Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 739

 

       

 

 

 

 

 

    2020         11           05                                   2020/ШЦТ/739

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Даариймаа хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэн,

хохирогч Л.Э-,

шүүгдэгч Б.З-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Б-ын З-д холбогдох эрүүгийн 20100000000000 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “Монте Бейнко” ресторанд тогооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 10-00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 256 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Б- овогт Б-ын З-

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.З-нь 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х-” хотхонд үйл ажиллагаа явуулдаг “Т-” гэх ресторанд туслах тогооч Л.Э-тэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан түүний нүүрэн тус газарт нэг удаа мөргөж биед нь “тархины доргилт, хамар яс, таславчийн хугарал, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.З-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй... гэв.

 

Хохирогч Л.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би ерөнхийдөө навч ногоо, хатаасан ургамал зэргээр эрүүл хоол хэрэглэдэг. Тухайн өдөр хоолоо идээд сууж байтал З- намайг “яаж ийм муухай юм идэж чадаж байнаа” гэхээр нь би “миний идэж байгаа хоол чамд хамаагүй” гэхэд З- миний хамар руу нэг удаа мөргөсөн. Тухайн үед сүртэй зүйл болоогүй. Одоо миний толгой хааяа өвддөг, нүдний нулимс гардаг. Сүртэй өвдөөд байх зүйлгүй. Гомдолгүй гэв.

 

Эрүүгийн 20100000000000 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,

Хохирогч Л.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №10037 дугаартай шинжээчийн  дүгнэлт /хх-ийн 13-14-р хуудас/,

Шүүгдэгч Б.З-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26-р хуудас/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 27-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 28-р хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 29-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 30-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 33-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 36-44-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.З-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Б.З-нь 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х-” хотхонд үйл ажиллагаа явуулдаг “Т-” гэх ресторанд туслах тогоочоор ажиллаж байсан хохирогч Л.Э-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргаж, улмаар толгой руу нь мөргөсний улмаас “тархины доргилт, хамар яс, таславчийн хугарал, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,

Хохирогч Л.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр би Т- ресторанд ажил дээрээ байхад манай ахлах тогооч намайг хоол идэж байхад “чи их сонин, хачин юм идлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “дуугай бай, тэнэг минь” гэж хэлсэн чинь шууд намайг мөргөчихсөн. Намайг хоол идэх болгонд илүү дутуу юм ярьж байдаг. Би их олон удаа чимээгүй байдаг байсан. Тэгээд тэсвэр алдаад “дуугай бай, тэнэг минь” гэж хэлсэн чинь хамраа мөргүүлчихсэн. Өөр газар цохиж зодоогүй. Нэг удаа л хамар руу мөргөсөн. Тэгээд хамарнаас маш их цус гарсан. Өс хонзонгийн асуудал байхгүй. Эмчилгээний зардал, ажилдаа явж чадаагүй хугацааны цалингаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн  №10037  дугаартай дүгнэлтэд: “...1. Л.Э-ийн биед тархины доргилт, хамар яс, таславчийн хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь өөрийн гараар үүсгэгдсэн эсэхийг шинжээч эмч тогтоохгүй.

5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 13-14-р хуудас/,

Шүүгдэгч Б.З-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан хиллс хотхонд байрлалтай Монте бэйнко ресторанд тогоочийн ажлаа хийж байгаад туслах тогооч Эрдэнэтөгсийг хоолоо идэж байхад нь “яасан сонин юм иддэг юм” гэж хэлчихээд юм хийж байтал Эрдэнэтөгс хоолоо идэж дуусчихаад миний дэргэд зогсож байгаад намайг “тэнэг, мангар” гээд байхаар нь би Эрдэнэтөгсөд хандаж “та ер нь яагаад хүмүүсийг тэнэг мангараар нь дууддаг юм” гэж хэлээд маргаад миний өөдөөс тулаад ирэхээр нь нэг удаа нүүрэн тус газар нь мөргөчихсөн. Тэгсэн чинь хамарнаас нь цус гарсан. Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсандаа харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

          Шүүгдэгч Б.З-нь хохирогч Л.Э-ийн нүүр рүү мөргөсний улмаас хохирогчийн биед “тархины доргилт, хамар яс, таславчийн хугарал, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

          Иймд шүүгдэгч Б.З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Шүүгдэгч Б.З-нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь эмчилгээний зардалд нийт 350.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь хохирогчид 360.000  төгрөг нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Хаан банкны орлогын баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.З-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         

          Хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрхэлсэн ажилтай хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.З-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.З-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б- овогт Б-ын З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.З-д мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.З-нь хохирогч Л.Э-өд эмчилгээний зардалд 360.000 төгрөг нөхөн төлснийг дурдсугай.

 

5. Хохирогч Л.Э- нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Б.З-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР