Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 715

 

 

       

 

 

 

     2020         10           28                                    2020/ШЦТ/715

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Сугарзагд хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Энхболд,

шүүгдэгч О.Б-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б- овогт О-ийн Б-ид холбогдох эрүүгийн 2010018520000 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, “Б-” ХХК-д механикч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо “Д-” хотхоны 80 дугаар байрны 00-тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт О-ийн Б-

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.Б-нь 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д-” хотхоны гадна автомашины зогсоол дээр Э.У-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар эрүүл мэндэд нь баруун гарын долоовор хурууны алганы шивнүүрийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Б-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 20100185200000 дугаартай хэргээс:

Хохирогч Э.У-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Гэрч Б.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Гэрч Г.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн  №10469 дугаартай дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Шүүгдэгч О.Б-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32-р хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 33-р хуудас, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 34-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 40-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Б-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хэргийн талаар шүүхийн дүгнэлт

Шүүгдэгч О.Б-хохирогч Э.У- нар нь автомашинаа харилцан солилцож “автомашин худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан ба 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д-” хотхоны гадна автомашины зогсоол дээр шүүгдэгч О.Б-, хохирогч Э.У- нар нь “автомашины засвартай” холбоотой асуудлаас маргалдан шүүгдэгч нь хохирогчийн гараас татаж ноцолдож “баруун гарын долоовор хурууны алганы шивнүүрийн хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:

Хохирогч Э.У-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр фейсбүүк зарын дагуу өөрийн автомашинаа Б- гэж хүнтэй солихоор болсон юм. Би өөрийнхөө Кроун автомашинаа О.Б-ид өгч, түүний “Тоёота Чезр” маркийн автомашиныг авсан юм. Тухайн үедээ надад “сайн машин” гэж бид 2 машинаа солилцоод нэр дээрээ шилжүүлсний дараа “ах нь наад моторыг нь шинээр боосон шүү” гэж  хэлсэн. Тэгэхээр нь “та яаж байгаа юм бэ, би ийм мотортой машинаар яах юм” гэж хэлэхэд “зүгээр санаа зоволтгүй, орос улсаас 600.000 төгрөгөөр тахир гол уклач 2 авчирч өөрөө боосон юм” гэж хэлээд “хэрвээ янз бүрийн асуудал гарах юм бол нэг удаа үнэгүй янзалж өгье” гэж хэлсэн. Удалгүй уг мотор нь цохиод О.Б-ид хэлэхэд “машинаа чирээд манай гадаа аваад ир” гэсэн. Би 2020 оны 07 дугаар сарын 10-ны хавьцаа хүргэж өгсөн. ...2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ээж аав дүүгийн хамт очиж ярилцъя гээд очиход О.Б-“одоо надад хамааралгүй” гэж хэлээд яриа нийлээгүй. Бид 2 машинаа буцаагаад сольё гэж хэлэхэд цаанаас эхнэр нь гээд эмэгтэй гарч ирээд “битгий хуцаад бай, хулхидуулсан бол хохь чинь одоо зайл” гэсэн. Тэгэхээр нь “юу гэсэн үг юм бэ, эгчээ” гэж хэлсэн чинь О.Б-над руу дайраад түлхээд  хоолой багалзуурдаж боосон, тэгэхээр нь гараараа тавиулах гэсэн чинь баруун гарыг түлхээд татах шиг болсон. ...шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг О.Б-учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Гэрч Б.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 10-ны орой 18 цагийн үед манай нөхөр О.Б-ийн гар утас руу  автомашинаа сольсон Учралын ээж нь залгаад “гэртээ байж байгаарай, очиж уулзъя” гэж хэлсэн. Манай нөхөр О.Б-гараад уулзсан. Би 5-10 минутын дараа тагтаараа харахад Э.У-аас гадна 3 эрэгтэй, 1 эмэгтэй ирсэн манай нөхөртэй маргалдаж байсан. Би гэрээсээ гараад буугаад очиход Э.У-ын ээж нь луйварчин гэж загнаад байсан. Би “та ингэж хэл ам хийх юм бол анх хүүхэдтэйгээ ирж машинаа солихгүй яасан юм” гэж хэлсэн. Ээж нь манай хүүхэд машинаа солихдоо бид нарт мэдэгдээгүй гэсэн. Тэгэхээр нь би Э.У-ыг “чи өөрийнхөө юмыг мэдэхгүй яасан юм, өөрөө хамт байхдаа машиныхаа эд ангийг харахгүй яасан юм, яагаад дараа нь хэл ам хийгээд байгаа юм” гэж хэлсэн. Э.У-ын ээж та нар хүн луйвардаад гэх мэт зүйл хэлээд загнаад байсан. Манай нөхөр Э.У-ыг толгойгоороо түлхсэн. Тэгсэн ээж нь наадах чинь бие муутай хүүхэд гээд манай нөхрийг түлхээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

Гэрч Г.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах Д- хотхоны 86 дугаар байрны гадна авто зогсоол дээр нөхөр болон 2 хүүгийн хамт очоод миний хүүтэй машин сольсон залуу болох О.Б-руу залгаж гараад ир гэж дуудуулсан. О.Б-ийг гараад ирэхээр нь “чи миний хүүд өгсөн машины мотор нь 3,4 хоноод цохичихлоо, чи машиныхаа моторыг засаж өгнө гээд тоноод зарсан байна” гэж хэлээд “чи моторыг нь боож өгч чадахгүй юм бол машинаа буцаая” гэж хэлэхэд О.Б-эвдэрхий машин зарснаа хүлээн зөвшөөрөөд хоорондоо ойлголцоод явах гэж байтал О.Б-ийн эхнэр гарч ирээд “чи муу мангар бацаан хулхидуулсан бол хохь чинь, битгий давраад бай” гэж хэлсэн.  Манай нөхөр бага хүү 2 машиндаа сууж байсан. О.Б-манай хүү рүү дайраад хоолойг нь боосон. Манай хүү Э.У- гарыг нь тавиулах гэсэн чинь гарыг нь ийш тийш дараад байсан. Би голоор нь салгаад хүүгээ аваад явсан. Манай хүү гар эвгүй болоод байна гээд хөхөрчихсөн байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн шинжээчийн №10469 дугаартай “...1.Э.У-ын биед баруун гарын долоовор хурууны алганы шивнүүрийн хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 24-р хуудас/,

Шүүгдэгч О.Б-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Учрал над руу хажуугаас дайраад байхаар нь би түлхсэн. Буцахад нь гараас атгахад уг гэмтэл Учралын биед үүссэн ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

Шүүгдэгч О.Б-, хохирогч Э.У- нар нь “автомашины засвартай” холбоотой асуудлаас маргалдах явцдаа ноцолдож шүүгдэгч нь хохирогчийн  “баруун гарын долоовор хурууны алганы шивнүүрийн хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан ба шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл хоёр шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч О.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Б-нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.У-ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан ба хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

           Хохирогч Э.У- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч О.Б-нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

          Шүүгдэгч О.Б-нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч хуулийн дагуу шийдүүлмээр байна,нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч О.Б-ид ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Б-ид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч О.Б-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт О-ийн Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ийг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Б-ид мэдэгдсүгэй.

4. Хохирогч Э.У- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Шүүгдэгч О.Б-нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР