авч үздэг байсан гэдэг нь тогтоогддог. Тэр үед ямар бичиг баримтыг үзсэн, ямар бичиг баримтыг нь үзээгүйг би мэдэхгүй. Нягтлан бодогчийн гэрчийн мэдүүлэгт, бичиг хэрэг дээрээс үдэж янзлах боломжгүй баримтуудыг очиж үзэх боломжтой гэхэд очиж үзээгүй гэснийг харж болно. 

Намайг төв аймагт томилолтоор ажиллаж байхад З.Э дарга дуудаж эвлэрэх талаар ярилцсан. Энэ ярилцлагад З.Э, М.М нар байлцсан. Би маргаан бүхий захиргааны 3 акт нь илт хууль бус учраас хүчингүй болгож өгөх саналыг хэлэхэд, хамгийн өндөр дүнтэй актыг хүчингүй болгож, нөгөө 2 актыг хүчингүй болгохгүй. Энэ нь тус яамны нэр хүндийн асуудал гэж хэлсэн. Мөн өнөөдрийг хүртэл хамгийн өндөр дүнтэй захиргааны актыг хүчингүй болгосон албан бичиг хийж өгөөгүй байгаа.

Улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08-02/13 дугаартай акт нь гэрээт ажлын хөлсийг хуулийн байгууллагаар хянуулах тухай агуулгатай. Гэтэл одоог хүртэл хуулийн байгууллагад яагаад өгөөгүй, хянуулаагүй байгаа нь намайг ажлаас халуулах зорилгыг л агуулж байгааг илтгэж байна. Төслийн цалинг төсвөөс гаргуулж давхар цалин авсан, бичиг баримт, хийсэн ажлын үр дүнг нотлох бичиг баримт санхүүгийн шалгалтаар илрээгүй нь ажил хийгдсэн эсэх нь тодорхойгүй зөрчил байна гэсэн байдаг. 2016 онд намайг ажлаас халагдах үед тайлан эцсийн байдлаар гараагүй байсан. 

Дараагийн шалгалтаар 2017 оны гүйцэтгэлийн хяналт шалгалтын үед гарсан байсан тайланг авч үзээгүй байгаа юм. Дараа нь ажилд орсон захирал эдгээр тайланг гаргасан ажилтнуудыг бүгдийг нь халсан байдаг. Тус актад 2015 онд 37.550.000 төгрөг. Үнийн дүнг ”Насан туршийн боловсролын үндэсний төв”-ийн ажилтнуудад хамааруулж бичсэн. Гэтэл энэ мөнгөн дүнд гаднаас авч ажиллуулсан зөвлөхүүдийн 21.000.000 төгрөг багтаж байгаа. Ингэж үзвэл үлдсэн 16.000.000 төгрөгийг үндсэн ажилтнууд төсвийн хөрөнгөнөөс завшсан хэрэгт холбогдох болж байна. 2016 онд 30.936.470 төгрөг гэж ялгаж тавьсан дээрээ 2015 оны 12.900.000 төгрөгийг давхардуулж бодоод оруулсан байна. Улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08-02/11 дугаартай захиргааны актад гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй гэсэн утгатай. Энд хөндөгдсөн бүхий л ажлууд хийж гүйцэтгэсэн. Би өөрийн хувийн цахим хуудсандаа тухай бүр нь хийсэн ажлуудаа танилцуулж байсан. Тэдгээрийг би үзүүлж нотолж чадна. Улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08-02/12 дугаартай захиргааны актад албан тушаалаа ашиглан өөртөө урамшуулал авсан 3 тушаалын тухай байдаг. Өөртөө 513.000 төгрөг авсан зөрчил илэрсэн гэж бичсэн. Энэ нь “Насан туршийн боловсролын үндэсний төв”-ийн дотоод журамд зааснаар удирдлагын багийн шийдвэрээр ажилтнуудын ажлын үр дүнг хэлэлцэж, урамшуулал олгохоор шийдвэрлэсний дүнд олгогдсон мөнгө юм. Тус шийдвэрийг агуулсан хурлын тэмдэглэл хэргийн материалд авагдсан. Гарсан шийдвэрийн дагуу би байгууллагын захирлын хувьд тушаал гаргасан. Төсөл, хөтөлбөрийг би өөрөө их цаг хугацаа, хөдөлмөр зарцуулан бичиж, ажил хэрэг болгосон. Гэрчийн мэдүүлэгт ч тусгагдсан байгаа. Иймээс маргаан бүхий 3 актыг илт хууль бус болохыг тогтоож өгөхийг шүүхээс хүсч байна

Энэ зөвхөн БСШУСЯ-анд тулгараад байгаа асуудал биш. Улс төрийн үзэл бодлоор ялгаварлан ажлаас халдаг, хэлмэгдүүлдэг зэрэг нөхцөл байдал үүсч байгаагийн нэгэн жишээ юм. 

Маргаан бүхий актыг ямар нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр гаргасан нь тодорхойгүй. Актууд агуулгаасаа эхлээд бүх утга санаа нь хоорондоо зөрүүтэй байж, хийгдсэн хяналт шалгалтын ажиллагаа нь зохих журмаар явагдаагүй. Хууль бусаар олсон орлогыг улсын орлого болгож Л.Баар төлүүлэх тухай асуудал яригдаж байгаа. Тэгвэл хууль бус гэдгээ хэрхэн яаж нотолж, тогтоож байгаа нь тодорхойгүй байна. Ажлаас үндэслэлгүйгээр халагдсан тухай Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шийдвэр гарсан. Иргэний хэргийн шүүхээр маргасан маргаан дээр тавигдсан 7 төрлийн актын үндэслэлийг хариуцагч тал мөн нотолж чадаагүй. Актын бичилт, хэлбэр, гаргаж тавьсан асуудлын хүрээнд ярихад учир дутагдал ихтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах үндэслэл болж байгаа юм. Маргаан бүхий актын агуулгыг авч үзвэл, БСШУСЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газраас хийсэн дотоод аудитын танилцуулга, дүгнэлтийн хэрэгжилтийн талаар тухайн зөрчлийг дахин шалгаж тогтоох гүйцэтгэлийн аудитын талаар гэсэн байна. Энэ бичвэрээс үзэхэд гүйцэтгэлийн аудит хийсэн юм шиг харагдаж байна. Дараа нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын удирдамжтай Санхүүгийн хяналт шалгалтыг хийхэд дараах зөрчил илэрлээ гэсэн бичвэр байна. Үүнээс үзэхэд 2 шалгалт хийсэн гэж харагдаж байна. Нэг талаас харахад гүйцэтгэлийн шалгалт хийсэн харагдаж байна. Нөгөө талаас баримтын шалгалт хийсэн харагдаж байна. Ямар шалгалтыг нь хийсэн гэдэг нь тодорхойгүй байна. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн. 7.1.4 “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, 7.1.6 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэсэн зүйл заалтыг тусгаж өгсөн. Үүнийгээ хэрхэн, ямар үйл явдлаар нотолж байгаа зэрэг нь тодорхой бус байна. Энэ хөрөнгийн эх үүсвэр нь төсвийн эсхүл хандив тусламжийн хөрөнгийн аль нь болохыг тодорхойлох шаардлагатай. Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх гэсэн заалт нь өөрөө гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Л.Бад хуулиар ямар эрх мэдэл олгосон болох, тэр эрх мэдлээ хэрхэн хэтрүүлсэн зэргийг шалгаж тогтоосон баримт нотолгоо харагдахгүй байна. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.2-т “төсвийн захирагч нь төсвийн асуудлаа өөрийн харьяалагдах дээд шатны төсвийн захирагчаар дамжуулан шийдвэрлүүлдэг байх” гэсэн заалтыг тусгасан. Энэ хөрөнгө нь төсвийн хөрөнгө биш. Эдгээр хүмүүс нь гэрээний үндсэн дээр Олон улсын байгууллагатай хамтарч ажил гүйцэтгэж байгаа.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтын аль хэсгийг нь зөрчсөн болох, түүний нотолгоо нь юугаар илэрч байгааг нотлоогүй. Миний үйлчлүүлэгч хийсэн ажлаа зохих журмаар нь, удирдлагын багаараа хэлэлцэж, хамтын зарчмаар шийдвэрлэсэн. Урамшууллыг ганцхан өөртөө олгосон юм биш ажил үүргээ гүйцэтгэсэн бүх хүнд олгосон. Актын тогтоох хэсэгт: Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэсэн заалтыг тусгасан. Хууль бусаар олсон орлого гэдгийг хэрхэн яаж тогтоож байгаа нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч ажил хэргээ гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэсэн. Хариуцагчийн өмгөөлөгчийн хэлснээр Иргэний хэргийн шүүхийн шийдвэр маргаанд хамааралгүй гэж байна. Гэтэл хамгийн их хамааралтай асуудал юм. Л.Бийг 7 үндэслэлээр ажлаас халсан шийдвэр гаргасан байдаг. эдгээр 7 үндэслэлийг баримтаар нотлоогүй. Тийм учраас Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсон.

Захиргааны ерөнхий хуулийн 47 зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай” гэж заасан мөн хуулийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасан болон мөн хуулийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн үндэслэлүүдээр тус тус няцааж байна. Хэргийн үйл баримт үндсэндээ тодорхой боллоо гэж үзэж байна. Нэмж хэлэхэд 2017 онд 2 дахь удаа энэ байгууллагад шалгалт хийхдээ баримтын шалгалт гэж нэг хэлээд санхүүгийн шалгалт гэж нэг хэлээд байгаа нь ер нь бол тохиолдлын, гүйцэтгэлийн, төлөвлөгөөт эсхүл төлөвлөгөөт бус шалгалтын аль нь ч биш юм. Л.Бийг ажлаас нь халахын тулд хэн нэгэн албан тушаалтны захиалгаар хийгдсэн акт гэж харагдаж байгаа. Маргаан бүхий актын агуулгад бичигдсэн хуулиудын зүйл заалтууд орсон байгаа нь хэлбэрийн хувьд алдаатай. Улсын байцаагчийн эрхэд эдгээр зүйл заалтаар акт тогтоох эрх байгаа юу гэдэг нь тодорхойгүй. 

Үйл баримтад тулгуурлавал эдгээр хүмүүс гэрээ байгуулж түүнийхээ дагуу ажил гүйцэтгэж хөлсөө авсан. Энэ үйлдэл нь хууль бус үйлдэл биш. Тухайн хөрөнгө нь олон улсын байгууллагаас орж ирсэн санхүүгийн эх үүсвэр. Монгол Улсын татвар төлөгчдийн хөрөнгө биш. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэсэн заалтын шаардлагыг хангаагүй. Мөн урамшуулал авсан асуудлын хувьд ”Насан туршийн боловсролын үндэсний төв”-ийн байгууллагын дотоод журмаараа удирдлагын багийн шийдвэрээр олгогдсон урамшуулал юм. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл биш. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.2-т “төсвийн захирагч нь төсвийн асуудлаа өөрийн харьяалагдах дээд шатны төсвийн захирагчаар дамжуулан шийдвэрлүүлдэг байх” гэсэн үндэслэл бичсэн байна. Цалингаас өөр орлогогүй байгууллага асуудал бүрийг сайдаар шийдүүлээд байх боломжгүй. “Насан туршийн боловсролын үндэсний төв”-д улсаас тэр жилд нь төсөвлөсөн хөрөнгөөс хэтрүүлсэн зардал гаргасан бол түүнийг нь нотлох баримтаар үзүүлэх хэрэгтэй. Захиргааны ерөнхий хуулийн 40 зүйлийн 40.3-д “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана” гэсэн заалтын шаардлагыг хангаагүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 53.1 “Гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар хяналт шалгалтын байгууллагаас өгсөн албан шаардлагын биелэлтийг хянах зорилгоор явуулна. 53.3.Гүйцэтгэлийн шалгалт хийхдээ шалгуулагч этгээдэд ажлын хоёроос доошгүй хоногийн өмнө урьдчилан мэдэгдэнэ” гэсэн заалтын дагуу дүгнэхэд Л.Бийг ажлаа өгсний дараа шалгалт хийсэн. Олон улсын байгууллагаас орж ирсэн хөрөнгө нь Монгол Улсын төсөвт хамаарна гэж хэллээ. Өргөн хүрээгээр нь авч үзвэл тийм байж болох ч, органик хуулиуд нь императив зохицуулалттай гэвэл үүний агуулга нь үндэслэл болохгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн харьяа байгууллага, аж ахуйн нэгж өөрийн аппаратад дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг баталж мөрдүүлнэ” гэж заасан. Гэтэл хяналт шалгалт явуулах нарийвчилсан зохицуулалт байхгүй байна. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдал, бүртгэл санхүүгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх арга хэмжээ авна” гэж заасан. Энэ нь төрийн өмчийн хязгаарлагдмал зохицуулалт. Энд төсөл хөтөлбөрөөр орж ирсэн хөрөнгө мөнгийг шалгана гэдэг агуулга байхгүй. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэсэн заалтыг үндэслэсэн байгаа юм. Гэтэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйл нь мэргэжлийн хяналтын байцаагчийн дагаж мөрдөх зүйл заалтууд. М.М нь мэргэжлийн хяналтын Улсын байцаагч биш. Хяналт шалгалтын дүгнэлтэд гэрээ байгуулсан хэдий ч санхүүгийн баримт дутуу гэж байна. Тус шалгалтаар байгууллагын бүх баримтад шалгалт хийсэн гэсэн нотолгоо байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэсэн шаардлагад мөн нийцээгүй байна. Засгийн газрын дотоод аудитын дүрмийн 5 дахь хэсгийн 5.2.6-д “Засгийн газрын тусгай сан, төсвөөс олгосон санхүүгийн тусламж, дэмжлэг, эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулж байгаа төсвийн хөрөнгө, олон улсын байгууллага, гадаад орны Засгийн газар, байгууллага, иргэдээс олгосон зээл, өгсөн хандив, тусламж, тэдгээртэй адилтгах хөрөнгийн ашиглалт, зарцуулалтад хяналт тавих” гэсэн заалтыг шалгалтын дүгнэлтэд оруулсан байна.”Насан туршийн боловсролын үндэсний төв”-ийн хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр нь зээл, хандив биш. Ажил гүйцэтгэсний хариуд авч байгаа мөнгө болохоос эргээд засгийн газар төлөх хөрөнгө биш. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “төсөв” гэж төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгө, орлого, зарлага, өр, төлбөр, санхүүгийн амлалт болон үүрэг, тэдгээртэй холбогдсон санхүүгийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүнгийн нийлбэр цогцыг” гэж заасан. Мөн хуулийн 4.1.6-д “улсын төсөв” гэж Улсын Их Хурлаас баталсан, Засгийн газар болон улсын төсөвт харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг” Мөн хуулийн 4.1.9-д “төсвийн орлого” гэж хууль тогтоомжийн дагуу улсын болон орон нутгийн төсөв бүрдүүлэх орлого, төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогыг” гэж заасан. Насан туршийн боловсролын үндэсний төв нь ашгийн төлөө байгууллага биш. Маргаан бүхий актад үндэслэл болгосон хуулийн зүйл заалтуудад төсөл хөтөлбөр гэсэн үг өгүүлбэр байхгүй. Мөн импиратив зохицуулалт юм. Насан туршийн боловсролын үндэсний төв нь гэрээгээр гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг авсныхаа төлөө захиргааны акт тогтоолгож байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Байгууллагын ажилчид нийтээрээ гэрээ багйуулж ажил хийсний үр дүнд зөвхөн захирал, нягтлан бодогч 2 хариуцлага үүрч байгаа нь зүйд нийцэхгүй байна. Л.Бийг гэрээ байгуулж ажиллаж болохгүй гэсэн ямар ч хуулийн зүйл заалт байхгүй. Иймд хуулийн зүйл заалтын хэлбэр болон агуулгын хувьд шаардлагад нийцээгүй эдгээр маргаан бүхий 3 актыг илт хууль бус захиргааны актад тооцож өгөхийг шүүхээс хүсч байна” гэжээ. 

Хариуцагч БСШУСЯ-ны Санхүү хяналт шалгалтын байцаагч М.М, Р.А хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, хариуцагчийн өмгөөлөгч С.Ө нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Насан туршийн боловсролын үндэсний төв”-д хяналт шалгалт хийх 3 удаагийн, 3 өөр сайдын удирдамж гарсан байдаг. Л.Гантөмөр сайдын үед эхний гомдол гарсан. Дараа нь Ж.Батсуурь сайдын үед дахин гомдол гарсан. Г.Чулуунбаатар сайдын үед гүйцэтгэлийн шалгалтыг хийсэн. Төсөл хөтөлбөрөөр хийх ажлыг төсвийн мөнгөнөөс гаргуулж авдаг. Л.Б нь ажилчдын илүү цагаар сууж ажилласан мөнгийг гаднаас хүн авч ажиллуулсан гэж мөнгө гаргуулж, захирал болсноосоо хойш шинээр ажилд авсан хэдхэн хүнээрээ л ажлуудаа гүйцэтгүүлж, мөнгө санхүүтэй холбоотой дарамтыг үзүүлдэг болох нь тогтоогдоод байгаа. Зөвхөн 2016 онд гэхэд Германы хамтын ажиллагааны тогтвортой хөгжлийн сангаас Боловсролын төвийн төсөлд 495.000.000 төгрөг, Залуучуудын хөгжлийн төсөлд 365.000.000 төгрөг гэх мэт өндөр дүнтэй мөнгөн хөрөнгийг зарцуулдаг. Хэрхэн зарцуулагддаг талаар нь орон нутгуудаар явж асуухад, хийгдсэн ажил байхгүй, хоосон анги танхимаас өөр зүйл байдаггүй. Л.Бийг захирлаар томилогдсоноос хойш тус төвийн үйл ажиллагаа унасан. Тус шалгалтаар хувь хүнийх нь хувьд ямар нэг асуудал яриагүй. Гурав дахь актыг гарснаас хойш ном хэвлэгдсэн гэдгээс өөр тайлбар ирээгүй. Төслийн хүрээнд хийгдсэн гэх, хэргийн материалд авагдаж байгаа номыг тараах гэхээр гологддог, шаардлага хангаж чаддаггүй.

Эдгээр зөрчлүүд нь баримтаар нотлогдож, акт тавих үндэслэл болж байгаа юм. Албан тушаалаа ашиглан өөртөө цалин урамшуулал авсан гэх утгатай захиргааны акт нь хэрэгт авагдсан нотлох баримт болох, өөрийнх нь гаргасан тушаалд үндэслэгдэж байгаа. Томилолтоор явах нэрийдлээр төсвийн мөнгө үрж, зугаацдаг. Мөн тус актад олгогдсон урамшууллын мөнгө нь удирдлагын зөвлөлөөр шийдвэрлэгдсэн гэж байна. Удирдлагын зөвлөл гэдэгт өөрийнх нь шинээр авсан, өөртэй нь хамаарал бүхий хэдхэн ажилтнууд багтдаг. Хийж гүйцэтгэсэн шалгалтын үр дүнгийн тухай гомдлыг Сангийн яамны хариуцсан салбараар нь заавал хянуулж шийдвэрлсний дараа шүүх байгууллагад нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй байсан. Гэрээ байгуулаад хийлгэж буй гэрээнд заагдсан ажлуудын санхүүгийн баримт, хүлээлцсэн гэх акт байдаггүй. Л.Б ажлаа өгсний дараа томилогдсон захирлаас хойш ажлыг үр дүн дээшилсэн. Л.Гантөмөр сайд ”Насан туршийн боловсролын үндэсний төв”-ийн үйл ажиллагаа нь доголдоод байна, шалгалт хий гэсэн. Түүнийх нь дагуу шалгалтыг эхлүүлээд байж байтал, гараа хугалж эмчлүүлж байх хооронд дараагийн сайд солигдон томилогдож, шинэ мэргэжилтнүүд ажилд орсон. Тэдгээр ажилтнууд нь байцаагчийн эрхгүй байсан учраас хяналт шалгалтын ажиллагаа бүрэн хэрэгжээгүй. 2017 онд ”Насан туршийн боловсролын үндэсний төв”-ийн нэр дээр дахин гомдол гарсан. Г.Чулуунбаатар сайдын удирдамжтай хяналт шалгалт хийгдсэн. Санхүүгийн хяналт шалгалт нь хийгдэж дуусаад, дараагийн шатны байгууллага болох Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Сангийн яам гэсэн байгууллагуудын хяналт шалгалтад ордог. Сайдын удирдамжийн дагуу энэ хяналт шалгалтыг хийсэн.

2017 онд хийгдсэн Гүйцэтгэлийн хяналт шалгалтад орж ажилласан. Өмнөх шалгалтаар илэрсэн зөрчлүүдээс арилгасан, зассан зүйл огт байгаагүй. Насан туршийн боловсролын үндэсний төвийн зөрчилтэй гэдэг нь Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн баримтад 1,165,000 төгрөгийн, Т.Хантулга, Баттүшиг 2-ын хоорондоо хийсэн шатахууны гэрээнд санхүүгийн ямар ч баримт хавсрагдаагүй байдаг зэрэг олон зөрчил дутагдлаар илэрдэг. О.Б*******, н.Оюундарь нарын хоорондын гэрээнд хийж гүйцэтгэх ажлыг тодорхой заалгүй мөнгө зарцуулсан болон Б.Хаш-Эрдэнийн шторк хийлгэх ажлаар хийсэн гэрээнд ямар шторк хэнээр хийлгэж байгаа нь тодорхойгүй мөнгө зарцуулсан байдаг.

Яамны салбарын хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа энэ үйл ажиллагаа нь буруу ойлголт төрүүлдэг байж болзошгүй. Иймээс хяналт шалгалт үнэлгээ хийх тухай шүүхийн байгууллага болон, нэхэмжлэгч талд ярьж ойлгуулах шаардлага үүслээ гэж ойлгож байна. Өнгөрсөн хугацаанд эвлэрэх асуудал яригдаж уулзсан тохиолдол байдаг ч Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын даргын хувиар Л.Бтай олон дахин уулзаж, чирэгдэл учруулсан зүйлгүй. Нэг жилдээ 10 орчим байгууллагад хяналт шалгалт хийдэг. Одоогийн байдлаар хяналт шалгалтад орсон байгууллагуудаас нэхэмжлэгч тал шиг шүүхэд нэхэмжлэл гаргаж өгсөн тохиолдол байхгүй. Бүх хяналт шалгалтын ажил Сайдын тушаал, удирдамжийн дагуу хийгддэг. Хууль зүйн хувьд бид Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Улсын Дээд шүүхээс гаргасан Төрийн хяналт шалгалтын буюу Улсын байцаагчийн үйл ажиллагаатай холбоотой, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн зарим зүйл заалтыг шүүхийн практикт зөв хэрэглэх тухай тогтоол, зөвлөмжийн дагуу болон Засгийн газраас баталсан байгууллагын дотоод аудитын дүрэм зэргээр үйл ажиллагааны дараалал зэргийг мөрдөж ажиллах ёстой. 

Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад Санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна” гэсэн. Мөн хуулийн 69.5-д “Дотоод аудитын албаны дүрмийг Засгийн газар батална” гэсэн заалтын дагуу батлагдсан дотоод дүрэм журамд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журам нэхэмжлэгчийн хувьд алдагдаад байгаа юм. Засгийн газрын 483 дугаар тогтоолын дагуу, улсын ахлах байцаагчийн гаргасан акттай холбоотой гомдлыг улсын ерөнхий байцаагчид гаргадаг. Маргаан бүхий 3 акт зөвхөн санхүүгийн баримт нотолгоог харгалзан үйлдэгдсэн. Мөн улсын байцаагч гаргасан захиргааны актын хариуцлагыг өөрөө бие даан хүлээдэг. Тэгэхээр М.М байцаагч өөрийн ажил, амьдралаар дэнчин тавьж хэн нэгнийг гүтгэх, байгаа баримтыг байхгүй гэж бичих шаардлагагүй. 

Санхүүгийн баримтын тоонууд хоорондоо зөрсөн гэж байна. Энэ асуудлаар шүүхэд бус харин шат дарааллаар нь буюу Сангийн яаманд гомдол гаргаж хянуулах нь зүйтэй юм. Мэргэжлийн байгууллагаар эцсийн байдлаар шийдүүлээгүйгээс шалтгаалж, үл ойлголцол үүсээд байгаа юм. Санхүүгийн баримт, дансны хуулга нь нөхөж болдоггүй баримтууд юм. Шилэн дансны тухай хуулийг энд ярих нь зүйн хэрэг. ”Насан туршийн боловсролын үндэсний төв”-ийн 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бүх гүйлгээ шилэн дансаар хийгдсэн байх ёстой. Нэхэмжлэгч төсөл, хөтөлбөрүүдийг өөрөө хийсэн гэж хэлж байна. Төрийн байгууллагад ажиллаж байгаа хүн хуулийн хүрээнд буюу Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас санхүүжилт авах зэргээр гэрээнд тусгаж, боловсролын салбарт ямар үйл ажиллагаанд хэрхэн зарцуулахаа тусгаж баталдаг.

Тэрхүү гэрээгээр олгогдсон мөнгөн хөрөнгийг БСШУСЯ- харьяа байгууллагууддаа хуваарилах замаар зарцуулдаг. Байгууллагуудын үйл ажиллагааны хөрөнгө, мөнгө гагцхүү энэ гэрээнд суурилдаг. Хэн нэгэн этгээд төсөл бичиж очоод Олон Улсын байгууллагын төсөл хөтөлбөрөөс мөнгө гаргуулж авч зарцуулдаг тийм төсвийн зохицуулалт байхгүй.

Ийм үйлдэл нь Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг “Татварын бус орлого нь төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн, төрийн болон орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр, төрийн болон орон нутгийн өмчийг түрээсэлсний орлого, торгуулийн орлого, төсвийн байгууллагын туслах үйл ажиллагааны орлого, Засгийн газрын зээллэг, тусламж болон хууль тогтоомжийн дагуу төсөвт төвлөрүүлэх бусад орлогоос бүрдэнэ” гэсэн заалттай зөрчилдөнө. 

Тухайн байгууллагын дансанд мөнгө орж, гарч л байгаа бол баримттай байх ёстой. Энэ үйл ажиллагааны явцад алдаа гардаг учраас байгууллагын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэгч хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэсэн ч шалгуулаагүй нь өөрсдийн буруутай үйлдлийг илэрхийлж байна гэсэн ойлголтын тухай ярьсан. Хуулийн байгууллагад шилжүүлсэн албан бичгийг Ц.Цогзолмаа сайдын гарын үсгээр баталгаажуулж зохих байгууллагад нь хүргүүлсэн байгаа. Маргаан бүхий шалгалттай холбоотой сайдын зөвлөлийн дотоод аудитын хороогоор энэ шалгалт орж хэлэлцэгдсэн.

Бүгд журамд заагдсан дэс дараагаар явагддаг. БСШУСЯ-ны дотоод аудитын хорооны хуралдаан дээр танилцуулж, хорооны нийт гишүүдийн саналаар хууль хяналтын байгууллагад шилжүүлж, санхүүгийн асуудлыг хариуцсан мэргэжилтэнд хариуцлага тооцуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн тайлбартаа ”Насан туршийн боловсролын үндэсний төв”-ийн нягтлан бодогч шагнуулсан гэж ярьсан. Энэ байгууллагын дарга өөрийн ажлаа мэдэхгүй байгааг харуулж байна. Үндсэндээ 3 төрлийн хяналт шалгалт байдаг. Нэгдүгээрт Санхүүгийн аудит, хоёрдугаарт Гүйцэтгэлийн аудит, гуравдугаарт Нийцлийн аудит юм. Төрийн эдгээр хяналт шалгалтуудаас манай байгууллагын үйл ажиллагаатай хамгийн ойрхон нь Санхүүгийн аудит байдаг. Гэтэл Санхүүгийн аудит нь зөвхөн, санхүүгийн тайлан бүртгэл нь Дэлхийн олон улсын стандартад нийцэж байгаа эсэхийг тодруулдаг. Ингэж шалгаж тодруулга хийснээр хуульд заасны дагуу гэрчилгээжүүлдэг. Стандартад нийцсэн гэрчилгээ авсан байгууллагыг Төрийн албаны тухай хуулиар нягтлан бодогчид нь урамшуулал олгож байгаа нь Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын үйл ажиллагаанаас огт өөр зүйл юм.

Улсын байцаагчийн актын шаардлагыг хэрэгжүүлж, хариуцсан нягтлан бодогчоосоо гаргуулах хэрэгтэй гэхэд, нягтлан бодогч гаргаж өгөхгүй гэсэн. Энэ асуудал нь Л.Б мөнгөний асуудалтай өөрийг нь шууд хамааралтай нягтлан бодогчоосоо мөнгө гаргахыг шаардах боломжгүй, эрхгүй байгааг илтгэж байгаа юм. 

Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэсэн маргаан нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаал гарах үндэслэл болсон ажлын хэсгийн дүгнэлт тайланд улсын байцаагчийн эрхгүй Батсайхан, Батгэрэл гэсэн 2 хүн оролцсон гэдэг шалтгаанаар Л.Бийг ажилд нь эгүүлэн томилуулахаар шийдвэрлэсэн. Өөр үндэслэл болсон шалтгаан байгаагүй. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.2, 53.3.-т заасан үндэслэл зөрчиж, гүйцэтгэлийн аудит хийх үндэслэлгүй байхад ажиллагаа явуулсан гэсэн байна. Учир нь өмнөх шүүхийн шийдвэрт зөрчлийг тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхийн шийдвэрт тусгагдсан. Тус шүүхээс гаргасан шийдвэр, магадлал, тогтоолын агуулгад хариуцагч талын нэхэмжлэгчийн гаргасан зөрчил тус бүрийг баримтаар нотлох үүрэгтэй гэж шийдвэрлэсэн. Хэрэгтэй нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Иймээс эдгээр зөрчлүүдийг бүрэн тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт бий. Талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь Захиргааны хэргийн шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа улсын байцаагчийн актын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Мөн Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндсийг дурдаж, эдгээр нь ажил олгогчийн зүгээс явуулсан дотоод хяналт шалгалтын үр дүнд илэрсэн нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж тусгасан. Нэхэмжлэгч дотоод аудитын дүгнэлтийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байдаг. Иймээс улсын байцаагчийн гаргасан маргаан бүхий актыг илт хууль бусад тооцуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хэрэгжүүлнэ” мөн хуулийн 18.2-т “Дотоодын нягтлан бодох бүртгэлийн хянан шалгагчийг аж ахуйн нэгж , байгууллагын удирдлага томилж болно”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад эрх бүхий байгууллага, төсвийн захирагч нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан нь хууль зүйн үндэслэл болно.

Маргаан бүхий 3 актыг хууль зүйн хувьд тус тусад нь дүгнэж хэлье. 08-02/11 дүгээр акт нь гэрээт ажлын хөлс нийт хүмүүстэй байгуулсан гэрээний дагуу ажлын хөлсийг шилжүүлсэн гэж үзсэн. Гэвч гүйцэтгэсэн ажлын тайлан болон гэрээт ажлыг хүлээлцсэн акт байхгүй байгаа нь гүйцэтгэгч этгээдээр гүйцэтгүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Монгол Улсын Иргэний хуульд зааснаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу, тухайн ажлын үр дүн нь л хамааралтай байдаг.

Маргаан бүхий акт нь гэрээний дагуу хийлгэсэн ажлынхаа үр дүнг хүлээж аваагүй, тодорхой ажил хийж гүйцэтгэсэн эсэхийг нотолж чадаагүй учраас гэрээг дүгнэсэн. Цалин олгосон нь үндэслэлгүй учраас Улсын байцаагчийн гаргасан актыг буруутгах үндэслэлгүй байна. 08-02/12 дугаартай актын хувьд хавтаст хэргийн 106,109, 110 дугаар талд авагдсан 2016 оны 3 тушаалаар Л.Б нь захирлын албан тушаал эрхэлж байх үедээ өөртөө урамшуулал олгох шийдвэрийг гаргаж нийт 513.000 төгрөгийн урамшуулал авсан. Энэ үйлдэл нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ гэсэн заалтыг зөрчиж байна. Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээг авдаг. Үүнд Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.1-т төсвийн үр дүнг сайжруулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар үүрэг өгч, хяналт тавьж ажиллах, 40.4.2-т хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцохоор зохицуулсан зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-т Батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих гэж заасныг зөрчиж, төсвийн хөрөнгийг тус заалтын дагуу зориулалтаар нь ашиглаагүй нь зөрчил болж байна. 08-02/13 дугаартай актын хувьд Л.Б нь өөрийн удирдлагад ажилладаг нягтлан бодогч О.Б*******тай гэрээ байгуулсан. О.Б******* нь мэргэжилтэн В.Лут-Очир, Ч.Золзаяа, Л.Эрдэнэчимэг, О.Ирвэс зэрэг ажилтнууд хоорондоо ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, гүйцэтгэсэн ажлын тайлан, ажлыг хүлээлцсэн акт зэрэг баримтгүй ажлын хөлс гэж 6.400.000 төгрөгийг гаргуулсан байдаг. Энэ нь Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн Тогтвортой хөгжлийн бодлогын төслийн санхүүгийн тайланд тусгагдсан байдаг. Нягтлан бодогч Бямабажав ажилтан Т.Хантулгатай гэрээ байгуулж, мөн төслийн хөрөнгийг гаргаж өгсөн байдаг. 

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.1.6, 4.1.9 дэх заалтуудыг харах нь зүйтэй. Эдгээрээс 4.1.9-д “төсвийн орлого” гэж хууль тогтоомжийн дагуу улсын болон орон нутгийн төсөв бүрдүүлэх орлого, төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогыг” гэж заасан. Насан туршийн боловсролын үндэсний төв нь төсвийн байгууллага мөн. Түүний үйл ажиллагаанаасаа олж байгаа хөрөнгө нь улсын төсвийн орлого мөн. БСШУСЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитийн газар нь харьяа төсвийн байгууллагаа шалгаж илэрсэн зөрчилд нь зохих актыг үйлдсэн. Тус хуулийн 4.1.10-т “төсвийн зарлага” гэж төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр батлагдсан төсвөөс хуваарилан, зарцуулах хөрөнгийг” гэж заасан. Төсвийн хөрөнгийг зарцуулсан үйлдэл дээр хяналт шалгалт хийсэн. Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар “Татварын бус орлого нь төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн болон орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг ашигласны төлбөр, төрийн болон орон нутгийн өмчийг түрээсэлсний орлого, торгуулийн орлого, төсвийн байгууллагын туслах үйл ажиллагааны орлого, Засгийн газрын зээллэг, тусламж болон хууль тогтоомжийн дагуу төсөвт төвлөрүүлэх бусад орлогоос бүрдэнэ” гэж заасан. Улсын төсөвт зээл, тусламжийн дүнтэй, хөрөнгө оруулалтын хэмжээ, татварын орлого зэргийг тусгаж баталдаг. Энэ нь хяналт шинжилгээ үнэлгээ хийгдэх үндэслэл бүхий орлого, зарлага болно гэж хууль зүйн үүднээс тайлбарлагдана.

Маргаан бүхий актад тусгасан зөрчлүүд нь баримтаар тогтоогдсон. БСШУСЯ-ны харьяа төсвийн байгууллага болохын хувьд БСШУСЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газраас шалгалт хийгдэх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэсэн зүйл заалтыг үндэслэх нь зүйтэй. Улсын байцаагчийн актыг Захиргааны ерөнхий хуулийн 40 зүйлд заасан үндэслэлээр няцааж болох эсэх нь эргэлзээтэй байна. Хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтнаас хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, улсын байцаагчийн үйлдсэн акт, дүгнэлт, албан шаардлагыг биелүүлээгүй бол уг асуудлыг албан тушаалтны гаргасан хүсэлтээр Ерөнхий харьяаллын шүүх шийдвэрлэнэ. Харин Улсын байцаагчийн гаргасан акт дүгнэлтийг хууль бус гэж үзэж маргаан үүсгэх бол Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэнэ гэсэн зөвлөмжийн дагуу явж байна гэж ойлгож байгаа. Улсын байцаагчийн актыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйл болон 40 дүгээр зүйл заалтын хүрээний стандартыг хангасан байхыг шаардах нь зохимжгүй юм. Улсын байцаагчийн үйлдсэн маргаан бүхий актууд холбогдох хууль, дүрэм журмын дагуу үйлдэгдсэн байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Б нь тус шүүхэд хандан БСШУСЯ-ны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08-02/11, 08-02/12, 08-02/13 дугаар актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын  2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн Насан туршийн боловсролын үндэсний төвийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх ажлын удирдамжийн дагуу тус төвийн 2015, 2016 оны эхний 8 сарын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийж, дүгнэлт гаргажээ . 

Уг хяналт шалгалтаар 7 зөрчилд холбогдуулан 35,138,564.67 төгрөгийн зөрчлийг илрүүлсэн шалгалтын дүгнэлтийг үндэслэн тус төвийн захирлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна .

Уг  шийдвэрийг эс зөвшөөрч Л.Б шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02284 дугаар шийдвэрээр “... Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад заасан ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан гэх дээр дурдсан 7 төрлийн зөрчлийг ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар бүрэн тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнээд Л.Бийг Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоожээ .  

Үүний дараа Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/197 дугаар тушаалаар Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 37 дугаар зүйл, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Насан туршийн боловсролын үндэсний төвийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх ажлын удирдамжийг баталсан байна . 

Уг удирдамжид Насан туршийн боловсролын үндэсний төвийн санхүүгийн үйл ажиллагаанд 2016 онд хийгдсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын хийсэн танилцуулга, дүгнэлтийн хэрэгжилтийн талаар тухайн зөрчлийг дахин шалгаж тогтоох гүйцэтгэлийн аудитыг ...хууль тогтоомж болон түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн акт, заавар журам, норм, нормативын хэрэгжилт, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт зарцуулалтыг тус тус шалгахад чиглэнэ гэж заажээ. 

Дээрх удирдамжийг үндэслэн Насан туршийн боловсролын үндэсний төвийн 2015-2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, БСШУСЯ-ны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч  2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08-02/11, 08-02/12, 08-02/13 дугаар актуудыг тавьжээ. 

Улсын ахлах байцаагчийн 2017 оны 08-02/11 тоот актаар Насан туршийн боловсролын Үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан Л.Б нь модуль боловсруулсан, хичээл заасан зэрэг гэрээт ажлуудын хөлсийг гэрээ байгуулан мөнгийг олгосон боловч гүйцэтгэлд тавих хяналт сул гэрээгээр ажил хийж гүйцэтгэсэн хүний тайлан, гэрээт ажлыг хүлээн авсан комиссын акт зэрэг байхгүй байгаа нь гэрээгээр ажил гүйцэтгүүлсэн эсэх нь тодорхойгүй, нотлох баримтгүй 2015 онд 9299,5 мянган төгрөгийн гэрээт ажлын зардал гэж гарсан боловч гүйцэтгэлийн баримтгүй зөрчил илэрсэн гэсэн үндэслэлээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;” гэсэн заалтыг үндэслэн дээрх төлбөрийг Л.Б, нягтлан бодогч О.Б******* нараар төлүүлэхээр, .

Улсын ахлах байцаагчийн 2017 оны 08-02/12 тоот актаар Насан туршийн боловсролын Үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан Л.Б нь төсвийн асуудлаа өөрийн харьяалагдах дээд шатны төсвийн захирагчаар дамжуулан шийдвэрлүүлэлгүй албан томилолтоор явсан, гэрээт ажил гүйцэтгэснээс гадна албан тушаалаа ашиглан 2015 оны Б/06, Б/20, 2016 оны Б/04 тоот тушаалууд гарган өөртөө 20-25 хувийн ур чадварын нэмэгдэл олгохоор тушаал гарган нийт 513.8 мянган төгрөгийн нэмэгдэл урамшуулал авсан зөрчил илэрсэн гэсэн үндэслэлээр дээрх хуулийн заалтыг үндэслэн уг төлбөрийг мөн Л.Б, нягтлан бодогч О.Б******* нараар төлүүлэхээр, .

Улсын ахлах байцаагчийн 2017 оны 08-02/13 тоот актаар “...Төслийн мөнгийг удирдлага, нягтлан бодогч, мэргэжилтэнгүүд хоорондоо гэрээ байгуулан ажлын хөлс гэж авсан 68486.5 мянган төгрөгийг Л.Б, нягтлан бодогч О.Б******* нараар төлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ . 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дээрх 3 байцаагчийн актыг утга агуулгын илэрхий алдаатай, тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн 3 хууль зүйн үндэслэлээр илт хууль бус гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байх бөгөөд шүүх нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн А/197 дугаар тушаалаар баталсан удирдамж, захиргааны актуудаас үзвэл Насан туршийн боловсролын үндэсний төвийн 2015, 2016 оны эхний 6 сарын санхүүгийн үйл ажиллагааг шалгасан өмнөх шалгалтаар илэрсэн зөрчлийг дахин шалгаж тогтоохоор гүйцэтгэлийн шалгалт хийсэн нь 2017 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн дотоод аудитын ажлын тайлангаас  харагдаж байх бөгөөд хариуцагч нар уг асуудлаар маргаагүй.

Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмын дагуу хяналт шалгалтыг хийх бөгөөд хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэж ангилан төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийдэг. 

Хариуцагч нараас уг шалгалтыг гүйцэтгэлийн шалгалт гэж тайлбарлаж байх бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаас үзвэл гүйцэтгэлийн шалгалт нь өмнөх шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар хяналт шалгалтын байгууллагаас өгсөн албан шаардлагын биелэлтийг хянах зорилгоор заавал удирдамжтай байх шаардлагагүйгээр явуулдаг шалгалт юм. 

Гэтэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын баталсан удирдамжид “өмнөх шалгалтаар илрүүлсэн зөрчлийг дахин шалгаж тогтоох гүйцэтгэлийн аудитыг хийх” гэж заасан байх бөгөөд иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр зөрчил нь үндэслэлгүй талаар дүгнэсэний дараа удирдамжийг гаргасан, хариуцагч нараас хяналт шалгалт хийх эрхгүй этгээд өмнөх шалгалтыг хийсэн гэж тайлбарлаж байгаагаас үзвэл өмнөх шалгалтыг хууль ёсны гэж үзээгүй атлаа гүйцэтгэлийн шалгалт хийлгэхээр удирдамжийг баталсан, үүнээс улбаалан улсын ахлах байцаагчийн шалгалтын төрөл, арга, хэлбэр нь тодорхойгүй, “удирдамжид 2015, 2016 оны санхүүгийн үйл ажиллагааг хэсэгчлэн шалгах”  гэснээс үзвэл хяналт шалгалтын хүрээ хязгаар буюу ямар хугацааны үйл ажиллагааг шалгахыг нарийвчлан тусгаагүй байна.  

Түүнчлэн удирдамжид Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 “Харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдал, бүртгэл санхүүгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх арга хэмжээ авна.” гэж заасан байтал санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ.  

Иймээс Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан төлөвлөгөөт бус хяналт шалгалт, 53 дугаар зүйлд заасан гүйцэтгэлийн шалгалтын алийг нь хийсэн, байгууллагын ямар хугацааны, ямар үйл ажиллагаанд шалгалт хийсэн нь тодорхойгүй байхын зэрэгцээ хяналт шалгалтын баримт бичигт тавигдах стандарт болох ямар албан тушаалтан, хуульд заасан ямар эрхийнхээ хүрээнд ямар хугацаанд шалгалт хийсэн нь тодорхойгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.1 дэх заалтад заасан утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэх үндэслэлтэй байна. 

БСШУСЯ-ны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08-02/11, 08-02/12, 08-02/13 дугаар актуудад “зөрчлийг дахин шалгаж тогтоох” үндэслэлээр гүйцэтгэлийн шалгалт хийсэн нь өмнөх шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар өгсөн албан шаардлагын биелэлтийг хянах хуулиар тогтоосон шалгалтын зорилгод нийцээгүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2 “ хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах...”, 5 дугаар зүйлийн 5.4 “Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно” гэсэн хуулийн заалтыг зөрчжээ. 

БСШУСЯ-ны дотоод аудитын 2016 оны 9-р сарын 26-ны өдрийн дүгнэлтээр  Насан туршийн боловсролын үндэсний төвийн 2015, 2016 оны эхний 6 сарын санхүүгийн үйл ажиллагааг шалгасан байхад улсын байцаагч 08-02/13 тоот актаар 2016 оны 9 дүгээр сараас хойш буюу удирдамжид заагаагүй хугацааны 37 гэрээгээр хийж гүйцэтгэсэн 30936.5 мянган төгрөгийн зөрчлийг шалгаж тогтоосон нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх...”, 5.7 “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ.” гэж заасныг зөрчжээ. 

Мөн улсын ахлах байцаагч Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна.” 40.2.3 “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.3. “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана.” гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүйн дээр ойлгомжгүй, хууль ёсны бус удирдамжийг үндэслэн хяналт шалгалтын хамрах хугацааг хэтрүүлж шалгасан байна.

Иймд маргаан бүхий актууд нь утга агуулгын илэрхий алдаатай, Л.Бийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад гарсан илт хууль бус захиргааны актууд гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байх тул уг хоёр үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  БСШУСЯ-ны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08-02/11, 08-02/12, 08-02/13 дугаар актуудыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шүүх шийдвэрлэлээ.

Харин Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.9.“төсвийн орлого” гэж хууль тогтоомжийн дагуу улсын болон орон нутгийн төсөв бүрдүүлэх орлого, төсвийн байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлогыг;”, 4.1.10.“төсвийн зарлага” гэж төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр батлагдсан төсвөөс хуваарилан, зарцуулах хөрөнгийг;, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн 6.3.4. “төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эх үүсвэр, зээл, хандив, тусламж, тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн байх.”, 23 дугаар зүйлийн 23.10.”Энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан тусламжийн орлого нь төсвийн орлогын бүрэлдэхүүн хэсэг байна.”, 25 дугаар зүйлийн 25.1.Тусламжийн орлого нь дор дурдсан хэлбэртэй байна:”, 25.1.1.олон улсын гэрээний дагуу авах хөгжлийн тусламж;, 25.2.Зөвхөн дор дурдсан нийгмийн үйлчилгээ үзүүлдэг төсвийн байгууллага энэ хуульд заасан журмын дагуу хандив, тусламж авч болно:”, 25.2.2.”бүх шатны боловсролын үйлчилгээ;” гэж тус тус зааснаас үзвэл БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын төвийн хэрэгжүүлж байгаа гадаадын төсөл, хөтөлбөр нь төсвийн орлогод хамаарч байна.  

Иймд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31.1.1-д заасан “хяналт шалгалт”-д тухайн байгууллагын үйл ажиллагаа хамрагдах үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.3 “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэсэн хууль зүйн үндэслэлийг шүүх хүлээн аваагүй болно. 

Нэхэмжлэгчээс маргаан бүхий улсын байцаагчийн актуудыг “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул ажил хийж гүйцэтгэсэн ажилтны тайлан, гэрээт ажлыг хүлээн авсан комиссын акт зэрэг гүйцэтгэлийн баримтгүй, төсвийн асуудлаа өөрийн харьяалагдах дээд шатны төсвийн захирагчаар дамжуулан шийдвэрлүүлэлгүй албан томилолтоор явсан, гэрээт ажил гүйцэтгэснээс гадна албан тушаалаа ашиглан өөртөө ур чадварын нэмэгдэл олгохоор тушаал гаргасан, төслийн мөнгийг удирдлага, нягтлан бодогч, мэргэжилтнүүд хоорондоо гэрээ байгуулан ажлын хөлс гэж авсан, зөрчлийн дүн зөрүүтэй, давхардуулсан, баримт материалыг гүйцэт шалгаагүй гэсэн үндэслэлүүд нь “захиргааны актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд яригдах асуудал тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт өгөх боломжгүйг энд дурдах нь зүйтэй.

 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2,  40.2.3,  40.3, 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1, 47.1.6, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.2, 5.4, 5.7, 53 дугаар зүйлийн 53.1, 53.2, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан БСШУСЯ-ны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08-02/11, 08-02/12, 08-02/13 дугаар актуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Баас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, БСШУСЯ-наас 70200 төгрөгийг гаргуулж, түүнд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ                             Л.ӨЛЗИЙЖАРГАЛ