Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2021/0862/З |
Дугаар | 221/МА2022/0485 |
Огноо | 2022-07-07 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2022/0485
“И” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн ,
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О,
Нэхэмжлэгч: “И” ХХК,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: “"И” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг одоо эзэмшиж буй талбайн хэмжээгээр сунгахыг хариуцагчид даалгах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 366 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг,
Шүүх хуралдаанд оролцогчид: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: .Б.Бадамсүрэн,
Хэргийн индекс: 128/2021/0862/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 366 дугаар шийдвэрээр:
“Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.3, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “И” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг одоо эзэмшиж буй талбайн хэмжээгээр сунгахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга:
3.1 Анхан шатны шүүхээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухайд:
Нэхэмжлэгч талаас шүүхэд хандан хариуцагчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацаа сунгуулахыг даалгах нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс хариуцагч 2021 оны 09 сарын 14-ний өдрийн Мэргэжлийн зөвлөлийн хурлаас хүсэлтийг хэлэлцүүлж, цахилгаан шугамын хамгаалалтын зурвасыг хасаж хугацаа сунгахаар шийдвэрлэснийг "И” ХХК-д 2021 оны 09 сарын 14-ний 02-06/5835 тоот албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07/4569 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн байх тул өргөдөл гомдол шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж үзэхээргүй байна гэж дүгнээд шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг Газрын тухай хуулийн 37-р зүйлийн 37.2-т “..., хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана”, Эрчим хүчний тухай хуулийн 33-р зүйлийн 33.1-т “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тус тус зааснаар тодорхойлж хариуцагчийн үйлдлийг хуульд нийцсэн гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Монгол Улсын Газрын тухай хуулийн 37.2-т газар эзэмших эрхийн хугацаа сунгах хүсэлтийг эрх бүхий байгууллага 15 хоногийн дотор хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд энэхүү хуулиар тогтоосон хугацаанд хариуцагч тал нь газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй бөгөөд улмаар 2021 оны 09 сарын 14-ний албан бичгээр “мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн газрын хэмжээг хасаж шийдвэрлэхээр болсон” гэх хариу өгсөн нь хууль бус юм. Учир нь хуулиар тогтоосон хугацаанд өргөдөл гомдлыг шийдвэрлэлгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэгч компани нь газрын тухай хууль тогтоомжид заасан үүргээ бүрэн биелүүлэн ирсэн байхад хууль зүйн үндэслэл болон тодорхой эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр хугацаа сунгахаас татгалзаж буй нь Газрын тухай хууль тогтоомж болон Захиргааны Ерөнхий хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Тодруулбал нэхэмжлэгч талаас газрын төлбөрийг төлж, газрыг зориулалтын дагуу эзэмшиж, байгаль орчны үнэлгээ хийлгэн хугацаа сунгуулах хүсэлтээ хуульд заасан үндэслэлээр гаргасан байсан, Гэтэл хариуцагч газрын хэмжээг хасаж, үлдсэн талбайн хэмжээнд газрын гэрчилгээний хугацааг сунгах боломжтой гэж үзэж байгаа нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Тухайн газрын хэмжээг хасахаар мэргэжлийн зөвлөлийн хурал хуралдсан эсэх нь тодорхойгүй хурлаар хэлэлцүүлсэн тохиолдолд хуралдааны тэмдэглэл, асуудлыг шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй байдаг. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.4-т зааснаар эс үйлдэхүй болохыг тогтоолгож, захиргааны акт гаргахыг даалгах шаардлагыг гаргасан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хангалттай тодруулж, хууль ёсны хийгээд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй бөгөөд хариуцагч өргөдөл гомдлыг хугацаандаа шийдвэрлэсэн эсэх, газар эзэмших эрхийн талбайн хэмжээг хасаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй эсэх, газрын хэмжээг хасаж шийдвэрлэхээр эрх бүхий этгээдээс бодитой шийдвэр гарсан эсэхэд хууль зүйн хангалттай дүгнэлтийг хийгээгүй юм.
Шүүхээс зөвхөн хариуцагчийн татгалзалд дурдсан хууль зүйн үндэслэл болох Эрчим хүчний тухай хуулийн 33.1-т “..., хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон ба тухайн маргаанд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй болох нь илтэд байна. Тодруулбал уг хуулийн зүйл заалтыг хариуцагч 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07/4569 тоот албан бичигт дурдсан байдаг. Монгол Улсын Газрын тухайн хуулийн 21-р зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 21.2.3-т “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг дарга нь анхнаасаа нэхэмжлэгч талд хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд газар эзэмших эрхийг олгож шийдвэрлэсэн боловч, энэхүү шийдвэрээсээ хууль зүйн үндэслэлгүйгээр буцан газрын хэмжээг хасах зорилгоор газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа үйлдэл нь хууль бус юм. Анхан шатны шүүх нь шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 дахь хэсгийн дүгнэлтээр “Хэдийгээр нэхэмжлэгчийг анх газар эзэмших хүсэлт гаргахад болон газрын зориулалт өөрчлөхтэй холбоотойгоор Газар барилгажилтын зөвлөлийн 2016 оны 04 сарын 07-ны өдрийн хуралдаанаар уг асуудал бохирын болон цахилгаан шугам/хөндөгдөөгүй хэдий ч уг үндэслэлээр нэхэмжлэгчийн газрыг одоо эзэмшиж буй хэмжээгээр сунгахыг хариуцагчид даалгах боломжгүй” гэжээ. Уг дүгнэлтийн “өмнө нь асуудлыг хөндөөгүй” гэх нь зөв боловч ямар үндэслэлээр даалгах боломжгүй гэдэг нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч талаас газар эзэмшигчийн үүргээ хуулийн бүрэн биелүүлж ирсэн гэдгийг өмнө нь гомдолд дурдсан ба Газрын тухай хуулийн 35.1.5-т зааснаар өмнөх нөхцөлөөр газрын гэрчилгээний хугацаа сунгуулах эрхтэй юм. /2021 оны 01 сарын 31-ний өдөр хариуцагч тал нь газар эзэмших эрхийн хугацаа сунгаж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байсан ХХ 8-10 дахь тал/
Тухайн шугам сүлжээ бүхий газарт эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг хууль тогтоомжийн дагуу авах боломжтой бөгөөд хамгаалалтын зурвас бүхий газарт барилгажилтын ажил гүйцэтгэхгүйгээр бусад тохижилтын ажлыг хийх бүрэн боломжтой гэдгийг анхан шатны хуралдаанд тайлбарлаж байсан. Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгосон 4262 м2 талбайтай газар эзэмших эрхийг хууль ёсоор дуудлага худалдааны журмаар худалдан авч, эзэмших эрхийн дагуу газрын төлбөрийг бүтнээр нь төлж ирсэн. Мөн компанийн зүгээс 2021 оны намар барилгын ажлын эхлүүлэхээр маш их хэмжээний зардал гаргасан юм. Иймээс хариуцагч талаас илэрч буй захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны Ерөнхий хуулийн 4.2-р зүйлийн 4.2.-т “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна.
3.2. Хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон тухайд:
Анхан шатны шүүхээс хариуцагчийн 2021 оны 09 сарын 14-ний 02-06/5835 тоот албан бичиг, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 сарын 26-ны өдрийн 07/4569 тоот албан бичгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Уг албан бичгүүдэд дурдсан мэргэжлийн зөвлөлийн хуралдаан болоогүй байхад болсон мэтээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм. Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 09 сарын 14-ний хуралдаан бодитой болсон эсэх, үнэхээр нэхэмжлэгчийн газар эзэмших хэмжээг хасахаар шийдвэрлэсэн эсэхийг тодруулах зорилгоор хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг хариуцагч талаас гаргуулахаар нэхэмжлэгч талаас хүсэлт гарган, шүүхээс удаа дараа шаардсан боловч тодорхой шалтгаангүйгээр нотлох баримтыг ирүүлээгүй, захирамжийн биелэлтийг хангалгүй хугацаа ихээр алдагдуулсан байдаг. Иймээс нэхэмжлэгч талаас хариуцагч эс үйлдэхүй гаргасан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлон нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх эс үйлдэхүй байхгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай шийдвэр болсон байна.
Мөн анхан шатны шүүх нь тухайн хэрэг маргааны хууль зүйн талаас бүрэн бодитой үнэлэлт дүгнэлт хийж шийдвэрлээгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 366 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч “И” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “И” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг одоо эзэмшиж буй талбайн хэмжээгээр сунгахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/445 дугаар захирамжаар[1] Баянгол дүүрэг 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4261 м.кв газрыг “үйлчилгээтэй орон сууцны” зориулалтаар “И” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгожээ.
3.Нэхэмжлэгчээс 2021 оны 05 дугаар сарын 14 өдөр нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг[2] гаргажээ.
4.Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 02-06/5835 тоот албан бичгээр[3] “Хот байгуулалт, хөгжлийн газар, тус албаны хамтарсан “Мэргэжлийн зөвлөл”-ийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцүүлэгдэн цахилгааны шугамын хамгаалалтын зурвасыг хасаж хугацаа сунгахаар шийдвэрлэсэн” талаар мэдэгджээ.
5.Уг мэдэгдлийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0037 тоот албан бичгээр гомдол[4] гаргасныг Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07/4569 тоот албан бичгээр[5] “мэргэжлийн зөвлөлийн шийдвэр үндэслэлтэй тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй” талаар мэдэгджээ.
6.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж заасан.
7.Нэхэмжлэгч компаниас газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэж нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон нийслэлийн Засаг даргаас зохих хариуг нэхэмжлэгчид өгсөн гэдэг нь тогтоогдож байх тул хариуцагч Нийслэлийн Засаг даргыг өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
8.Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэж заасан.
Уг хуулийн зохицуулалт нь эрчим хүчний шугам сүлжээний ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага, нийтийн эрх ашгийг хамгаалах, эрчим хүчний шугам сүлжээний аюулгүй байдлын үүднээс хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийн хохирлоос урьдчилан сэргийлэх агуулгатай байна.
9.Хэрэгт авагдсан баримтуудаас[6] үзэхэд нэхэмжлэгч компанийн эзэмшлийн “үйлчилгээтэй орон сууцны” зориулалттай газар нь зүүн талаараа бохирын болон цахилгааны шугамтай давхцалтай гэдэг нь тогтоогдож байна.
10.Иймд захиргааны байгууллагаас нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг хянан үзээд эзэмшил газрын зарим хэсэг нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан хамгаалалтын зурвастай давхцаж байгаа үндэслэлээр тус компанийн газрын хэмжээнээс хамгаалалтын зурвастай давхцаж байгаа хэсгийг хасч, үлдэх хэсэгт газар эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар шийдвэрлэсэн талаар өгсөн хариуг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
11.Тодруулбал, нэхэмжлэгч компани “үйлчилгээтэй орон сууцны” зориулалтаар газар эзэмшдэг тул хуулиар хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууцыг барихыг хориглосон заалтыг хариуцагч захиргаанаас хэрэгжүүлэн нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт оруулахаар түүнд мэдэгдсэн үйлдлийг хууль бус гэж шүүхээс дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.
12.Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн нотлох баримт буюу Мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийн[7] холбогдох хэсгийн хуулбар хэрэгт авагдсан, мөн анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвлөлийн хуралдааны цахим хэлбэрээр хийгдсэн бичлэг, гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзсан[8], нэхэмжлэгч компани нь Хот байгуулалт, хөгжлийн газар, Мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаатай холбогдуулан маргаагүй байх тул “хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 366 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ