Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 1903

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

Улсын яллагч К.Чимгээ,

Гэрч Д.Сайнбилэг, Ш.Батжаргал,

Хохирогч Д.Эрдэнэчимэг, түүний өмгөөлөгч А.Туул,

Шүүгдэгч Н.Ш , түүний өмгөөлөгч Р.Бадмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.Ш д холбогдох эрүүгийн 2006 00000 2392 дугаартай хэргийг шүүх 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй,   бодох бүртгэлийн багш ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Н.Ш .

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч Н.Ш  нь 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 18-19 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо “Скай” худалдааны төвийн автомашины зогсоол дээр хохирогч Т.Эрдэнэчимэгтэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж бүсэлхий нурууны 1 дүгээр нугалмын арын сэртэнгийн сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун цавины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ш  мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн 17:53 минутын орчимд “Скай” худалдааны төв дээр машинтайгаа ирсэн. “Скай” худалдааны төвийн машины зогсоолд би байнга өөрийнхөө машиныг тавьдаг. “Скай” худалдааны төв дээр Ш.Батжаргалтай уулзаж миний машиныг үзүүлэхээр яриад бид хоёр уулзсан. Яг тэр үед Т.Эрдэнэчимэг ирсэн. Т.Эрдэнэчимэг ирээд машинаа хөндөлдүүлж тавиад Ш.Батжаргалыг “чамайг явуулахгүй, цагдаа дууд” гэсэн. Т.Эрдэнэчимэгийн явсан газар болгонд асуудал үүсгэдэг болохоор би шууд гар утсаа гаргаж бичлэг хийсэн. Т.Эрдэнэчимэг хэл амаар доромжлоод над руу нэлээн дайрсан. Олон хүн цугларсан гэгээн цагаан өдөр болохоор надад хэцүү байсан. Тэр хавиар хүмүүс дүүрэн байсан. Надад талбай дээр хашхиралдаж маргалдах тийм сайхан байгаагүй. Намайг гар утсаараа бичлэг хийлээ гэж Т.Эрдэнэчимэг нь миний утсыг минь авах гээд дайраад байсан. Би утсаа бариад бичлэг хийгээд арагшаа ухарсан. Тэгэхэд Т.Эрдэнэчимэг утсыг авах гээд шууд намайг эхлээд цохисон. Би ерөөсөө түрүүлж Т.Эрдэнэчимэг рүү дайрч цохиж, санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан асуудал огт байхгүй...Бүх зүй бодит байдлаасаа эсрэгээрээ болоод шүүгдэгчээр зогсож байгаадаа би өнөөдөр бухимдалтай байна. Ийм нөхцөлд орсон болохоор тайван ярьж чадахгүй байна. Энэ хүн рүү би дайрч давшилсан, үг хэлээр доромжилж байсан зүйл урьд өмнө ч гэсэн байгаагүй. Т.Эрдэнэчимэг нь өөрөө миний утсыг минь авах гэж дайрч давшилж, өөрөө эхэлж цохисон, үсдсэн. Би мэдээж ухарч явахдаа түлхсэн. Үндсэндээ 1 минут болохооргүй хугацаанд тэр үйл явц болсон. Тэр бүгдийг үзээд өгнө үү гэж сиди дээр буулгаж өгсөн. Бичлэг дээр тодорхой байхад мөрдөн шалгах ажиллагаанд ердөөсөө ч  нотлох баримт гэж авч үзээгүй. Өөрийнхөө байдал тохируулж тасалсан байна гэж прокурор хэлсэн. Мэдээж техникийн шинжээч гэдэг байдаг байх. Тухайн бичлэг цаг минут, он сартайгаа байгаа. Бичлэг дээр тодорхой байгаа. Хэн нь эхэлсэн, юу болсон талаар байгаа. Болсон явдал бол ухарч цохиулаад Ш.Батжаргал дундуур нь орж салгасан байгаа. Т.Эрдэнэчимэгийн нуруу гэмтэж хугарахаар ямар ч зүйл ерөөсөө болоогүй. Т.Эрдэнэчимэг гэж хүн унаагүй. Юманд тулж зогссон зүйл байхгүй. Бичлэгт тодорхой байгаа. Талбай дээр байгаа байдал зураг, бичлэгийг харвал тодорхой байгаа. 102 дуудсан гээд байгаа. Тухайн үед тэр хавиар өчнөөн хүмүүс байсан. Цагдаа асуудлыг шуурхай шийдээд тухайн хүмүүсийг гэрчээр асуух боломжтой байсан. Тэр нөхцөл байдлыг асууж яагаад болоогүй юм. Төгсгөлд нь яагаад намайг гүтгэж байгаа юм бэ гэж хэлмээр байна...Т.Эрдэнэчимэг их үнэмшилтэй маш өрөвдөлтэйгөөр ярьж байна. Бүх хүмүүс үнэмшиж бурууг надад өгөхөөр тийм байдал үүсэж байна гэж би ойлгож байна. Санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулаагүй. Амь явах баталгаагүй гэж хэлж байна. Нөхцөл байдлыг дахиж шалгаж өгнө үү. Үнэхээр би Т.Эрдэнэчимэг гэдэг хүнд санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулаагүй. Надад гэм буруу байхгүй. Яагаад ийм хэрэг үүсэж, яагаад ийм нөхцөл байдал болоод байгаа юм бэ гэдгийг дахиж сайн шалгаж өгнө үү. Үнэн үнэнийг яг үнэнээр нь тогтоож өгнө үү. Энэ хүн гомдолтой байна гэж хэлж байна. Би ч бас гомдолтой байна. Өнөөдөр амьд явах баталгаагүй гэж энэ хүн хэлж байна. Яг үнэндээ яг эсрэгээрээ энэ үйл явц над руу дайрсан, заналхийлсэн, намайг дарамталсан, үргэлж доромжилсон халдсан ийм л үйлдэл болдог. Бүгдийн эсрэгээр нь үнэмшилтэй ярьж байна. Би худлаа ярьж байгаа юм шиг нөхцөл байдалтай байна. Наад захын илэрхий хэргийг яагаад төвөгтэйгөөр, ингэж нэг талыг нь буруутай болгох гэж үзээд байгаа талаар ойлгохгүй байна. Маш энгийнээр бүх талаас нь шинжлээд үзэх боломжтой. Тэр бичлэгийг яагаад огт үзэж шалгах болохооргүй байгаад байгаа юм бэ. Техникийн шинжээч нь гар утасны бичлэгийг бүх талаас нь шинжлээд нөхцөл байдал яасан байна. Хаанаас нь тасалсан байна. Яаж бичсэн байна. Яагаад тэрийг огт үзэж болохгүй юм. Яагаад үнэн байдлыг нь зөвөөр нь тогтоох гэж оролдохгүй байгаа юм. Би үнэндээ гомдолтой байна. 5 минут сууж чадахгүй байгаа гэж Т.Эрдэнэчимэг гэдэг хүн хэлж байна. 5 минут байтугай 5-10 цаг манай гэрийн үүдэнд сууж байдаг. Ш.Батжаргал гэдэг хүн байхгүй мэдсээр байж энэ хүн байж л байдаг. Ш.Батжаргалыг хүлээж байгаа юм бол биш. Энэ хүн “гал голомтыг чинь самарна, эцэг эхийг чинь зүгээр байлгахгүй, тамд очтол чинь чамайг би зүгээр байлгахгүй” гэж заналхийлсэн мессежнүүд ирдэг. Миний эргэн тойронд байгаа үр хүүхэд болон эцэг эхийг минь ч доромжилдог. Элдвээр худлаа хэлж байгааг бүгд мэдэж байгаа. Бүгдийг эсрэгээр нь хэлж байгаа. Энэ хүн үнэхээр хүний биед санаатайгаар хохирол учруулах ёстой зүйтэй хүн мөн үү гэдэг талаар буюу намайг судлах ёстой. Энэ хэргийг хийхээр хүн мөн үү гэдгийг аль ч талаас нь судлах ёстой байсан. Яагаад ийм ажиллагаа хийхгүйгээр шууд яллагчаар татаж байгаа юм бэ. Мэдээж бусад хүмүүсийн ажил мэргэжлийн онцлог байдаг байх. Эцсийн дүгнэлт хүмүүсийн хувийн байдал, цаашдын сэтгэл зүйн нөлөөлдөггүй байх гэтэл мөрдөгч, прокурор хүмүүсийн эцсийн үр дүн бол хүмүүсийн хувийн амьдралд яаж нөлөөлж тэр хүмүүсийн цаашдын ажил амьдрал, сэтгэл зүйд маш хүндээр тусч байгаа вэ. Бүрэн дүүрэн маш эргэлзээгүйгээр асуудлыг шийдвэрлэх ёстой. Яагаад эргэлзээтэй асуудал дутуу байхад гэм буруутай болгох гэж ингэж яарч дүгнэлт гаргаж ийм байдал үүсгэж байгаа юм бэ гэдэг дээр би бачимдаж байна. Хохирогчоор зураг зуруулж байна. Тэр нөхцөл байдал ямар байсныг мөрдөгч зургийг нь аваад тодорхой болгочихсон байж болох байсан. Тэгээд хүмүүсийг яагаад худлаа ярих боломжийг бүрдүүлээд байгаа юм бэ. Би Ш.Батжаргалын үйлдэл дээр тайлбар хиймээр байна. Би хэргийн материалтайгаа өмгөөлөгчтэйгөө уулзаж танилцсан. Гол гол хэрэгтэй зүйлээ тэмдэглэж авч бичсэн байсан. Тэр бичсэн юмыг уншсаныгаа буруугаар ойлгуулж Ш.Батжаргал хэлээд энэ асуудал үүсчихсэн. Гэрч, Т.Эрдэнэчимэг нарын мэдүүлгүүд нь энэ нь байдлаараа зөрүүтэй байна гэдгийг би сийрүүлж бичсэн. Хоорондоо тохирохгүй байна гэдгийг би хэлсэн. Тэрийгээ буруугаар ойлгосон байх. Ингэж гүтгэгдэж санаатай хэрэг болно гэж бодоогүй. Би Д.Сайнбилэгээс асуух асуулт байсан. Гэтэл яллагдагч гэхээрээ ямар ч байр суурьгүй. Хохирогч гэхээрээ маш давуу талтай болчихдог юм байна. Ядаж гэрчээс асуух эрх ч байдаггүй. Ийм нөхцөл байдалд орсондоо үнэндээ гомдолтой байна. Гэм буруутай эсэхийг дахин шалгаж өнө үү гэж хүсэж байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Эрдэнэчимэг мэдүүлэхдээ: “...2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр би кино зургийн зураг авалтын зураач охинтой “Скай” худалдааны төвийн задгай ногооны захаас зураг авалтын багийнхны хүнсийг бэлтгэхээр очсон байсан. Би машинаа байрлуулахаар машиндаа үлдээд зураач Д.Сайнбилэг зах руу орж ногоо худалдаж авахаар орсон. Тэр хугацаанд “Скай” дэлгүүрийн урд талаар нөхөр маань машинтайгаа орж ирсэн. Энэ үйлдэл болохоос 3 хоногийн өмнө Ш.Батжаргал гэрт ирсэн. Гэртээ ирээд “Н.Ш  гэх хүүхэнтэй ямар ч холбоогүй болсон, гэртээ ирэх тухайгаа ярилцана, хүүгээ аваад аав дээрээ очоод ирье” гээд 2 хоногийн өмнө хүүгээ аваад явсан. Өвөө нь хөдөө байдаг. Ш.Батжаргалыг “Скай” төвийн тэнд явж байхаар нь гайхаад хөдөөгөөс ирсэн юм байхдаа гэж бодоод өөрийнхөө зогсож байсан зогсоолоосоо хөдлөөд нөхрийнхөө машины урд талд нь машинаа тавих хооронд нөхөр өөрийнхөө машинаас буугаад Н.Ш гийн машин руу явж байсан. Тэгээд би нөхрөө дуудсан. Нөхрөө дуудаад “Ш.Батжаргалаа чиний энэ ярьсан зүйл чинь худлаа юм байна, хүү маань хаана байна” гэхэд “11 дүгээр хороололд ээжийнд байгаа” гэсэн. “Хүүгээ очиж авъя, салах өргөдөл дээр гарын үсгээ зурцгаая, дээрээс нь хавсаргах нотариатаар баталгаажуулах зүйлээ 11 дүгээр хороололд очиж нотариатаар баталгаажуулъя” гээд хөдлөхгүй болохоор нь би цамцнаас нь татсан. Ингээд байж байтал энэ хүүхэн гарч ирээд урьдын адил бичлэг хийгээд кино зураг авч байгаа юм шиг балай хүүхэн, тэнэг хүүхэн, чи ийм хүүхэнтэй ханилж байсан байна гэсэн. Ер нь бол дандаа над руу дайрч давшилсан аль болох Ш.Батжаргалтай уулзуулахгүй гэсэн үйлдлүүдийг давтаж гаргадаг. “Чамд гэр бүлийн минь асуудал хамаагүй, би нөхөртэйгөө ярьж байна, наад бичлэгээ зогсоо” гэж хэлсэн. Удаа дараа сануулсан. Дахин дахин утсаа нааш цааш нь болгоод байхаар нь “наад утсаа болиоч” гээд утас руу нь түлхэхэд шууд миний цавь хэсэг рүү 2 удаа тийрсэн. Би хойшоо эвгүй гишгээд ард байсан машинаа налаад унаагүй. Тэгээд эргэж очоод Н.Ш тэй зууралдсан. Тэр хооронд утастай гараараа миний баруун талын нүд рүү цохисон. Багалзуур руу нөгөө гар нь орж ирсэн. Ямар ч байсан надтай зууралдаж үснээс зулгаагаад Ш.Батжаргал ирж салгасан. Би эргэж хөдлөөд Ш.Батжаргалыг “явъя” гэтэл Н.Ш  Ш.Батжаргалыг чирээд хэргийн газрыг орхиод явсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Ганцхан миний хүлээн зөвшөөрөхгүй байгаа зүйл нь ажил хөдөлмөр хийж хөдөлж болно гэсэн хэсэг нь. Би хөдөлж зогсож болж байна. Гэхдээ миний ажил хөдөлмөрийн 80 хувь нь суугаа ажил байдаг. Телевизийн нэвтрүүлгийн цаг хөтлөх шаардлагатай байдаг. Мэдээ сурвалжилга, баримтат кино хийхэд хэдэн цагаар суугаа ажил хийдэг. Би өнөөдөр 1 цаг суух байтугай 5 минут ч сууж чадахгүй байна. Би гомдолтой байна...Монгол улсын иргэн эрүүл тайван амьдрах, өөрийн эрхийн дагуу амьдрах бололцоогүй. Өнөөдөр ясыг минь бэртээчхээд үгүй гэж хэлж байгаа хүн цаашид амь насанд, үр хүүхэд маань, хань ижилд маань ямар нэгэн үйлдэл гаргахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл 2 удаа очиход Н.Ш  нөхрийг минь “нөхрийнхөө араас явуулна” гэж хэлсэн. Дээрээс нь очих болгонд “яг одоо сал, салах өргөдлөө чи өөрөө өгөөд сал, салах өргөдлийн чинь 70.000 төгрөгийг тушаачихсан байж байхад одоо хурдан сал” гэх зэргээр ерөөсөө тулган шаардах хэлбэрээр энэ хүн амьдралд минь оролцож эхэлсэн. “Сэтгэл судлал дээр оч, 2 хүүхдээ бодож амьдар, Батжаргал та хоёрын амьдрал дууссан, Ш.Батжаргал надтай хайртай болохоор одоо яана, сэтгүүлч юм бол судлаад яв” гэсэн. Би судалж явна. Би өнөөдөр өөрийнхөө амьдралыг сэтгүүлч хүний хувьд олон нийтэд нэг нэгэнгүй дэлгэнэ. Анх энэ хүүхэнтэй учирсан бүх процессыг, өнөөдрийн болж байгаа шүүх хурлыг өнөөдөр олон нийтэд дэлгэж, гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэй, гэр бүлийн сэтгэл санааны хүчирхийлэл гэдэг зүйлд өртөөд явж байгаагаа би дэлгэж, өөр над шиг адилхан явж байгаа хүмүүсийг би адилхан хамгаалахын төлөө энэ явдлыг дэлгэж тавина. Энэ асуудлыг би Их хурлын эмэгтэй гишүүдийн түвшинд хүртэл нээлттэй нэвтрүүлэг хийнэ. Боловсролын салбарт ажиллаж байгаа хүн ийм араншинтай, ийм үзэл бодолтой хүн өнөөдөр Монголын тэргүүлэх сургуульд хичээл заагаад явж байгаад би үнэхээр гутарч байна. Аргагүй нь эрхэнд цагдаа байгууллага дээр очдог. Хүү маань халуураад татаад эмнэлэг дээр оччихсон байхад Ш.Батжаргал утсаа авдаггүй. Хүү маань аавтайгаа уулзъя гэсний төлөө би аргагүй нь эрхэнд Шинэ-Өлзийгийн гадаа очдог. Орон гэргүй болоод 800.000.000 төгрөгийн өрөнд намайг унагаад явж байгаа. “Натур хаан” гээд компанийг ажиллуулж байсан. Анхнаасаа нөхрийг минь хариуцлагаас зугтаалгаж гэр орондоо орогнуулж эхэлсэн. Би гомдолтой байна. Амьд явах баталгаагүй гэж үзэж байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Сайнбилэг мэдүүлэхдээ: “...2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “Скай” их дэлгүүгийн гадаа байрладаг ногооны худалдаанаас кино багийнхандаа хүнсээ цуглуулаад явж байсан. Тэгээд би 2 тортой юмаа аваад гараад ирэхэд хоорондоо Н.Ш  Т.Эрдэнэчимэг 2 маргалдаад Н.Ш  Т.Эрдэнэчимэгийг тийрч байхыг харсан. Юмаа тавиад гүйгээд очихын завдалгүй. Шинэ-Өлзий гэх эмэгтэй Батжаргалыг цааш нь чирээд аваад явсан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ш.Батжаргал мэдүүлэхдээ: “...Н.Ш  машинаа “Скай” төвийн урд тавьсан байсан. Бид хоёрын машиныг хааж Т.Эрдэнэчимэг хүрч ирээд машинаа хөндлөн тавиад хэрүүл өлдөж эхэлсэн. Тэгээд Н.Ш  рүү “утсаар бичлэг хийлээ” гээд дайраад байсан. Н.Ш г цохих гээд дайрахад нь Н.Ш  нэг гараараа утсаа барьж байсан. Утсаа барьж байсан чигтээ хойшоо унасан. Тэр үйл явдал 5-6 секундийн дотор л болсон. Тэнд Т.Эрдэнэчимэгийг өшиглөж бариад, гэмтэл учрахаар хэмжээний зодоон болоогүй. Дээрээс нь Д.Сайнбилэг гэж хүн тэнд байгаагүй. Машин дээр ирсэн байсан гэсэн тийм зүйл болоогүй. Тэнд ерөөсөө байгаагүй.” гэв.

 

 Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Т.Эрдэнэчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-20-21, 22-23/, гэрч Д.Сайнбилэгийн өгсөн мэдүүлэг /хх-27-28/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 9755 дугаартай дүгнэлт /хх-32-33/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-34/, Н.Ш гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-24-25/, гэрч Ш.Батжаргалын өгсөн мэдүүлэг /хх-26/, шүүгдэгч Н.Ш гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-36/, хохирол нэхэмжилсэн баримт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-10, 11-14, 85-87/, өвчний түүх /хх-88-94, 111-113/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-96/, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн хариу мэдэгдэх хуудас /хх-97-98/, Сүхбаатаар дүүргийн прокурорын газрын мэдэгдэх хуудас /хх-99/, утасны мессежийг гэрэл зургаар баталгаажуулсан тэмдэглэл /хх-102-110/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Н.Ш  нь 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 18-19 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Скай” худалдааны төвийн автомашины зогсоол дээр хохирогч Т.Эрдэнэчимэгтэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж бүсэлхий нурууны 1 дүгээр нугалмын арын сэртэнгийн сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун цавины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Эрдэнэчимэгийн өгсөн: “...Миний албан ёсны нөхөр болох Ш.Батжаргал нь 2017 оны сүүлээр гэр бүлээс гадуурх харилцаатай болсныг мэдсэн. Тэр эмэгтэй нь 2017 оноос хойш намайг таарах болгондоо хэл амаар байнга доромжилж, утсаар болон мессежээр байнга дарамталдаг байсан юм. Тэгтэл 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 18-19 цагийн орчимд “Скай” их дэлгүүрийн ертөнцийн зүгээр баруун талд байрлах хүнсний ногоо зардаг зах дээр ногоо авах зорилгоор очиход тус дэлгүүрийн авто зогсоол дээр манай нөхөр Ш.Батжаргалын машин зогсоол дээр урд талаасаа ирж зогсохыг би хараад өөрийн автомашинтайгаа нөхрийнхөө машины дэргэд ирж зогсоход манай нөхөр зүс таних эмэгтэйн машиныг өөрийнхөө машины дэргэд байрлуулж байсан. Тэгээд би машинаасаа буугаад нөхөр Ш.Батжаргал дээр очоод “чи энэ хүүхнээсээ салаагүй юм байна, одоо надтай явж надаас салах өргөдөл дээр гарын үсгээ зур” гээд маргалдаж байхад уг эмэгтэй нь гар утсаараа бичлэг хийгээд байсан. Тэгээд би “битгий бичлэг хийгээд бай” гээд бичлэгийг нь болиулах гэхэд эсэргүүцэл үзүүлээд миний цавь хэсэг рүү баруун хөлөөрөө жийсэн. Маш хүчтэй тийрсэн. Тийрүүлчхээд би 2 удаа хойшоогоо эвгүй том алхсан. Бараг унах шахсан бөгөөд ар талд машин байсан болохоор машин түшээд унаагүй. Тэгээд би дахиж очоод “чи одоо яахаараа хүний биед халдаж байдаг юм бэ, 3 дахь удаагаа боллоо, наад бичлэгээ боль” гээд очсон чинь миний үснээс зулгаагаад хоолой багалзуурдаж байсан чинь нөхөр Ш.Батжаргал хажуугаас тэр хүүхний үс зулгааж байсан гарыг тавиулсан.” /хх-20-21, 22-23/ гэх мэдүүлэг,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Сайнбилэгийн өгсөн: “...Миний харснаар

бол нэг хүүхэн Т.Эрдэнэчимэг эгчийг тийрч өшиглөж байсан. Дундуур нь эгчийн нөхөр Ш.Батжаргал ороод 2 тийш нь салгах гээд барьцалдаж байсан. Тэгээд би тортой юмаа хаяад гүйгээд очихын завдалгүй нөгөө хүүхэн нь Ш.Батжаргал ахыг чирээд цаашаа дагуулаад явчихсан.” /хх-26-28/ гэх мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 9755 дугаартай дүгнэлтэд:

1. Т.Эрдэнэчимэгийн биед бүсэлхий нурууны 1 дүгээр нугалмын арын сэртэнгийн сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун цавины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-32-33/ гэх дүгнэлт,

 

Хохирол нэхэмжилсэн баримт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-10, 11-14, 85-87/, өвчний түүх /хх-88-94, 111-113/,

Шүүгдэгч Н.Ш гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-36/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

          Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ш гийн гаргасан: “...Гэм буруутай эсэхийг дахин шалгаж өгнө үү.” гэх тайлбар, гэрч Ш.Батжаргалын гаргасан: “...Н.Ш г цохих гээд дайрахад нь Н.Ш  нэг гараараа утсаа барьж байсан. Утсаа барьж байсан чигтээ хойшоо унасан. Тэр үйл явдал 5-6 секундийн дотор л болсон. Тэнд Т.Эрдэнэчимэгийг өшиглөж бариад, гэмтэл учрахаар хэмжээний зодоон болоогүй.” гэх тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бадмаагийн зүгээс гаргасан: “...Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй, хэргийн газрын үзлэгийг хийгээгүй, 103-ын эмчийг асуугаагүй, Н.Ш гийн утасны бичлэгийг хэрэгт нотлох баримтаар тооцоогүй.” гэх тайлбаруудыг гарган мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Эрдэнэчимэгийн өгсөн: “...Тэгээд би “битгий бичлэг хийгээд бай” гээд бичлэгийг нь болиулах гэхэд эсэргүүцэл үзүүлээд миний цавь хэсэг рүү баруун хөлөөрөө жийсэн. Маш хүчтэй тийрсэн. Тийрүүлчхээд би 2 удаа хойшоогоо эвгүй том алхсан. Бараг унах шахсан бөгөөд ар талд машин байсан болохоор машин түшээд унаагүй. Тэгээд би дахиж очоод “чи одоо яахаараа хүний биед халдаж байдаг юм бэ, 3 дахь удаагаа боллоо, наад бичлэгээ боль” гээд очсон чинь миний үснээс зулгаагаад хоолой багалзуурдаж байсан чинь нөхөр Ш.Батжаргал хажуугаас тэр хүүхний үс зулгааж байсан гарыг тавиулсан.” /хх-20-21, 22-23/ гэх мэдүүлэг, гэрч Д.Сайнбилэгийн өгсөн: “...Миний харснаар бол нэг хүүхэн Т.Эрдэнэчимэг эгчийг тийрч өшиглөж байсан. Дундуур нь эгчийн нөхөр Ш.Батжаргал ороод 2 тийш нь салгах гээд барьцалдаж байсан. Тэгээд би тортой юмаа хаяад гүйгээд очихын завдалгүй нөгөө хүүхэн нь Ш.Батжаргал ахыг чирээд цаашаа дагуулаад явчихсан.” /хх-26-28/ гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 9755 дугаартай дүгнэлтэд: “....Т.Эрдэнэчимэгийн биед бүсэлхий нурууны 1 дүгээр нугалмын арын сэртэнгийн сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун цавьны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” /хх-32-33/ гэх дүгнэлт, хохирол нэхэмжилсэн баримт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-10, 11-14, 85-87/, өвчний түүх /хх-88-94, 111-113/ болон хэрэгт цугларсан бусад бичмэл нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруу нь хангалттай тогтоогдсон гэж үзсэн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Н.Ш гийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 18-19 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо “Скай” худалдааны төвийн автомашины зогсоол дээр хохирогч Т.Эрдэнэчимэгтэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж бүсэлхий нурууны 1 дүгээр нугалмын арын сэртэнгийн сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун цавины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Ш д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

          Шүүхээс нотлох баримтын хэмжээнд үнэлэгдсэн хохирогчийн эмчилгээндээ зарцуулсан гэх 2.016.700 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Н.Ш гөөс гаргуулж хохирогч Т.Эрдэнэчимэгт олгохоор шийдвэрлэв.

 

Мөн хохирогч Т.Эрдэнэчимэг нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Н.Ш гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Ш гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

           Шүүгдэгч Н.Ш  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Н.Ш г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Н.Ш г 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.Ш  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Ш  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

           5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар Н.Ш гөөс 2.016.700 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Эрдэнэчимэгт олгосугай.

 

6. Хохирогч Т.Эрдэнэчимэг нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

           7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Н.Ш  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Н.Ш д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.Ш д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС