| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1800/Э |
| Дугаар | 1718 |
| Огноо | 2020-10-19 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 1718
2020 10 19 2020/ШЦТ/1817
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,
улсын яллагч А.Сайнбаяр
шүүгдэгч Д.Н ,
хохирогч Ц.Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан Ж овогт Д-ийн Н-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 200 600 000 2374 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Архангай аймгийн Цэцэрлэг суманд 1963 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 57 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, слесерь мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол АОС 52/А/ тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймгийн анхан шатны шүүхийн 1983 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 77/В/, 197/В/ зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн гэх Жагар овогт Дашдондогийн Нямсүрэн /РД: .................. /
Яллах дүгнэлтэд холбогдсон хэргийн талаар:
Д.Н нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” зах дээр иргэн Ц.М-тай маргалдаж, түүний зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хуралдаанд шүүгдэгч Д.Н нь мэдүүлэхдээ: Хэрэг гарах өдөр нь хохирогчийн хэлж байгаа шиг зүйл болоогүй. Би тухайн өдөр үдээс хойш “Нарантуул” худалдааны төв дээр эхнэр ачаалалтай байна гэхээр нь туслах гээд очсон. Би бага зэрэг халамцуу байсан бөгөөд“ Нарантуул” худалдааны төвд тухайн үед маш их ачаалалтай байсан. Тэгээд байж байтал оройны 18 цагийн орчимд хохирогч гэх эмэгтэй 1 боодол бичгийн цаас авъя гэсэн бөгөөд зөндөө хүмүүс оочирлож үйлчлүүлж байсан учраас түр хүлээж байгаарай гэсэн чинь тэнд зогсож байсан өндөр залуу эндээс аваад өгчих үү гэхээр нь тэг гэсэн чинь тэр эмэгтэйд цаас авч өгөхөд мөнгөө өгчхөөд падаан бичүүлж авъя гэсэн. Тэгэхээр нь би манай эхнэр олон хүнтэй байна эсхүл мөнгөө аваад өөр газраас авчих гэж хэлсэн чинь нөгөө хохирогч эмэгтэй гэнэт уурлаж орилж чарлаад авсан цаасаа манай эхнэр рүү шидчихсэн тэгэхээр нь би болиоч ээ гэсэн чинь би өвчтэй хүн гэж янз бүрээр орилж чарлаад байхаар нь би болиоч гээд хоёр гараас нь бариад хүчтэйхэн цаашаа түлхэх явцад хацрыг нь цохисон байж магадгүй. Тэгээд байж байтал хохирогч миний хэвлий хэсэг рүү өшиглөхөөр нь би зөрүүлээд гуя хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгээд байж байтал тэнд үйлчлүүлж байсан 2-3 хүн болон манай эхнэр салгасан. Хохирогч эмэгтэй янз бүрээр харааж байснаа цагдаа дуудсан байсан. Би бол хохирогч эмэгтэйн хэлж ярьж байгаа шиг зүйл огт хийгээгүй гэв
Шүүхийн хуралдаанд хохирогч Ц.М мэдүүлэхдээ: ...2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 18 цагийн үед “Нарантуул” захын өргөтгөлийн 162 дугаар лангуун дээрээс боодол бичгийн цаас авъя гэсэн чинь хүмүүс их байна. Жаахан хүлээж байгаарай гэсэн. Тэгээд би хэсэг хүлээж байгаад 1 боодол бичгийн цаас худалдан авчхаад сургуульд өгөх гэсэн юмаа цаасан падаан авъя гэсэн чинь байхгүй, өгдөггүй юм гэсэн. Тэгэхээр нь цаасан падаан өгөх ёстой шүү дээ гэсэн чинь өгөхгүй, тийм зүйл байхгүй, ганцхан бичгийн цаас авчхаад баримт нэхээд байх юм, эсхүл буцаагаад падаан бичиж өгдөг өөр газраас очоод ав гээд миний мөнгийг над руу шидэхээр нь би зөрүүлээд авсан бичгийн цаасаа шидсэн. Би газраас мөнгөө авчхаад явах гэтэл цаанаас үгийн зөрүүгүй эрэгтэй хүн гарч ирээд үсдэж нүүрэн тус газар цохиж, хэвлий хэсэг рүү хүчтэй өшиглөж тийрсэн, Тэгэхэд нөгөө эхнэр нь гэх эмэгтэй гарч ирээд салгасан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Би өөрөө сонсголын бэрхшээлтэй аппарат зүүж юм сонсдог, дээрээс нь 17 настай аутизмтай 6 ангийн хүүгийн хамт явж байсан гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: \
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.М-ын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны орой 18 цагийн үед “Нарантуул” захын өргөтгөлийн 162 лангуун дээрээс боодол бичгийн цаас авъя гэсэн чинь хүмүүс байна жаахан хүлээж байгаарай гэсэн. Тэгээд би хэсэг хүлээж байгаад 1 ширхэг боодол бичгийн цаас худалдаж авчаад сургуульд өгөх гэсэн юмаа цаасан падаан авъя гэсэн чинь өгөхгүй, тийм зүйл байхгүй гэж уурлаад миний өгсөн мөнгийг над руу шидэхээр нь би зөрүүлээд авсан бичгийн цаасаа шидсэн. Би газраас мөнгөө түүж авчаад явахын хооронд лангуунаас эрэгтэй хүн гарч ирээд үгийн зөрүүгүй үсдэж нүүрэн тус газар цохиж зодсон. Тэгэхэд нөгөө эхнэр нь гэх эмэгтэй гарч ирээд салгасан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Ингээд цагдаа ирэхэд намайг зодсон гэх хүн архи уусан байсныг мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Ц-гийн. ...Би тухайн өдөр лангуун дээрээ суугаад наймаагаа хийгээд байж байсан тухайн үед цэцэрлэгийн багц авна гэсэн хүмүүс оочирлоод бараа худалдаж авч байхад бүр хойноос нэг эмэгтэй бичгийн цаас авъя гээд орилоод байхаар нь би цаас задлахгүй ээ, ширхгээр зарахгүй, хүн ихтэй байхад оочирлоод ав гэсэн ба тэнд бас юм авах гээд зогсож байсан үл таних залуу эгчээ би бичгийн цаасыг чинь задлаад аваад өгөх үү гэхээр нь би тэг тэг гээд тухайн залуу 1 боодол бичгийн цаас өгсөн ба мөнгө нь болох 10.000 төгрөг хойноос хүмүүс дамжуулаад над дээр ирсэн. Тэгсэн чинь тухайн эмэгтэй баримт бичиж өг гээд байсан ба би тухайн үед завгүй урд өчнөөн хүн оочирлоод бараа бодуулж байсан ба чи оочирлож байгаад баримтаа бичүүл эсвэл буцаа гээд мөнгийг нь май энийг буцаад ав гээд шидсэн. Тэгсэн чинь тэр эмэгтэй бичгийн цаасаа лангуу руу шидээд та нар юу болчихсон юм ширхгээр яагаад зардаггүй юм дээ баримт яагаад өгдөггүй юм бэ гээд орилоод байсан ба тухайн үед манай нөхөр Нямсүрэн над дээр туслах гэж ирсэн байсан ба тухайн үедээ жаахан халамцуу байсан болохоор лангуун дотор хойшоогоо суулгаж байсан боловч уг эмэгтэй орилоод цаас шидээд байхаар нь манай нөхөр тэвчихгүй гарч ирээд уг эмэгтэйг цохисон ба нөгөө эмэгтэй нь ч зөрүүлээд цохиод байсан. Тэгээд тэр эмэгтэй утсаа гаргаад цагдаа дуудсан юм. Би тэр эмэгтэйг сайн хараачгүй урдах хүмүүсийнхээ тооцоог бодоод сууж байсан. Бүр сүүлд нь цагдаа сэргийлэх болсны дараа тогтож харсан эрэгтэй хүүхэд дагуулсан эмэгтэй байсан. Манай лангуу ганцаараа ширхэглэж юм уу, бөөнөөр нь худалддаг, тэнд байдаг бусад лангуу ширхгээр зардаггүй дандаа бөөнөөр нь зардаг... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал /
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн №10088 дугаартай шинжээчийн:
1. Ц.Мөнгөнтуулын биед зүүн хацар эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Даваасүрэн... гэх дүгнэлт /хх-ийн 19-20-р тал/
Шүүгдэгч Д.Н гийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 37, 40-43--р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Д.Н нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах” Нарантуул” зах дээр иргэн Ц.М-тай маргалдаж, түүний зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ц.М, яллагдагчаар өгсөн Д.Н болон гэрч Г.Ц нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 10088 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Нямсүрэнг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Н нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 : ... бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж хуульчилжээ.
Хохирогч Ц.М нь хавтаст хэрэгт өөрт учирсан хохирлын 180.500 төгрөгийн баримтыг ирүүлсэн байх тул шүүгдэгч Д. Нямсүрэн 155.000 төгрөгийг төлсөн, 25.500 төгрөгийг төлөөгүй байна. /хх-н 50-51 -р тал/
Шүүх хуралдаанд хохирогч Ц.М10.000+20.000=30.000 төгрөгийн хохирлын баримтыг өгөв ./хх-н 102-р тал /
Иймд Д.Н гээс төлөгдөөгүй 25.500 төгрөг шинээр өгсөн хохирол 30.000=55.500 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.М-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ц.М нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ж овогт Д-гийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дашдондогийн Нямсүрэн 320 /гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Н д оногдуулсан 320 /гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй Д.Н д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Д.Н-с РД :................ 55.500 тавин таван мянга таван зуун төгрөгийг хохирогч –Ц-ын М-д /РД:........../ олгосугай.
6. Хохирогч Ц.М нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ