Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2022/0489

 

П.Ц-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч П.Ц, түүний өмгөөлөгч Б.Б, Б.А нар

Нэхэмжлэгч: П.Ц,

Хариуцагч: Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар,

Нэхэмжлэлийн шаардлага: “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Алтан тушаалаас чөлөөлөх тухай” Б/200 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эмийн аюулгүй байдал, тандалт судалгааны газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу 198 өдрийн 18,980,359 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 368 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч П.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,

Хэргийн индекс: 128/2022/0103/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 368 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.16, 40 дүгээр зүйлийн 40.2, 46 дугаар зүйлийн 46.2.5, 46.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн П.Ц-ээс Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/200 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эмийн аюулгүй байдал, тандалт судалгааны газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу 198 өдрийн 18,980,359 төгрөгийг гаргуулах, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Давж заалдах гомдлын агуулга:

2.1.“Маргаан бүхий Б/200 дугаар тушаалд Байгууллагын орон тооны бус ёс зүйн зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01/2021 дүгээр тогтоолыг үндэслэжээ.

Гэвч Ёс зүйн зөвлөл нь Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 4.2-т зааснаар “уучлал гуйхыг үүрэг болгох”, “сануулах” хариуцлагыг хүлээлгэх, 6.3-т зааснаар хариуцлага хүлээлгэсэн тогтоол гаргаж асуудлыг шийдвэрлэхээр байна. Харин байгууллагын Ёс зүйн зөвлөлийн 01/2021 тогтоолд “... зөрчсөнд тооцсугай” гэж зааснаас ямар хариуцлага ногдуулах тухай дурдаагүй бах тул тухайн тогтоол асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэх боломжгүй.

Гэтэл анхан шатны шүүхээс “20. Яагаад гэвэл, ... ёс зүйн хариуцлага тооцож гаргасан нь бие даасан шийдвэр байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Учир нь 01/2021 дугаартай тогтоолоор ёс зүйн хариуцлага хүлээлгээгүй /ямар хариуцлага хүлээлгэхийг заагаагүй/ тул эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн гэх боломжгүй.

Иймд тухайн тогтоолд үндэслэсэн гэх Б/200 дугаар тушаалыг хууль зөрчөөгүй гэж буруу дүгнэсэн, мөн эцсийн үр дагавар үүсгээгүй Ёс зүйн хорооны тогтоолыг нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлон маргах боломжгүй байсан.

2.2.Мөн П.Ц-д Б/200 дугаар тушаалаар ёс зүйн хариуцлага ногдуулсан эсхүл сахилгын хариуцлага хүлээлгэсэн эсэх нь тодорхойгүй.

Ёс зүйн хариуцлага ногдуулах тохиолдолд “уучлал гуйхыг үүрэг болгох”, “сануулах” арга хэмжээг Ёс зүйн зөвлөлөөс ногдуулах зохицуулалттай.

Харин сахилгын хариуцлага хүлээлгэж байгаа тохиолдолд “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-д заасны дагуу Дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан зохих ажиллагааг явуулж шалган тогтоосны үндсэн дээр эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл ногдуулахаар байна.

Хариуцагчийн гаргасан тайлбар, хэрэгт өгсөн нотлох баримтаас үзэхэд тухайн ажиллагаа явагдаагүй болох нь тогтоогдож байна.

2.3.Мөн сахилгын шийтгэл ногдуулах саналыг эрх бүхий албан тушаалтанд гаргасан гэсэн боловч Б/200 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулаагүй, “албан тушаалаас чөлөөлсөн”. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд төрийн албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай зохицуулсан байх бөгөөд 46.2 дахь заалтын агуулгаас үзэхэд албан хаагч төрийн албанд ажиллах боломжгүй шалтгаан бий болсон, эсхүл өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд хэрэглэгдэхээр байна. Гэтэл дээрх нөхцөл үүсээгүй байхад 46.2.5 “хуульд заасан бусад үндэслэл” гэж өөр ямар хуульд заасан үндэслэл нь тодорхойгүйгээр чөлөөлсөн нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчжээ.

Иймд маргаан бүхий Б/200 дугаар тушаал нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуульд үндэслэх, шийдвэр нь зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй шийдвэр болсон.

2.4.“Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 3.1.1-д сахилгын шийтгэл ногдуулах тухай дүгнэлтийг үндэслэн эрх бүхий албан тушаалтан уг журамд заасан “сануулах, цалин бууруулах, төрийн албанаас халах, төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах эрхтэй. Өөрөөр хэлбэл, зөрчлийн шинж байдалд тохируулан шийдвэрлэх сонголттой байна. Гэвч П.Цд дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид-19 өвчний улмаас ажилд орох боломжгүй байсан нөхцөл байдал, өөрөөс нь үл хамаарах хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн зэргийг харгалзаагүй байхад анхан шатны шүүхээс “Ёс зүйн зөвлөлийн тогтоолд үндэслэсэн нь хууль зөрчөөгүй” гэж шууд зөвлөлийн тогтоолд үндэслэн шийдвэр гаргах мэтээр үндэслэлгүй дүгнэжээ.

2.5.Дотоод журмын 5.2.5 “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулж болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс ээлжийн амралтын хугацаа дуусахад ажиллах боломжгүй байсан тухайгаа боломжит байдлаараа мэдэгдэж, холбогдох баримтуудаа хариуцагч тушаал гаргахаас өмнө өгч бодит байдлыг тодруулж байсан зэргээс үзэхэд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болохоо нотолсон гэж үзэж байна.

2.6.Мөн шүүхээс “23. ... төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байранд ажлын байрны тодорхойлолтод заасан төрийн тухайн чиг үүргийг хэрэгжүүлж ажлын байрны тодорхойлолтод заасан төрийн тухайн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь хууль болон журамд заасан үүргийг биелүүлэх үүрэгтэй” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг үүргийг хүлээлгэж дүгнэсэн атлаа “26. ... төрийн жинхэнэ албан хаагчид хамааралтай, ... нэмэлт баталгаа олгосон заалтыг шүүхээс хэрэглэх үндэслэл болохгүй” гэж эдлэх эрхийг хязгаарласан хоорондоо эсрэгцсэн дүгнэлтийг хийсэн. Ингэхдээ тухайн үеийн нөхцөл шаардлагаас хамаарч ажиллаж байсан жинхэнэ албанаас шилжүүлэн томилогдсон, цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч уг байгууллагын албан хаагчид бүгд төрийн албаны тусгай шалгалт өгөх боломжгүй байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй.

2.7.Шийдвэрийн үндэслэх хэсгийн 25-д “... Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 “хуульд заасан бусад үндэслэл”-ийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд зөв хэрэгжүүлж, ... тухайн төрийн захиргааны жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр түр томилогдсон байсан нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албанаас халах, сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргахгүйгээр төрийн алба дахь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй”, шийдвэрийн үндэслэх хэсгийн 26-д “... Төрийн албан тухай хуулийн 49.1, 62.1.1 дэх заалтыг зөрчсөн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй ... уг зохицуулалт нь зөвхөн хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалд жинхлэн томилогдсон албан хаагчид хамааралтай, ... төрийн жинхэнэ албан хаагчид нэмэгдэл баталгаа олгосон заалтыг шүүхээс хэрэглэх үндэслэл болохгүй” гэжээ.

Төрийн жинхэнэ албан ажиллаж байсан мэргэшсэн албан хаагч намайг Засгийн газраас шинэ агентлаг байгуулж ажлын зайлшгүй шаардлагаар шилжүүлж ажилд томилсон тушаал гарсан байхад, түүний дараа дахин огноо, дугаар адил түр томилсон тушаал гаргасан нь миний эрх зүйн байдлыг тодорхойгүй байдалд оруулсныг шүүх тодруулж хэргийг хянан шийдвэрлэх байсан. Гэтэл нэг огноо дугаартай “ажилд томилсон”, “ажилд түр томилсон” гэх 2 тушаалын аль аль нь хүчинтэй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Батбаяр болон гэрч н.Ариунаа нар нотолсоор байтал уг 2 тушаалын аль нь хүчинтэй эсэх талаар дүгнэлт хийлгүй хэргийг хянан шийдвэрлэснээс миний эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр дордуулж хуульд заасан баталгаагаар хангах боломжийг минь хязгаарлалаа. Эрх зүйн байдлыг маань тодорхой болгосны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэсэн бол хууль хэрэглээний хувьд Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан баталгаагаар хангагдаж миний эрх ашгийг шүүхээс сэргээх боломжтой байсан.

Эрх ашгаа сэргээлгэхээр шүүхэд хандсан иргэний эрх зүйн байдлыг шүүх дордуулах замаар хуулийг хэрэглэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Хэдийгээр хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх боловч нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодорхой болгосны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх нь нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймээс Төрийн жинхэнэ албан хаагч намайг эрх зүйн байдлыг минь дордуулж хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2.8.Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актыг гаргахын өмнө эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагааг захиргааны байгууллага хийх ёстой. Гэтэл надад сонсох ажиллагаа огт хийгээгүй. Сонсох ажиллагаа хийсэн бичгийн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Хариуцагч шүүхийн хэлэлцүүлгийн үед сонсох ажиллагаа хийгээгүй гэсэн ч шүүх энэ талаар огт дүгнээгүй байна. Энэ нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчиж байна.

2.9.Шийдвэрийн үндэслэх хэсгийн 18-д “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дэргэдэх орон тооны бус ёс зүйн зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хурлаар ... П.Ц-г ... заалтуудыг тус тус зөрчсөн тул Ёс зүйн зөвлөлөөс сахилгын зөрчил болон ёс зүйн зөрчил гаргасан гэж үзээд сахилгын шийтгэл хүлээлгэх саналыг нийт гишүүдийн 100 хувийн саналаар ... шийдвэрлэжээ”, шийдвэрийн үндэслэх хэсгийн 19-д “Шүүх энэ тохиолдолд хариуцагчийг буруутгах үндэслэл байхгүй, маргаан бүхий тушаал нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэв” гэж дүгнэжээ.

Миний хувьд Ёс зүйн зөвлөл байгуулагдсан эсэхийг мэдээгүй, байгуулагдсан талаарх бичгийн нотлох баримттай огт танилцаж байгаагүй, хавтаст хэрэгт байхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхээс урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.

Гэтэл шүүх хууль ёсны дагуу Ёс зүйн зөвлөл байгуулсан эсэх талаарх нотлох баримт байхгүй байхад тус Ёс зүйн зөвлөлийн тогтоолыг хууль ёсны шийдвэр гэж үзэн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн маргаан бүхий тушаалд Хөдөлмөрийн дотоод журмыг баримталсан бөгөөд уг журмын 9.2.1-д “... энэ хурмын 9.3-д заасан хориглох зүйлийг зөрчсөн үйлдлийг зөрчил гэж үзнэ” гэж заасан. 9.3-д заасан “хориглох зүйл”, 9.4-д заасан “сахилгын ноцтой” зөрчлийн дунд 5.3.1, 5.3.2-т заасныг зөрчсөн гэсэн тохиолдол заагдаагүй тул журмын 9.4.13-д заасан “энэ зүйлд заасан сахилгын ноцтой зөрчлийг гаргасан бол 9.1.3, 9.1.4-д заасан сахилгын шийтгэлийг ногдуулна” гэсэнд хамаарахгүй, түүнчлэн Б/200 тушаалд уг заалт хангагдаагүй, баримтлаагүй тул чөлөөлөх үндэслэл бүрдээгүй байсан.

Иймд дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч П.Ц-ээс “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/200 дугаар тушаалыг хүчингүй болгуулах,

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эмийн аюулгүй байдал, тандалт судалгааны газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу 198 өдрийн 18,980,359 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан.

2.Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/200 тушаалаар[1] Эмийн аюулгүй, тандалт судалгааны газрын даргын албан тушаалд түр томилогдон ажиллаж байсан П.Цг тухайн албан тушаалаас чөлөөлжээ.

Маргаан бүхий Б/200 тушаалаар нэхэмжлэгчийг ээлжийн амралтын хуваарьт заасан хугацааг  9 дүгээр сарын 11-ний өдрөөс 20-ний өдрийг хүртэл 7 хоногийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж, ажил тасалсан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

3.Нэхэмжлэгч П.Ц нь Ковид-19 вирусын шинжилгээг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өгсөн, хариу нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “эерэг” гарсан[2], Нью Йорк хотын Жон Ф Кеннеди нисэх буудлаас Сөүл Инчеон нисэх буудал руу 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр явсан, Сөүл Инчеон нисэх буудлаас Чингис хаан нисэх буудал руу 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр явж[3], 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сөүл-УБ чиглэлийн онгоцоор Монгол Улсын хилээр орсон нь бүртгэгдсэн байна.[4]

4.Мөн олон улсын нислэгүүд цуцлагдсан тухай мэдэгдэл[5] болон иргэдийг эх оронд нь авч ирэх Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар нислэгийн хуваарь хэрэгт тус тус хавсрагджээ.[6] 

5.Иргэн П.Ц-д олгосон тодорхойлолтын тухай дүн бүртгэгч С.Лхагвын тайлбарт “... олон хоногоор өгөхгүй 5-7 хоног л байдаг гэсэн хариултыг тухайн үед өгсөн...” гэсэн тайлбар өгсөн, тайлбарыг хүргүүлсэн баримтууд хэрэгт хавсрагдсан.[7]

6.П.Цг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлсөн талаарх магадлагаа, уг магадлагаатай холбоотой Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 02-02/3085 албан тоот, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 04/1555 албан тоотууд мөн хэрэгт авагдсан.[8]

7.Дээр дурдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч П.Ц нь Ковид өвчний халдвар авснаас шалтгаалж эх орондоо ирэх хугацаа хойшлогдсон, мөн олон улсын нислэгүүд цуцлагдаж, хойшлогдсон, тухайн үед мөрдөгдөж байсан Улсын онцгой комиссын даргын 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 51 дугаар тушаалын дагуу гадаадаас зорчин ирсэн иргэдийг 14 хүртэл хоногоор тусгаарлалтад байлгах журам үйлчилж байсан зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ээлжийн амралтаа эдэлж дуусаад хугацаандаа буюу 2021 оны  9 дүгээр сарын 11-ний өдөр ажилдаа орж чадаагүй,  2021 оны  9 дүгээр сарын 11-ний өдрөөс 20-ний өдрийг хүртэл 7 хоногийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа очиж чадаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

8.Тиймээс нэхэмжлэгчийг  ээлжийн амралтын хуваарьт заасан хугацааг  9 дүгээр сарын 11-ний өдрөөс 20-ний өдрийг хүртэл 7 хоногийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж ажил тасалсан гэж буруутгасан маргаан бүхий Б/200 дугаар тушаал бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэв.

9.Нэхэмжлэгчийг ажил тасалсан, ээлжийн амралтын хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэх үзэх шалтгаантай буюу ковид-19 вирусын халдвар авсан, олон улсын нислэг хойшлогдсон, гадаадаас ирж тусгаарлалтад орох журмыг хэрэгжүүлэх шаардлагын улмаас үүссэн шалтгаантай байх тул нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн “ковид-19 цар тахлын халдвар авч эмчлүүлсэн, түүнд хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэдэг үйл баримттай талууд маргаагүй, нэхэмжлэгч нь өөрт тулгарсан хүндэтгэн үзэх шалтгаан буюу ковид-19 өвчний халдвар авч эмчлүүлсэн, гадаад улсад зорчиж, эх орондоо ирэх боломжгүй нөхцөл байдал үүссэн зэргээс үүдэн ээлжийн амралтын хугацаа дуусгавар болоход ажлын байран дээрээ бэлэн байж, ажиллах боломжгүй байсан гэдгээ зохих ёсоор баримтжуулж нотлоогүй” гэх дүгнэлт үндэслэлгүй байна.

10.Нэхэмжлэгчийн зүгээс тухайн үед өөрийн боломжит байдлаар ажил олгогчид цахим шуудан ашиглаж бичгээр хүндэтгэн үзэх шалтгааныхаа талаар мэдэгдэж байсан гэдэг нь хэрэгт авагдсан “Ковид-19 вирусын шинжилгээний хариу эерэг гарсан, Улаанбаатар хотод ирээд 7 хоног гэрийн ажиглалтад байх журамтай талаар П.Ц-ээс дэд дарга н.Уранзаяа, захиргаа удирдлагын газарт ажиллаж байсан Б.Б нарт мессежээр мэдэгдэж байжээ.[9] Б.Б-аас энэ талаар “...Би тухайн үед шаардлагатай бүх дарга нарт хэлсэн байдаг...” гэж шүүхэд өгсөн мэдүүлэг.[10]” зэргээр тогтоогдов.

Иймээс анхан шатны шүүхийн “хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу бичгээр чөлөө хүсээгүй, шууд удирдах албан тушаалтанд албан ёсоор танилцуулаагүй, шинжилгээний хариу зэрэг өвчтэй байсан баримтаа баталгаат орчуулгаар орчуулж, албаны цахим хаягт ирүүлээгүй, өвчтэй байсан баримт байгаагүй” гэх дүгнэлт үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

11.Маргаан бүхий А/200 акт нь нэхэмжлэгчээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 7 хоногийн хугацаанд ажилдаа ирж чадаагүй нөхцөл байдлыг бодитойгоор шалган тогтоолгүйгээр түүнийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 37.1.16-д “Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах заалтыг зөрчсөн гэж үзсэн үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны үйл ажиллагаа нь бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул хүчингүй болгох үндэслэлтэй.

12.Түүнчлэн маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Ц-ээс Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.16, 46 дугаар зүйлийн 46.2.5, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасныг тус тус баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 368 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Ц-ээс Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/200 дугаар тушаалыг хүчингүй болгож, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эмийн аюулгүй байдал, тандалт судалгааны газрын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу 198 өдрийн 18,980,359 төгрөгийг гаргуулж, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг Эм, эмнэлгийн хяналт, зохицуулалтын газарт даалгаж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 18 дахь тал

[2] Хэргийн 23, 24 дэх тал

[3] Хэргийн 26-28 дахь тал

[4] Хэргийн 136 дахь тал

[5] Хэргийн 29, 31, 33, 34 дэх тал,

[6] Хэргийн 30, 32

[7] Хэргийн 77, 78, 121, 122, 125 дахь тал

[8] Хэргийн 120, 123, 124 дэх тал

[9] Хэргийн 170, 171 дэх тал

[10] Хэргийн 110 дахь тал