Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 964

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа хөтлөн,

Улсын яллагч Б.Батнасан,

Хохирогч О.Б ,

Шүүгдэгч З.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д овогт З-н Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005022301381 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, … оны ... дугаар сарын ...-ны өдөр Баянхонгор аймгийн ... суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... охины хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо Зүүн ард аюушын ... гудамжны ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоотод түр оршин суудаг /РД: /,

урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 00 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Довогт З.Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ Шүүгдэгч З.Б нь 2020 оны 6 дугаар сарны 17-ны өдөр Баянгол дүүргийн 00  дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч О.Б ийн эзэмшлийн “Т  ээж” нэртэй цайны газрын 1 ширхэг вакум цонх, түүний хажууд байрлуулсан байсан 00-00 УБГ улсын дугаартай Мазда фамила маркийн автомашины урд талын салхины шил, бүтэн толь зэрэг зүйлсийг хууль бусаар хагалж устгасан, мөн тухайн автомашины зүүн талын урд хаалганы шил, зүүн талын хойд хаалганы шил, зүүн талын хойд салоны шил, баруун талын урд хаалганы багана зэргийг хууль бусаар гэмтээж, нийт 1.158.200 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.Б-г “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудаар шүүгдэгч З.Б нь бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Э-ний хэргийн газар үзлэг хийсэн “...хэрэг болсон гэх газар нь Баянгол дүүргийн 00  дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хувьсгалчдын 00 тоот хаягтай Т  ээж зоогийн газрын зүүн урд харуулан байрлуулсан 00-00 УБГ улсын дугаартай Мазда Фамилиа маркийн цагаан өнгийн автомашин байгаа. Уг автомашины урд болон хойд талын салхины шил хагарсан. Баруун хойд талын цонх хагарсан машины хойд талын суудал дээр улаан өнгийн тоосго байлаа. Хоёр талын толийг хагалж сууриар нь хугалсан байдалтай. Машины бусад цонх цуурсан байдалтай байв. Уг цонхны хажуу талын Т  ээж зоогийн газрын цонхыг хагалсан байдалтай байлаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-00  тал/,

Гомдол мэдээллийг хүлээн авсан “...2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 7 цагийн үед зурагтын шинэ эцсийн баруун талд байрлах 3 давхар хоолны газрын үүдэн хэсэгт байсан цагаан өнгийн Mazda familia маркийн 00-00 УБГ улсын дугаартай авто машины салхины шилнүүд хагач гэмтсэн...” гэх тэмдэглэл /хх-ийн 12 тал/,

Иргэн О.Б т Баянгол дүүргийн засаг даргын худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх батламж, кадастрын зураг /хх-ийн 14-15 тал/,

Тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 16 тал/,

Хохирлын баримтууд /хх-ийн 17-19 тал/,

            Хохирогч О.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 7 цагийн үед Баянгол дүүргийн 00  дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зурагтын шинэ эцсийн автобусны буудлын баруун талд байрлах 3 давхар Т  ээж нэртэй хоолны газрын 3 давхарт өрөөндөө амарч байтал 2 давхарын хаалга нүдээд хүмүүс чанга дуугараад байхаар нь би гадаа гараад иртэл машины цонхнуудыг чинь чинь улаан цамцтай эмэгтэй хүн хагалчихаад яваад өглөө гэхээр нь цайны газрын гадаа зүүн хойд хэсэгт байрлуулж тавьсан өөрийн эзэмшлийн цагаан өнгийн mazda famillia маркийн 00-00 УБГ улсын дугаартай автомашины хажууд нь очиж хартал, миний машины урд, хойд салхины шил, зүүн гар талын арын хаалганы салхины шилүүд хагарсан байсан, мөн баруун гар талын хойд урд хоёр хаалганы салхины шил зурагдаж гэмтсэн байсан. Мөн жолооч талын хаалганы арьс дээд хэсэгтээ хонхойж гэмтсэн байсан. Бас манай цайны газрын нэг давхарын цонх хагарсан байсан. Улаан цамцтай эмэгтэй хүн зурагт руу чиглээд явсан гэхээр араас нь би хүү Т баярын хамтаар такси бариад ямар хүн байна гэдгийг мэдэх гээд замаар явж байтал Б гэх манай төрсөн дүү З-н хуучин эхнэр улаан өнгийн цамцтай, хөл нүцгэн уйлчихсан явж байхыг хараад Б миний машины цонхнуудыг хагалсан юм байна, очвол хэрүүл болно гэж бодоод эргээд цайны газартаа ирсэн. …Миний машиныг улаан өнгийн тоосгоор шил, толь зэргийг хагалсан. Тоосгыг машин угаалгын газар угаалгахаар болоод тоосгыг машинаасаа аваад шидчихсэн. Одоо хаана байгааг мэдэхгүй. Авч ирж өгөх боломжгүй. Камерын бичлэгийн төхөөрөмж байдаг боловч манай хоолны газар ажиллах хугацаандаа буюу 9 цагаас 20 цагийн хооронд камераа асааж бичлэг хийдэг. Учир нь би тухай хоолны газрынхаа 3 давхарт амьдардаг. Үйл ажиллагаа явуулж байх үедээ асааж бусад үедээ унтраадаг. Тогны мөнгөө хэмнэдэг. 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 7 цагийн үед манай гадна, дотор камер унтарсан байсан тул ямар нэгэн бичлэг байхгүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 23-24, 66 тал/,

            Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хаалга нүдээд байсан. Манай хоолны газар камертай бөгөөд өглөө 9 цагаас нээдэг. Хоолны газар ажиллаж байх хугацаандаа л камераа ажиллуулдаг. Тус үйл явдал өглөө 7 цагт болсон болохоор камерын бичлэг байхгүй. Би хохирол төлбөрөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Гэрч У.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Түцэндээ өглөө 7 цагийн үед ирээд байж байтал ...цагаан өнгийн суудлын жижиг автомашины цонхыг улаан куртиктэй юм уу, улаан цамцтай юм уу, мэдэхгүй ямар ч байсан дээгүүрээ улаан өнгийн хувцас өмссөн залуувтар эмэгтэй хүн цонхийг нь юмаар цохиод хагалаад байсан. ...Түцнээс гараад уг машин дээр очтол хойд тал, урд тал, хажуу талын шилнүүдийг хагалаад зурсан байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 29-30 тал/,

Гэрч Д.Б-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 17-ны өглөө 5 цагийн үед сэрээд бие засах гээд 3 давхарын бие засах 00 руу орох гээд явж байтал байшингийн зүүн талд гадаа хүмүүс орилолдоод байхаар нь цонхоор гадагшаа хартал улаан цамцтай эмэгтэй байшингийн зүүн талд цаашаа ч нэг яваад наашаа ч нэг яваад байхыг хараад Болормаатай ямар ч адилхан юм бэ гэж бодоод эргээд өрөө рүүгээ ороод унтаж амрах гээд хэвтэж байтал 20 минут орчимын дараа гадаа пид пад гээд явчихсан. ...10 минутын дараа гараад очтол байшингийн 1 давхарын урд талын гадаах вакум цонхийг хагалчихсан байсан. Мөн байшингийн гадаа байсан цагаа өнгийн mazda familia маркийн автомашины цонхнуудыг бүгдийг нь хагалчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

Дамно ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “...урд талын салхины шил 160.000 төгрөг, хойд талын салхины шил 230.000 төгрөг, баруун талын хойд талын хаалганы салхины шил 100.000 төгрөг, бүтэн толь 100.000 төгрөг, вакум цонх 243.200 төгрөг, бүтэн толины хавтас 15.000 төгрөг, нийт 848.200 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 тал/,

Хохирогч О.Б ийн Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан “...Миний бие 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 00-00 УБГ маркийн mazda familia маркийн автомашины Б-н хагалсан зүүн талын 3 цонх, бауруун талын 1 цонх, жолоочийн хаалганы дээд хонхойсон хэсэгт үнэлгээ гаргаж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 42 тал/,

Кости-Эстимэйт ХХК-ийн “...зүүн урд талын хаалганы шил 70.000 төгрөг, зүүн хойд талын хаалганы шил 70.000 төгрөг, зүүн хойд талын салоны шил 90.000 төгрөг, баруун урд хаалганы багана 40.000 төгрөг, будах зардал 40.000 төгрөг, шууд зардал 230.000 төгрөг, шууд бус зардал 30.000 төгрөг, шууд зардал 310.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 340.000...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45 тал/,

            Шүүгдэгч З.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Тус тогтоолд дурдагдсан байшингийн цонхыг хагалаагүй, мөн машины урд талын хаалганы цонхыг хагалаагүй, машины зүүн урд талын цонхыг хагалсанаас бусад эвдрэл гэмтлийг би үүсгээгүй. 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 7 цагийн үед Баянгол дүүргийн 00  дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зурагтын хуучин эцсийн буудлын цайны газрын гадаа байсан 00-00 УБГ улсын дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгсэлийн цонхыг хагалсан. Учир нь тухайн машины эзэн Буянхишиг гэх эмэгтэй нь намайг миний нөхрөөс салгачихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 17-ны өглөө 7 цагийн үед дүү Б-г дуудсан. Бид хоёр хойшоо эрэгтэй дүүгийндээ очих гээд явж байсан. Би машины хойд, урд, хажуу талын цонхыг цохиж хагалсан. Харин их биед нь хүрээгүй. Тухайн үед автобусны буудал дээр хоёр хүн явж байсан бөгөөд өөр хүн байгаагүй. Харин 600.000 төгрөгийн эд зүйл устгасан гэдгийг хүлээн зөвшөөрч байнаө. Би ямар нэгэн байдлаар вакум цонх хагалаагүй. Иймд би хэргийг дахин шалгаж өгнө үү гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор асап сангийн лавлагаа /хх-ийн 47 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49 тал/, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ /хх-ийн 50 тал/, мэргэшсэн жолоочийн лавлагаа /хх-ийн 51 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 71-73 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг.

Хэргийн үйл баримтаар хохирогч О.Б ийн эд хөрөнгөд бага хэмжээ буюу 300.000 төгрөгнөөс давсан хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон, энэ нь шүүгдэгч З.Болормаагийн хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэж хийсэн гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Тодруулбал, шүүгдэгч, хохирогч нар нь хэн хэнийгээ таньдаг, өөр хоорондоо хувийн таарамжгүй харилцаатай буюу шүүгдэгч З.Б нь хохирогч О.Б ийн төрсөн дүүтэй эхнэр, нөхрийн харилцаатай байж байгаад салсан, салах болсон шалтгаанд хохирогч буруутай гэх сэдэлээс үүдэж тухайн гэмт хэрэг гарсан байх шүүгдэгч нь хохирогч О.Б ийн эзэмшлийн 00-00 УБГ улсын дугаартай Мазда фамила маркийн автомашины урд, хойд талын салхины шил, зүүн талын урд, хойд хаалганы шил, баруун хойд талын хаалганы салхины шил, зүүн талын хойд салоны шил, бүтэн толь болон “Т  ээж” нэртэй цайны газрын нэг давхарын вакум цонхыг хагалсан болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр тус тус тогтоогдсон.

Хэргийн 35-36 дахь талд авагдсан Дамно ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлт, 44-45 дахь талд авагдсан Кости-Эстимэйт ХХК-ийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг бүхий нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч О.Б т 1.078.200 төгрөгийн хохирол учирсан байна гэж үзсэн бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсэн” гэмт хэргийн шинж хангагдсан, шүүгдэгч хохирогчид хохирол, хор уршиг бий болохыг мэдсээр байж зориуд эд хөрөнгийг устгаж, гэмтээж буй үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж дүгнэв.  

Шүүгдэгч З.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “...би машины их биед хүрээгүй, цайны газрын цонхыг хагалаагүй...” гэж мэдүүлж хэргийг дахин шалгуулж өгнө үү гэх хүсэлт гаргаж оролцсныг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

Учир нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох бүрэн боломжтой, нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч З.Б-г “Эд хөрөнгө устгах гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг гаргуулах талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Б т 1.078.200 төгрөгний эд хөрөнгийн хохирол учирсан болох нь хохирогч О.Б ийн “...миний машины урд, хойд салхины шил, зүүн гар талын арын хаалганы салхины шилүүд хагарсан байсан, мөн баруун гар талын хойд, урд хоёр хаалганы салхины шил зурагдаж гэмтсэн байсан. Мөн жолооч талын хаалганы арьс дээд хэсэгтээ хонхойж гэмтсэн байсан. Бас манай цайны газрын нэг давхарын цонх хагарсан байсан...” гэсэн, Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Э-ий хэргийн газар үзлэг хийсэн “...Уг автомашины урд болон хойд талын салхины шил хагарсан. Баруун хойд талын цонх хагарсан, машины хойд талын суудал дээр улаан өнгийн тоосго байлаа. Хоёр талын толийг хагалж сууриар нь хугалсан байдалтай. Машины бусад цонх цуурсан байдалтай байв. Уг цонхны хажуу талын “Т  ээж” зоогийн газрын цонхыг хагалсан байдалтай байлаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч У.Ц-н “...Түцнээс гараад уг машин дээр очтол хойд тал, урд тал, хажуу талын шилнүүдийг хагалаад зурсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Б-ий “...10 минутын дараа гараад очтол байшингийн 1 давхарын урд талын гадаах вакум цонхийг хагалчихсан байсан. Мөн байшингийн гадаа байсан цагаа өнгийн mazda familia маркийн авто машины цонхнуудыг бүгдийг нь хагалчихсан байсан...” гэх мэдүүлгүүд, Дамно ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “...урд талын салхины шил 160.000 төгрөг, хойд талын салхины шил 230.000 төгрөг, баруун талын хойд талын хаалганы салхины шил 100.000 төгрөг, бүтэн толь 100.000 төгрөг, вакум цонх 243.200 төгрөг, бүтэн толины хавтас 15.000 төгрөг, нийт 848.200 төгрөг...” гэх дүгнэлт, Кости-Эстимэйт ХХК-ийн “...зүүн урд талын хаалганы шил 70.000 төгрөг, зүүн хойд талын хаалганы шил 70.000 төгрөг, зүүн хойд талын салоны шил 90.000 төгрөг, баруун урд хаалганы багана 40.000 төгрөг, будах зардал 40.000 төгрөг шууд зардал 230.000 төгрөг, шууд бус зардал 30.000 төгрөг, шууд зардал 310.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 340.000...” гэх шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, шүүх дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгээр илэрсэн нөхцөл байдалд дүгнэлт хийж, Кости-Эстимэйт ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан “...баруун урд хаалганы багана 40.000 төгрөг, будах зардал 40.000 төгрөг...” энэ хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт шууд хамааралгүй байна гэж тогтоож, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 1.158.200 төгрөгөөс 80.000 төгрөгийг хасч, 1.078.200 төгрөгийн шууд хохирол учирсан гэж дүгнэсэн болно.  

Машины цонхнууд болон байшингийн 1 давхарын вакум цонх хагалсан, зурж гэмтээсэн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн “...вакум цонх хагалаагүй тул энэ хохирлыг төлөхгүй, хасч өгнө үү...” гэснийг шүүх хүлээн аваагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1.078.200 төгрөгийг шүүгдэгч З.Б-с гаргуулж хохирогч О.Б т олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч З.Б нь Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

               Иймд гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршиг арилгаагүй зэргийг харгалзаж, шүүгдэгч З.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, улсын яллагчийн санал болгосон 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдэлд нийцнэ гэж шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч З.Б-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

Шүүгдэгч З.Б-д шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4-т заасан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хэдий ч тэрээр энэ товлогдсон шүүх хуралдаанд өөрөө хүрэлцэн ирсэн буюу цагдан хоригдоогүй, мөн түүнд    нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхээр шийдвэрлэв.  

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдах зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт З-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-г 280 /хоёр зуун ная/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-с 1.078.200 төгрөг гаргуулж хохирогч О.Б т олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.00  дүгээр зүйлийн 1, 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА