Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 995

 

Б.Зоригтын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/00317 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Зоригт,

Хариуцагч “Хүннү Ресурсес” ХХК-д холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Саруул,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Монгол,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч Г.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдөр “Хүннү ресурсес” ХХК-д ажилд орж 5 жил ажиллаж, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 4 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл Дундговь аймагт сарын хугацаатай томилолтоор ажилласан. Гэтэл нэг өдөр миний автомашины милл гацсан байна гэж манай ажилтан н.Соёлбат хэлсэн. Мөн би хамт ажиллаж байсан хүмүүстээ хэлж байсан. 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өглөө автомашины зураг аваад замын хуудас, милл хоёр 1000 км зөрсөн, бензин илүү хэлж авсан гэдэг байсан. Хөдөө хааяа шатахуун түгээх газарт ажилладаг хүмүүс нь амардаг байсан тул нөхөж бензин авсан. Одоо би ажилдаа эргэн орж, мөн сарын цалин болох 883 887 төгрөгийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд цалингаа авмаар байна.

Менежер н.Батболд надад “чи  ингэж хэл үгүй бол ажлаас хална” гэж надаар хэлүүлсэн, тэгээд нууцаар бичлэг хийсэн байсан, надаар 3 удаа тайлбар бичүүлсэн, би болсон үйл баримтыг  бичдэг бөгөөд тэгэхээр “та буруу бичсэн байна” гэж дахин дахин бичүүлдэг байсан. Ээлжийн амралт 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2011 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүртэл байсныг амраагүй, түүнийгээ мөнгөөр авсан. Милл гацсан байсан учир би хаанаас хаа хүртэл явснаа бичсэн болохоос нэмж бичсэн зүйл байхгүй. Шатахуун авсан баримт нь дандаа амралтын өдөр таардаг, тэгээд няравыг хүлээхгүйгээр гарын үсэг зураад дараа нь “Е” баримт авдаг байсан. Мөн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр уулаж “километр зөрсөн байна, аргалах арга байна уу” гэхэд байхгүй лацтай учир болохгүй гэсэн, би дарамт шахалт үзүүлээгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ноцтой зөрчил гаргасан гэсэн байдлаар ажлаас нь халсан байдаг. Зөрчил дутагдлын асуудлыг нотлоогүй байж шийдвэр гаргасан нь маргаантай байна. Мөн Б.Зоригт ажилчиддаа “үүнийг яаж засах вэ” гэж асууж байсан, яваагүй ажлаа явсан болгож бичсэн гэдэг ч хамт явсан хүмүүс нь нотолдог. Километрээ нэмж бичсэн гэдэг ч авсан бензин нь явсан километрээсээ дутах гээд байсан болохоор бензин километр хоёроо тааруулах гээд замын хуудас бичиж өгсөн гэдэг. Мөн Б.Зоригтыг ажлаас халахаас өмнө зар тавьсан, одоо Б.Зоригтын автомашин жолоочоор өөр таньдаг хүнээ авч ажиллуулж байдаг гэдэг нь гэрчийн мэдүүлгээс харагддаг гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Саруул, өмгөөлөгч Ц.Монгол нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Зоригт нь 3 удаа шүүхэд худал мэдүүлэг өгч өөрийнхөө гарын үсгийг биш гэж хэлдэг байсан, шинжээч томилж гарын үсэг нь мөн байна гэсэн дүгнэлт гарч, нэг удаа шүүх хуралдаан хойшлогдсон. Тэгээд янз бүрийн шалтгаан гаргаж хурал хойшлуулдаг байсан.  Гадаадын байгууллагад ажиллаж байгаа гээд хулгай хийж болно гэсэн асуудал биш, шүүх хурлыг 4 удаа хурал хойшлуулсан нь Б.Зоригт нь дандаа үндэслэлгүй юм ярьдаг байсан. Бид ажилчиддаа илүү цагийн мөнгө өгдөг, мөн байгууллагын хувьд дунджаас дээгүүр цалинтай ажиллуулдаг. Километр нэмж орж ирдэг нь цэвэр шуналын асуудал, тэгээд үүнийгээ янзал гэхэд удирдлага болон ажилчдаа “би хөвсгөл нутгийн хүн болгоомжтой яваарай” гэж дарамталдаг.

н.Соёлбатын өгсөн мэдүүлэгт сүүлд километр нэмсэн гэдгийг нь баталсан. Сүүлд 3 жолооч ажилд авсан гэж шүүх хурал болгонд ярьж байна. Б.Зоригтын оронд нь авсан хүнийг бид сонгон шалгаруулж авсан, манай дүү биш. Сая нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт нь замын хуудас, метр 2 зөрсөн гэж өөрөө хүлээн зөвшөөрдөг, мөн бичгээр хүртэл өгсөн байдаг. Бид хийсэн хурлаа дараа нь танилцуулдаг учир бичлэг хийж протокол хөтөлдөг, өөрийнхөө хийсэн үйлдлийг хийгээгүй мэтээр бусдыг гүтгэдэг, энэ бүгд нь бүгд баримтаар нотлогдож байдаг.

2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр н.Баттулгатай хийсэн ярилцлага дээр Б.Зоригт нь н.Сандагт “миллний гол болохгүй байна, янзлаад өгөөч” гэж хэлсэн гэж ярьж өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Одоо хуйвалдаад ажлаас халсан байна гэж яриад байна. Мөн Б.Зоригт нь хийсэн үйлдлээ тойрч яриад байна. Манай компанид 140 гаруй хүн ажил эрхэлдэг эдгээр хүмүүс хөдөлмөрийн гэрээгээр харилцаагаа зохицуулдаг байсан одоо “хөдөлмөрийн гэрээгээ мэдэхгүй, би гарын үсэг зураагүй” гэж байна. Манайх 9  жолоочтой илүү цагийн мөнгө, ээлжийн амралтын тухай яриагүй бид тохиролцсон хөлсийг өгдөг, тухтай байлгадаг, аюулгүй ажиллагааны хангалттай орчин бүрдүүлж байхад, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг хуурамчаар үйлдсэн нь ноцтой зөрчил юм. Лацтай байсан ч “би цээжээрээ бичнэ” гэж бичээд тэрийгээ засах гэж байгаа нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргачихаад одоо “намайг санаатай халах гэсэн” гэж ярьж байгаа нь зохимжгүй байна.

Б.Зоригт нь ер нь их дээрэнгүй, одоо буцаж ажилдаа ороод дүрэм журмаа мэдэхгүй байж яаж ажиллах талаар гайхаж байна. Бид настай жолооч нараа их дэмждэг, тэгтэл замын хуудсыг нэмж хассан гэж яриад байдаг, эрх үүргээ ойлгоод явахыг шаардаж байсан, үүнийгээ зөрчсөн учраас ажлаас нь халсан. Ажилтан бол ажил олгогчийн тогтоосон журмын дагуу ажиллах ёстой байхад энэ хүн өөрийн үүргээ илтэд үгүйсгэсэн байна. Мөн нэмж бичсэнээ өөрөө хүлээж гарын үсэг зурсан, милл ажиллахгүй гэдгийг 1  хүн нотолсон, гаргасан зөрчил дээр сахилгын арган хэмжээг цалингийн 20 хувиар бууруулах гэж байхад энэ хугацаанд гүтгэх, дарамтлах, нуун дарагдуулах гэсэн зөрчил ар араасаа гарч ирсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлнэ гэдэг нь өөрөө хууль бус,  мөн байнгын илүү бичдэг байсан нь нотлогдож байдаг.

Лац хийсний дараа түүнийг янзалж илүү бичсэн үйлдэл нь энэ хүн өмнөх буруу үлгэр дуурайллаасаа салаагүй байна. Хөдөлмөрийн чадварын зөрчлийг 2 удаа гаргасан бол тус туст нь тогтоогоод 1 арга хэмжээ авч болдог. Эхний зөрчилд ажлаас халах санал байсан, гэтэл дахин зөрчил гаргасан нь ажлаас халах үндэслэл болсон. Хөдөлмөрийн гэрээний 16.4.4, 16.4.9-д заасан зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэж байгаа, “Е” баримт нь 190 литр шатахуун авч байсан нь шатахууны саванд багтахгүй гэдгээрээ нотлогдож байгаа, энэ хүн дандаа амралтын өдөр таардаг гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчлийг давтан гаргасан гэдэг нь ажлаас чөлөөлөх үндэслэлтэй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Б.Зоригтыг “Хүннү ресурсес” ХХК-д жолоочийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 7 912 893 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Зоригтийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Хүннү ресурсес”  ХХК-д үүрэг болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дунаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  хариуцагч “Хүннү ресурсес”  ХХК-аас 70 200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Саруул, өмгөөлөгч Ц.Монгол нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг шүүх буруу тайлбарлаж хэрэглэн, хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Б.Зоригт нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 16.4.4, 16.4.9 дахь заалтуудыг зөрчсөн болох нь зөрчил тогтоох хуудас болон компанийн хурлын тэмдэглэл, түүнээс ажил олгогчид хандаж гаргасан хүсэлт, шүүх хуралд гаргасан тайлбар, бусад нотлох баримтаар нотлогдож байгаа. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл биш гэж үзсэнийг эс зөвшөөрч байна

Дээрх зөрчилд ажил олгогчийн зүгээс ажилтанд өмнө нь заавал сахилгын шийтгэл
ногдуулсан байх шаардлагагүй бөгөөд гагцхүү ажил олгогчийн хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан хөдөлмөрийн гэрээнд заасан, 2 тал харилцан тохиролцсон ноцтой зөрчил гаргасан тул энэ үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Гэтэл анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн уг заалтыг үндэслэн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгоход ажилтан өмнө нь заавал зөрчил гаргасан бөгөөд уг зөрчилд нь сахилгын шийтгэл ногдуулсан байх шаардлагатай мэтээр тайлбарлан хэргийг шийдсэн нь үндэслэлгүй байна.

Агуулгын хувьд нэг бүлэг нь удаах бүлгээ үгүйсгэсэн. Байгууллагын гаргасан шийдвэрийг бүрхэг, эргэлзээтэй мэтээр дүрсэлсэн, шүүтчийн үнэлгээ тодорхой бус, Б.Зоригтын ажлаас халагдахад хүргэсэн үйлдэл, ноцтой зөрчлүүдийг бүхэлд нь
зөөлрүүлж, түүний үйлдлийн мөн чанарыг тойрсон, сунжирсан, асуулт хариултыг нэгтгэж
ойлгомжгүй болгосон өгүүлбэрүүд нь уншигчийг төөрөлдүүлэхэд хүргэсэн, шүүх хуралдаанд хариуцагчийн талаас гаргасан тайлбарын логик, агуулган уялдаа холбоог хольж хутгасан, үгний сонголтыг өөрчилж, найруулгын алдаатай тэмдэглэл дээр үндэслэсэн байгаа учир уг шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүгч нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хуулийн шаардлага хангаагүй баримтыг хүлээн авч шүүх хуралдааны явцад нотлох баримтаас хасах эсэхээ шийдвэрлэнэ гэсэн боловч шийдвэрлээгүй хүсэлтийг хангах эсэх талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй нь илтэд нэг талыг барьсан гэж үзэхээр байна. Иймд дээрх үндэслэл, хэрэгт авагдсан нотлох баримтыг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

            Нэхэмжлэгч Б.Зоригт нь “Хүннү ресурсес” ХХК-д холбогдуулан 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 33 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Хариуцагчаас “ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах гэрээний  16.1.4, 16.4.4, 16.4.9-д заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсоноор   Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн Б.Зоригтыг ажлаас чөлөөлсөн” гэх татгалзлаа холбогдох баримтаар нотолсон байна. 

            Нэхэмжлэгч Б.Зоригтын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны суудлын автомашины замын хуудас №2-т явсан замыг 212287 км гэж хөтөлсөн байхад шууд харьяалж хяналт тавих үүрэг бүхий ажилтны хяналтаар 49-25 УНН автомашины километрийн гүйлт нь 211260 заалттай байгааг баталгаажуулсан гэрэл зураг хэрэгт авагджээ. /хх-73-74/

            Дээрхийг эрх бүхий этгээдээс зөрчилд тооцох эсэхийг шалгаж тогтоох ажиллагааг явуулж, 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн сахилгын шийтгэлийн хуудсаар хөдөлмөрийн гэрээний  16.4.9-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж тэмдэглэн цаашид авах арга хэмжээ хэсэгт “ажлаас халах” гэснийг тодруулж тэмдэглэгээ хийсэн /хх-208/,  мөн хөдөлмөрийн гэрээний 16.4.4, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 4.4-т заасныг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан гэж мөн “ажлаас халах” шийтгэлийг ногдуулах санал гаргаж тодруулж тэмдэглэгээ хийсэнтэй нэхэмжлэгч Б.Зоригт танилцаж тус тус гарын үсэг зурсан /хх-227,228/ баримт хэрэгт авагдсан байна.

            Б.Зоригт дээрх сахилгын шийтгэлийн хуудастай танилцаж гарын үсэг зурахдаа эсэргүүцсэн эсэх талаар ямар нэгэн тайлбар, тэмдэглэгээ хийгээгүй бөгөөд өөрийн буруутгагдаж буй үйлдлийн талаар удаа дараа бичгээр тайлбар гаргажээ. /хх-102-105/

            Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос гаргасан гэрч асуулгах хүсэлтийг шүүх 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШЗ2016/03031 дүгээр захирамжаар шийдвэрлэсэн ба компанийн ажилтан Г.Галсандагвын “жолооч нар өөрсдөө км-ээ бичээд гарын үсэг зуруулдаг, тухайн үед Б.Зоригт нь өөрөө км-ээ бичээд намайг ажлаас буусан хойгуур н.Соёлбатаар гарын үсэг зуруулсан байсан, миний хэрэглээний км-ээс 150 км илүү бичигдсэн байсан” гэж мэдүүлсэн, гэрч  Б.Сандаг-Очирын “Компани жолооч нарынхаа замын хуудас болон автомашины хянах самбарыг 7 хоног бүр тулгаад зургаар баталгаажуулж, санхүүд өгдөг, Б.Зоригтыг ирэхэд нь замын хуудас болон замын км-ын заалтыг тулгахад хоорондоо зөрсөн байсан, захиргааны менежер Б.Батболдод замын хуудас болон самбарын заалтын зургийг өгсөн, Б.Зоригт нь ам хэлээрээ болон хүнээр дамжуулж, би Хөвсгөл аймгийнх шүү, ахынхаа зөрчлийг аргалчих гэх зэргээр дарамт учруулдаг” гэж мэдүүлсэн, гэрч Б.Батболдын “Би жолооч нарыг хариуцан ажилладаг, замын хуудас болон хянах самбарыг тулгаж хянаад бүртгүүлж, санхүүгийн албанд хүргүүлдэг, Б.Зоригтын замын хуудасны дууссан км нь хяналтын самбарын заалтаас 1000 гаруй км-ээр илүү бичигдсэн байсан, ингэж илүү бичих шалтгаан нь илүү км явсан болж харагдаж, компаниас илүү мөнгийг авна гэсэн үг” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан байна. /хх-148-152, 189/

            Мөн нэхэмжлэгчээс хянах самбар гацсан байсан, түүнийг н.Соёлбат харсан гэх тайлбарыг гаргасан боловч энэ талаар хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хөдөлбөргүй баримтаар тогтоогдсон гэж үзэхгүй.

            Зохигчдын хооронд 2016 оны 3 дугаар сарын 07-ноос 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 16 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлийг талууд харилцан тохиролцсон байх ба гэрээний 16.4.1-16.4.17-д гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчлүүдийг нэрлэн заасан хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагджээ.  /хх-32-37/

Мөн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 4.4-т бүртгэл тооцоог хуурамчаар хөтлөхийг хориглосон ба Б.Зоригт нь гэрээг зөвшөөрч гарын үсэг зурсан байна./хх-38-40/

Дээрх баримтуудыг харьцуулан үнэлбэл, хариуцагч “Хүннү ресурсес” ХХК-ийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 33 дугаар тушаалд нэрлэн заасан “замын хуудас, томилолтоор явсан үеийн километрийн бүртгэл тооцоог хуурамчаар хөтөлж, хохирол учруулсан” мөн “компанийн удирдлага болон харьяалагдах албан тушаалтандаа худал ярьж, худал мэдээлэл өгч, улмаар шууд удирдлагаасаа өөрийн гаргасан хууль бус үйлдлээ нуун дарагдуулж, засаж янзлах талаар дарамт шахалт үзүүлсэн” зөрчлийг гаргасан нь эрх бүхий этгээдээс явуулсан хяналт, шалгалтаар тогтоогдсон, уг зөрчил нь Хөдөлмөрийн гэрээний 16.4.4, 16.4.9-д заасан гэрээг цуцлах шууд үндэслэл байх бөгөөд удирдлагын түвшний 4 этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан 2 удаагийн сахилгын шийтгэлийн хуудсаар “ажлаас халах” үндэслэлтэй гэж үзсэнийг буруутгах боломжгүй, уг саналыг үндэслэн гүйцэтгэх захирлын тушаал гаргаж ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль болон гэрээний заалтыг зөрчөөгүй байна.

Иймд Б.Зоригттой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан хариуцагчийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг болон талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний холбогдох заалтыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүх нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж дүгнэсэн нь буруу байх тул шийдвэрийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Зоригтын “ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, олговроос шимтгэл тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/00317 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,   Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Зоригтын “ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, олговроос шимтгэл тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.МӨНХЗУЛ

                                    ШҮҮГЧИД                                           М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ