| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0053/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/53 |
| Огноо | 2020-03-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2020/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунгэрэл,
улсын яллагч С.Цэрэндалай,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхтүвшин,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******,
иргэний нэхэмжлэгч Ц.Э
шүүгдэгч Ч.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ******* овогт Ч.Тад холбогдох эрүүгийн 1907003950044 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, .................................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай, ******* овогт Ч.Т.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ............... улсын дугаартай Мишүбиши динго маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасныг зөрчин ******* *******ийн урд талын орон нутгийн засмал зам дээр эсрэг урсгалд орж ............... улсын дугаартай Тоёота карина маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зөрчигч Г.Ш, М.О нарын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт: “зам дээр шар нохой урдуур гүйсэн тэгээд сандрахдаа буруу дарж эсрэг урсгалд орсон. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна ” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“ Би 1974 онд төрсөн. 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэр лүүгээ явж байсан. Ээж урьд бр ээжийнхээ яг ард сууж явсан. Хэрэг болсон өдрөөс хойш одоог хүртэл ба ээжийгээ асарч байна. Хохирол төлбөр гэж 200.000 төгрөг өгсөн бэлэн мөнгөөр өгсөн, бариач хүн авчирч ээжийг минь бариулсан. Өөр мөнгө өгөөгүй гэв. Ээж минь одоо таяг тулж байгаа гэв. Би ээжийгээ асраад, надад бас боломж бололцоо байгаагүй учир хүүгээ эмнэлэгт үзүүлж чадаагүй байгаа гэв. Ээж гомдолгүй байгаа. М.О хүүдээ эмчилгээний төлбөр мөнгийг нь гаргуулж авмаар байна” гэв.
Иргэний нэхэмжлэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “Хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа. Тухайн үед эмчилгээний зардлыг өөрөөсөө гаргасан. Энэ мөнгийг нэхэмжлэхгүй. Надад приус 10 маркийн машин өгсөн. Надад хүсэх зүйл гэвэл өгсөн машины торгууль 510.000 төгрөг орчим байсан тэрийг төлүүлэх, машиныг миний нэр дээр шилжүүлж өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Т нь яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн ............... улсын дугаартай мицүбиши динго маркийн авто машиныг жолоодоод хажуудаа төрсөн охин г суулгаад ******* сумаас Налайх дүүрэгт орох гэж яваад ******* МТ шатахуун түгээх станцын хажуугийн засмал зам дээр явахдаа эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан авто машинтай мөргөлдсөн” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 57 дугаар хуудас/
Шүүгдэгч Ч.Т нь гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр охин г ******* суманд үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэ хүнс ххк-нд ажиллаж байгаад гэртээ ирнэ гэхээр нь очиж аваад буцаад Налайх дүүрэг рүү 13 цаг 30 минутын үед гараад цагийн үед байх ******* *******ийн урд замд явж байтал уурдаас гэнэт шар өнгийн нохой гүйхээр нь тоормоз гишгэхэд өрөөлдөж бариад машин шууд эсрэг урсгал руугаа орсон. Ингээд урдаас ирж явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн.” Гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн ахын хүү Ц.Эын автомашинд суугаад Улаанбаатар хотоос ******* суманд байх гэртээ харих гэж явж байгаад Налайх дүүргийн нутаг дэвсгэр *******ийн урд талын замд зам тээврийн осолд орж биедээ гэмтэл авсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 18 дугаар хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний бие нь 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр авга ах Ц.Эын авто машинд төрсөн эх, зээ хүү 2 настай М.О нарын хамтаар суугаад Улаанбаатар хотоос ******* сум орох гээд явж байхад гордокийн урд зам дээр миний сууж явсан машины зорчин явсан урсгалд өөдөөс орж ирсэн явсан машин орж ирээд мөргөсөн. Тухайн машин мөргөснөөс бол ээж, зээ хүү бид гурвын биед бэртэл гэмтэл учирсан.” Гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний бие нь 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн ............... улсын дугаартай тоёота карина маркийн авто машиндаа авга ахын эхнэр Г.Ш, авга ахын охин *******, түүний зээ хүү 2 настай М.О, миний хүү 13 настай *******, ач охин 9 настай Э.Э нарыг суулгаад Улаанбаатар хотоос ******* сум орох гээд Налайх дүүргийн гордокийн урд талын засмал зам дээр явж байхад өөдөөс эсрэг урсгалд явж байсан авто машин миний зорчин явсан урсгалд орж ирээд баруун урд тал руу мөргөж зам тээврийн осол гаргасан. Миний бие буруутай жолооч Ч.Таас машины хохиролд 3.000.000 төгрөгөнд тооцуулаад приус-10 маркийн авто машин авсан. Одоо Ч.Т нь журмын хашаанд байгаа улсын дугаартай тоёота карина маркийн авто машины журмын хашааны төлбөрийг төлөөд гаргаад өгөх, надад өгсөн машины нэрийг шилжүүлээд миний нэр дээр болгоод өгөх юм бол өөр гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,
Насан хүрээгүй гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр аав Ц.Э, ах Шин-Од нарын хамт ******* сум руу Г.Ш эмээг хүргэж өгөхөөр өвөө Ц.Эын машинтай явсан. Тэгээд Налайх дүүрэг өнгөрөөд явж байтал гэнэт тас буугаад л явчихсан. Тэгээд машинаас буугаад иртэл мөргөлдсөн байсан ба эмнэлгийн машин ирээд эмнэлэг рүү явсан” гэх мэдүүлэг,
Насан хүрээгүй гэрч Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр амралтын өдөр байсан болохоор аав Ц.Эыг дагаад хамаатны эмээ Г.Шыг ******* сум руу хүргэж өгөхөөр Улаанбаатар хотоос 10 цагийн үед гараад шороон замаараа яваад 14 цаг өнгөрч байхад Налайх дүүрэг ороод цаашаа *******ийн урд замаар явж байхад урдаас гэнэт цагаан өнгийн машин урсгал сөрж орж ирээд мөргөлдсөн. Ингээд миний нүд харанхуй оргиод юу болсныг мэдэхгүй ямарч байсан машин эргэлдээд зогсохоор нь хаалгаа онгойлгоод машинаас буугаад зогсож байтал эмнэлэг ирээд шууд Налайх дүүргийн эмнэлэг рүү явсан.” Гэх мэдүүлэг,
Гэрч С.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Засмал замын асфальт дээр хатуу биетээр зурагдсан мөр байсан. Тухайн мөр нь осолд орсон хоёр машин мөргөлдөөд хоёр тийшээ салах үед ******* улсын дугаартай мицүбиши динго маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд дугуйнаас чиригдсэн гэмээр мөр гарсныг тэмдэглэж авсан.” гэх мэдүүлэг,
Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “6.50 метрийг анх мөргөлдсөн буюу А цэгээс замын урд тал руу 6.50 метр татаад Б цэг буюу үл хөдлөх цэг рүү татсан хэмжээс байгаа юм. Тухайн осолд орсон тээврийн хэрэгслүүдээс ямар нэгэн тоормозны мөр байхгүй байсан. Харин улсын дугаартай карина маркийн тээврийн хэрэгслээс мөргөлдсөний улмаас зам дээр гарсан шарвалтын дугуйн мөр гарсан байх ба уг мөрийг 5 болон 6 тоогоор тэмдэглэсэн болно.” Гэх мэдүүлэг,
Гэрч Ч.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний бие нь Монгол улсад явж байсан ******* улсын дугаартаи мицүибиши динго маркийн авто машиныг 2016 онд хувь хүнээс худалдан авч өөрийн хэрэгцээндээ хэрэглэж байгаад 2019 оны 07 дугаар сарын 18-нд урдны танил Налайх дүүргийн иргэн Ч.Т гэх хүнд 2.800.000 төгрөгөөр худалдан борлуулаад Улаанбаатар хотоос өгөөд явуулсан. Тухайн үед хэн хэнд нь ажил гараад машины эзэмшлийг Ч.Тын нэр дээр шилжүүлж чадаагүй явсан юм. Одоо тухайн авто машин надад хамааралгүй бөгөөд Ч.Т бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага байхгүй. Цаашид машины эзэмшлийн нэрийг Ч.Тын нэр дээр шилжүүлж өгөх болно.” Гэх мэдүүлэг,
Шинжээч эмч С.Төгсбуян мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Үзүүлэгч 2 настай М.О нь 2019 оны 10 дугаар сарын 11-нд ээжийн хамтаар ирж үзүүлсэн. Үзлэг хийхэд 2019 оны 09 дүгээр сарын 20-нд толгойдоо компьютер томографикийн шинжилгээ хийлгэсэн байх ба шинжилгээнд дух ясны шугаман хугарал, их тархины дух, чамархай хэсгийн хатуу хальсан дээр цус хуралттай, тархи бага зэргийн хавантай гэсэн дүгнэлт бичигдсэн байсан. Дээрх гэмтлийг үзүүлэгч духны зүүн хэсгээр тэгш гадаргуутай зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр авсан ба уг гэмтлийг насанд хүрсэн хүн авсан даруйд толгой эргэх бөөлжих, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрдэг бол 0-5 насны хүүхдийн гавал ясны онцлог, гавал ясны ясажсан байдал, их тархины бүтэц зэргээр насанд хүргэгчдээс онцлогтой өөр байдаг тул тухайн гэмтлийг авсан үед хүүхэд өөрийн зовиурыг хэлж чадахгүй учраас уйлах, хоол идэхгүй байх, унтахгүй байх, хөхөө хөхөхгүй байх зэрэг ерөнхий шинжүүд илэрдэг. Мөн их тархины цусан хурааны хэмжээнээс, цус хураа шимэгдэх хугацаа зэргээс хамаарч эдгэрэх хугацаа харилцан адилгүй байдаг. Гавал ясны хугарал нь хоорондоо нийлж бороолж эдгэрэх хүртэлх хугацаа дөрвөн долоо хоногоос дээш байх учир эмчилгээ үйлчилгээний үр дүнд шинж тэмдэг арилсан ч гэсэн яс бороолох, цусан хураа шимэгдэх хугацаа нэгээс гурван сар түүнээс дээш байдаг” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/561 дүгээр:
“1. Г.Шын биед зүүн нүдний ухархайн дээд хананаас суурь ясны бага далавч хүрсэн шугаман хугарал, зүүн ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал, 2 талын гаймрын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, 2 талын гаймрын хөндийн хажуу ханын хугарал, их тархины баруун зулай хэсгийн эдийн няцрал, хамар ясны зүүн хажуу ханын хугарал, зүүн 3-р хавирганы зөрөөгүй хугарал, нүүрэнд шарх, баруун зулайн хуйх, зүүн бугалга, зүүн шагайн үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт, /хх-ийн 46 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/560 дугаар:
“1.М.Оын биед дух ясны шугаман хугарал, их тархины дух чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт, /хх-ийн 47 дугаар хуудас/
Шинжээчийн 08 дугаар:
“1. ............... улсын дугаартай Тоёота Карина маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ц.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. Митсубши-Динго маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ч.Т нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” заалтыг зөрчсөнөөс эсрэг урсгалд орсон байна.
2. Зам тээврийн ослын газрыг үзлэгээр тоормозны мөр илрээгүй байх тул жолооч Ч.Ц.Э, Ч.Т нарыг хэдэн км/цагийн хурдтай явж байсныг тодорхойлох боломжгүй байна.
3. Тухайн замын зохион байгуулалт нөхцөл байдал нь тэгш, асфальтан гадаргуутай, гадаргуу ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, хальтиргаа гулгаагүй зам байх тул осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна гэж үзэж байна.
4. Зам тээврийн ослын газрын үзлэгт осолд холбогдсон жолооч Ч.Таас авсан тэмдэглэлд “ урдуур гэнэт шар өнгийн нохой гүйхээр нь тоормоз гишгэхэд өрөөлдөж бариад машин шууд эсрэг урсгал руугаа орсон” гэх мөн жолооч Ц.Эаас авсан тэмдэглэлд “яг зөрж явахад гэнэт дараад ороод ирсэн болохоор тоормоз гишгээд мөргөлдсөн” гэх нь тэмдэглэлд тусгагдсан байх ч уг зам тээврийн ослын газарт тээврийн хэрэгслүүдийг зогсоох арга хэмжээ авч тоормоз гишгэсэн гэх тоормозны мөр илрээгүй байх тул зогсоох арга хэмжээ аваагүй байна гэж үзэж байна.” гэх дүгнэлт, /хх-ийн 94 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 162 дугаар:
Авто машин техникийн үнэлгээний тайлан, /хх-ийн 62-63 дугаар хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 3-10 дугаар хуудас/ ,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ............... улсын дугаартай Мицүбиши динго маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасныг зөрчин ******* *******ийн урд талын орон нутгийн засмал зам дээр эсрэг урсгалд орж ............... улсын дугаартай Тоёота карина маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж хохирогч Г.Ш, М.О нарын биед тус тус хүнд гэмтэл учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Ч.Тын нь шүүхийн хэлэлцүүлэгт: “зам дээр шар нохой урдуур гүйсэн тэгээд сандрахдаа буруу дарж эсрэг урсгалд орсон. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна ” гэв Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэг:“ 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэр лүүгээ явж байсан. Ээж урд би ээжийнхээ яг ард сууж явсан. Ээж гомдолгүй байгаа. М.О хүүдээ эмчилгээний төлбөр мөнгийг нь гаргуулж авмаар байна” гэх, Иргэний нэхэмжлэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “Хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа. Тухайн үед эмчилгээний зардлыг өөрөөсөө гаргасан. Энэ мөнгийг нэхэмжлэхгүй. Надад приус 10 маркийн машин өгсөн.” гэх, Хохирогч Г.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн ахын хүү Ц.Эын автомашинд суугаад Улаанбаатар хотоос ******* суманд байх гэртээ харих гэж явж байгаад Налайх дүүргийн нутаг дэвсгэр *******ийн урд талын замд зам тээврийн осолд орж биедээ гэмтэл авсан.” гэх, Насанд хүрээгүй гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Налайх дүүрэг өнгөрөөд явж байтал гэнэт тас буугаад л явчихсан. Тэгээд машинаас буугаад иртэл мөргөлдсөн байсан” гэх, Насанд хүрээгүй гэрч Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Налайх дүүрэг ороод цаашаа *******ийн урд замаар явж байхад урдаас гэнэт цагаан өнгийн машин урсгал сөрж орж ирээд мөргөлдсөн.” гэх, Гэрч С.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Засмал замын асфальт дээр хатуу биетээр зурагдсан мөр байсан. Тухайн мөр нь осолд орсон хоёр машин мөргөлдөөд хоёр тийшээ салах үед ******* улсын дугаартай мицүбиши динго маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд дугуйнаас чиригдсэн гэмээр мөр гарсныг тэмдэглэж авсан.” гэх, Гэрч А.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “6.50 метрыг анх мөргөлдсөн буюу А цэгээс замын урд тал руу 6.50 метр татаад Б цэг буюу үл хөдлөх цэг рүү татсан хэмжээс байгаа юм. Тухайн осолд орсон тээврийн хэрэгслүүдээс ямар нэгэн тооромзны мөр байхгүй байсан. Харин улсын дугаартай карина маркийн тээврийн хэрэгслээс мөргөлдсөний улмаас зам дээр гарсан шарвалтын дугуйн мөр гарсан байх ба уг мөрийг 5 болон 6 тоогоор тэмдэглэсэн болно.” гэх, Шинжээч эмч С.Төгсбуян мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Үзүүлэгч 2 настай М.О нь 2019 оны 10 дугаар сарын 11-нд ээжийн хамтаар ирж үзүүлсэн. Үзлэг хийхэд 2019 оны 09 дүгээр сарын 20-нд толгойдоо компьютер томографикийн шинжилгээ хийлгэсэн байх ба шинжилгээнд дух ясны шугаман хугарал, их тархины дух, чамархай хэсгийн хатуу хальсан дээр цус хуралттай, тархи бага зэргийн хавантай гэсэн дүгнэлт бичигдсэн байсан. гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/561 дүгээр, 08 шэ/560 дугаар гэх дүгнэлтүүд, Шинжээчийн 08 дугаар дүгнэлт, авто машин техникийн үнэлгээний тайлан, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ч.Тад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөж, хязгаарлагдаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт Ч.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд Улсын яллагч нь шүүгдэгч Уриахан овогт Ч.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3т заасны дагуу 2 жилийн хугацаатай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, 1 жилийн хугацаатай хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хөнгөн гэмт хэрэг анх удаа хийсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал дүгнэлтүүд тус тус гаргасныг шүүх хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасны баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ч.Т нь хохирогч Г.Шын эмчилгээний зардалд 200,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч М.Оын оношлогооны зардалд 100,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Ц.Эын хохиролд приус 10 маркийн тээврийн хэрэгслийг тус тус хүлээгэн өгсөн байна.
Мөн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирол төлөгдсөн байх ба хохирогч Г.Ш, насанд хүрээгүй хохирогч М.О нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаар бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Ч.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1208533 дугаартай жолоочийн үнэмлэх 1 ширхэгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, тээврийн хэрэгслийн 01987593 дугаартай гэрчилгээ 1 ширхэгийг Ч.Тад буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Ч.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Ч.Тыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Тад тэнсэгдсэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах, оршин суух газар өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.Тад оногдуулсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг Ч.Тад мэдэгдсүгэй.
6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Ч.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1208533 дугаартай жолоочийн үнэмлэх 1 ширхэгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, тээврийн хэрэгслийн 01987593 дугаартай гэрчилгээ 1 ширхэгийг Ч.Тад буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч Г.Ш, насанд хүрээгүй хохирогч М.О нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаар бүрдүүлэн Ч.Таас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД