| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0550/Э |
| Дугаар | 716 |
| Огноо | 2020-10-28 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 716
2020 10 28 2020/ШЦТ/716
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Сугарзагд хөтөлж,
улсын яллагч Б.Хурц,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Э-” ХХК-ийн захирал Ц.М-, түүний өмгөөлөгч Л.Нинжбат,
гэрч Б.Ж-,
шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Булгантамир, Н.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О- овогт Б-ийн Б-өд холбогдох эрүүгийн 1710006420000 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1960 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 60 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Ш-” ХХК-ий зөвлөх ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр хд 46 дугаар байрны 000 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Мишээл хотхоны 000 тоотод амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, О- овогт Б-ийн Б-
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Б- нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд АОС барина гэж Э- ХХК-ийн захирал Ц.М-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулан 15.765.000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг, өөрийн компанийн үйл ажиллагаанд хэрэглэнэ гэж, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Тоёота тундра маркийн тээврийн хэрэгслийг 35.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан өөрийн нэр дээр шилжүүлэн, Үлэмж мэлмий ББСБ-д 25.000.000 төгрөгийн барьцаанд тавьж өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан буюу бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Э- ХХК-д 50.765.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: “...2017 оны 03 дугаар сарын сүүлээр миний танил Ууганбаяр гэх залуу тааралдсан. Арцатын аманд манай найзын 1,07 га газар байна, тэнд хамтарч барилга баръя гэж хандсан. Би тухайн үед газрыг нь очиж судалж үзээд тус газарт Таун хаусыг бариулахаар зураг төсөл, газрын хөрсний шинжилгээ болон бусад шаардагдах тог цахилгаан гэх мэт асуудлуудыг цаг тухайд нь гүйцэтгээд явж байсан. Мөнх монгол Говь транс гэдэг компаний газар эзэмшигч нь Америк улсад байдаг. Цаад хүн нь Монголд ирэхээр уулзана, тэр хүртэл бид хоёрыг ажлаа хийгээд барилга эзэмшилийг эхлүүл гэдэг чиглэлийг мэдэгдсэн. Тэгэхээр нь тухайн үед бид хоёр ажлаа эхлүүлье гэж бодоод барилга эхлүүлэхэд шаардлагатай бүх компанитай гэрээ хэлцэл хийх түвшинд хүрээд энэ төсөл цаашаа явах юм байна гэж үзсэн. Тэр үүднээс өөрөөсөө тодорхой хэмжээний мөнгийг гаргаад зураг төсөл, скиз зураг, газрын хөрсний шинжилгээ зэрэг барилгад шаардлагатай зүйлсийг тэр хугацаанд бүгдийг нь бүрдүүлсэн. Тэр хооронд бетон зуурмаг ажил эхлэхэд хүрэх юм байна гэж үзсэн. Гандантэгчилэн хийдийн татсан шугамнаас тухайн барилгад шаардлагатай тогийг салгаж авах зөвшөөрлийг авсан. Аж ахуйн нэгжтэй байхгүй бол болохгүй юм байна гэж бодоод Хан хиллс бюльдинг компанийг байгуулсан. Бетон зуурмаг барилгад шаардлагатай тул М- захиралтай ярьсан. М- захирлыг 2012 оны үеэс таньдаг байсан. Бетон зуурмагийн гэрээ хийсэн. Ажлын зураг төсөл хийж байсан компани бартераар зураг төслийн үнэндээ бетон зуурмаг нийлүүл гэсэн. М- захиралд төсөл хэрэгжээд ирвэл бартер хийгээд Таун хаусаас өгч болох уу гэхэд М- захирал “тийм зүйл байхгүй, төслөө орж ирэхээр мөнгөө өгөөрэй” гэсэн. Ажлын зургаа хийлгээд 60 хувьтай явж байсан. Үнэлгээ нь 70 сая орчим болж байсан. Ажлын зургийн үнэлгээний компанид 15 сая 700 мянган төгрөгийн бетон зуурмагыг нийлүүлсэн. Үүнийг би прокурор мөрдөн байцаагч нарт хэлж байсан. Тухайн үед элс хайрга үлдвэрлэгчдийн карьер унаж байхад өөрсдөө дэмжээд тэр үед ч хамтарч ажиллаж байсан. Сонгинохайрхан дүүргийн баруун урд барилгын бизнес хийж байсан хүн. Тухайн үед М- захирал тусласан. Бетон зуурмагийг авсан. Үнийн дүн дээр маргаагүй. Дансны хуулгаар өөрөө хэрэглэсэн юм шиг харагдаж байгаа боловч ажлын хөлсний гүйлгээг хийж байсан. Машины хувьд М- захиралаас “танайх ийм машинтай болсон юм уу” гэж асуусан. М-тэй маш олон удаа уулзсан. Зураг төслийг талбай дээрээ очоод ерөнхий танилцуулгыг хийсэн. Машиныг өөртөө хэрэглэе гэж авсан. Дараа нь ломбардад тавьсан. Тухайн мөнгийг энэ төслийг хэрэгжүүлэхэд хэрэглэсэн. Хүүхдээрээ Тундра машиныг авахуулсан. Манай хүү “юун машин юм бэ” гэсэн би хүүгээ “зүгээр очоод аваад ир” гэж хэлсэн. Машиныг авахдаа манай хүү энэ жаахан доголдоод байна гэж хэлсэн. Би урьд нь асааж үзэж байсан, гайгүй байхаа гээд авахуулсан. Би өөрөө нэг өдөр барьж үзсэн. Би авто инженер хүн. Рулийн аппарат нь доголдож байсан. Таньдаг засварчин дээр очиход рулийн аппаратыг солихгүй бол болохгүй гэж хэлсэн. Хуучин сэлбэг зардаг газар очсон. Рулийн аппарат 1 сая 200 мянга гэсэн. М- захиралд тухайн машиныг ломбардад тавихаас нь өмнө рулийн аппарат нь гэмтэлтэй байгааг хэлсэн. М- захирал “наад аппаратаа тавиад үнийн дүнг нь хасуулаад гэмтэлгүй болгочихгүй юу” гэж хэлсэн. Машин М- захирлын нэр дээр байгаагүй. Хуучин эзэмшигчээс нь өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад ломбардад тавьсан. Энэ бол миний гэм буруу...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Э-” ХХК-ийн захирал Ц.М- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Анх удаа Арцатын ам бетон зуурмагийн ажил байна гээд очоод л танилцсан. Хожим хойно хайрга, дайрганы холбоонд байсан гэдгийг мэдсэн. Хэрвээ таньдаг байсан бол гэрээ хийхгүй. Би энэ асуудлыг 3 жил хөөцөлдөж явж байгаа. Хайрга дайрганы холбооныхонтойгоо уулзаж энэ хүний асуудлыг ярьсан. Тэгээд л ерөнхийдөө би өөрийгөө залилуулсан гэдгээ мэдсэн. Б-өд яагаад итгэсэн бэ гэвэл анх Арцатын аманд уулзахдаа эхнэртэйгээ хамт ирээд, зураг хөргөө барьчихсан явж байсан. Эхнэртэйгээ хамт явж байгаа хүнийг хуурна гэж бодоогүй шууд л итгэсэн. Эхлээд тусалж байгаад дараа нь би мөнгөө авчих юм чинь гээд итгэсэн. Зураг төсөл гэж яриад байгаад нь эргэлзэж байна. Батзориг заантай хамтарч ажилладаг. Түүнд танай хажууд барилга барих гээд байгаа Б- гээд хүнтэй хамтарч ажиллаж байгаа гэхэд надаас бас 10 сая төгрөг авсан, манай зургийг аваад явчихсан шдээ гэж хэлсэн. Машины хувьд Б- нь “би Тавантолгойд нүүрс тээвэрлэдэг машин явуулдаг. Тавантолгой руу орохын тул машин чинь миний нэр дээр байх шаардлагатай байна гэсэн. Би итгэчихсэн байсан учраас “за, за тэг” гээд машинаа шилжүүлж өгсөн. Надаас машин авахдаа ардаа ачаа ачдаг машин юм байна, би тавантолгой руу нүүрс тээвэрлэдэг машинуудыг би хариуцдаг, дугуй нь хагарвал энэ дээр чинь ачаад явчихмаар юм байна” гэж хэлээд авсан. Тэр үед нь оношлогоонд оруулаад авч болох байсан. 3 жилийн дараа ингэж ярьж байна. Би авсан мөнгөө л өгчих гэж байгаа. Хүнд итгэх итгэлгүй болж байна. Барилгын салбарын хүмүүс нэг нэгэндээ итгээд өгч, аваад ажиллаж байдаг. Маш их гомдож байгаа. Хохиролоо барагдуулж авмаар байна....” гэв.
Гэрч Б.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би машиныг очиж авч байсан. Он сарыг нь сайн мэдэхгүй байна. 3 жилийн өмнө дөрөвдүгээр цахилгаан станцын урд талын зуурмагийн үйлдвэрийн хашаанаас авч байсан. Намайг очиход кабинд нь менежер гэх нэг залуу сууж байсан. Машин нь асчихаараа хаазан дээр нь гишгэхгүй бол унтарчихдаг гээд өөрөө хаазан дээр нь гишгээд сууж байсан. Бид хоёр хаазан дээр нь хөлөө гишгэлцэж суусан. Унаад явахад руль нь бага бага гацаад байдаг байсан. Машиныг дөрөвдүгээр цахилгаан станцын урд талын зуурмагийн үйлдэврээс Маршал тауны хашаанд аваачсан. 7-10 хоногийн дараа аав сэлбэгийг нь аваад тавьчихсан байгаа авч яваад засуулчих гэсэн. Батлан хамгаалах яамны ард талын хашаанд засуулсан. Ямар учиртай машин гэдгийг мэдээгүй...” гэв.
Эрүүгийн 1710006420000 дугаартай хавтаст хэргээс:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ж-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 66-67 дугаар хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 68-71-р хуудас/
Гэрч Ш.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 74-75-р хуудас/
Гэрч Г.Х-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 76-77-р хуудас/
Гэрч Б.Ж-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 84-85-р хуудас/
Ашид Билгүүн ХХК-ий 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ХУД064 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 1 дүгээр хавтас 93-96-р хуудас/
Шүүгдэгч Б.Б-ийн Үлэмж мэлмий ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 1 дүгээр хавтас 111-115-р хуудас/
Шүүгдэгч Б.Б-ийн арилжааны банк дахь дансны хуулга /хх-ийн 1 дүгээр хавтас 180-206-р хуудас/
Э- ХХК /худалдагч/, Х ХХК /худалдан авагч/ хооронд 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 1 дүгээр хавтас 28-30-р хуудас/
Ц.М-, Б.Б- нарын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 1 дүгээр хавтас 31-р хуудас/
Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 107-109-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 163-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 164-р хуудас/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 165-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 166-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 167-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1 дүгээр хавтас 161, 162-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б-өд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй байна.
Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Э- ХХК-ийн захирал Ц.М-т “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд амины орон сууц барих төсөл хэрэгжүүлж байгаа” гэж бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулан 15.765.000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг авсан,
мөн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-тэй Тоёота тундр маркийн тээврийн хэрэгслийг 35.000.000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авахаар гэрээ байгуулж, эд хөрөнгийг шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Э- ХХК-д нийт 50.765.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-ийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 05 дугаар сарын сүүлээр Б- гэдэг над руу утсаар яриад “манайх том төсөл хэрэгжүүлэх гэж байна, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын аманд төсөл хэрэгжүүлэх гэж байна. Бетон зуурмаг авна хүрээд ирэх үү” гэсэн. Би менежер Ш.Г-ын хамт очсон. Очиход Б- эхнэрийн хамт байсан. Бид нарт барилгын зураг үзүүлээд “бид нар энэ талбайд төсөл хэрэгжүүлэх гэж байна. Танай байгууллагаас бетон зуурмаг авъя” гэж ярьсан. Дараа нь манай үйлдвэр дээр ирээд бетон зуурмаг авахаар гэрээ байгуулсан. Гэрээг байгуулахдаа манай үйлдвэрийн гадаа байсан Тундр маркийн машиныг харчхаад “танайх энэ машиныг зарах гэж байгаа юм уу” гэхээр нь би “зарна” гэж хэлсэн. 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Б- нь бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээг Б-ийн ажил болох оффис дээр нь очиж Хан Арцат ХХК-ийн нэрээр манай байгууллагатай гэрээ байгуулсан. Б- нь гэрээний дагуу “бетон зуурмаг авъя, манайх нэг айлд жаахан өглөг байгаа юм. Танайхаас бетон зуурмаг авъя, манай тооцоон дээр биччих, бид нар санхүүжилт орж ирэхээр мөнгийг нь өгнө” гээд 15.765.500 төгрөгийн бетон зуурмагийг Орбитод хүргүүлж авсан. Энэ үед Б- манай байгууллага дээр ирээд “танай энэ Тундра маркийн машиныг авъя, манайх Таван толгой руу тээврийн компанитай машины сэлбэг хэрэгсэл зөөх том машин хэрэгтэй байна” гэхээр нь би зөвшөөрч гэрээ байгуулаад “Тундра” маркийн машиныг 35.000.000 төгрөгт бодож өгсөн. Б-ийн хүү нь эхнэрийнхээ хамт ирж автомашиныг авч явсан. Үүнээс хойш Б- нь бетон зуурмаг авъя гээд байн байн утасдаад байсан. Мөнгө өгөхгүй мөртөө бетон зуурмаг авъя гээд байсан. Би мөнгөө өгөхгүй байж бетон зуурмаг авъя гээд байхаар нь бетон зуурмагаа өгөхгүй зогсоосон. Б- Таван толгой руу орох гэсэн чинь Тундра машиныг миний нэр дээр биш байна гээд оруулахгүй байна, чи машины нэрийг шилжүүлээд өгөөч, 7 хоногийн дараа тээврийн мөнгө авахаараа өгье гэсэн. Тэгэхээр нь итгээд Тундра машины нэрийг Б-ийн нэр дээр шилжүүлээд өгчихсөн. 7 хоног хүлээсэн боловч мөнгө өгөхгүй хэдэн сар болоод сүүлдээ утсаа авахгүй алга болсон. Б- шүүх хурлаас өмнө 10.000.000 төгрөг өгсөн өөр мөнгө өгөөгүй. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 68-71-р хуудас/,
Гэрч Ш.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны хавар захирал Ц.М-тэй хамт явж байх үед Б.Б- залгаж “Арцатын аманд барилга барих гэж байна, бетон зуурмаг авна” гэхээр нь бид хоёр Арцатын аманд очиж уулзаж танилцаж байсан. Тэгэхэд Б.Б- эхнэрийн хамт байсан....2017 оны 06 дугаар сарын эхээр Б.Б- над руу залгаж “бетон зуурмаг хэрэгтэй байна” гэхээр нь тэр тухай захиралд танилцуулахад захирал Ц.М- бетон зуурмагийн гэрээ хийгээд бетон гаргаж болно гэсэн. Ингээд захирал бид хоёр Б.Б-ийн оффис гэж ярьж байсан Старка нэртэй ДЦС-3-ын замын эсрэг талд байрлах хоёр давхарт Б.Б-тэй бетон зуурмаг, худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ хийсэн. Үүний дагуу Б.Б- нь 15.765.500 төгрөгийн бетон зуурмагийг Сонгинохайрхан дүүргийн Орбитын тэнд сендвичэн барилгын суурь дээр авч байсан. Тэрнээс хойш манай үйлдвэр дээр ирэх үедээ хашаанд байсан бартераар орж ирсэн 2 машиныг харсан юм. Б.Б- нь уг машинуудыг яах гэж байгаа машин бэ гэж асуухаар нь “зарах машин байгаа” гэсэн чинь Тоёото Тундра маркийн 99-97 УБР улсын дугаартай машиныг сонирхож “энэ машиныг би авъя, Арцатын аманд байгаа барилгын ажил эхлэхээр төлбөр тооцоог хийнэ” гэсэн. Би тэр тухай захиралд танилцуулахад захирал “машиныг эхний ээлжид өгчихгүй юу” гэхээр нь машиныг өгсөн. Тэрнээс хойш Б.Б- захирал Ц.М-тэй яриад “машиныг уурхайд оруулж ажил хийх гэсэн чинь миний нэр дээр байхгүй бол болохгүй байна” гэсэн байна. Тэрний дагуу захирал надад “машиныг Б.Б-ийн нэр дээр шилжүүлээд өгчих” гэхээр нь шилжүүлж өгч байсан. Машиныг шилжүүлж өгсний дараа хэд хоногийн дараа залгахад “ах нь урагшаа уурхай руу явах гэж байна, миний утас хэд хоног холбогдохгүй байх шүү” гэж хэлээд тэрнээс хойш сураггүй алга болсон. Б.Б- машиныг ирж авахад хүүхэд нь эхнэрийн хамт ирж авч байсан. Шалгаж үзээгүй. 30 орчим насны залуу байсан. Б.Б- өөрөө утсаар яриад “манай хүүхэд одоо очиж машиныг авна, өгөөд явуулчхаарай” гэсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 74-75-р хуудас/
Гэрч Г.Х-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо үйлдвэр 46-502 тоотод оршин суух Б.Б- нь 99-97 УБР улсын дугаартай автомашиныг зогсоолд байршуулж 4 хувийн хүүтэй, 25.000.000 төгрөгийн зээл авсан. Тухайн үед Б.Б-ийн нэр дээр байсан. Б.Б- зээл авснаас хойш нэг ч удаа зээлийн эргэн төлөлт хийгээгүй. Манай зүгээс удаа дараа шаардлага тавьсан. Мэдэгдэл хүргүүлсэн, өөрт нь гардуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул захирлын тушаалаар зар байршуулж 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 25.000.000 төгрөгөөр бодож зарж борлуулсан. Манай компанийн хувьд зээлийн хүү, алданги авч чадаагүй, алдагдалд орсон. Зөвхөн Б.Б-ийн зээл авсан дүнгээр зарж борлуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 76-77-р хуудас/,
Гэрч Б.Ж-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 06 дугаар сард нэг өдөр аав над руу залгаж “миний нэг машин байгаа чи очоод аваад ир” гэж утасны дугаарыг өгч байсан. Би тэр дугаар руу залгаж “аав Б.Б- тантай уулзаж машин аваад ир гэсэн, хаанаас очиж авах уу” гэж асуугаад ДЦС-4-ийн урд талд бетон зуурмагийн үйлдвэрийн хашаанаас очиж Тоёота Тундра маркийн автомашиныг авч аавд хүргэж өгсөн. Аав Б.Б- тухайн машины талаар надад ямар нэгэн зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 84-85-р хуудас/,
Гэрч Х.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Б.Б- гэх хүнийг танихгүй. 2017 оны 6, 7 дугаар сарын хавьцаа Орбитын тойргийн хойд талд тавган антены эсрэг тал буюу ертөнцийн зүгээр баруун талд барилгын аяган сууринд 2-3 удаа бетон зуурмаг хүлээлгэн өгсөн. Тэр үед менежер Ганбаярын хэлснээр тухайн газраа бетоноо буулгасан. Надаас бетон зуурмаг хүлээн авсан хүн нь барилга барьж байгаа хүний нэг л гарын үсэг зурж авч байсан байх. Би ямар хүн барьж байсан талаар мэдэхгүй. Бид нар бетоноо тээвэрлээд хүргэж өгөөд буцаад явдаг учир мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 89-90-р хуудас/,
Ашид Билгүүн ХХК-ий 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ХУД 064 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “...250 маркийн бетон зуурмаг 122.5 куб 15.597.500 төгрөг ...Тоёота тундра маркийн автомашин 35.000.000 төгрөг...” гэх тайлан /хх-ийн 1 дүгээр хавтас 93-96-р хуудас/
Шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Үлэмж мэлмий” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнд: 25.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай байгуулж, Тоёота Тундра маркийн 99-97 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд тавьсан талаарх баримтууд /хх-ийн 1 дүгээр хавтас 111-116-р хуудас/,
“Э- ХХК /худалдагч/, Х ХХК /худалдан авагч/ хооронд 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 1 дүгээр хавтас 28-30-р хуудас/
Ц.М- Б.Б- нарын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 1 дүгээр хавтас 31-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч нараас “гэм буруугийн талаар маргаагүй боловч хохирогчоос авсан “Тоёота Тундра” маркийн автомашины рулийн аппарат эвдрэлтэй байсан тул уг автомашинд тавьсан сэлбэгийн үнийг хохирлоос хасаж тооцуулах, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Залилан мэхлэх гэмт хэргийн нэг шинж нь бусдын эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд гэрээний харилцаагаар халхавчлан, анхнаасаа биелэх боломжгүй эсвэл үүргээ биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлж, шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн субьектив санаатай шууд идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйн хэлбэрээр үйлдэгддэг.
Хэрэгт авагдсан баримтаар: Шүүгдэгч Б.Б- нь хохирогч Э- ХХК-ийн захирал Ц.М-т өөрийгөө “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд амины орон сууцны төсөл хэрэгжүүлж байгаа” хэмээн газар дээр нь дагуулан очиж, барилгын зураг төсөл үзүүлэх зэргээр итгэл төрүүлэн Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулж хэрэгжүүлж буй барилгын төсөлдөө зарцуулна хэмээн 15.765.000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг авсан, мөн өөрийн компанийн үйл ажиллагаанд хэрэглэх шаардлагатай хэмээн Тоёота тундра маркийн тээврийн хэрэгслийг 35.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Үлэмж мэлмий” ББСБ-аас авсан 25.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд үлдээж, иргэд хоорондын иргэний эрх зүйн харилцааны хэлбэрээр гэрээ байгуулж төөрөгдүүлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгон гэмт үйлдлээ хаацайлах зорилго агуулсан гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Б.Б-ийн дээрх үйлдэл нь хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогчийн “Тоёота Тундра” маркийн тээврийн хэрэгслийг 35.000.000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх нөхцөл байдал байхгүй, шүүгдэгч Б.Б- нь хохирогчоос “Тоёота Тундра” маркийн автомашиныг 35.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож өмчлөгчөөс эд хөрөнгийг шилжүүлэн авсан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр рулийн аппарат 1.200.000 төгрөг гэх баримтыг /хх-ийн 2-р хавтас 127-р хуудас/ үндэслэн “автомашины үнэлгээнээс сэлбэгийн үнийг хасуулах, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх” саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Хохирол хор уршгийн талаар
Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э- ХХК-ийн захирал Ц.М-т 50.765.000 төгрөгийн хохирол учруулсан ба шүүгдэгч Б.Б- нь шүүхийн шатанд 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хохирогчид 10.000.000 төгрөг төлсөн болох нь мөнгө хүлээн авсан баримтаар /хх-ийн 2 дугаар хавтас 126-р хуудас/ тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-өөс 40.765.500 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-т олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч Б.Б-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1 дүгээр хавтас 161, 162-р хуудас/ баримтаар тогтоогдсон байна.
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Б-өд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “Б.Б-ийн эхнэр сахарын өвчтэй, мөн тэрээр 60 настай хувийн байдал, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргав.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хууль үйлчилж эхэлсэн 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө буюу 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед үйлдэгдсэн байх ба түүнд холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж буюу “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б-өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ, хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулах боломжгүй гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Б-өд 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. О- овогт Б-ийн Б-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-өд оногдуулсан 2 жил 6 хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй
4. Шүүгдэгч Б.Б-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Б- нь хохирогчид 10.000.000 төгрөг төлснийг дурдаж, шүүгдэгчээс 40.765.000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э- ХХК-ийн захирал Ц.М-т олгосугай.
6. Шүүгдэгч Б.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б-өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР