Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2022/0481

 


“Э” ХХК, “К” ХХК-уудын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө,

Нэхэмжлэгч: “Э” ХХК, “К” ХХК,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжийн хавсралтын 17-д бичигдсэн “Э” ХХК, 19-д бичигдсэн “К” ХХК-уудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах ”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 328 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн,

Хэргийн индекс: 128/2021/0855/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 328 дугаар шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалт, 40.5 дахь хэсэг, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Э” ХХК болон “К” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2. Давж заалдах гомдлын агуулга:

2.1. “Нэхэмжлэгчийн зүгээс ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаартай захирамж хууль бус, учир нь нэхэмжлэгч компаниудад 1) газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөх талаар тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэх ирж байгаагүй, ямар хэмжээний төлбөр ямар үндэслэлээр төлөх нь тодорхой бус байтал захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарах харилцаанд нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй, 2) газрын эргэлтийн цэгийг зөрчиж, талбайн хэмжээг өөрчлөн хашаа барьсан гэдэг нь ноцтой зөрчил биш, энэ зөрчлийг нэхэмжлэгч компаниудад холбогдох эрх бүхий байгууллагаас шаардлага хүргүүлсэн бол засах боломжтой. 3) 2020-2021 оны газрын төлбөрийн тодорхой хувийг төлсөн боловч ковид-19 цар тахал буюу гэнэтийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, 4) газраа зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил ашиглаагүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч газраа ашиглан архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан, газраа хашаалан дотор нь газар шорооны ажил хийсэн төдийгүй 2020 оны 2 дугаар сараас гэнэтийн болон давагдашгүй хүчний нөлөөгөөр идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон...газар эзэмших гэрээгээр харилцан тохироогүй үүрэгт нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй..." гэж тайлбарлан маргасан.

2.2.Маргаан бүхий акт нь 1) газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлээгүй, 2) хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй 3) газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, 4) дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулж эзэмшээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гэж хариуцагчийн төлөөлөгч нар хариу тайлбартаа дурдсан байдаг бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасан нөхцөлийг хангаагүй буюу захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заагаагүй.

2.3.Анхан шатны шүүхээс .нэхэмжлэгч "К” ХХК дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмыг зөрчиж газар эзэмших эрх олж авсан бөгөөд дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, газрын эргэлтийн цэгийг зөрчиж, талбайн хэмжээг өөрчлөн хашаа барьсан" гэх зөрчлүүд нь удаа дараа гаргасан бөгөөд ноцтой зөрчил хамаарахгүй ..... газар эзэмшүүлэх гэрээнд дээрх зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцохоор талууд тохиролцоогүй..." гэж маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн атлаа газрын төлбөр тооцоо нийлсэн актыг нотлох баримтаар үнэлэн газрын төлбөрийг бүрэн төлөөгүй гэж буруутгасан нь үндэслэлтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2.4.Учир нь Ковид-19 цар тахлын нөлөөгөөр бизнесийн үйл ажиллагаа доголдсон нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын 64 дүгээр тогтоолоос эхлэн бүх нийтийн бэлэн байдал 44 хоног, бух нийтийн хэсэгчилсэн бэлэн байдал 45 хоног, өндөржүүлсэн бэлэн байдал 238 хоног болсон бөгөөд энэ хугацаанд үүрэг гүйцэтгэгчээс үл хамаарах шалтгаанаар үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон.

2.5.Энэхүү нөхцөл байдлыг гэрчлүүлэх зорилгоор нэхэмжлэгч нараас Монгол Улсын худалдаа аж үйлдвэрийн танхимд хүсэлт гаргасан бөгөөд Танхимын зүгээс хүсэлтийг хүлээн авч иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хэрэгжилтийн явцад Засгийн газрын тогтоолуудаар 2020, 2021 онд нийслэл хот нийтдээ 9 удаа бүх нийтийн бэлэн байдалд шилжиж тус компанийн үйл ажиллагаа хязгаарлагдсан болох нь тогтоогдож байх тул давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн гэж үзэж, Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн 02/147 дугаар бүхий гэрчилгээг 2022.03.16-ны өдөр К ХХК-д, 02/145 дугаар гэрчилгээг “Э” ХХК-д тус тус олгосон.

2.6.Анхан шатны шүүхээс зөвхөн нэг талын нотлох баримтыг үнэлсэн бөгөөд газрын төлбөр төлөх буюу гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдлыг шинжлэн судлаагүй, нийтэд илэрхий үйл баримт болон эрх бүхий байгууллагаас гаргасан гэрчилгээ нь хэрэгт нотолгооны ач холбогдолтой байхад шүүх үнэлээгүй.

2.7.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2.Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” 34.4-д “... нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж заасан боловч анхан шатны шүүхээс нотлох баримтыг буруу үнэлсэн, ач холбогдолтой нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үнэлэх үүргээ биелүүлээгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзнэ.

2.8.Газрын тухай хууль тогтоомжийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн тухайд:

Анхан шатны шүүх “...Э ХХК нь газар эзэмших эрхийг аж ахуйн зориулалтаар олж авсан боловч тухайн зориулалтаар газрыг ашигласан гэх үйл баримт газрын үзлэгээр болон талуудын тайлбараар тогтоогдсонгүй..." гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2.9.Учир нь бодит байдалд “Э" ХХК нь газрыг ашиглаж, ашигтай чанарыг гаргаж, барилга барих зөвшөөрөл гаргуулан авсан ч 2 жил хүрэхгүй хугацаанд буюу 2020 оны 2 дугаар сараас Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнээр худалдааны төв барих боломжгүй болсон, худалдааны төв барихаар газрыг хашаалан, зураг төслийг гаргуулж, газар шорооны ажил хийсэн талаарх нотлох баримтыг нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж, мэтгэлцсэн байхад нэхэмжлэгч талын тайлбар, нотлох баримтыг шүүх үнэлээгүй.

Түүнчлэн хэргийн 2 дугаар хавтасны 42-44 дэх талд газрын үзлэгийн тэмдэглэл авагдсан бөгөөд “ блок хашаа барьсан, цахилгааны дэд станц барьсан, барилгын аяган 92 суурь ухсан, худагтай..." гэх нөхцөл байдлыг шүүхийн үзлэгээр тогтоож, бэхжүүлсэн байдаг.

2.10.Гэтэл Анхан шатны шүүхээс 2 давхар худалдааны төв баригдаагүй гэдгийг газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж дүгнэж, үзлэгээр тогтоогдсон бусад нөхцөл байдал, дэд станц болон бусад байгууламж, объектуудад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний өөрчлөлтөөс...бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно..." гэж, мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг ...хуанлийн 2 жилийн дотор газар эзэмшигч...тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй (барилга, байгууламж, зам талбай бариагүй..гэх мэт) байхыг ойлгохоор тус тус заажээ.

2.11.Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимаас 2006 онд гаргасан зөвлөмжийн 5 дахь хэсэгт "газрыг 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг гэрээ хийгдсэн өдрөөс хойш 2 жилийн хугацаанд тухайн газарт зориулалтын дагуу барилга байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж, хэмжиж, тооцоолж болохуйц объект бий болгоогүй байхыг ойлгох нь зүйтэй.

2.11.Дээрх эрх зүйн актуудаас үзэхэд, хүндэтгэн үзэх шалтгаан болон 2 жил дараалан ашиглаагүй гэдэг нь шалтгаант холбоо бүхий урьдач нөхцөлүүд байх бөгөөд Улсын дээд шүүхийн тайлбарт давагдашгүй хүчин зүйлийг хүндэтгэх шалтгаанд хамааруулахаар, байгууламж барихыг ашигласанд тооцохоор тайлбарлаж, зэрэг, гэх мэт холбоос үгнүүдээр шүүх хэргийн нөхцөл байдалд тулгуурлан өргөжүүлэн тайлбарлах боломжийг нээлттэй орхисон гэж үзнэ.

2.12.Түүнчлэн нэхэмжлэгч компани газартаа худалдааны төв барихаар эрх бүхий байгууллагаас Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулан авсан нь газрыг эзэмших эрхийнхээ хүрээнд ашиглаж, эрх олж авч буй идэвхтэй үйл ажиллагаа бөгөөд газар ашиглах гэдгийг зөвхөн барилга баригдсан байхыг ойлгох боломжгүй.

2.13.Газрын тухай хуулийн 3.1.4."газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ойлгохоор хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нарын зүгээс газар эзэмших эрхээ ашиглан Барилга барих зөвшөөрөл авсан, Дэд станцыг байгуулж, улсын комисст хүлээлгэн өгсөн, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч нотлох баримтыг буруу үнэлсэн.

2.14.Нэхэмжлэгчийн зүгээс газрын төлбөр төлөөгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж тайлбарлан, холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч,

Анхан шатны шүүх “...Худалдаа аж үйлдвэрийн Танхим нь нийтийн эрх зүйн гэрээ гэхээс илүүтэй хувийн болон олон улсын эрх зүйн шинжтэй гэрээ хэлцэлд хамаарах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцохоор байна...давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх гэрчилгээ нь нийтийн эрх зүйн гэрээнд бус хувийн эрх зүйн гэрээнд Үйлчилнэ гэж ойлгох нь зүйтэй..." гэж дүгнээд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 1-д "Танхим нь аж ахуйн нэгж, байгууллагуудаас худалдаа, үйлдвэрлэл эрхлэхтэй холбогдсон нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болон худалдаа, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор байгуулсан ашгийг төлөө бус хуулийн этгээд мөн", 4 дүгээр зүйлийн 1-д Танхим нь улс орны эдийн засгийн хөгжилд тус дэмжлэг үзүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагатай худалдаа-эдийн засаг, байгууллагуудаас гадаад, шинжлэх ухаан, Дотоодын техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, өөрийн орны бараа, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх зорилтыг хэрэгжүүлнэ" гэж заасныг үндэслэл болгосон.

2.15.Дээрх хуулийн зохицуулалт нь зөвхөн Танхимын тухай ойлголт, Танхимын зорилтыг тодорхойлсон зохицуулалт бөгөөд танхимаас олгосон гэрчилгээ нь хувийн эрх зүйн гэрээнд хамаарах зүйл, заалт хуульд тусгагдаагүй. Учир нь нийтийн болон хувийн эрх зүйн гэрээг ялгамжтай хэрэглэх, аль төрлийн гэрээ байгуулснаас нь хамааран эрх зүйн харилцаанд оролцогчдыг ялгаварлахыг хуулиар зөвтгөсөн байх боломжгүй бөгөөд Танхимд хуулиар давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх эрх хэмжээг тусгайлан олгосон тул уг харилцаанд танхим нь нийтийн эрх зүйн хуулийн этгээд бөгөөд давагдашгүй хүчин зүйлийг гэрээний оролцогч талууд болон бусад этгээд гэрчлэх боломжгүй, зөвхөн Танхимд хадгалах бүрэн эрхэд хадгалагдахаар байна. Иймд эрх зүйн аль харилцаанд оролцож байгаагаар нь төр, хувийн хэвшил, шүүх тухайн гэрчилгээг ялгамжтай үнэлэх нь гэрээний талуудын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзнэ.

2.16.Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно" гэж заасан бөгөөд агуулгын хувьд хувийн эрх зүйн гэрээний шинжүүдийг агуулдаг бөгөөд гэрээний оролцогч тал, хамрах хүрээгээрээ ялгагддаг. Захиргааны гэрээний нэг талд захиргааны байгууллага байдаг онцлогтой хэдий ч талууд харилцан эрх, үүргийг хүлээдэг, үүрэг хүлээдэг, гэрээний хариуцлага, үүргийн гүйцэтгэлийг хангах арга, алданги торгуулийн зохицуулалт ордог шинжээрээ хувийн эрх зүйн гэрээтэй төсөөтэй.

2.17.Тодруулбал, нийтийн эрх зүйн гэрээний харилцааны аль ч талд давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр үүрэг гүйцэтгэх боломжгүй болох нөхцөл байдал үүсч болох бөгөөд харин ч захиргааны гэрээнд төр үргэлж давуу эрхтэй оролцдог, идэвхтэй үүргийн дийлэнхийг иргэн, хуулийн этгээд хүлээдэг тул гэрээний сул талд давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх боломжийг шүүх олгох ёстой байсан.

2.18.Түүнчлэн анхан шатны шүүхээс маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэсэн дүгнэлтүүд хийсэн атлаа нотлох баримт дутуу, буруу үнэлснээр хууль зүйн үндэслэлгүй актыг хэвээр үлдээсэн шийдвэр гарахад нөлөөлсөн. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны акт хуульд үндэслэсэн, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх шаардлагыг маргаан бүхий акт хангаагүй, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн буюу оролцогчийн тайлбар санал гаргах боломжийг олгоогүй тул хүчингүй болгох үндэслэлтэй байсан” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч “Э” ХХК болон “К” ХХК-иас “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжийн хавсралтын 17-д бичигдсэн “Э” ХХК, 19-д бичигдсэн “К” ХХК-уудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

2.Маргаан бүхий А/369 дүгээр захирамжийн хавсралтын 17, 19 дэх хэсгээр[1] “гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулж эзэмшүүлээгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “Э” ХХК болон “К” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

3.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/149 дүгээр захирамжаар[2] нэхэмжлэгч “Э” ХХК-д 5 жилийн хугацаатай 24.000 м.кв газрыг “аж ахуйн” зориулалтаар эзэмших эрх олгож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/22 дугаар захирамжаар[3] тус компанийн 24.519 м.кв “аж ахуйн” зориулалттай газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгаж, гэрчилгээ[4] олгож, Газар зохион байгуулалтын албатай гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр[5], 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр[6], 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр[7] тус тус байгуулсан.

4.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/149 дүгээр захирамжаар[8] 5 жилийн хугацаатай 30.000 м.кв газрыг эзэмших эрхийн нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/22 дугаар захирамжаар[9] 29.863 м.кв “амины орон сууцны” зориулалттай газар эзэмших эрхээ 15 жилийн хугацаагаар сунгуулж, гэрчилгээ[10] олгож, Газар зохион байгуулалтын албатай 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр[11], 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр[12], 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэрээг[13] тус тус байгуулжээ.

5.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ:”, 33.1.2-т “...энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ”,

Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна.” гэж тус тус заасан.

6.Хуулийн эдгээр заалтыг хэрэгжүүлэх зорилгоор газрын анхны дуудлага худалдааны үнийг төлөх боломжит хугацааг олгон мэдэгдлүүдийг[14] хүргүүлж, мэдэгдлүүдийн дагуу уг үнийг нэхэмжлэгч “Э” ХХК болон “К” ХХК-иас төлөөгүй тул хариуцагчаас маргаан бүхий А/369 дүгээр захирамжийг гаргасан үйлдлийг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2-т заасныг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна.

7.Анхан шатны шүүхээс хуулийн энэхүү тодорхой заалтыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан ноцтой зөрчлийг гаргаагүй үндэслэлээр дүгнэж, “дуудлага худалдааны анхны үнийг шаардсан гэх боловч ямар үндэслэлээр шаардаж байгаа нь тодорхой бус” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй боловч энэ үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд заасан “дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, ...зөрчлүүд нь удаа дараа гаргасан бөгөөд ноцтой зөрчилд хамаарахгүй... гэж маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

8.Нэхэмжлэгч “Э” ХХК нь маргаан бүхий А/369 дүгээр захирамж гарсан 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар газрын төлбөрийн 12.160.385 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, эдгээр төлбөрийн үлдэгдэл нь  2020, 2021 оны үлдэгдэл төлбөрийн нийлбэр гэдэг нь газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар[15] тогтоогдов.

Нэхэмжлэгч “К” ХХК нь маргаан бүхий А/369 дүгээр захирамж гарсан 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар газрын төлбөрийн 9,089,695 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, эдгээр төлбөрийн үлдэгдэл нь  2020, 2021 оны үлдэгдэл төлбөрийн нийлбэр гэдэг нь газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар[16] тогтоогдов.

Үүнээс үзэхэд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “.., нийслэл, ...ийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасны дагуу хариуцагчаас нэхэмжлэгч хоёр компанийг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй үндэслэлээр тэдгээрийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт мөн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч компаниуд нь 2020, 2021 оны газрын төлбөрөө маргаан бүхий акт гарсан 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаанд Ковид-19 цар тахлын бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын улмаас төлөх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас ирүүлсэн гэрчилгээг үндэслэн газрын эзэмших гэрээгээр хүлээсэн газрын төлбөр төлөх үүргээ  хугацаандаа биелүүлэх боломжгүй байсан гэж шүүхээс үзэх үндэслэлгүй юм.

9.Нэхэмжлэгч “Э” ХХК нь анх эзэмших эрх авсан 2012 оны 04 дүгээр сарын 24 өдрөөс, эзэмших гэрээ анх байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс[17] болон гэрээг дахин байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс[18] маргаан бүхий А/369 дүгээр захирамж гарсан 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хүртэл хугацаанд гэрчилгээ, гэрээнд заасан “аж ахуйн” зориулалтаар эзэмшлийн газраа ашиглаагүй гэдэг нь хэрэгт авагдсан сансрын зургууд[19], Газар зохион байгуулалт, геодези, газар зүйн газраас ирүүлсэн 2005-2007, 2011-2014, 2017 оны агаарын болон сансрын зурагтай давхцуулсан зургууд[20]зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч “Э” ХХК-иас эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглахаар бэлтгэл ажлууд болох барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл[21] 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр авсан, архитектур төлөвлөлтийн даалгавар[22], техникийн нөхцөлийг гаргуулж, агаарын цахилгаан шугам татаж, дэд өртөө, станц /АТП/ байгуулсан[23] зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул газраа хоёр жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээр байх боловч зөвхөн энэ үндэслэлээр маргаан бүхий А/369 дүгээр захирамжийг хууль бус гэж үзэх, акт болон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох  үндэслэл тогтоогдсонгүй.

10.Мөн нэхэмжлэгч “К” ХХК нь газраа эзэмшиж эхэлсэн 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс, газар эзэмших гэрээ анх байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс[24] болон дахин гэрээ байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс[25] маргаан бүхий А/369 дүгээр захирамж гарсан 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хүртэл хугацаанд гэрчилгээ, гэрээнд заасан “амины орон сууцны” зориулалтаар эзэмшлийн газраа ашиглаагүй гэдэг нь хэрэгт авагдсан сансрын зургууд[26], Газар зохион байгуулалт, геодези, газар зүйн газраас ирүүлсэн 2005-2007, 2011-2014, 2017 оны агаарын болон сансрын зурагтай давхцуулсан зургууд[27]  зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд ийнхүү нэхэмжлэгчээс эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдэг нь мөн хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдсонгүй.

Иймээс маргаан бүхий газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтаар 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр нэхэмжлэгч “К” ХХК компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн маргаан бүхий актыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

11.Хэрэгт авагдсан баримтуудаар “К” ХХК нь газар эзэмших гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр[28], 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр[29], 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр[30] тус тус байгуулсан, үүнээс үзэхэд нэхэмжлэгч “К” ХХК нь анх гэрээ байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээнд заасан “амины орон сууц”-ны зориулалтаар газраа ашиглах үүрэгтэй байсан боловч маргаан бүхий А/369 дүгээр захирамж гарсан 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хүртэл хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь тогтоогдож байна.

Гэтэл анхан шатны шүүхээс зөвхөн сүүлд байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэрээг үндэслэн “2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байх бөгөөд энэхүү өдрөөс хойш хуанлийн бүтэн 2 жил дараалан ашиглаагүй гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр нь шийдлийн хувьд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 328 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                   Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 9-11 дэх тал

[2] Хэргийн 1-р хавтас 128, 130 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 104-105 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 17 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 102-103 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 21 дэх тал

[7] Хэргийн 1-р хавтас 18 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 130 дахь тал

[9] Хэргийн 1-р хавтас 92 дахь тал

[10] Хэргийн 1-р хавтас 29 дэх тал

[11] Хэргийн 1-р хавтас 204-205 дахь тал

[12] Хэргийн 1-р хавтас 115 дахь тал

[13] Хэргийн 1-р хавтас 30 дахь тал

[14] Хэргийн 1-р хавтас 152, 153 дахь тал

[15] Хэргийн 2-р хавтас 135 дахь тал

[16] Хэргийн 2-р хавтас 136 дахь тал

[17] Хэргийн 1-р хавтас 102-103 дахь тал

[18] Хэргийн 1-р хавтас 98-99 дэх тал

[19] Хэргийн 1-р хавтас 70-91 дэх тал

[20] Хэргийн 1-р хавтас 178-184 дэх тал

[21] Хэргийн 2-р хавтас 12 дахь тал

[22] Хэргийн 2-р хавтас 48-49 дэх тал

[23] Хэргийн 1-р хавтас 236-253, 2-р хавтас 13-33 дахь тал

[24] Хэргийн 1-р хавтас 204-205 дахь тал

[25] Хэргийн 1-р хавтас 207-209 дэх тал

[26] Хэргийн 1-р хавтас 70-91 дэх тал

[27] Хэргийн 1-р хавтас 178-184 дэх тал

[28] Хэргийн 1-р хавтас 204-205 дахь тал

[29] Хэргийн 1-р хавтас 207-209 дэх тал

[30] Хэргийн 1-р хавтас 30 дахь тал