Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 734

 

 

 

 

 

 

 

2020             11            05                                 2020/ШЦТ/734

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Солонго хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Б.Ж-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Б-ын Ж-д холбогдох эрүүгийн 1910009850000 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймаг Арвайхээр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-4, эцэг, эх дүү нарын хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 0000 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 525 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 450.000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоосон,

Б- овогт Б-ын Ж

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.Ж-нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны орой 23 цагийн үед таксигаар үйлчлүүлж байсан хохирогч Г.Э-ыг Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Вива сити хорооллын автобусны буудал дээр буулгаад утсаар чинь яриад өгье гэж хуурч аваад утсыг нь өгөлгүй залилж 270.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Ж-шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1910009850000 дугаартай хавтаст хэргээс:

 

Хохирогч Г.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-15-р хуудас/,

 

Гэрч М.Аззаяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/

Хаан банкны тодорхойлолтод: 99078800 дугаарыг Г- овогтой Э-  ашигладаг гэх /хх-ийн 91-р хуудас/

Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-р хуудас/

Мобиком корпарациас ирүүлсэн албан бичиг /хх-ийн 94 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.Ж-мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-45-р хуудас/,

Шүүгдэгч Б.Ж-хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 49-50-р хуудас/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 73-83-р хуудас/ зэрэг болно.

 

Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ж-нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны шөнө 23 цагийн үед хохирогч Г.Э-т таксигаар үйлчилж явааад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын автобусны буудал дээр буулгахдаа “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, залилан 270.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

  Хохирогч Г.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Таксинд суугаад явж байтал миний дотор муухайраад байхаар нь Вива сити хорооллын автобусны буудал дээр зогсоод би машинаас буугаад тамхи татаад байж байхад жолооч нь “Та утсаа өгч байгаач, би нэг хүн рүү залгаадахья” гэхээр нь би юм бодолгүй гар утсаа өгсөн. Тухайн жолооч миний гар утсаар ярьж байх шиг байсан ба би тамхиа асаагаад татаж байгаад эргээд харсан чинь тухайн тээврийн хэрэгслийн жолооч миний гар утсыг аваад явсан байсан. ...Би өөрт учирсан хохирлоо 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 11 цаг 26 минутад Хаан банкны 5028414000 данснаас Ж-гийн торгууль гэсэн утгатай өөрийн Хаан банкны 5020708400 гэх дансаар хүлээн авсан. Би шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-15-р хуудас/,

 

Гэрч М.Аззаяагийн мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 11-ний шөнийн 04 цагийн орчимд 990788000 гэх дугаараасаа дахин дахин залгаад байхаар авахад Б.Ж-“гадуур такси үйлчилгээнд өөрийнхөө Приус-20 машинтай явж байна” гэж хэлсэн. Б.Ж-надтай үерхэж байхдаа таксинд явахдаа согтуу хүмүүсийн гар утсыг нэг ярьчихаад өгье гэж аваад мартагнуулдаг мөн аваад зугтачихдаг байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/

Хаан банкны тодорхойлолтод: Хаан банкны 10001400 тоот гэрээгээр 99078800 дугаарыг Г- овогтой Э- ашигладаг болохыг тодорхойлов гэжээ. /хх-ийн 91-р хуудас/

Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Самсунг Жи-7 маркийн гар утас 270.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хх-ийн 25-р хуудас/,

Мобиком корпарациас ирүүлсэн албан бичиг /хх-ийн 94 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Ж-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Тэгээд би тухайн залууг суулгаад Яармагын гүүр өнгөрөөд явж байхад тэр залуу “Миний дотор муу байна, автобусны буудал дээр түр зогсоод өгөөч, би бөөлжих гээд байна” гэсэн. Тэгэхээр нь би Вива сити хорооллын автобусны буудал дээр буулгахад тэр залуу бөөлжиж дуусчихаад тамхи асуугаад татаад байхаар нь би “Ахаа утасаа түр зуур өгч байгаач нэг ярих хэрэгтэй байна, миний утасны цэнэг  дуусчихаж” гэхэд өмдний халааснаасаа Самсунг жи-7 загварын утас гаргаж өгөхөөр нь би үерхэж байсан охин Аззаяа руу залгаад ярьж байхад нөгөө залуу цаашаа хараад  тамхи татаад байхаар нь би шууд хөдлөөд явчихсан. Би тухайн гар утсыг 1,2 удаа ашиглаж байгаад зарж борлуулсан. ...Манай эгч Б.Д- хохирлын 270.000 төгрөгийг Э- гэх хүний данс руу шилжүүлж барагдуулсан гэж надад хэлсэн...”  гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

           

 Залилангийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, худал амлах, хуурамч эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх зэрэг аргаар үйлдэгддэг.

 

Шүүгдэгч  Б.Ж-нь таксигаар үйлчлүүлж байсан хохирогч Г.Э-аас “утасаар чинь яриад өгье” гэж хуурч, түүний эзэмшлийн   “Самсунг Жи-7” маркийн гар утасыг авч 270.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Ж-нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Хохирол, төлбөрийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Э-т 270.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Б.Ж-нь хохирогчид 270.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хохирогчийн “...2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 11 цаг 26 минутад Хаан банкны 5028414000 данснаас Ж-гийн торгууль гэсэн утгатай хүлээн авсан...” /хх-ийн 12-15-р хуудас/ гэх мэдүүлэг, хохирогчийн дансны хуулга /хх-ийн 99-р хуудас/ зэргээр нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Ж-гээс гаргуулах хохирол төлбөргүйд тооцов.

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

           Шүүгдэгч Б.Ж-г бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

          Улсын яллагчаас “...Шүүгдэгч Б.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах...” дүгнэлт гаргасан.

 

Шүүгдэгч Б.Ж-д ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байсан хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Жамьянсүрэн нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор биечлэн эдлүүлэхээр тогтоосон 1 жил 1 сарын хорих ялаас, 02 сар 26 хоногийн хорих ялыг эдэлсэн ба 10 сар 04 хоногийн хорих ял эдлээгүй үлдсэн талаарх ялын тооцооны баримт хэргийн 41 дүгээр хуудаст авагджээ.

 

 

Шүүгдэгч Б.Ж-г энэ хэрэгт 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс яллагдагчаар цагдан хорьсон ба шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар 42 хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б- овогт Б-ын Ж-г бусдыг хуурч, эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-г 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ж-д энэ тогтоолоор оногдуулсан 06 сарын хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 04 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 01 жил 04 сар 04 хоногийн хугацаагаар тогтоосугай

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ж-д оногдуулсан 01 жил 04 сар 04 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ж-гийн цагдан хоригдсон 42 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Шүүгдэгч нь Б.Жамьянсүрэн нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ж-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР