Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 728

 

       

 

 

     2020          11          03                                    2020/ШЦТ/728

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,

улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч О.Б-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш- овогт О-ын Б-д холбогдох эрүүгийн 2010016520000 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол 36б байрны 00 тоотод оршин суух,

Урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 00 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 00 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Ш- овогт О-ын Б-

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч О.Б-2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 18 цаг 45 минутын үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооны урд талын замд Хьюндай Санта Фе маркийн 0000УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-д заасан "Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс С.Ч-ийн жолоодон явсан Тоёота Приус-30 маркийн 0000УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Б.Ц-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Б-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 20100165200000 дугаартай хэргээс:

Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зураг /хх-ийн 5-11-р хуудас/,

Хохирогч Б.Ц-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

Гэрч С.Ч-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №9512 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-44-р хуудас/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 47-52-р хуудас/

Мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 70-р хуудас/

Шүүгдэгч О.Б-ий мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 121-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 113-р хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 114-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 115-р хуудас/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 116-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 117-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 118-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 121-124-р хуудас/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 125-р хуудас/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 126-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Б-ий гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч О.Б-2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 18 цаг 45 минутын үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооны урд талын замд Хьюндай Санта Фе маркийн 0000УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-д заасан "Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж С.Ч-ийн жолоодон явсан Тоёота Приус-30 маркийн 0000УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас  уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Цацралын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:

Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зураг /хх-ийн 5-11-р хуудас/,

Хохирогч Б.Ц-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байрлах DHL буухиа шуудангийн газар ажилладаг юм. Би 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 18 цаг 30 минутын орчимд найз Чагнаадоржоор өөрийн эзэмшлийн Тоёота Приүс 30 маркийн 0000УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодуулан нисэхэд байдаг ажил руугаа явж байсан юм. Чагнаадорж бид хоёр 18 цаг 45 минутын орчим Нисэхийн дэнжийн ойролцоо замынхаа 1 дүгээр эгнээгээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ явж байтал эсрэг хөдөлгөөнд явж байсан Санта Фи маркийн машин гэр хороолол руу зүүн тийш ертөнцийн зүгээр хойшоогоо эргэх гээд шууд эргээд ороод ирсэн. Тухайн үед зогсох боломжгүй байсан болохоор машины баруун талын хаалга хэсэг рүү нь манай машин мөргөөд зогссон. Би тухайн үед хөдлөж чадахгүй байсан болохоор 103 дуудаад гэмтлийн эмнэлэг орсон. Миний баруун талын 5-р хавирга хугарсан өвчүү хөндлөн хугаралттай байсан. Миний явж байсан автомашин 30-40 км цагийн хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

Гэрч С.Ч-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр би  Цацралын хамт түүний Тоёота Приүс маркийн 0000УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Яармагийн Хүннү молл орчихоод 18 цагийн үед буцаад ажил руугаа явж байсан юм. Нисэхийн дэнж өнгөрөөд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байтал замын эсрэг талаас нэг автомашин зүүн гар тийш буюу ертөнцийн зүгээр хойшоогоо эргээд миний явж замыг хаагаад ороод ирсэн. Би тоормос гишгээд тухайн автомашины баруун урд хаалга болон дугуй хэсэг рүү нь автомашиныхаа урд хэсгээр мөргөж зогссон юм. Надтай хамт явж байсан Цацралын бие нь өвдөөд байна гээд түргэн дуудаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би тухайн үед 40 км цагийн хурдтай явж байсан. Би уулзвар руу нилээн ойртож ирээд тэр машиныг харсан. Намайг өнгөрөөгөөд эргэх байх гэж бодтол шууд эргээд ороод ирсэн. Тухайн унаж явсан тээврийн хэрэгсэл Б.Ц-ын эзэмшлийн автомашин. Осол болох үед түгжрэлгүй хөдөлгөөн сийрэг, цаг агаарын хувьд тогтуун нартай, харагдах орчин чөлөөтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №9512 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1. Б.Ц-ын биед өвчүү ясны шахагдсан хугарал, цээжний баруун талд 5 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 43-44-р хуудас/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайланд: “Тоёота Приүс маркийн 0000УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг  5.230.000 төгрөгөөр үнэлэв...” гэх тайлан /хх-ийн 47-52-р хуудас/

Мөрдөгчийн магадлагаа: “...1. Жолооч О- овогтой Б- нь Хьюндай Санта фи маркийн 0000УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.10-д Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.. гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Жолооч Саруул цохио овогтой Чагнаадорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна...” гэх магадлагаа /хх-ийн 70-р хуудас/

Шүүгдэгч О.Б-ий мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр машинаа угаалгачихаад Нисэхийн замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байгаад 16 дугаар хороо руу эргэх уулзвар дээр ертөнцийн зүгээр хойшоо эргэх гээд зогсоод эсрэг урсгалын 2 дугаар эгнээний автомашиныг өнгөрөөгөөд тухайн машины араар зүүн гар тийш буюу хойшоогоо эргэтэл 1 дүгээр эгнээгээр явж байсан автомашин ирээд миний автомашиныг мөргөчихсөн. Би осол болох үед 1 дүгээр эгнээгээр ирж яваа тээврийн хэрэгслийг хараагүй.  Би осол болох үед дөнгөж хөдлөж байсан болохоор бага хурдтай явж байсан байх. Сайн санахгүй байна. Би жолооч болоод дөрвөн жил болж байна. Би ослын улмаас бусдад учруулсан хохиролыг бүрэн төлж барагдуулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 121-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч О.Б-2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 18 цаг 45 минутын үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооны урд талын замд Хьюндай Санта Фе маркийн 0000УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-д заасан "Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг  зөрчиж С.Ч-ийн жолоодон явсан Тоёота Приус-30 маркийн 0000УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.Ц-ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирол төлбөрийн талаар:  

           Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.

           Шүүгдэгч О.Б-ийн үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Б.Ц-ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан ба эмчилгээний зардалд 1.855.559 төгрөгийн хохирол, эд хөрөнгөд учирсан хохиролд 5.230.000 төгрөг, нийт 7.085.559 төгрөгийн хохирол учирсан байна.

            Шүүгдэгч О.Б-эс хохирогч Б.Ц-д эмчилгээний зардал болон эд хөрөнгөд учирсан хохиролд 2.700.000 төгрөг нөхөн төлсөн болох нь Хаан банкны дансны хуулга болон хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд гаргасан “...Үлдсэн мөнгийг хэрэг шийдвэрлэгдэж дууссаны дараа даатгалын байгууллагаас шийдүүлнэ. Миний хувьд энэ асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна. Надад гомдол санал байхгүй...” бичгийн хүсэлтээр /хх-ийн 132-р хуудас/ тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Б-хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын төлөгдөөгүй үлдсэн 4.385.560 төгрөгийг даатгалын мөнгөөр нөхөн төлөхөө илэрхийлж хохирогч Б.Ц-тай эвлэрсэн тухай гэсэн хүсэлтийг /хх-ийн 130-р хуудас/ прокурорын шатанд бичгээр гаргаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-эс 4.385.560 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ц-д олгохоор шийдвэрлэв.            

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Б-нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгчид танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч О.Б-нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч О.Б-д ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Б-д мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч О.Б-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ш- овогт О-ын Баяр-Эрдэнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Б-д мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь хохирогчид 2.700.000 төгрөг төлсөн ба Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-эс 4.385.560 төгрөг гаргуулж хохирогч Б.Ц-д олгосугай.

5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шүүгдэгч О.Б-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР