Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунгэрэл,

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

Арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А,

шүүгдэгч Ц.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Ц.Чад холбогдох эрүүгийн 2007000810054 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........................................ ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, .....................................тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн ******* дугаартай, ******* овогт Ц.Ч.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Ц.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..................................... тоотод 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 23 цагийн орчимд 17 настай Э.Цтай маргалдан улмаар зүүн дал орчимд нь хутгалж биед нь зүүн даланд хатгагдаж зүсэгдсэн шарх, булчинд цус хуралт гэмтэл учруулан онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Ч шүүхийн хэлэлцүүлэгт: “02 дугаар сарын 15-ны өдөр пиво уусан. Гэртээ ирээд хоол хийх гээд мах хөшиглөж байсан чинь хүүхэд унт гээд татахаар нь хутгатайгаа босож ирсэн. Тэгээд л яачих ваа чи гээд хажуу айлын эгч орж ирээд эмнэлэг дуудсан.” гэв.

 

Арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт: “Гомдол саналгүй. Эмнэлгийн үйлчилгээг бүрэн авсан. Эмнэлгийн төлбөр өдрийн 35,000 төгрөг 11 хоног хэвтсэн нийт 385,000 төгрөг болсон. Мөн бусад эм тарианы төлбөрийг гаргасан. Ойролцоогоор таван зуу гаруй мянган төгрөг болсон байх, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Ч яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өглөө босоод хүү *******ын амт зарах нүүрсээ шуудайлсан. Эхнэр нүүрсээ зарна гээд гараад явсан байсан. Би өглөө шараа тайлах зорилгоор 100 гр жижиг хараа архи уусан. Өдөржингөө нүүрсээ шуудайлсан. Аав ******* 16 цаг өнгөрч байхад манай гэрт ирсэн. Би аавд аяга хоол хийж өгсөн. Аав авч ирсэн архиа ганцаараа  уугаад сууж байсан. Нэг харахад тасраад уначихсан байсан. Би гэрээс дэлгүүр орж 200 гр хараа нэртэй архи авч ирээд нүүрсээ үргэлжлүүлээд шуудайлах зуураа архиа ганцаараа хашаандаа уусан. Эхнэр 18 цагийн үед гэрт ирж хувцсаа солиод найзуудтайгаа уулзана гээд гараад явсан. Дахиад нэг портер нүүрс манай хашаанд ирж буусан. Нүүрсээ хучиж орхичоод гэрлүүгээ 21 цагийн үед орсон. Дэлгүүр ороод нэг лаазтай пиво авч гэртээ уусан. Би хоол хийж өгөх гээд мах гаргаад хэрчих гэж байгаад цай асгачихсан . хүү намайг унт гэж байсан нэг мэдэхэд хүүгийн зүүн даланд хутгаар хатгачихсан байсан. Хүү намайг хутгалчихлаа гээд гараад явсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 89 дүгээр хуудас/

 

Арван найман насанд хүрээгүй хохирогч Э.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 02-р сарын 15-ны өдөр би гэртээ дүүгээ хараад гэртээ байсан. Ээж ажлаасаа ирээд найзуудтайгаа уулзана гээд 19 цаг өнгөрч байхад гарсан. Хойд аав Ц.Ч ээжийг гарсны дараа чи гарах уу надаас асуухаар нь гарахгүй гэхэд найзтайгаа уулзчихаад ирье гээд гарсан. Хэсэг хугацааны дараа хойд аав Ц.Ч гэрт орж ирсэн. Өвөө согтуу унтаад өгсөн. Аав Ц.Ч 23 цаг өнгөрч байхад гаднаас халамцуу орж ирсэн. Аав Ц.Ч мах хөшиглөх гэж байгаад савтай цай асгачихсан. Би асгарсан цайг нь арчаад одоо хэвт гээд орон дээр хэвтүүлсэн чинь аав босоод ирсэн. Араас тэврээд авах шиг болсон. Аавыг буцаад хэвтүүлчээд шалны алчуураа буцааж тавих гэхэд нуруугаар халуу оргиод байхаар нь харахад зүүн далны доод хэсэгт хутгалчихсан байсан. Гэрээс гараад гадаа манараад унасан. Хажуу айлын эгч Эрдэнээ эмнэлэг рүү намайг хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 23 дугаар хуудас/

 

Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 02-р сарын 15-ны өдөр би гэрээсээ 09 цаг өнгөрөөгөөд гарч дэнж дээр очиж нүүрсээ зарсан. 18 цагийн үед гэртээ очиж хувцсаа солиод гарч найзуудтайгаа уулзаж 18-р байрны тэд байдаг пабад орж суусан. Тэнд бид нар уугаад сууж байгаад хаахаар нь гарсан. Би найзуудаасаа салаад хамаатны Ганболдын гэрт очоод цамцсаа аваад гэрээс гараад зам руу такси барих гээд алхаад явж байх үед миний гар утсанд хажуу айлын Эрдэнэ эгчээс 3 дуудлага ирсэн байсан. Надад ирсэн мессэжийг үзэхэд хүүхэд чинь хутгалуулчихсан байна. Эмнэлэг дээр хурдан ир гэсэн байсан. Би гэр рүүгээ яваад очиход хадам аав ******* сууж байсан. Хүүг хутгалсан гэх ягаан ширээн дээр цустай байсан. Би эмнэлэг дээр яваад очиход хүүг цагдаа руу явчихсан гэж байсан. Би цагдаа дээр ирэхэд мэдүүлэг өгч байна гэж хэлсэн. Хүүгээ хүлээж байгаад мэдүүлэг авсны дараа уулзахад хавиргандаа хутгалуулсан байсан. Шархыг нь үзэхэд хавагначихсан байхаар нь буцаагаад эмнэлэг рүү очиж хэвтүүлсэн. 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хагалгаанд орсон.” гэх мэдүүлэг, /хх-ийн 30 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/148 дугаар:

“1. Э.*******ын биед зүүн даланд хатгагдаж зүсэгдсэн шарх, булчинд цус хуралт, шархыг нээж булчингийн цус хуралтыг авах мэс засал /2020.02.16/ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1222 дугаар:

“Шар эрээн өнгийн иштэй хутга дээр цус илэрсэн.” гэх дүгнэлт, /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Ч нь 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Дэнжийн 1-275 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн 23 цагийн орчимд дагавар хүү 17 настай Э.Цтай маргалдан улмаар зүүн дал орчимд хутгалж зүүн даланд хатгагдаж зүсэгдсэн шарх, булчинд цус хуралт гэмтлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох

Шүүгдэгч Ц.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өсгөн: “02 дугаар сарын 15-ны өдөр пиво уусан. Гэртээ ирээд хоол хийх гээд мах хөшиглөж байсан чинь хүүхэд унт гээд татахаар нь хутгатайгаа босож ирсэн. Тэгээд л яачих ваа чи гээд хажуу айлын эгч орж ирээд эмнэлэг дуудсан.” гэх,

Арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гомдол саналгүй. Эмнэлгийн үйлчилгээг бүрэн авсан. Эмнэлгийн төлбөр өдрийн 35,000 төгрөг 11 хоног хэвтсэн нийт 385,000 төгрөг болсон. Мөн бусад эм тарианы төлбөрийг гаргасан. Ойролцоогоор таван зуу гаруй мянган төгрөг болсон байх, нэхэмжлэх зүйлгүй” гэх,

Шүүгдэгч Ц.Ч яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “хүү намайг унт гэж байсан нэг мэдэхэд хүүгийн зүүн даланд хутгаар хатгачихсан байсан. Хүү намайг хутгалчихлаа гээд гараад явсан” гэх,

Арван найман насанд хүрээгүй хохирогч Э.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Аав Ц.Ч мах хөшиглөх гэж байгаад савтай цай асгачихсан. Би асгарсан цайг нь арчаад одоо хэвт гээд орон дээр хэвтүүлсэн чинь аав босоод ирсэн. Араас тэврээд авах шиг болсон. Аавыг буцаад хэвтүүлчээд шалны алчуураа буцааж тавих гэхэд нуруугаар халуу оргиод байхаар нь харахад зүүн далны доод хэсэгт хутгалчихсан байсан. Гэрээс гараад гадаа манараад унасан.” гэх,

Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хүүгээ хүлээж байгаад мэдүүлэг авсны дараа уулзахад хавиргандаа хутгалуулсан байсан. Шархыг нь үзэхэд хавагначихсан байхаар нь буцаагаад эмнэлэг рүү очиж хэвтүүлсэн. 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хагалгаанд орсон.” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/148 дугаар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1222 дугаар дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

Гэхдээ Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Чад Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүндрүүлэх нөхцөлтэйгээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн үндэслэлгүй байна.

 

Учир нь шүүгдэгч Ц.Чын үйлдлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар онц харгис хэрцгийгээр буюу хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон нөхцөл байдал үүсээгүй байна гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ц.Чад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн оролцогч нарт олгогдсон эрхийг хязгаарлагдаагүй байна гэж үзлээ

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт Ц.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Чад холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, өмгөөлөгч торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал, дүгнэлтүүдийг гаргасныг шүүх хянаад торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ******* овогт Ц.Чад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүндрүүлэх нөхцөлтэйгээр гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч ******* овогт Ц.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чад 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч нь оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ц.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Чад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Х.ГАНБОЛД