| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0058/Э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2020-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Оюунгэрэл,
улсын яллагч Э.Ариунболд,
хохирогч Г.Н,
шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Ч.Мт холбогдох эрүүгийн 2007001390066 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхэд, ээж нарын хамт амьдардаг, .......................................... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн ......................... дугаартай, ******* овогт Ч.М.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .......................................... тоотод байрлах гэртээ 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 19 цагийн орчимд хамтран амьдрагч болох Г.Нтай маргалдан улмаар архины шилээр толгой руу нэг удаа цохиж биед нь толгойн хуйханд шарх гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул дахиж өгөхгүй...” гэв.
Хохирогч Г.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “Хөдөөнөөс хүн ирээд архи уусан. Тэгээд би Ч.Мийг хэл амаар доромжлоод ор руу түлхсэн чинь шил аваад шидсэн. Одоо бол гомдол санал байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.М яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хамт архи ууж байгаад манай нөхөр Г.Н нь намайг хүнтэй хардаад, хэл амаар доромжлоод байсан. Тэгээд намайг хойшоо түлхсэн чинь бы гэрийн багана ар нуруугаараа мөргөөд унасан, унаад босч ирэхдээ архины шил аваад нөхөр рүүгээ шидсэн чинь толгойд нь оносон.” гэх мэдүүлэг, /хх-ийн 31 дүгээр хуудас/
Хохирогч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр би .......................................... тоотод гэртээ байж байгаад дэлгүүр орж нэг шил 0,75 граммын Хараа архи аваад буцаад гэртээ орж ирсэн. Тэгээд гэртээ орж ирээд дэлгүүрээс авсан архиа задлаад эхнэртэйгээ хувааж уугаад сууж байтал гаднаас манай урд талд байх Н.Бат-Эрдэнэ, Н.Батбаяр хоёр орж ирээд 4-үүлээ нийлээд архиа хувааж ууцгаасан. Тэгээд удалгүй Н.Бат-Эрдэнэ, Н.Батбаяр хоёр явлаа гээд манай гэрээс гараад явсан. Тухайн үед би нэлээн согтсон байсан болохоор зарим нэг зүйлийг сайн мэдэхгүй байна. Эхнэрээ л өөр хүнтэй хардаад бид хоёрын хооронд хэрүүл маргаан болсон юм шиг байсан. Тэгээд би эхнэрээ цааш нь түлхсэн чинь над руу архины шил аваад шидсэн чинь нөгөө шил миний толгой хэсэгт оноод хагарсан. Тэгээд миний толгойноос цус гараад эхэлсэн нэг мэдсэн түргэний машин ирээд намайг эмнэлэг рүү авч явж байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 11 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/187 дугаар:
“1. Г.Нгийн биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүр болон ир ирмэг бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдал, ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа, бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.М нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр .......................................... тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн 19 цагийн орчимд хамтран амьдрагч Г.Нтай маргалдан улмаар архины шилээр толгой руу нэг удаа цохиж эрүүл мэндэд нь толгойн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох
Хохирогч Г.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “Хөдөөнөөс хүн ирээд архи уусан. Тэгээд би Ч.Мийг хэл амаар доромжлоод ор руу түлхсэн чинь шил аваад шидсэн. Одоо бол гомдол санал байхгүй” гэх,
Шүүгдэгч Ч.М яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хамт архи ууж байгаад манай нөхөр Г.Н нь намайг хүнтэй хардаад, хэл амаар доромжлоод байсан. Тэгээд намайг хойшоо түлхсэн чинь би гэрийн багана ар нуруугаараа мөргөөд унасан, унаад босч ирэхдээ архины шил аваад нөхөр рүүгээ шидсэн чинь толгойд нь оносон.” гэх,
Хохирогч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Эхнэрээ л өөр хүнтэй хардаад бид хоёрын хооронд хэрүүл маргаан болсон юм шиг байсан. Тэгээд би эхнэрээ цааш нь түлхсэн чинь над руу архины шил аваад шидсэн чинь нөгөө шил миний толгой хэсэгт оноод хагарсан.” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/187 дугаартай зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ч.Мт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчаас хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж гэм буруугийн талаар дүгнэлт гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг хангасан байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт Ч.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Мт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох санал гаргасан бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус харилцаанаас үүдэлтэй гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзаж түүнийг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ялаас чөлөөлсөнтэй холбогдуулан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Ч.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ч.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Ч.Мт зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Шүүгдэгч Ч.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хараа нэртэй архины шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД