Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 977

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж,

шинжээч М.Ууганбаатар,

гэрч М.Т,

иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, өмгөөлөгч О.Сайнгэрэл,   

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Ч овогт Д-ийн Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805050630154 дугаартай, 2 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр ХХххххх аймаг ХХХХХХХ суманд төрсөн, эрэгтэй, 00 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ХХХХХХХХ дүүрэг, хх дугаар хороо хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Ч овогт Д-ийн Б /РД: 0000000000/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 44-н зах дээр 0000  УБП улсын дугаартай киа пронтер маркийн автомашинаар ухрах үедээ Т.Б-ийг мөргөж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О мэдүүлэхдээ: “...Гомдолтой байна. Хохирол төлбөрөө буруутай этгээдээс нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч М.Ууганбаатар мэдүүлэхдээ: “...Хавтаст хэргийн материалыг үндэслээд шинжээч Г.Гантөмөрийн гаргасан дүгнэлтэд дурдсан “С” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуульд заасан үүргээ биелүүлээгүй”, мөн захирал Л.Л нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзсэн. Яагаад үндэслэлтэй гэж үзсэн вэ гэвэл иргэн Х, Б, Т нар нь “С" ХХК-ийн захирал Л.Л-ийн төлөөлөгчөөр дамжуулан ажил гүйцэтгэх, хөдөлмөрийн хөлсийг төлөх талаар харилцан тохиролцон Иргэний тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу хэлцэл хийгдсэн гэж үзсэн...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Т мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би таньдаг ах болох Ж-руу залгаад мод ачаад өгөх грушик олоод өгөөч, үнэ ханш нь хэд юм бэ гэхэд 300.000 төгрөг гэж хэлсэн. Л нь найзын хувиар надаас “вагон тавигдчихсан байна чи очоод байж байгаач” гэж гуйсан юм. Надтай ямар нэгэн гэрээ, хэлцэл хийсэн зүйл байхгүй. Бид гэр бүлийн найзууд...” гэв.  

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 3-5/,

2. 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 6-9/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2153 дугаартай:

“...Талийгаач Т.Б-ийн биед цээж хэвлийн хавсарсан гэмтэл, цээж хэвлийн дарагдал, элэгний баруун дэлбэнгийн задрал, хальсан доорх цус хуралт, хэвлийн хөндийн цус алдалт /2000мл/, хоёр талын олон хавирганы шууд бус хугарал, баруун бөөрний өөхлөг, чацархайн цус хуралт, хэвлийн урд хана, нуруу, хүзүүний ар, 2 бугалганы зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлээр буюу хүнд зүйлд цээж хэвлий цохигдох, дарагдах үед үүснэ. Талийгаач нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсан ба эмнэлгийн тусламж авч мэс засал, шингэн, цус сэлбэх эмчилгээ хоёр цагийн турш хийгдсэн тул согтолтын зэрэг хэрэг болсон үеийнхээс багасна. Шинжилгээгээр бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэл, гол судасны хатуурал атерокальциноз 5-р зэрэг өвчтэй байсан ба эдгээр өвчин нь үхэлд хүргээгүй. Талийгаач нь элэгний бяцралын улмаас хэвлийн өндийд их хэмжээгээр цочмог цус алдаж нас баржээ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хх 27-30, 31-33/,

4. Тээврийн цагдаагий албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаартай:

“...00-00 УБП улсын дугаартай киа пронтер маркийн автомашины жолооч Д.Б-ы гаргасан үйлдлийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хүрээнд зам тээврийн осол гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.4-т “энэ дүрэмд байгаа дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно..., “зам тээврийн осол” зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал”, “зам тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар, зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна” гэсэн байдаг тул хавтаст хэрэгт авагдсан баримтаар Зам тээврийн осол гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно...” гэсэн дүгнэлт /1 хх 82-83/,

5. Шинжээч Б.Б-ийн:

“...Тухайн хэрэг учрал болох үед мөрдөгдөж байсан Замын хөдөлгөөний дүрмийн 1.4-т “Зам тээврийн осол”- зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал, “Зам” - тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас хамаарна” гэсэн заалтуудад үндэслэн зам тээврийн осол гэж үзэх боломжгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

Харин 2018 оны 08 дугаар сард батлагдаж 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний дүрэмд уг хэрэг учрал болсон гэх газрыг “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр”-т хамааруулж үзэхээр байгаа юм. Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.18 “замын зэргэлдээх нутаг дэвсгэр” гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт шаардлагыг мөрдөнө.

Тухайн осол нь одоо мөрдөгдөж байгаа буюу 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.18-д зааснаар “зам тээврийн осол мөн” гэж үзэх боломжтой байна. Гэхдээ хэрэг учрал болсон өдөр нь өмнөх Замын хөдөлгөөний дүрэм мөрдөгдөж байх цаг хугацаанд болсон байна...” гэсэн мэдүүлэг /2 хх 125-126/,

6. Гэрч Б.Б-ийн:

“...2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 10 цагийн орчимд Б, Б нарын хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 44-н зах дээр жолооч Б-тай хамт вагоны хаалгыг онгойлгоод би машин руу очиж хувцсаа сольж байхад хүмүүс орилдоод унасан. Тэгэхээр нь юу болсон гээд харахад Б вагон, ачааны машин хоёрын завсар хавчуулагдсан байсан. Тэгээд жолооч Д.Б машинаа урагшлуулахад Б цааш алхаад газарт унасан.

...Талийгаач ирж надад хэлэхдээ гэртээ архи уучихаад ирлээ гэсэн. Ямар ч байсан тодорхой хэмжээгээр архи үнэртэж байсан. Тэрнээс 44-н зах дээр ирээд хүнтэй архи дарс уусан асуудал байхгүй. Өглөө аав, талийгаач бид гурав 44-н зах дээр 10 цагийн үед ирээд аав бид хоёр хувцсаа сольж байхад хүмүүс хашгираад явчихаар нь юу болов гэж бодоод би гүйгээд очиход ачаатай пронтер урагшилж таараад талийгаач ёооё гэж хэлээд 2 алхаад доороо хэвтээд өгсөн. Өглөөний 10 цагийн үед болсон асуудал юм. Талийгаачийг вагон руу авираад цээжин бие нь гарчихсан байхад нь пронтер ухраад хавчуулчихсан. Пронтер дээрх прус мод тэвшнээсээ хойшоогоо нэг метр илүү гарна. 4 метрийн урттай 10x10 хэмжээтэй прус мод урт нь 4 метрийн урттай юм. Пронтерын тэвш өөрөө 3 метрийн урттай байдаг.

...Хоёр дахь удаагийн ачилт буюу хэрэг болдог өдөр өглөө хүн олдохгүй болохоор 11 цагийн үед аав Б, талийгаач Б нарын хамт гурвуулаа очсон надад ер нь зааварчилгаа өгч байгаагүй энэ хоёр удаагийн гаралтаас бусад үед өмнө нь алданги ононги хаа нэг ирж ажиллаж байсан цалин хөлсөө дунд нь өгчихдөг байсан бид нар харин хувааж авцгаадаг байсан тэрнээс яг хүн тус бүрт цалин хөлс өгөөд байдаггүй ээ, хоёр удаагийн гаралтад ажиллаад л цалингаа авдаг байсан. Нэг ажлыг нэг өдөрт нь дуусгадаг байсан. ...Тиймээ нийт гурван удаа бараа материалыг нь ачиж өгсөн юм. ...аав бид хоёр талийгаачийг нэг удаа дагуулж очихдоо урьдчилж Т, Лхагвасүрэн нарт мэдэгдээгүй байсан, талийгаачийг Т зүс мэдэж магадгүй тэрнээс Т Лхагвасүрэнгийн бараа материалыг ачихад бол талийгаач Б очиж байгаагүй юм...” гэсэн мэдүүлэг /1 хх 16, 250, 2 хх 47-48, 49-50/,

7. Гэрч Х.Б-ын:

“...Б бид 2 хоёр 8 цаг өнгөрч байхад Б-тай уулзаад бид 3 хамт 44-н барилгын зах дээр ирсэн. Ирэхэд пронтертэй жолооч Д.Б машинтайгаа ирээд 70 ширхэг палк ачаад ирсэн байсан. Д.Б, Б 2 хоосон вагоны хаалга төмөр утсаар уяасан байсныг тайлсан. Д.Б машиндаа суугаад би ачаан дээр гараад модон дээр сууж байсан. Б хувцсаа солихоор явсан байсан. Б тухайн үед вагон машин хоёрын завсараар вагон руу гарах гэж байсан юм шиг байсан би өндөр модон дээр машины толгой руу хараад сууж байсан болохоор Бийг машин вагон хоёрын голд байсныг хараагүй. Машин ухарсан тэнд байсан хүмүүс орлилдоод байсан, би тэр үед Бийг хавчигдсан байхыг мэдсэн. Тэгээд жолооч машинаа урагшлуулаад Д.Б буугаад Б цаанаас ирээд 103 дуудаад ирээд аваад явсан.

...Уг Лхагвасүрэн гэх хүн дээр би 2 удаа л ачаа \мод\ ачиж өгсөн өөрөөр ажил хийж өгч байгаагүй тэрнээс өөр хүний бараа материал зөөж байсан ачиж байсан асуудлууд бол зөндөө эхний удаа очиж ачиж өгөхөд манай хүү Б Дталийгаач Б бид 4 очиж ажилласан ингэж ажиллахдаа 400.000 гаруй мянган төгрөгний цалин өвч байсан бид нарын мөнгийг дунд нь өгчихөөр бид нар ажилласан хүний тоогоор хувааж авдаг юм. Хоёр дахь удаагийн ачилт буюу хэрэг болдог өдөр өглөө хүн олдохгүй болохоор 11 цагийн үед хүү Б, талийгаач Б нарын хамт очсон. Талийгаачийг нас барсаны дараа 2 хүн нэмээд авчраад хүний 60.000 төгрөгний авцгаасан тэр өдөр бага ажилтай байсан юм.

...би Т Л нарт урьдчилж Б гэх хүнтэй хамт очноо гэж хэлээгүй юм. Талийгаач өөрөө чадна гээд байхаар нь би дагуулаад явчихсан юм. Т Л нар талийгаачийг танихгүй ээ. Нэг удаагийн ачилтанд хүү Б, Доржоо, Доржоогийн ах бид дөрвүүлээ ажилласан, сүүлийн ачилтанд хүү талийгаач бид 3 очоод талийгаачийг ажил хиймээр байна гээд байхаар нь дагуулаад явсан чинь ийм асуудал болчихсон...” гэсэн мэдүүлэг /1 хх 19, 2 хх 45-46, 51/,

8. Гэрч Д.Д-ийн:

“...би төрсөн дүү Д.Б руу утсаар яриад маргааш вагон руу мод ачина шүү өглөө Сонсголон захаас ачаад 44-н дээр аваачиж өгнө гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь Д.Б над руу утсаар яриад би модоо ачаад очсон хүлээж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүлээж бай ачих хүмүүс одоо очно гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа чимээгүй байхаар нь хүмүүс ирчихсэн ачиж байгаа юм байх гэж бодоод байж байтал над руу Т яриад дүү чинь мод ачих гэж ухарч байгаад хүн гэмтээчихсэн бололтой. Та очих хэрэгтэй байхаа гэхээр нь би шууд 44-н зах дээр яваад очсон. Тэгтэл талийгаач Б машин вагон 2- ын хооронд хэвтчихсэн Д.Б толгойг нь түшээд сууж байсан. Удалгүй түргэн ирээд би түргэний машинд суугаад талийгаачийг аваад явсан. Явахдаа дүүгээ наанаа байж бай гэж хэлээд явсан. Гэмтлийн эмнэлэгт очихдоо талийгаач ухаантай байсан ба эмчид өөрөө нэр хаягаа хэлж байсан ба эмчид өөрөө нэр хаягаа хэлж байсан. Би тэгээд эгч Д руу нь утасдаад болсон явдлыг хэлсэн. Удалгүй Д-ын охин эмнэлэг дээр ирсэн. Эмч нар ар гэрээс нь хүн байна уу хүнд хагалгаанд орох юм байна гээд гарын үсэг зуруулж байсан. Дарьжав эгчийн дүү нар ирцгээж байсан. Хагалгаанд ороод гайгүй байхаа гээд байж байтал ар гэрээс нь хүмүүс дуудаад хагалгаа даахгүй нас барчихлаа гэ хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх 21/,

9. Гэрч П.Б-ийн:

“...2018 оны намар 9 сард байсан өдрийг нь сайн мэдэхгүй байна би эхнэр Тийн хамт өглөө 09 цагт 44-н вагон дээр очсон. Вагон тавигдаагүй байсан бөгөөд 11 цаг болсон уу эхнэр Т хүүхдээ авахаар түрүүлээд явчихсан. Эхнэрийг явсан хойгуур төмөр замаас пүүлэгч нар ирж вагоныг зааж өгч пүүлэгч вагоныг онгойлгосон, вагоны хаалга онгойх үеэр мод ачсан пронтер маркийн машин вагоноос нилээн зайтай зогсч байсан. Би тамхи татаад вагоноос холдоод явж байхад хүмүүс шуугилдаад явчихаар нь эргээд юу болов яав гээд очтол Б ах Банзай нар зогсчихсон жолооч Д.Б талийгаачийг өвөр дээрээ тавьчихсан байхаар нь юун хүн бэ гэхэд Б ах надад хандаж миний таньдаг хүн байгаа юм аа мөнгөний хэрэг гараад ажил хиймээр байна гэхээр нь дагуулаад ирсэн юм гэж хэлсэн. Би ямар гайтай юм бэ согтуу юм бишүү гэхэд Б ах урьд орой нь жоохон уучихсан байсан юм гэсэн, би түргэн тусламж дуудаад тэр хавьд явж байсан хүмүүс ч түргэн дуудаад удалгүй 103 ирээд талийгаачийг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан.

...Өмнө нь ийм төрлийн прус модыг 2 удаа ачуулахад нь би байсан эхний удаагийн ачилтанд 8, 9 залуучуудаар ачуулж үзэхэд зарим нэг нь орой болоход ажлаа хаяад дундаас нь явчихсан байсан ямар ч туршлагагүй залуучууд байсан дараагийнх нь ачилтанд нь Б ах хүү Б-тайгаа  гэх залуу Д-ийн ах нь гэсэн шиг санагдаж байна нэг залуу байсан. ...Урьд нь энэ хүнээр мод вагонд ачуулж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /2 хх 44/,

10. Гэрч Т.Д-ын:

“...09 дүгээр сарын 28-ны өдөр би Баянхонгор аймагт Шаргалжуутын сувилалд байж байхад манай О над руу яриад талийгаачийг Т гэж дууддаг бөгөөд Т ах аваарт орчихсон юм шиг байна гэж 11 цагийн үед хэлсэн. Тэгэхээр нь би охин Э рүү яриад энэ талаар хэлсэн. Э эмнэлэг дээр очоод хагалгаанд яаралтай орох хэрэгтэй гэж байна гэж хэлсэн. Намайг яаралтай хүрээд ир гэж хэлэхээр нь би тэр өдөртөө автобусанд суугаад замдаа явж байхад нас барчихсан гэдгийг хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх 23/,

11. Гэрч Б.Э-ийн:

“...2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр манай нагац ах Т.Б-ийг гэртээ байхад нь палк вагонд ачихаар Гурвалжингийн гүүрний 44-н зах руу явсан байсан. Над руу 10 цаг 50 минутын үед Д гэж хүн 00000000 дугаараас залгаад Б палк ачих гэж байгаад бэртчихлээ яаралтай хагалгаанд орох гэж байна гээд дуудсан. Би гэмтлийн эмнэлэг дээр 11 цаг 30 минутанд ирэхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2 давхарт дусал залгуулаад хэвтэж байсан. Эмч хэвлий хэсгээрээ гэмтсэн их цус алдсан байна. Яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай биеийн байдал нь хүнд байна гэсэн. Би гарын үсэг зураад хагалгаанд оруулсан. 13 цаг 50 минутад эмч нар дуудсан. Тэгээд шаардлагатай эмчилгээ хагалгаа хийлээ. Цээж хэвлийгээрээ бэртэлтэй байна. 2 литр цус алдсан, элэг нь 2 хуваагдсан, зүрх нь ажиллахгүй нас барсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх 12/,

12. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ын:

“...2018 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө би охиноо сургуульдаа өгчихөөд 8 цагт гэртээ ирээд цай хоол хийгээд манай нөхөр Б 9 цагт ажилдаа явлаа гээд гараад явсан. Би 11 цаг 30 минутаас охиноо сургуулиас нь аваад 12 цагт гэртээ ирээд байж байтал удалгүй утас дуугараад Б-ийн эгчийнх нь хүүхэд Э над руу яриад ах сая зах дээр мод буулгаж байгаад гэмтээд гэмтлийн эмнэлэгт оччихлоо гэхээр нь би гэрээсээ шууд гараад ГССҮТ эмнэлэг рүү такси бариад очиход эгч П ирчихсэн байсан. Эгчтэй нь дөнгөж уулзаад байж байтал Б нас барчихлаа гэсэн.

...Би маш гомдолтой байна. Би 5 хүүхэдтэй. Таван хүүхдээ өнчрүүлсэн өрх толгойлсон эмэгтэй ажилгүй байна. Ар гэрээ үр хүүхдээ тэжээх шаардлагатай байна. Би иргэний хариуцагч компани болон Д.Б-аас маш их гомдол нэхмээр байгаа ч хүний амийг юугаар ч нөхөшгүй. Гэхдээ надад өнчирсөн 5 хүүхдэд минь орох орон маш их хэрэгтэй байгаа юмаа...” гэсэн мэдүүлэг /1 хх 74, 2 хх 136, 137/,

13. Гэрч М.Т-ийн:

“...2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр манай найз  над руу яриад 44-ын ачиж буулгах зах дээр вагон тавигдсан байгаа найз нь Замын-Үүд рүү 10x10 хэмжээтэй прүс билүү палк гэлүү сайн санахгүй байна, модыг ачиж явуулах гэсэн юмаа грушик олоод өгөөч гэж надад хэлсэн. Л өөрөө Улаанбаатар хотод байсан бөгөөд ажилтай явж байсан тул ирээгүй юм. Би таньдаг ах болох Ж руу залгаад нэг вагон ачих гэж байгаа юм байна та ачих уу гэж асуухад үнэ ханш нь хэд юм бэ гэхээр нь би 300.000 төгрөг гэж байгаа юм байна гэхэд тэгье гэсэн. Би тэгээд 11 цагийн үед вагон дээр очсон. Вагоны тэнд зогсч байсан хүмүүсээр вагоныг нь онгойлгуулсан. Д.Б өөрөө машинтайгаа модоо ачаад ирчихсэн байсан.

...Би 44-н ажилтан ирж вагон хүлээлгэж өгөхийг нилээн удаан хүлээж байгаад хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх ажилтай байсан тул нөхрөө үлдээгээд явсан. Гурвалжингийн гүүрийг урагшаа давж байтал манай нөхөр утасдаад вагонд хүн хавчуулагдчихлаа хурдан хүрээд ир гэхээр нь яваад очиход жолооч Д.Б нэг хүнийг өвөр дээрээ тэвэрчихсэн сууж байсан би зүс царайг нь харахад танихгүй хүн байсан Б ахаа юун хүн бэ хаанаас гараад ирэв ээ согтуу юмуу яасан гэхэд Б ах ярихдаа Б гэдэг байгаа юм надад ажил захиад байхаар нь өглөө гэрт нь орж ажил байна гэж хэлэх гэтэл шөнө нь авгайтайгаа архи уугаад авгай нь согтоод унтчихсан өөрөө архи ууж байхаар нь чи чинь согтуу байна шдээ гэсэн чинь ажиллаж чадна надад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь дагуулаад ирсэн чинь гай болчихлоо гэж хэлсэн юм.

...Бид ачаагаа ачуулахын өмнө 44-н талаас вагоноо хүлээн авч онгойлгуулаад вагоны уртын хэмжээнээс шалтгаалж ачааг ямар байдлаар ачих талаар пүүлэгчээс зааварчилгаа авдаг вагоны хөдөлгөөнд мод гулгаж вагоноо гэмтээх гээд байдаг тул асууж заавар авдаг юм. Ачаа авчирч байгаа автомашинууд даацнаасаа шалтгаалаад барааны тоо харилцан адилгүй байдаг тул ачиж ирсэн барааг нэг бүрчлэн тоолж хүлээн авсаны дараа ачилтыг эхлүүлдэг юм. Гэтэл хэрэг болдог өдөр манай нөхөр Баяраа болохоор Бэлэгсайхны машинаас прус модоо тоолж аваагүй, ачигч нар хувцсаа сольж дуусаагүй байхад энэ осол болсон талаар сүүлд Д.Б, Б, Б нараас сонссон. Д.Б-аас гадна хэд хэдэн машинаар рэйс хийж барааг хүлээн авдаг юм. Би “С” ХХК-ийн ажилтан биш, би Д.Б-ы ах бизнес эрхэлдэг Д гэдэг хүнтэй олон жил хамтран бизнес хийж байсан учир уг прус моднуудыг зээлээр авч төмөр замд нийлүүлж төлбөрөө авахаар мөнгийг нь Д ахад өгөхөөр хамтарч ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 109, 2 хх 41/,

14. Гэрч П.Ч-ийн:

“...2018 оны намар 9 сард байсан шиг санагдаж байна өдрийг нь сайн санахгүй байна. Би Улаанбаатар төмөр замын ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан анги 3-р цех дээр албан үүргээ гүйцэтгэж байхад 44-н зах дээр Л гэх хүний захиалгатай Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу палк ачуулахаар вагон тавигдсан байсан. Вагон нь битүү вагон байсан. Уг вагонд мод ачуулахаар орж ирж байгаа машинд хяналтын постоор тасалбар авч дотогшоо нэвтэрсэн байсан. Вагонд бараа ачуулж байгаа хүн нь төмөр замын конторт ирээд ачаа вагон хүлээлцэгчээс хөдөлмөр хамгаалалтын зааварчилгаа аваад вагоноо заалгаад санамжаа аваад гарсан байсан. Манай байгууллагын зүгээс бол  гэх хүнд хөдөлмөр хамгаалалтын зааварчилгааг нь өгсөн байсан. Удалгүй над руу манай ажилтан яриад Вагон машин хоёрын завсар хүн хавчуулагдчихлаа 44-н зам дээр гэхээр нь би явж очсон. Очиход эмнэлэг хүнийг нь аваад гарч байсан. Машины эзэн нь байгаагүй машиныг хөдөлгөөд вагоны хажууд хөндлөн тавьсан байсан. ...Хүмүүс нь эмнэлгээр явж байгаад үдээс хойш ачилтаа хийгээд дууссан байсан, гэмтсэн хүн өдөр нь нас барсан байсан цагийг нь сайн мэдэхгүй байна, ямар ч байсан үдээс өмнө 11 цагийн орчимд л байсан би өөрөө 1-р постны цахилгааныг янзлуулж байсан юм. Би талийгаачтай хамт ямар хүмүүс ажиллаж байсан эсэх талаар мэдэхгүй байна согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Манай дотоод журмын дагуу ачилт хийлгэж байгаа аж ахуйн нэгж, иргэн нь өөрсдийн ажилчдынхаа аюулгүй ажиллагааны заавар зөвлөмжийг өгдөг байгаа. Манайх захиалга өгсөн иргэн аж ахуйн нэгжийн хариуцаж байгаа хүнд заавар зөвлөмжийг өгдөг Лхагвасүрэн гэх хүнд заавар зөвлөмжийг өгсөн гэсэн. Алтан-Од, Ганчимэг гэх 2 ачаа вагон хүлээлцэгч нарын нэг нь Л-д санамжийг нь өгсөн...” гэсэн мэдүүлэг /2 хх 39/,

15. Гэрч Б.Г-ийн:

“...Миний ажил үүргийн хувиар вагон ачиж буулгахад вагоны бүрэн бүтэн байдалд хяналт тавих юм. 2018 оны 9 дүгээр сард байсан юм өдрийг нь сайн мэдэхгүй байна, 1-р зам дээр ачилтын вагон тавигдсан байсныг өглөө 07:30 минутанд үзлэг хийж бүрэн бүтэн байдлыг нь хянаад хүлээж авсан. Удалгүй 09 цагийн орчим хүлээн авагч гэх эмэгтэй ирээд тэр өдөр хамт ээлжинд ажилласан А бид хоёртой тооцоо нийлж аюулгүй ажиллагааны санамжийн зааварчилгааг авсан, вагоноо хүлээн авагчдаа хүлээлгэж өгчихөөд ачаатай машиныг нь 09-10 цагийн хооронд хүлээсэн боловч ирээгүй. Хүлээгээд ирэхгүй болохоор нь деспичртээ мэдээгээ өгөх гээд дотогш орсон. А зөрж гарч байсан. Мэдээгээ өгчихөөд хүлээн авагч руу яриад машин чинь наашаа гарсан юмуу гэхэд гарсан гэж байсан. Өмнө ч гэсэн би хэд хэдэн удаа утасдаж асуухад машин ирж байгаа л гэж байсан. 11 цагийн орчимд би буцаад гараад очиход вагонд огт мод ачаагүй цэнхэр өнгийн пронтер ухраад зогсчихсон ачигч нар нь байсан. ...103 ирээд мөргүүлж гэмтсэн хүн аваад явчихлаа гэж А хэлж байсан. ...өөрсдөө түргэн дуудаад хурдан ирээд эмнэлэг аваад явчихлаа гэсэн. А бид 2 модыг вагонд ачих үед ачилтанд хяналт тавьж зөв ачилт хийлгэдэг юм. Тэгэхгүй бол вагон гэмтэх аюултай байдаг юм. Вагон гэмтвэл ачаа вагон хүлээгч нар хариуцлага хүлээнэ...” гэсэн мэдүүлэг /2 хх 53/,

16. Иргэний хариуцагч “С” ХХК-ийн төлөөлөгч Л.Л-ийн:

“...Би шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцлаа. Хамгийн сүүлийн ХАБ-01 дугаартай гурван шинжээчтэй дүгнэлтийн 4 дэх асуултын хариултыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, би талийгаачийг огт танихгүй, талийгаачтай ямар нэгэн ажил хийлгэх талаар бичгээр болон аман хэлцэл огт хийгдээгүй.

Машинаас ачааны вагонд мод шилжүүлэн ачих үйл ажиллагаа эхлэхээс өмнө буюу модыг машинаас вагонд ачуулахаар аман хэлцэл хийсэн Б, Б нар нь хувийн машиндаа ажлын хувцсаа сольж байх үед жолооч Д.Б нь ямар учиртай нь мэдэгдэхгүй ухрах хөдөлгөөн хийсэн байсан. Энэ үед нэг танихгүй эрэгтэй хүн ухарч байгаа машин вагон хоёрын завсар хавчуулагдсан гэсэн. Тэр үед ачигч нарыг хувцсаа сольж дуусахаар нь мод шилжүүлэн ачих ажлыг эхлүүлэхээр хүлээж байсан манай найз Б тэр хүн дээр гүйж очиход танихгүй хүн байхаар нь хэн бэ? юун хүн бэ? гээд толгойг нь тэврээд цагдаа түргэн тусламж дуудах үед нь Б хүрч ирээд наад хүнийг чинь өнөөдрийн ажлыг хамт хийх гээд дагуулаад ирсэн юм гэж хэлсэн байсан. Ажил эхлэх гэдэг нь ачигч нар болох Б, Б, Д нар хувцсаа сольж өмсөөд бэлэн болсны дараа манай талаас мод ачиж ирсэн машины тэвшин дээрх модыг нэг бүрчлэн тоолж хүлээж авсны дараа шилжүүлэн ачуулах ажлыг эхлүүлдэг юм. Тийм болохоор манай компанийн зүгээс талийгаачтай ямар нэгэн харилцаанд ороогүй, ажил хийх, хийлгэх талаар уулзалдаагүй, ярилцаж тохиролцоогүй...” гэсэн мэдүүлэг /2 хх 140/,

17. “С” ХХК-ийн холбогдох баримтуудын хуулбарууд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ххххх дугаартай гэрчилгээний хуулбар /2 хх 6/,

- “С” ХХК хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2 хх 60-61/,

- “С” ХХК болон УБТЗ нийгэмлэгийн хооронд 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан ХХГ/18/142 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар /2 хх 7-15/,

- “УБТЗ” нийгэмлэгийн Тээвэр зохион байгуулалтын албаны харъяа Ачих буулгах Тээвэр экспедицийн Механикжсан анги 3-р цехийн “Хүлээн авагч нарын аюулгүй ажиллагааны бүртгэлийн хуулбар /2 хх 24-27/,

18. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөн эсэх талаар шинжээч Г.Гантөмөрийн гаргасан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ХАБ-04 дугаартай дүгнэлт /2 хх 19-23/,

- Шинжээч Г.Гантөмөрийн нэмэлт шинжилгээ хийсэн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ХАБ-13 дугаартай дүгнэлт /2 хх 86-89/,

- Шинжээч Г.Гантөмөрийн мэдүүлэг /2 хх 64-65/,

19. Хэргийн материалаар дахин шинжилгээ хийсэн шинжээчдийн багийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гаргасан ХАБ/Д-01 дугаартай дүгнэлт:

“...Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөн эсэх талаар шинжээч Г.Гантөмөрийн гаргасан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ХАБ-04 дугаартай, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ХАБ-13 дугаартай дүгнэлтүүдийг өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна.

Шинжээч Г.Гантөмөрийн гаргасан 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ХАБ-13 дугаартай дүгнэлтийн Хариулт 1-в: “...Осол гарсан нөхцөл байдал нь ...тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас хохирсон байх тул зам тээврийн осол гэж үзэж байна...” гэсэн дүгнэлттэй санал нэг байна...

Тээврийн хэрэгслийн жолооч Д.Б нь “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 10.1 /Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана/, 10.14 /Бусдад саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй/-д заасныг зөрчсөнөөс осол болсон байна.

Шинжээч Г.Гантөмөрийн гаргасан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ХАБ-04 дугаартай дүгнэлтийн Хариулт 3-т “Содмөнх-Ундраа” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 17.4, 27.2, 28.1, 28.1.8-д заасан үүргээ биелүүлээгүй”, Хариулт 4-т “С” ХХК-ийн захирал Л. нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1 заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй байна...” гэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Иргэн Х.Б, Б.Б, Т.Б нар нь “С" ХХК- ийн захирал Л.Л-ийн төлөөлөгчөөр дамжуулан ажил гүйцэтгэх, хөдөлмөрийн хөлсийг төлөх талаар харилцан тохиролцон Иргэний тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ”, 43 дугаар зүйлийн 43.1.1-д “Хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон”, 62 дугаар зүйлийн 62.1-д “Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно” гэж заасны дагуу хэлцэл хийгдсэн байна. Талуудын хооронд хэлцэл хийгдсэний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэж байгаа бөгөөд “С” ХХК-ийн захирал Л.Л нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй байна.

Иргэн Х.Б нь амь хохирогч Т.Б-тэй хамтран ажиллахаар тохирч аман хэлцлээр ажил гүйцэтгэсэн нь хууль болон бусад захиргааны хэм хэмжээний актаар үүрэг хүлээсэн субъект биш. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Эд хөрөнгө болон хөдөлмөрөө нэгтгэн ажиллагчид нь хөдөлмөрийн харилцааны талаар журам тогтоогоогүй, эсхүл энэ хуулийг мөрдөхөөр тохиролцсон бол энэ хуулийн холбогдох заалтыг хэрэглэнэ” гэсэн заалтад хамаарна.

“Ачаа унаж болох бүс” буюу автомашин, вагоны чингэлэг хооронд амь хохирогч Т.Б ажиллаж байсан нь тогтоогдохгүй байна. Харин ачих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS-5079:2001 стандартын 4.5-д “ачааг тээврийн хэрэгсэлд ачих, буулгах, өргөж тээвэрлэхэд төхөөрөмжөөр шилжүүлэх үед ачаа унаж болох бүсэд тээврийн хэрэгсэл явах, хүн ажиллахыг хориглоно” гэсэн заалт нь зөвхөн өргөх зөөх төхөөрөмжөөр /кран/ ачааг шилжүүлэх үед хамаарна гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт /2 хх 105-109/,

20. Шүүгдэгч Д.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулах болно. ...Тухайн хэрэг учрал болох үеэр Л гэж хүн байгаагүй. Би сайн танихгүй. Намайг байхад лав надад ямар нэгэн зааварчилгаа өгсөн хүн байхгүй. Машинаа бариад орж байхад тасалбар гэж жижиг хуудас өгч байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 105, 2 хх 63/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогч нараас гаргасан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, иргэний хариуцагчийн төлөөлөгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцүүлээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг оролцогч нар дүгнээд:

 

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Д.Б-ыг бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, иргэний хариуцагчаар “С” ХХК-ийг тогтоосон нь хууль зөрчөөгүй” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж “иргэний хариуцагчаар “С” ХХК-ийг тогтоосон нь хууль зөрчөөгүй тул гэмт хэргийн улмаас учирсан гэм хор болон бусад зардлыг иргэний хариуцагч “С” ХХК-иас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

 

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч О.Сайнгэрэл “Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд “гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тогтоо” гэсэн байгаа. Улсын яллагчийн зүгээс гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тогтоож чадаагүй гэж үзэж байна. Иргэний хариуцагчаар “С” ХХК-ийг татаж энэ хэрэгт оролцуулсан боловч хор уршиг арилаагүй байна. Аюулгүй ажиллагааны актыг УБТЗ гаргах ёстой байсан. Талийгаачийг “С” ХХК-ийн захирал Л.Л нь огт танихгүй, талийгаачтай ямар нэгэн ажил хийлгэх талаар бичгээр болон аман хэлцэл огт хийгдээгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг УБТЗ-аас нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар “шүүгдэгч Д.Б нь гэм буруугийн асуудал дээр маргахгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 44-н зах дээр 0000 УБП улсын дугаартай киа пронтер маркийн автомашинаар ухрах үедээ буюу болгоомжгүй үйлдлийн улмаас Т.Б-ийг мөргөж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2153 дугаартай шинжээчийн дүгнэлт,

- Тээврийн цагдаагий албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт,

- Шинжээч Б.Б-ийн мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан ...мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэсэн үйлдлийг гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

 

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон...” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах талаар гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн тогтоолоор “С” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зөрчөөгүй, үндэслэлтэй зөв тогтоосон гэж шүүх үзэв. Учир нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заажээ.

 

Амь хохирогч Т.Б, шүүгдэгч Д.Б нар нь “С” ХХК-ийн захирал Л.Л-ийн төлөөлөгчөөр дамжуулан ажил гүйцэтгэх хэлцлийг амаар тохиролцож, хөдөлмөрийн хөлс авах талаар харилцан тохирч, хэлцэл хийж, “С” ХХК-ийн модыг ачих, зөөх ажил гүйцэтгэж байсан нь хэрэгт авагдсан гэрч, иргэний хариуцагчийн төлөөлөгч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Б, “С” ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх аман хэлцэл хийгдэж, шүүгдэгч Д.Б ажлаа хийж байгаад болгоомжгүй үйлдэл гаргаж, бусдын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогдсон нь ажил олгогч “С” ХХК иргэний хариуцагчаар татагдах хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Иргэний хариуцагч “С” ХХК хуульд заасан дүрэм журмыг зөрчсөн болох нь:

- Гэрч М.Тийн “...Лхагвасүрэн өөрөө Улаанбаатар хотод байсан бөгөөд ажилтай явж байсан тул ирээгүй...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч П.Ч-ийн “...Би Улаанбаатар төмөр замын ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан анги 3-р цех дээр албан үүргээ гүйцэтгэж байхад 44-н зах дээр Л гэх хүний захиалгатай Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу палк ачуулахаар вагон тавигдсан байсан. Уг вагонд мод ачуулахаар орж ирж байгаа машинд хяналтын постоор тасалбар авч дотогшоо нэвтэрсэн байсан. Вагонд бараа ачуулж байгаа хүн нь төмөр замын конторт ирээд ачаа вагон хүлээлцэгчээс хөдөлмөр хамгаалалтын зааварчилгаа аваад вагоноо заалгаад санамжаа аваад гарсан байсан. Манай байгууллагын зүгээс бол уг Л гэх хүнд хөдөлмөр хамгаалалтын зааварчилгааг нь өгсөн байсан. Удалгүй над руу манай ажилтан яриад Вагон машин хоёрын завсар хүн хавчуулагдчихлаа 44-н зам дээр гэхээр нь би явж очсон...” гэсэн мэдүүлэг,

- “УБТЗ” нийгэмлэгийн Тээвэр зохион байгуулалтын албаны харьяа Ачих буулгах Тээвэр экспедицийн Механикжсан анги 3-р цехийн “Хүлээн авагч нарын аюулгүй ажиллагааны бүртгэл”-ийн хуулбар,

- Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөн эсэх талаар шинжээч Г.Гантөмөрийн гаргасан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ХАБ-04 дугаартай дүгнэлт,

- Шинжээч Г.Гантөмөрийн “... “” ХХК-ийн захирал Л нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж заасныг биелүүлээгүй...” гэсэн мэдүүлэг,

- Хэргийн материалаар дахин шинжилгээ хийсэн шинжээчдийн багийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гаргасан ХАБ/Д-01 дугаартай “...“С” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 17.4, 27.2, 28.1, 28.1.8-д заасан үүргээ биелүүлээгүй”, “С” ХХК-ийн захирал Л.Л нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1-д заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна.

Иргэн Х.Б, Б.Б, Т.Б нар нь “" ХХК- ийн захирал Л.Л-ийн төлөөлөгчөөр дамжуулан ажил гүйцэтгэх, хөдөлмөрийн хөлсийг төлөх талаар харилцан тохиролцон Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ”, 43 дугаар зүйлийн 43.1.1-д “Хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон”, 62 дугаар зүйлийн 62.1-д “Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно” гэж заасны дагуу хэлцэл хийгдсэн байна.

Талуудын хооронд хэлцэл хийгдсэний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаа үүссэн, гэж үзэж байгаа бөгөөд “С” ХХК-ийн захирал Л.Л нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/-д заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй байна.

Иргэн Х.Б нь амь хохирогч Т.Б-тэй хамтран ажиллахаар тохирч аман хэлцлээр ажил гүйцэтгэсэн нь хууль болон бусад захиргааны хэм хэмжээний актаар үүрэг хүлээсэн субъект биш. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Эд хөрөнгө болон хөдөлмөрөө нэгтгэн ажиллагчид нь хөдөлмөрийн харилцааны талаар журам тогтоогоогүй, эсхүл энэ хуулийг мөрдөхөөр тохиролцсон бол энэ хуулийн холбогдох заалтыг хэрэглэнэ” гэсэн заалтад хамаарна...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б-ы гэм буруутайд үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой хохирлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу иргэний хариуцагч “С” ХХК бүрэн хариуцах үндэслэлтэй байна. Энэ талаар гаргасан иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн дүгнэлт дээрх бичгийн нотлох баримтаар үгүйсгэгдэн няцаагдаж байна.

 

-       Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Хавтаст хэрэгт хохирлын 1.323.020 төгрөгийн баримт авагдсан байх бөгөөд шүүгдэгч Д.Б нь 5.000.000 төгрөг, мөн гурил будаа, хонины мах, нүүрс зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн гэх баримт авагдсан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О нь гэмт хэргийн улмаас учирсан болон бусад хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч “С” ХХК-иас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар “шүүгдэгч Д.Б-ы эрүүл мэндийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид хохирогчийн ар гэрт туслахаа илэрхийлж байгаа зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх”, “гэмт хэргийн хор уршгийг арилгах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгов.

Шүүгдэгч Д.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулах нь зүйтэй.

-Бусад асуудлаар:

Эрүүгийн 1805050630154 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: