Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 736

 

       

 

 

 

    2020         11           05                                   2020/ШЦТ/736

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Даариймаа хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл,

шүүгдэгч П.Б-, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М- овогт П-гийн Б-д холбогдох эрүүгийн 20100000000000 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

М- Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, С- ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Туулын 2 дугаар гудамжны 9а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, М- ургийн овогт П-гийн Б-,

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч П.Б- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй... гэв.

Эрүүгийн 20100000000000 дугаартай хэргээс:

Хохирогч Ж.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Д.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №10078 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-19-р хуудас/,

Шүүгдэгч П.Б-ы мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 29-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 37-р хуудас/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38-р хуудас/, “С-” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 39-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.Б-ы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч П.Б- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.Б-г  “архинаасаа хуваалцсангүй” гэж шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

Хохирогч Ж.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 31-ний орой 21 цагийн гэрээсээ гараад Нанзаатай тааралдсан. Нанзаа бид хоёр мөнгө нийлүүлээд 0.5 литрийн архи авсан. Тэгэхэд хойноос “хөрөө Б-” дуудаад “архиа хуваагаад уучих” гэсэн. Тэгэхээр нь би “чамтай яахаараа архи хувааж уудаг юм” гэж хэлсэн. Тэгсэн чинь “намайг хөрөө Б- гэдэг. Би Биогийн атмаан байна ална шүү, пизда нар минь” гээд Нанзааг цохиж унгаасан. Тэгэхэд манай хүү Өсөхбаяр гүйгээд ирсэн. Тэгэхээр би “манай хүүхэд хүрээд ирлээ, одоо намайг цохих байх” гэж хэлсэн. Манай хүү намайг “та харь” гэж хэлсэн. Б-г дэлгүүрийн худалдагч боль гээд аваад явсан. Нанзаа бид хоёр дэлгүүрийн араар орж архиа хувааж уугаад Нанзаа гэр рүүгээ яваад өгсөн. Би гэр рүүгээ явж байхад ардаас хүн гүйгээд ирсэн. Би эргээд харсан чинь “чи муу пизда ямар их архиа хармалдаг пизда бэ” гээд цохиод унагасан. Миний нүдний шил малгай хоёр газар унахаар тэмтрээд хайсан чинь миний цээж, хавирганы ойролцоо өшиглөсөн. Тэгэхээр нь би босоод гэр рүүгээ зугтаад гэртээ орсон. Гэртээ ороод цаг харахад 23 цаг 35 минут болж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Д.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 08 сарын 31-нд шөнө 23 цаг өнгөрч байхад 24 цагийн дэлгүүрийн ойролцоо Б- гэдэг ах согтуу цээж нүцгэн пиздануудаа гээд хашхираад зогсож байсан. Манай аав Бүүвүү дэлгүүрээс архи аваад Нанзад гэдэг хүнтэй хамт явж байсан. Тэгэхэд Б- нь  аав, Нанзад хоёрыг дуудаад Нанзадыг нэг удаа гараараа цохиж аваад манай аав руу дайрсан. Тэгэхээр би Б-д хандаж боль гэхэд цаашаа яваад өгсөн. Аав, Нанзад хоёр цаашаа яваад өгсөн. Би гэртээ ирээд нэг цаг орчимд болж байхад аав “хүнд зодуулсан” гээд гаднаас орж ирсэн. Маргааш өглөө нь буюу 2020 оны 09 дүгээр сарын 01-нд Б-д зодуулсан гэж байсан. Тэгээд түргэн дуудаж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №10078 дугаартай дүгнэлтэд: “...1. Ж.Б-гийн биед хамрын ясны зөрүүтэй цөмөрсөн далд хугарал, зүүн 7-р хавирга зөрүүгүй хөндлөн далд хугарал, тархи доргилт, баруун нүдний зовхи, хоёр хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19-р хуудас/,

Шүүгдэгч П.Б-ы мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 31-нд шөнө найзынхаа гэрээс гараад явж байхдаа замдаа дэлгүүр орсон. Тэгэхэд Нанзаа, Бүүвүү хоёр нэг архи аваад гарч байсан. Би араас нь дагаж  гараад “архиа хуваагаад ууя” гэхэд “чамтай хувааж уухгүй” гэж хэлсэн.  Дэлгүүрийн худалдагч намайг дэлгүүртээ авч ороод 00 цагийн үед гэртээ харь гээд явуулсан. Би гарч яваад Бүүвүүтэй тааралдаад маргалдаж нүүрэнд нь нэг удаа гараараа цохиж, унахаар нь цээжний хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Би нэлээд согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

          Шүүгдэгч П.Б- нь хохирогч Ж.Б-г “архиа хувааж уусангүй” гэх шалтгаанаар нүүр рүү цохиж, өшиглөж зодсоны улмаас хохирогчийн биед “хамрын ясны зөрүүтэй цөмөрсөн далд хугарал, зүүн 7-р хавирга зөрүүгүй хөндлөн далд хугарал, тархи доргилт, баруун нүдний зовхи, хоёр хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун шилбэнд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

          Иймд шүүгдэгч П.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь эмчилгээний зардалд нийт 270.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь хохирогчид 300.000 төгрөг нөхөн төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн баримт /хх-ийн 47-р хуудас/-аар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч П.Б-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

                   Хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч П.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан торгох ялыг багаар тогтоож өгнө үү гэсэн саналыг гаргав.

Шүүгдэгч П.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Б-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч П.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. М- овогт П-гийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Б-д мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч П.Б- нь хохирогч Ж.Б-д эмчилгээний зардалд 300.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

5. Хохирогч Ж.Б- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч П.Б-гаас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шүүгдэгч П.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР