| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0730/Э |
| Дугаар | 723 |
| Огноо | 2020-11-03 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 723
2020 11 03 2020/ШЦТ/723
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох,
шүүгдэгч Б.Ц-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б- овогт Б-ы Ц-т холбогдох эрүүгийн 2010000000000 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 2002 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Техник-технологийн дээд сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, аав, ээж дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 14-000 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэлгүй гэх Б- овогт Б-ы Ц-
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Ц-нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн 10 дугаар гудамжинд иргэн Ц.Э-ийг “миний эгчийг муугаар ярьлаа” гэж нүүр рүү нь гараараа цохиж, биед нь “дээд уруул, зүүн хацарт зулгаралт, хамрын ясны хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Ц-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...” гэв
Эрүүгийн 2010000000000 дугаартай хэргээс:
Хохирогч Ц.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 4-5-р хуудас/,
Гэрч С.Б-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/,
Гэрч А.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,
Гэрч Ж.А-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн №10440 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-16-р хуудас/,
Шүүгдэгч Б.Ц-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32-р хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 33-р хуудас/, Техник технологийн политехник коллежийн тодорхойлолт /хх-ийн 34-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 36-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Ц-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Б.Ц-нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн 10 дугаар гудамжинд хохирогч Ц.Э-ийг “миний эгчийг муугаар ярьлаа” хэмээн нүүр рүү нь гараараа цохисны улмаас хохирогчийн биед “дээд уруул, зүүн хацарт зулгаралт, хамрын ясны хугарал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч Ц.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнийн 01 цаг өнгөрч байхад “Эрдэнээ ахаа та 10 дугаар гудамжинд хүрээд ирээч” гэж сандарсан хоолойгоор нэг хүн залгасан юм. Би тухайн үед хэнийг нь ч мэдэлгүй найз Бэлгүүтэйгийн хамт яваад очиход зүс таних Ц-, А-, А-, Б-, Б- нар байсан. Тэгтэл Ц- хүрч ирээд “чи миний эгчийг юу гэж ярьдаг гэнээ” гээд шууд нүүр рүү гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би “яаж байгаа юм бэ” гээд машинаасаа буусан. Тэгтэл Ц- нь үргэлжлүүлэн гараараа нүүр рүү цохиод байсан. Тэгэхээр нь би түүнийг барьж аваад дээр нь унасан. Тэгтэл А- ирээд намайг араас татаж унагаасан. Энэ үед миний мөр мултарсан бөгөөд “хөөё мөр мултарчихлаа” гэхэд А- нь “чи ийм арчаагүй шүү дээ, энэ 2 дахь нь шүү” гэж хэлээд миний нүүр рүү 2 удаа алгадсан. Тэд нар явцгаасан. Ийм л үйл явдал болсон. Миний хувьд эрүүл байсан, Ц-, А- 2 согтуу байсан. Бусдыг нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь мэдээгүй. Ц- нь миний нүүр рүү гараараа нилээн хэдэн удаа цохисон. Харин А- араас татаж миний баруун мөрийг мулталсан тэгээд намайг 2 удаа алгадсан. Би А-тай 4-5 сар үерхсэн бөгөөд 2020 оны 04 дүгээр сард мөнгөний маргаанаас болж салсан юм. Миний ойлгосноор А- нь Ц-гоор намайг зодуулсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5-р хуудас/,
Гэрч С.Б- мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 07-ний шөнө 23 цаг өнгөрч байхад би найз Э-, Б- нарын хамт Э-ийн машинтай дэлгүүр орох гээд явж байтал Э-ийн утас дуугарч Ц-той яриад байсан. Бид 3 Морингийн 10 дугаар гудамжинд очтол зүс таних Ц-, Б-, Бямбаа, А-, Пүрэвсүрэн нар байсан. Тэгтэл Ц- нь Э-тэй хэрүүл хийж байгаад түүний нүүр рүү гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь Э- бид 2 машинаас буусан. А- нь ирээд Э-тэй хэрүүл хийгээд байсан. Тэгсэнээ А- нь Э-ийг алгадаад байсан. Э-, Ц- 2 зодолдож эхэлсэн. Би салгах гэтэл А- намайг “боль” гээд ойртуулахгүй байсан. А- Э-ийг араас нь татаад байсан. Тэгтэл Э- нь миний мөр мултарчихлаа гэхэд Ц-, Б-, Бямбаа нар нь яваад өгсөн. Би тэгэхээр нь А-, Пүрэвсүрэн нарыг гэрт нь хүргэж өгчихөөд Э-ийн мөрийг бариулчихаад харисан. Э-, Б- бид 3 эрүүл байсан. Харин тэд нар бүгдээрээ халамцуу байсан. Ц- л Э-ийн нүүр рүү гараараа нилээн хэдэн удаа цохисон....” гэх мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/,
Гэрч А.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би сар өдрийг нь санахгүй байна. Тухайн өдрийн 23 цагийн үед би найз Ц-, Баасанжав нарын хамт байхад зүс таних эгч А-, Пүүжээ нар ирсэн. Тэгтэл А- Ц-т хандан “Э- танай эгчийг янхан гэж яриад байна лээ” гэсэн. Ц- тэгтэл А-ын утсаар Э- рүү залгаад “хүрээд ир” гэж дуудсан. Удалгүй Э- нь өөрийнхөө машинтай зүс таних Бабру, Пүүдэй нарын хамт ирсэн. Ц- Э-тэй юм ярьж байгаад нэг удаа цохиод авсан. Тэгсэн чинь Э- машинаасаа бууж Ц-ыг газар унагаасан. Тэгтэл А- эгч Э-ийг ардаас нь татаж салгаад нүүр рүү нь 1-2 удаа алгадсан. Э- нь тэгтэл уурлаад Ц-тай зодолдохоор болж харилцан хэд хэдэн удаа цохилцсон. Тэгсэнээ Э- нь миний мөр мултарчихлаа гэсэн бөгөөд тэр 2 зодолдохоо болисон. Ц-, Баасанжав бид 3 яваад өгсөн. Ийм л үйл явдал болсон. Ц- нь пивоноос жаахан уусан байсан бөгөөд А-, Пүүжээ нар нь согтуу байсан. Харин би, Баасанжав, Э-, Бабру, Пүүдэй нар нь эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,
Гэрч Ж.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би сар өдрийг нь санахгүй байна. Тухайн өдрийн 23 цагийн үед би найз Пүрэвсүрэнгийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн 3 дугаар гудамжны сааданд 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво нэгийг уучихаад 9 дүгээр гудамжны дэлгүүр рүү явсан. Тэгтэл зүс таних Ц-, А-, Б-, Б- нартай таарсан. Дэлгүүр орж 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво хоёрыг авч бүгдээрээ 11 дүгээр гудамжинд хувааж уусан. Би Ц-д хандан “Э- танай эгчийг янхан, сонин охин гэж яриад явдаг юм байна лээ” гэж хэлсэн. Тэгтэл Ц- нь Пүрэвсүрэнгийн утсаар “Э- рүү ярьж хүрээд ир” гэж дуудсан. Удалгүй Э- өөрийнхөө машинтай Бэлгүүдэй, Бабру нарын хамт ирсэн. Тэгтэл Ц- нь Э-ийн нүүр рүү цохисон. Тэгтэл Э- машинаасаа бууж ирээд “үзье” гээд байсан. Э- Ц-г дэгээдэж унагаагаад дээр нь гарч суусан. Би Э-ийг татаж холдуулсан. Би Э-ийг 1 удаа алгадсан. Тэгтэл хажуунаас нь Ц- орж ирээд Э-ийг цохисон. Э- нь мөр мултарчихлаа болъё гээд байсан. Б-, Б- 2 Ц-г аваад явсан. Ийм л үйл явдал болсон. Ер нь бүгдээрээ халамцуу байсан. Би Э-ийг Ц-гийн дээрээс холдуулахад Э-ийн хамраас цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн №10440 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1. Ц.Э-ийн биед дээд уруул, зүүн хацарт зулгаралт, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл ба мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 15-16-р хуудас/,
Шүүгдэгч Б.Ц-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Э- машиныхаа цонхыг доош буулгаад “яасан бэ” гэж асуусан. Тэгэхээр нь би түүнд хандан “та манай эгчийг муугаар яриад яваад байгаа юм уу” гэтэл тэрээр “тийм яасан” гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрч түүний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл тэрээр машинаасаа бууж ирсэн. Би түүний гэдэс рүү нэг удаа өвдөглөсөн. Э- тэгтэл миний хөл рүү орж намайг газарт унагааж дээр гарч суусан. ...Би түүний биед учирсан гэмтлүүдийг гараараа нүүр рүү нь нилээн хэдэн удаа цохихдоо учруулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч Б.Ц-нь хохирогч Ц.Э-тэй “эгчийг нь янхан гэж ярилаа” хэмээн маргалдаж нүүр рүү цохих зэргээр зодсоны улмаас хохирогчийн биед “дээд уруул, зүүн хацарт зулгаралт, хамар ясны хугарал” бүхий хөнгөн гэмтэл учирсан шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Б.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Ц-нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардал 700.000 төгрөг нөхөн төлсөн /хх-ийн 31-р хуудас/ ба хохирогч нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мөрдөн байцаалтын шатанд бичгээр хүсэлт гаргасан /хх-ийн 38-р хуудас/ байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ц-нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгчид танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Ц-нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч хуулийн дагуу шийдүүлмээр байна, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.Ц-т ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ц-т мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Ц-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б- овогт Б-ы Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ц-т мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Ц-нь хохирогч Ц.Э-эд эмчилгээний зардалд 700.000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Ц-нь бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР