| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0733/Э |
| Дугаар | 737 |
| Огноо | 2020-11-05 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 737
2020 11 05 2020/ШЦТ/737
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Солонго хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Алтанцэцэг
шүүгдэгч Ж.Э-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогт Ж-ы Э-од холбогдох эрүүгийн 1910008170000- дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1986 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Пи ХХК-ийн төслийн удирдагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр байрны 418 тоотод оршин суух иргэний үнэмлэхийн хаягтай, Хан-Ууп дүүргийн 18 дугаар хороо, С1 дүгээр байрны 000 тоотод одоо амьдардаг,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйпийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тоггоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, торгох ялыг биелүүлсэн,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, торгох ялыг биелүүлсэн,
Х- овогт Ж-ы Э
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Ж.Э-нь үргэлжилсэн үйлдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “З-” дэлгүүрийн 2 давхарт байрлах “М-” группийн салбар дэлгүүрээс “Ай фоне икс эс макс” маркийн гар утас, гар утасны гэр зэргийг худалдан авна гэж хуурч, өөрийн өмчлөлд шилжүүлэн авч 3.729.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “К-” зочид буудалд хохирогч Г.М-аас гар утас худалдан авна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилж 2.404.545 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ж.Э-шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1910008170000- дугаартай хэргээс:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.В-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-31-р хуудас/,
Хохирогч Г.М-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 77-79-р хуудас/,
Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 38-42-р хуудас/
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 84-85-р хуудас/
Шүүгдэгч Ж.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-49, 93-р хуудас/,
Шүүгдэгч Ж.Э-ын хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54-р хуудас/, хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /хх-ийн 58-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 96-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 101-р хуудас/, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-ийн 105-111-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Э-од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Хэргийн талаар шүүхийн дүгнэлт
Шүүгдэгч Ж.Э-нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “З-” дэлгүүрийн 2 давхарт байрлах “М-” группийн салбар дэлгүүрээс “Ай фоне икс эс макс” маркийн гар утас, гар утасны гэр зэргийг худалдан авна гэж хуурч, 3.729.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “К-” зочид буудалд хохирогч Г.М-аас гар утас худалдан авна гэж хуурч, 2.404.545 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.В-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагийн орчимд 150-155 см өндөртэй, туранхайдуу биетэй залуу орж ирээд 256 GB багтаамжтай, хар саарал өнгөтэй, 3.690.000 төгрөгөөр зарагдаж байсан Ай фоне икс эс маркийн гар утсыг сонгоод “энийг авъя задалчих, би шууд худалдаж аваад сим картаа хийчихье” гээд мөн 39.000 төгрөгөөр зарагдаж байсан хар өнгийн гэр авчаад утсаараа оролдоод зогсоод байсан. Би түүнд баталгааны хуудас бичиж өгье гэтэл “хэрэггүй” гэхээр нь төлбөрийг нь тооцооны хуудас дээр бичээд нийт 3.730.000 төгрөг болсон байна гэсэн. Мөнгөө “өдөр 14 цагийн үед шилжүүлье” гэхээр нь манайх ингэж утас зардаггүй. Одоо л мөнгөө шилжүүл гэхэд “би танай байнгын үйлчлүүлэгч биз дээ, яахаараа ингэдэг” юм гээд уурлаад цаашаа алхаад явчихсан. Бид нар мөнгөө шилжүүлчих байх гэж бодоод араас нь гараагүй. Мөнгө орж ирэхгүй болохоор нь түүний 89000009 дугаар руу залгахад “мөнгийг чинь хийнэ” гэж хэлээд тасалсан. Түүнээс хойш манайд орлого орж ирээгүй. ...Э- бидэнд учруулсан хохирлоо барагдуулсан тул надад болон манай компаний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31-р хуудас/,
Хохирогч Г.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би цахим орчинд гар утас, бугуйн цаг зардаг. 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 99118640 дугаараас над руу залгаад “ахын дүү ориг гар утас байна уу” гэсэн. Би одоогоор алга гэхдээ захиж болно гэсэн. Тэр хүн надад гар утас захиалсан. Би гар утасны зураг явуулаад захисан. 2020 оны 06 дугаар сарын 12-нд урдаас гар утаснууд ирээд би 99118640 дугаар руу залгаад “гар утсаа аваарай” гэсэн. Тэр хүнтэй Corporate зочид буудлын 1 давхарт уулзсан. Тэр хүн симээ хийгээд хүнтэй ярьж гар утсаа шалгасан. Гар утасны мөнгө 5 сая төгрөгөө авъя гэхэд “дансаа явуулчих” гэхээр нь би дансаа өгсөн чинь тэр залуу гар утсаараа яриад гараад явсан. Би мөнгө гэсэн чинь одоо нягтлан хийчихнэ гээд цаашаа яваад өгсөн. Би хүлээгээд үлдсэн. Би мөнгө орохгүй болохоор нь “ утсаа авъя гэхэд байж бай, би ажилтай байна, ямар тэвчээргүй юм бэ” гээд байсан. Тэгээд нэг мэдэхэд алга болсон байсан. 99118640 дугаар руу нь залгахад утсаа авахгүй мөнгө өгөхгүй байгаа. Дараа нь 06 дугаар сарын 22-ны өдөр утсаар залгаж мессеж бичиж байж миний Хаан банкны 5131146740 дугаарын данс руу 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш алга болсон. ...Миний хохирол 2.500.000 төгрөгийг барагдуулсан. Иймд надад гомдол санал байхгүй. Би шүүх хуралд оролцож чадахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-79-р хуудас/,
Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Ай фоне икс эс макс гар утас 3.690.000 төгрөг, гар утасны кэйс 39.000 төгрөг, нийт 3.729.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хх-ийн 38-42-р хуудас/
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.404.545 /хоёр сая дөрвөн зуун дөрвөн мянга таван зуун дөчин таван төгрөг/-р үнэлэгдэв...” гэх тайлан /хх-ийн 84-85-р хуудас/
Шүүгдэгч Ж.Э-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49, 93-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Залилангийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, худал амлах, хуурамч эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх зэрэг аргаар үйлдэгддэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ.
Шүүгдэгч Ж.Э-нь нэр бүхий хохирогч нараас гар утас худалдаж авна, төлбөрийг нь шилжүүлнэ гэж хуурч, эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийг бусдыг хуурч мэхлэх аргаар үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Э-ын бусдыг хуурч, нэр бүхий хохирогч нараас эд хөрөнгийг залилж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” тус тус заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.В-д 3.729.000 төгрөгийн, хохирогч Г.М-ад 2.404.545 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь учруулсан хохиролоо нөхөн төлсөн байна.
Эрүүгийн хариуцлагын талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйдпэд, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Ж.Э-нь “М-” группийн салбар дэлгүүрээс Ай фоне икс эс макс маркийн гар утас, гар утасны гэр худалдан авна гэж хуурч, өөрийн өмчлөлд шилжүүлэн авч 3.729.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн хохирогч Г.М-аас гар утсыг худалдан авна гэж хуурч, 2.404.545 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдснийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Ж.Э-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагын талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ж.Э-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрхэлсэн ажилтай хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Э-од мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Э-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х- овогт Ж-ы Э-ыг бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-ыг 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Э-од мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ж.Э-нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Э-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР